Ажлын ярилцлагад орох үед шалгагчид өөрийгөө горилж буй ажлын байранд тохирох хүн гэдгээ цөөхөн хариултад багтаан ойлгуулж, итгэл үнэмшил төрүүлэх чухал шалгуурыг давах болдог. Ярилцлагын богино хугацаанд ажил олгогчийн сэтгэлд хүрсэн хариулт өгөх хэрэгтэй. Гэхдээ зарим үед хэтэрхий хичээсэн эсвэл сандарснаас болоод өгсөн хариулт ажил олгогчид сөрөг сэтгэгдэл үлдээж мэдэх юм. Тийм BusinnesInsider-ийн онцолсон ажлын ярилцлагын үеэр яасан ч хэлж, хариулж болохгүй таван хариултыг танилцуулъя.
1. Миний өмнөх хамт олон онцгүй байсан. Эсвэл манай хуучин захирлын ааш зан тийм ч сайн байгаагүй
Мэдээж шинээр ажилд орох үед өмнөх ажлаасаа яагаад гарсан, гарах хүсэлтэй байгаа тухай тань асуух болно. Тэр үед өмнөх хамт олон, ажил олгогчоо муулж, яавч болохгүй. Энэ нь таныг олон нийттэй нийцгүй, дасан зохицох чадваргүй болон ёс зүйгүй гэх ойлголт төрүүлж, ажилд орох магадлал тань багасах болно.
2. Би өөрт тохирох ажлаа олж чадахгүй байгаа учир олон ажил сольсон/сольж байгаа.
Энэхүү хариулт нь их сургуулийн оюутнуудын л хэлэх үг. Ажил олгогчид насанд хүрсэн, ажил үүргээ хариуцлагатай ажил хаших хүн л хайж байгаа. Тийм учир өөрийн юу хийж чадах, юу хийх ёстойгоо олоогүй хүнийг ажилд авах нь юу л бол.
3. Тухайн байгууллагын тухай асуулт асуух
Ажил горилон очиж байгаа бол ядаж тухайн байгууллагын үйл ажиллагаа, түүнтэй холбогдох мэдээллийг интернэт орчноос ч хамаагүй олж мэдэн танилцсан хойноо ярилцлагад орох хэрэгтэй. Энэ бол энгийн соёл.
4. Танай байгууллагын амралтын хуваарь юу вэ? эсвэл цалингийн тухай асуулт асуух
Эхний уулзалт дээр шууд амралттай холбоотой асуулт асуух нь таны ажил хийх идэвх бүтээмж тааруу хүн гэж харагдуулах болно. Мөн цалингийн тухай асуулт хэдий чухал ч эхний ярилцлага дээр асуух нь маш бүдүүлэгт тооцогдог. Хэрвээ ажил олгогч танаас өмнө эвсэл одоо ажиллаж байгаа газраасаа хэдэн төгрөгийн цалин авдаг болохыг асуувал аль болох хариулахгүй байхыг хичээгээрэй. Энэ үед өгсөн хариулт таны ирээдүйн цалинд нөлөөлж болзошгүй.
5. Миний ганц сул тал бол би маш их ажилладаг гэх мэт хариулт өгч өөрийгөө хэт магтах
Сул талаа давуу тал болгож харуулах ажлын ярилцлагын үеэр маш чухал чадвар ч гэлээ дээрх жишээ шиг хэтэрхий хуурамч хариулт өгч яавч болохгүй. Нэгэнт тухайн байгууллагад ороод ажиллах үед таны бүхий л чадах , чадахгүй мөн чанар илэрч хамт олноосоо тусламж авах хэрэг гарах болно. Тэр үед ярилцлагад амласан чадвар тань ил гарахгүй бол, жинхэнэ ажилтан болох боломж багасна гэсэн үг.
Эх сурвалж: BusinessInsider