Дэлхийн монгол булангийн энэ удаагийн зочноор Анагаах ухааны доктор Ч.Цэлмүүнийг урьж ярилцлаа. Тэрээр Японы Айчи-Гакуин их сургуульд зочин судлаач, мөн Амны хөндийн эрүүл мэндийн олон улсын нийгэмлэгийн зохицуулагч, Уруул, тагнайн сэтэрхий судлалын олон улсын сангийн зохицуулагчаар ажиллаж байна. Тэрээр гэр бүлийнхээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа гурав дахь үеийн төлөөлөл билээ.
-Юуны өмнө урилга хүлээн авсанд баярлалаа. Таныг олон нийт дуучин Цэлмүүн, “Universe best songs”-ийн шилдэг оролцогч гэдгээр илүү танина. Харин анагаах ухаан тэр дундаа нийгмийн эрүүл мэндийн салбарт мэргэшин, ажиллаж байгааг тань төдийлөн сайн мэдэхгүй болов уу. Тиймээс бидний яриа таны ажил мэргэжил, хүсэл, тэмүүллийн талаар ярилцъя гэж бодож байна. Та өсвөр насандаа Монголд анх удаагаа зохиогдсон дууны тэмцээнд түрүүлсэн, араас нь олон ч уран бүтээл гаргасан. Гэхдээ та урлагаар биш яагаад нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцах болсон бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Юуны өмнө энэхүү ярилцлагад урьж уншигч олонтойгоо уулзах боломж олгосон танай хамт олонд талархал илэрхийлье. Миний бие, Монголдоо суурь шинжлэх ухаан болох биотехнологийн чиглэлээр MIU олон улсын их сургуульд суралцаж байхдаа анх “Universe Best Songs” тэмцээний Гранпри шагналын эзэн болж түрүүлснээр урлагийн салбарт анх хөл тавьсан юм. Иймд анхнаасаа дуучин байж, улмаар эрдмийн салбар руу ороогүй гэдгийг тодотгон хэлмээр байна.
Гэр бүлийн минь үнэт зүйлс, хүмүүжил, үлгэр дууриалал бүхэн яахын аргагүй мэдлэг, боловсролын үнэ цэнийг хүүхэд байх үеэс ойлгуулж өгсөн. Иймд багаасаа л мэдлэгийн араас мөшгиж, тасралтгүй суралцсаар ирсэн. Одоо ч мөн суралцсаар явна.
Анагаахын салбар миний амьдралтай эртнээс холбоотой бөгөөд их ойр санагддаг. Тодруулбал, миний өвөө Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Жигжидсүрэн. Миний эмээ хүний их эмч Н.Оюун Монгол Улсад цөмийн онош зүйн салбарт ажиллаж нярайн тандалт шинжилгээ буюу скрининг эхлүүлэн хөгжүүлэхэд гар бие оролцож байсан. Аав Хүний их эмч Ж.Чинзориг, ээж Анагаах ухааны доктор Г.Ариунтуул гээд бид гэр бүлээрээ эмнэлгийн салбарын мэргэжилтнүүд юм. Түүнчлэн, нагац ах УИХ гишүүн асан Г.Баярсайхан мөн л хүний их эмч, Монгол Улсын төрийг түшилцэж, хоёргүй сэтгэлээр мэдлэг чадвар, сэтгэлээ зориулж ирсэн баялаг түүхтэй.
Миний хувьд тэдний адил эмч мэргэжлийг сонгоогүй ч анагаахын суурь шинжлэх ухааны салбаруудын нэг болох биотехнологи, цаашлаад нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцан, ажилласнаар гэр бүлийнхээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа гурав дахь үеийн төлөөлөл болж байна.
-Бакалавраа MIU, магистраа АШУҮИС-д суралцан хамгаалжээ. Дараа нь ямар шалтгаанаар гадаад улс, ялангуяа Японы “Тохоку их сургуульд”-д суралцахаар зорьсон бэ?
-Надад бусад залуусын л адил амьдралдаа хүсэж тэмүүлдэг мөрөөдлүүд бий. Өөрийн чаддаг, сонирхлоороо хийдэг дуртай зүйлс байх ч нөгөө талд мэдэхгүй хэдий ч сурах шаардлагатай амаргүй зүйлүүд бий. Иймд өөрийн тав тухтай байдлаа орхин, мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн зэрэгцээ хувь хүний үүднээс хөгжих зорилгодоо хөтлөгдөн Япон улсыг зорьсон.
2014 онд магистрантурт сурч байхад Б. Пүрэвдорж удирдагч багш маань АШУҮИС-ийн НЭМ-ийн сургуульд ажиллахаас гадна АНУ-ын Жонс Хопкинсийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуульд давхар багшилдаг мундаг хүн байсан. Сүүлийн жилүүдтэй харьцуулахад тухайн үед хэдийгээр салбарын эрдэмтэн судлаачид судалгаагаа тодорхой хэмжээнд хийсээр ирсэн ч, олон нийт агаарын бохирдлын тэр дундаа дотоод орчны агаарын бохирдол гэх сэдвээр судалгаа эхлүүлж байлаа. Тухайн судалгаа урьдчилсан үр дүнгээр Токиогийн нэгэн их сургуулийн хуралд оролцож, улмаар шилдэг илтгэлүүдийн нэгээр тодорч 23 настайдаа урилгаар докторантурт суралцах эрх олгосон ч хувийн шалтгаанаар явж чадаагүй.
Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжуудын нэг нь тус улсын их сургуулиудад өгөгдсөн байдаг. Тухайн сургууль журмын дагуу шаардлага хангасан оюутнуудаа сонгон шалгаруулалтаар авах юм. Би Тохоку их сургуулийн тэтгэлэгт өөрийн бичиг баримтаа өгч, хоёр шатны шалгаруулалтад оролцсон бөгөөд улмаар тэнцсэн хариуг хүлээн авсан. Тохоку их сургууль нь Японы эзэн хааны нэрэмжит улсын шилдэг үндэсний сургуулиудын нэг юм.
-Анх Японд очиход таныг ямархуу дүр зураг угтан авсан бэ. Ер нь маш өрсөлдөөнтэй нийгэмтэй шүү дээ. Нийгмийн хүрээлэл болоод хувь хүний харилцаан дээр ч олон өөрчлөлт гарсан болов уу?
-Ээж маань залуудаа Японд Анагаах ухааны докторын зэргээ хамгаалж байсан бөгөөд багадаа хэд хэдэн удаа очиж байсан юм. Тиймээс, докторантурт суралцах явцад соёлын ялгаанд тэр бүр ороогүй. Гэхдээ гадаад улсад сурч, ажиллаж амьдрах нь богино хугацаагаар аялахаас тэс ондоо туршлага юм. Их сургуулиа төгсөөд ажиллаж эхэлснээс хойш Японы нийгмийн үнэлэмж, харилцааны талаар тод мэдэрч байна. Таны хэлж байгаачлан өрсөлдөөнтэй байлгүй яах вэ. Хүнийг ёстой л мэдлэг чадвараар үнэлж, өрсөлддөг нийгэм. Түүнээс гадна бусад улс оронтой харьцуулахад маш өндөр ёс зүй, хүндэтгэл дээр албаны харилцаа тогтох бөгөөд хатуу чанга ажлын дэглэмтэй. Ер нийгэм нь өөрөө тогтсон олон дүрэм журамтай гэж ойлгох хэрэгтэй. Бид ямар нэгэн хүнтэй яриа өрнүүлэхэд тухайн хүний талаар ойлголт авдагтай адил, тухайн улсын хэлний соёл, хэрэглээ нь үндэстнийхээ онцлогийг тодорхойлох гол түлхүүр нь шиг санагддаг. Хэрхэн мэндэлж, ямар өнгөөр ярих, хүндэтгэлийн үг хэллэгээс эхлүүлээд япончуудын ахуйн амьдралын суурь нь яахын аргагүй хэлний соёл, өдөр тутмын хэрэглээнээс харагддаг.
Ур чадварын хувьд судалгаа шинжилгээний арга барилд гүнзгийрэн суралцах, хувийн зохион байгуулалтаа сайжруулах, аливаад дүн шинжилгээ гаргахад шинжлэх ухаанч талаас нь баримт, нотолгоонд суурилах гэх мэт мэргэжлийн арга барилуудаас Япон эрдэмтэн багш нараасаа хуримтлуулсаар байна.
-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Японы “Aichi-Gakuin University”-д судлаачаар ажиллаад хагас жил болжээ. Одоогоор юун дээр хамгийн их төвлөрч ажиллаж байна вэ?
-Одоогийн байдлаар нийт гурван байгууллагад харьяалагдан ажиллаж байна. Ихэвчлэн өглөөнөөс орой хүртэл уулзалт, төлөвлөгөөт ажлуудтай байдаг бөгөөд цаг төлөвлөлт, ажлын зохион байгуулалтыг чухалчлан үздэг. Одоогоор судалгааны ажил хийх зав гарахгүй явна. Чухам байгууллагын хөгжүүлэлт, цаашдын хийгдэх ажлуудын бэлтгэл ажил, уулзалт хурал зэрэгт түлхүү анхаарч ажиллаж байна.
-Таны докторын зэргийн судалгаа их сонирхолтой санагдсан. Тухайн судалгаа нь арван жилийн дараа Монгол Улсад хийгдсэн амны хөндийн нийгмийн эрүүл мэндийн талаарх судалгаа юм байна. Та судалгааныхаа үр дүнгийн талаар дэлгэрэнгүй хуваалцахгүй юу?
-Нийгмийн доод давхарга, боловсролын түвшин доогуур бүлэг хүмүүст шүдний цоорол их байх нь түгээмэл. Харин Монголын дата дээр хийсэн судалгааны үр дүн маань олон улсын чиглэлээс ялгаатай гарсан нь сонирхол татсан. Уг судалгаанд өрхийн орлого ба эцэг эхийн боловсролын түвшингийн хооронд бага насны хүүхдийн дундах шүдний цоорлоор өвчлөхөд ялгаа, тэгш бус байдал байгаа эсэхийг Relative Index of Inequality болон Slope Index of Inequality гэх индэксийг ашиглан үр дүнг тооцолсон. Нэгт, эцэг эхийн боловсрол өндөр байсан ч боловсролын түвшин доогуур хүмүүсийн хүүхдүүдийн хооронд амны хөндийн өвчлөл ялгаагүй өндөр гарсан явдал юм. Өөрөөр хэлбэл, Монголд боловсрол дээшлэх тусам хувь хүний болон үр хүүхдийнх нь эрүүл мэндийн байдал дагаад сайжрах учиртай. Гэтэл боловсролын түвшингээс үл хамаарч, судалгаанд оролцсон хүүхдийн амны хөндийн өвчлөл өндөр байгаа нь Монгол улсын боловсролын салбарын сургалтын хөтөлбөрийн агуулга, чанар, үнэлгээ хангалтгүй сул байх магадлалыг илэрхийлсэн үр дүн гарсан. Тиймээс боловсролын салбарын чанарын үнэлгээний судалгааг явуулж цаашид салбарын шинэчлэл хийх, эрүүл мэндийн суурь боловсролыг хүртээмжтэй олгох шаардлагатайг судалгааны үр дүнд суурилан гаргасан. Хоёрт, бага насны хүүхдийн шүдний цоорол нь өрхийн орлогын түвшнээс хамаарч абсолют болон релатив орлогын тэгш бус байдал байгааг харуулсан, RII 0.65, 95% CI 0.52 to 0.82; SII −2.80, 95% CI −5.11 to −0.48.
Орлого өндөртэй өрхийн хүүхдийн шүдний цла индекс 4.35 (SD = 3.04) байхад доод орлоготой 6.69 (SD = 4.36) тус тус байгаа нь айл өрхийн орлого багасахад хүүхдийн шүдний цоорлын тоо ихсэж, өрхийн санхүү нь шүд амны хөндийн эрүүл мэндэд хамааралтай байгааг тооцоолсон. Судалгааны үр дүнгээс дүгнэхэд өрхийн орлогын тэгш бус байдал илэрхий байгаа нь хүүхдийн шүдний өвчлөл, цоорлын тоо ихсэхтэй шууд хамааралтай байсан. Тиймээс, орлого багатай нийгмийн зорилтот бүлэг рүү чиглэсэн шүд амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй үндэсний хэмжээний нэгдсэн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, энэ чиглэлээр эпидемиологийн судалгааг улсын хэмжээнд тогтмол явуулж мониторинг хийх шаардлагатай саналыг дэвшүүлсэн.
-Амны хөндийн эрүүл мэндийн асуудал олон өвчний суурь шалтгаан болж байдаг. Монголд суурь өвчлөл их байгаа нь үүнтэй холбоотой юу?
-Дэлхийн банкны 2018 оны тайлан баримтаас харахад Монгол Улс ДНБ-ий ердөө 0.1 хувийг судалгаа шинжилгээнд зарцуулсан байдаг. Монгол Улсын эрдэм шинжилгээний ажил ба салбарын хөгжүүлэлтэд урт хугацааны тогтвортой дэмжлэг үзүүлэх замаар нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, судлаач, багш, оюутнуудыг судалгаа хийх нөхцөлөөр бүрэн хангах шаардлагатай байна. Бид үүнийг ганц хоёр судалгааны үр дүнд тулгуурлан ярьж болохгүй. Аливаа улс орон иргэдээ эрүүл байлгахын тулд тогтвортой судалгааг чиглэл чиглэлээр хийж, чанартай дата цуглуулан, улсын хэмжээний өргөн цар хүрээт судалгааг тууштай дэмжих хэрэгтэй. Улмаар шинжлэх ухаанч таамаглалд тулгуурлан өөрчлөгдөх, засаг төрөөс үл хамааран улсаа хөгжүүлэх хэтийн хугацааны эрдэмлэг төлөвлөгөөг боловсруулан мөрдөж, хэрэгжүүлэлтийн үр дүнг бодитой байдлаар татвар төлөгчид болон ард иргэдэд тайлагнах хариуцлагын мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлэх нь хэр чухал байдгийг Япон улсаас харж байна.
Монгол Улсад тэргүүлэх өвчлөлүүд урьдчилан сэргийлэлтийг урт хугацаанд хэрэгжүүлснээр буурах боломжтой. Үүнээс гадна хувь хүний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарснаар эмнэлгийн ачааллыг бууруулах, цаашлаад эмч мэргэжилтний орлогыг бодит хуваарилж, иргэдийг ялангуяа бага наснаас нь эрүүл мэндийн боловсрол, соёлд сургах нь чухал байна. Төрийн байгууллагын бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгчид нийгмийн эрүүл мэндийн салбарын судлаач мэргэжилтнүүд, их сургуулийн эрдэмтэн судлаач, эмч багш нарын судалгаанд суурилсан үр дүн, зөвлөмж, тэдгээрийн санал бодлоор цангаж байж, нээлттэй болон хүндлэлтэй хамтран ажиллаж нааштай өөрчлөлтүүд гарна. Улс орны өвчлөлийн тархалтыг бууруулахад нийгмийн дундаас доогуур давхарга руу чиглэсэн бодлого, мэргэжил хоорондын тэгш бус байдал, иргэдэд олдох боломжийн тэгш бус байдал зэрэг яриад байвал хийх зохистой өөрчлөлт их гэж боддог.
Аливаа өвчлөлийг тодорхойлох хүчин зүйлүүд дундаас боловсрол ба өрхийн орлого хоёр хамгийн хүчтэй хувьсагч нь болдог. Олон улс дахь судалгааны чиглэлийг харвал иргэн хүн боловсрол, орлого өндөртэй байх тусам эрүүл байх , харин эсрэгээрээ доогуур байх тусам өвчин эмгэг ихсэх магадлал өндөр байдаг.
-Залуу хүний хувьд Монгол Улсынхаа нийгмийн нийгмийн эрүүл мэндийн байдлыг хэрхэн дүгнэдэг вэ. Цаашдаа засч, сайжруулах асуудлын талаар санал бодлоо хуваалцана уу?
-Амны хөндийн өвчлөл нь архаг халдварт бус өвчлөлүүдтэй холбоотой болохыг олон улсын судалгаа онцлоод багагүй хугацаа өнгөрчээ. Нийгмийн эрүүл мэндийн бодлогыг бид судалгаанд суурилан, ухаалаг, урьдаас төлөвлөн хэрэгжүүлэхэд үр дүн нь тодорхой хугацаанд дээрх жишгийн дагуу үр дүнтэй эерэг өөрчлөлтийг нийгэмд авчрах нь гарцаагүй. Жишээлбэл, Япон улс 1989 оноос хойш 8020 буюу 80 настайдаа 20 шүдтэй байх зорилтын дагуу амны хөндийн өвчлөл ба архаг өвчлөлүүдийн хамаарлыг идэвхитэй судлах, нийгэм рүү чиглэсэн кампанит ажил хэрэгжүүлэх зэрэг бодлогыг баримталсан. Тус бодлогыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлж чадсан нь өнөөдөр япон хүн эрүүл, урт удаан наслахад нөлөөлсөн нийгмийн эрүүл мэндийн гол үндэс болжээ. Тэд нотолгоонд суурилсан бодлого мөн тогтвортой хэрэгжүүлэлтийнхээ үр дүнд 80 настай иргэдийг 20-оос дээш шүдтэй байлгахаас гадна бага насны хүүхдийн амны хөндийн өвчлөлийн тархалтыг амжилттай бууруулж чадсан билээ. Улмаар дэлхий нийт япончуудын эxлүүлсэн 8020-ын зорилтыг ихээхэн сонирхож эхэлсэн байдаг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы Токио хотод олон улсын эрдэм шинжилгээний дээд хэмжээний уулзалт амжилттай болж өндөрлөсөн. Энэ удаагийн конгрессоор амны хөндийн эрүүл мэнд нь хувь хүний ерөнхий эрүүл мэндтэй салшгүй чухал ойлголт гэдгийг тодотгосон юм. Энэ удаагийн хурлаар нүүр ам судлалын салбар дангаараа энэ асуудлыг шийдвэрлэдэг тогтсон уламжлалыг өөрчилж, улмаар анагаах ухааны бүхий л салбар болон бусад шинжлэх ухааны мэргэжилтнүүдийн оролцоо шаардлагатайг цохон онцолсон бөгөөд Токиогийн Тунхаг бичгийг батлан зарласан тэмдэглэлт үйл явдал боллоо.
Тус хурлын зохион байгуулалтын ажлын хэсэгт миний бие оролцсон бөгөөд нийт гишүүд дунд ганцаар гадаад хүн мөн хамгийн залуу нь байв. Гэсэн хэдий ч хурлын олон чухал ажлыг надад удирдуулан даатгасан явдалд талархаж байлаа. Уг хуралд зочин илтгэгчээр цөөн тооны монгол судлаачдаа урьж, оролцуулж чадсанд хувьдаа мөн баярласан.
-XXI-р зуунд залуу хүний өрсөлдөх чадварыг юу тодорхойлж байна вэ. Та өөрийгөө ямар чиглэлд хэрхэн хөгжүүлж байна?
-Маш олон төрлийн чадвартай байх хэрэгтэй болов уу. Гэхдээ бид сүүлийн үед алсын хараатай хүн байх тал дээр анхаарахгүй байгаа шиг санагддаг. Миний хувьд өөрийгөө нийгмийн эрүүл мэндийн салбарт хөгжүүлсээр байх болно.
-Залуус сургуулиа төгсөх үедээ тогтвортой ажил олох гэж багагүй хугацааг зарцуулдаг. Тэнцэхгүй байх эсвэл богино хугацаанд ажиллан тодорхой шалтгааны улмаас гарах зэрэг тохиолдлууд бишгүй бий. Иймд таны хувьд залуу үеийнхэн, ялангуяа шинэхэн төгсөгчдөд юу гэж зөвлөх вэ?
-Ажил хүнийг голдог болохоос хүн ажлыг голох ёсгүй. Ажил хайх, ялангуяа хүссэн ажилдаа орно гэдэг санаснаар болдог амар зүйл биш. Хүн ажилтай байгаадаа баярлах хэрэгтэй. Учир нь таны ажлын байранд таниас гадна ажиллах сонирхолтой хэдэн мянган хүн бий гэдгийг санагтун.
Тиймээс олдсон ажилдаа чин сэтгэлээсээ ажиллаж, хамт олны итгэлийг хэрхэн олох, багийн тоглогч, нэг хэсэг байхад юуны түрүүнд анхаараарай. Ажилд тэнцэхгүй байна гэдэг сэтгэлээр унах зүйл биш, хүн бүрд тохиолддог даваа юм шүү.
-Таны бодлоор залуу хүн зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд ямар зан чанартай байж, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?
-Насан туршийн суралцагч буюу хийж бүтээхэд цангаатай байх хэрэгтэй. Жижиг зүйлсэд анхаарал болгоомжтой харьцах, ялангуяа харилцаа холбоо болон харилцаан дээр мэдрэг байж ажлын соёл ба ёс зүй гэж юу болохыг ойлгодог байх хэрэгтэй.
Алдахаас бүү ай, алдсан нэгнийг бүү шүүмжил. Асуудлыг шийдэх гэж ажил хийх нь нэр хүнд, статус, имидж эсвэл амжилт л бодон ажиллахаас тэс ондоо хараа юм шүү.
-Залуу эрдэмтэн хүний хувьд цаашдын хүсэл эрмэлзэл, зорилгынхоо талаар хуваалцаж болох уу?
-Уламжлалт ойлголтоор эрдэмтэн хүн нь судалгаа, дүн шинжилгээ хийн их сургуульд ажиллан суудаг байсан. Эрдэмтэн болсноор аливаад шинжлэх ухаанчаар хандах зэрэг өндөр ур чадваруудыг эзэмшдэг бөгөөд удирдлагын ажил, бодлого хэрэгжүүлэлт, бизнес эрхлэгч байх зэрэг ажлуудыг хийдэг болно.
Залуу эрдэмтэн хүний хувьд хаа явсан газар, хамтарч ажиллах хүмүүс, амьдарч буй нийгэмдээ өөрийн зүгээс оруулж чадах хөрөнгө оруулалтыг бүрэн зориулахыг хичээдэг энгийн дүрэмтэй. Хийж буй ажлууд минь Япон, Монгол дахь гээд их өргөн. Тэр дундаа үндсэн ажлынхаа хажуугаар эрүүл мэндийн салбарт хийж байгаа ажлууд бий.
Харин зорилго гэвэл хүүгээ эрүүл саруул, аюулгүй нийгэмд өсгөх зорилготой. Энэ зорилго бол миний амьдралын цөм бөгөөд эрдэмтэн хүн байна уу, эх хүн байна уу, хэн байхаас үл хамаарч уг зорилгыг өөрийн чиг баримжаа болгон амьдрах болно.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.