Хаврын ядаргааг даван туулах арга замын талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн их эмч Б.Саруулцэцэгтэй ярилцлаа.
-Хүмүүс ихэвчлэн хаврын улиралд ядардаг гэдэг. Үнэхээр тэсгэм хүйтнийг даван туулахдаа их энерги зарцуулснаасаа болж хүний бие ядардаг уу. Эсвэл дархлаа, стресс бухимдалтай холбоотойгоор ядаргаанд ордог уу?
-Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь бие ядарч, толгой маш их өвдөж байна гэж ирдэг. Энэ нь амьдралын зөв бус хэвшил, ажлын ачаалал, стресстэй холбоотойгоор ядарч, сульдсан гэсэн үг. Хүн ажил амралтаа зохицуулж, хангалттай буюу найман цаг унтаж амарч, чанартай хоол цайгаа идэж байвал ядаргаанд өртөхгүй. Хүн ашигтай нойроо авч чадахгүй бол тархи нь бүрэн амраагүйгээс маш их ядарсан мэдрэмжтэй сэрж, тухайн өдрийн ажлын ачааллыг даах чадамжгүй болж, анхаарал нь төвлөрөхгүй бие нь сульдаж, ядардаг. Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай. Өвлийн тэсгэм хүйтнийг давж гарахад хүний бие ажилласаар байгаад хавар болоход цуцдаг нь үнэн. Гэсэн хэдий ч иргэд өөрсдөөсөө шалтгаалах наад захын зүйлсийг маш сайн мөрддөг байх хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, ээлжийн бус ажилтай хүмүүсийг гар утас, зурагт бага үзэж, эрт унтаж бай гэж хэлмээр байна.
-Мэдрэлийн ядаргаанд өртсөн хүний ажиллаж, амьдрах чадварт ямар өөрчлөлт гарч болох вэ?
-Нойрмоглох, уур бухимдалтай болж, амархан уцаарлана. Хэн нэгэнтэй харилцахдаа сөрөг хандлагаар харилцахаас гадна хүний яриаг ойлгохгүй болно. Үүний хамгийн том шалтгаан нь орой унтаж, хангалттай нойр авахгүй байх явдал юм.
-Мэдрэлийн эсийг сэргээдэг зүйл нь юу юм бэ?
-Мэдрэлийн эсийг сэргээдэг хамгийн чухал зүйл нь фитнесс буюу дасгал хөдөлгөөн юм. Хүнд өвчтэй юм уу, үнэхээр эм тариа шаардлагатай хүн л эм ууж болно. Харин идэж ууж, алхаж байгаа хүнээс үл хамааралтай хүмүүс фитнессээр хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хүмүүс ихэвчлэн ажил дээрээ маш их алхдаг гэдэг. Гэтэл тэр явдалдаа хүний бие махбод дассан байдгийг ойлгодоггүй. Тиймээс ямар ч хүн өдөрт 30 минутын идэвхтэй дасгал хийх хэрэгтэй. Ингэснээр хүний биеийн оюуны ачаалал даах чадамж сайжирна.
Хүн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээд ирэхээр сэргэг, сэтгэл санаа нь өөдрөг болдог. Мөн өөрөө өөртөө цаг гаргаж байгаадаа кайф авна.
-Хүн яаж стрессыг дарах эерэг хандлагыг өөртөө бий болгох вэ?
-Зөв зүйл бодохыг эрмэлзэж, аливаа зүйлийг өөдрөг талаас нь харахыг хичээх нь үр дүнтэй. Хүн хүний өөдөөс үрчийгээд байхад таатай байдаггүй. Үүний адилаар хүн хүнтэйгээ инээж харьцвал цаад хүн ч бас таатай харьцана. Нэг хүн сэтгэл ханамжгүй хандахад тухайн хүн дараагийн хүн рүүгээ бухимдаж эхэлдэг.
-Хүмүүс хаврын улиралд ядарлаа гээд дусал, тариа хийлгэж, витамин уух нь түгээмэл байдаг. Энэ нь хэр үр дүнтэй байдаг вэ?
-Мэдрэлийн ядаргаа нь дусал, тариа хийлгэснээр эмчлэгддэг өвчин биш. Гэтэл манайхан заавал дусал, тариа хийлгэх гэдэг. Дусал, тариа хийлгээд эрүүл болоод байгаа юм биш. Ердөө хувь хүний сэтгэл зүйтэй холбоотой байгаа юм. Харин хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдлаар витаминуудыг бага хэмжээгээр ууж болно. Гэхдээ эм тариа шаардлагатай хүмүүс гэж бий. Тэдгээр хүмүүс эм тариагаа хэрэглэж болно. Харин бие махбодын хувьд эрүүл, чөлөөтэй идэж ууж, алхаж гишгэж чадаж байгаа хүмүүс дасгал хий. Эм тарианд найдаж болохгүй. Дасгал хийхээр хүн өөрийгөө маш сайн амрааж чаддаг юм.
-Ер нь хүмүүс хаврын улиралд биедээ яаж анхаарвал эрүүл байхад ашиг тусаа өгөх юм бэ?
-Хүнд хэрэгтэй амин дэмүүд маханд байдаг. Гэтэл манайхан хавар болоод ирэхээр турж байна гээд мацаг барьж эхэлдэг. Мацаг барьж болно. Гэхдээ тунгаа тааруулах хэрэгтэй. Хоол хүнс гэдэг эм тарианаас чухал гэдгийг ойлгох учиртай. Мөн ээлжийн бус ажил хийж байгаа хүмүүс эрт унтахыг дахин сануулмаар байна.
-Мэдрэлийн ядаргаанд өртсөн тохиолдолд яах ёстой вэ?
-Хүмүүс ихэвчлэн мэдрэлийн ядаргаа гэхээс илүү сэтгэлийн ядаргаа тусч байгаа гэж ойлгож болно. Хүмүүсийг дасгал, хөдөлгөөн хий гэхэд яагаад заавал эмэнд дурлаад байна вэ. Түүний оронд аль болох эрүүл боломжийг олж харах хэрэгтэй.
-Хамгийн сүүлд нь уншигчдадаа хандаж юу гэж зөвлөх вэ?
-Эрүүл байя гэвэл сайн унтаж, амар. Хүний биологийн нойр гэдэг бол юугаар ч орлуулшгүй үнэт эм. Хангалттай нойр авч байгаа хүн ямар ч ажлын ард гарч чадна. Эрүүл хоол хүнс ид. Ажил амралтаа зөв зохицуул. Амарч байгаа үедээ чанартай амар. Ажиллаж байгаа үедээ ажлын дэгтэй байх хэрэгтэй. Нэг өдөр ачаалалтай ажиллах биш, өдөр өдөрт ачааллаа тэнцүүлж ажиллаарай. Өөрийн гэсэн ажлын цагийн хуваарьтай болох хэрэгтэй. Ажил, амралтын зөв горимтой байвал ядаргаанд бага өртөнө.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.