АНУ-ын Вайоминг мужаас гаралтай 6 настай Бридж Уокер хүүгийн эр зориг цахим ертөнцийг бишрүүлээд байна.
Бридж хүү энэ сарын 9-нд гэрийнхээ ойролцоо тоглож явахад нь галзуу нохой гэнэт дөрвөн настай охин дүү рүү нь дайрсан байна. Тухайн үед хүү дүүгийнхээ өмнүүр орж нохойнд уруулсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэн хоёр цагийн турш нүүрэндээ 90 гаруй оёдол тавиулжээ.
Эцэг нь зургаан настай хүүгээсээ яагаад дүүгийнхээ өмнүүр орсон талаар нь асуухад тэрээр “Хэрэв бид хоёрын хэн нэг нь үхэх ёстой бол тэр нь би байх ёстой гэж бодсон” гэж хариулсан байна. Бридж хүүгийн нагац эгч нь болсон үйл явдлыг өөрийн инстаграмаар дамжуулан хуваалцаж түүнийг “Marvel”-ын алдарт “Avengers” цувралын үнэнч шүтэн бишрэгч болохыг нь онцолсон юм.
Холливуудын алдарт жүжигчин Энн Хэтэуэй зургаан настай хүүгийн эр зоригийг өндрөөр үнэлээд “Би Avenger биш. Гэхдээ би супер баатруудыг хараад таньж чаддаг. Надад чамд байгаа эр зоригийн ядаж тал нь ч байсан болоосой гэж маш их хүсэж байна. Хурдан эдгээрэй” гэсэн юм. Үүний дараа “Avengers” киноны одод түүнд талархал илэрхийлсэн байна.
Тэгвэл өнөөдөр Бридж Уокер хүү “Avengers” киноны Ахмад Америк буюу алдарт жүжигчин Крис Эвансаас Ахмад Америкийн өмсгөл болон бамбайг хүлээн авчээ. Крис Эванс “Ахмад Америк байна. Би чиний түүхийг сонссон. Сүүлийн хэдэн өдөр олон хүн чамд сайхан зүйл хэлсэн байх. Би чамайг магтах дараагийн хүн болъё. Найз минь чи бол жинхэнэ баатар. Чиний хийсэн зүйл бол үнэхээр агуу эр зориг. Охин дүү чинь чам шиг ийм зоригтой том ахтай байна гэдэг бол үнэхээр азтай хэрэг. Эцэг эх чинь чамаар маш их бахархаж байгаа нь гарцаагүй. Би гэрийн хаягийг чинь олсон. Би чам руу Ахмад Америкийн жинхэнэ бамбайг илгээх болно. Чи үүнийг авах эрхтэй хүү минь” гэсэн байна.
Бридж Уокер хүүгийн гэр бүлийнхний хэлснээр “Avengers” цувралын гол дүрүүд болох Том Холланд, Марк Руффало болон Хью Жакман, Захари Леви зэрэг супер баатрын дүрээр танигдсан алдартнууд холбогдож хүүд урам зориг өгчээ.