Open iToim app
Төсөв | 7 мин уншина

Б.Мөнхсоёл: Төсвийн алдагдлыг тэг рүү дөхүүлж чадвал том ахиц болно

Б.Мөнхсоёл: Төсвийн алдагдлыг тэг рүү дөхүүлж чадвал том ахиц болно
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 10
Макро эдийн засагч Б.Мөнхсоёлтой ярилцлаа.
-Бодлогын хүү чангарч бэлэн мөнгө хомсодсон, инфляц өссөн гээд эдийн засгийн их хүнд үе тохиож байгаа шүү дээ. Энэ үед нэг их наядын алдагдалтай төсвийг өнөөдөр батлах гэж байна. Үүнд макро эдийн засагчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Урсгал зардал, төсвийн алдагдал гээд хосолмол дансны алдагдалтай 10 жил явж байна. Энэ нь хэд хэдэн бодлогын шийдэл хэрэгтэйг харуулж байна. Нэгд, төсвийн шинэчлэл хэрэгтэйг нотолсон бол хоёрт, төсвийн сахилга бат маш чухал болсныг харууллаа. Амаараа “Төсвөө зөв баталъя, энэ бол бодлогын хэрэгсэл тул бодлого, хөтөлбөртөө тусгагдсан зүйлээ хэрэгжүүлье” гэдэг. Бодит байдал дээр хавтгайруулсан халамж үүсгэх, дэд бүтцийг сайжруулах бизнесийн орчноо дэмжсэн бүтээн байгуулалтын ажил явдаггүй, жил жилээ аргацаадаг. Төсвийн урсгал зардлын 10-аас доошгүй хувийг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн зардал урсгал зардал эзэлсээр ирсэн. Цаашид алдагдалтай байна гэдэг байс хийгээд л олон улсаас өр аваад байна гэсэн үг. Гэтэл олон улсын зах зээлд бонд босгох нь улам үнэтэй болж байна. Засгийн газрын өгөөж нь нэмэгдэж, Монгол талдаа зардал нь ихэссэн. Яг ийм хүнд нөхцөл үүссэн учраас төсвийн шинэчлэл хий, бүх зүйл ангиа орлого, зарлага талдаа хар. Төсвийн алдагдлаа тэг рүү тэмүүлүүлэх маш чухал болоод байна. Энэ нь том ахиц болно. 
Төсвийн гүйцэтгэл дээр орлого орж ирэхгүй байвал 1.55 их наяд төгрөгийн төсвийн алдагдал өсөх эрсдэлтэй байна. ДНБ-ий өсөлт саарвал яах вэ, геополитикийн, өвөлжилтийн, эрчим хүчний гээд аюултай нөхцөлүүд байхад аль болох л бодитоор орлогоо төсөөлмөөр байгаа юм. Тиймээс нүүрсний экспорт, валютын ханш зэрэг орлогуудаа эргэж харах шаардлага тулгарсан. Олон жил татвараа нэмэхээс илүү бааз суурийг нь өргөтгөе. Төсвийн орлогын 80 гаруй хувийг дандаа татварын орлого бүрдүүлдэг. 2012 онтой харьцуулахад татварын орлого 25 хувь өснө гэж тооцсон нь бодит байдалдаа нийцэхгүй байна. Тийм өөдрөг төсөөлөл хаана ч алга. Тэгэхээр ганц л зүйлийг хэлмээр байна. Ирэх жилийн төсвийг 2019 оны төсөвтэй ижил түвшинд авч ир. Орлого, зарлагыг өндөр төсөөлж, таамгаар бүү зоо.
-Орлого 19.6 их наяд, зарлага 20.3 их наяд гэж тооцсон тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Төсвийн орлого, зарлага хоёуланг нь маш өндөр төсөөлжээ. Орлого 1.6 их наяд, зарлага 1.26 их наяд төгрөгөөр өснө гэсэн байгаа юм. ДНБ-тэй харьцуулахад нэг нь л 35-38 хувь гээд өндөр байна. Гэхдээ зайлшгүй хийгдэх ёстой ажлуудаа оруулаагүй байгаа юм. Иргэдийн маш их шаарддаг зүйлийн нэг нь тэтгэврийн шинэчлэл шүү дээ. 3.2 их наядын орлоготой нийгмийн даатгалын сангаас гарах зардал нь 3.7 их наяд гэхээр зөрүү нь 545 сая төгрөг байна. Үүнийг төр төсвөөс гаргах гэж байна.
-Ирэх жилд шинээр хөрөнгө оруулалт тавиагүй ч хуучин төслүүдээ санхүүжүүлэх, зээл, концесс гээд таван их наяд гаран хөрөнгө оруулалт цохжээ. Энэ нь зайлшгүй хийх ажил мөн үү?
-Тийм. Хэдийгээр шинэ хөрөнгө оруулалт байхгүй гэж байгаа ч 2010 оноос хойш үргэлжилж буй төслүүдэд ихээхэн хөрөнгө хуваарилагдаж байна. Түүнд 2010-2018 онд эхэлсэн төслүүд 8.4 хувийг эзэлж байна. Нэгэнт эхэлчихсэн, ТЭЗҮ нь сайн хийгдсэн, үнэхээрийн төрийн үйлчилгээг хүргэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын төслүүдээ явуулах нь зүй. Гэхдээ яагаад ингэж их цаг алдаж ужгирав. Түүний шалтгааныг олох асуудал тулгарч байна. Цаг алдсанаас үүдэн үнэ өртгийн зөрүү их боллоо. Энэ мэтээс болж үнийн зөрүүнд 300 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа юм. Бодит байдал дээр энэ нь хангалттай дүн ч бий. Цагтаа хийгдээгүй хөрөнгө оруулалтууд нэг талдаа чанарын нөгөө талдаа үнэ цэнийн асуудлыг хөндөж байна. Төсвийн зардлыг ч нэмж байна. Тиймээс хөрөнгө оруулалтад 16 шалгуур үзүүлэлт байгаа ч эрэмбэлж дараалуулаад, бодит хөрсөнд буулгаж шинжлэх ажлууд шаардлагатай.
Монголбанк мөнгөний бодлогоо танилцуулахдаа Монгол Улсын төлбөрийн тэнцэл маш их алдагдалтай. Сайжруулах гол арга нь экспорт буюу голлон нүүрсний экспортоо нэмэгдүүлэх гэсэн. Хэдийгээр экспортоо нэмээд орлогоо олоод байж болох ч биет орлого байхгүй. Оффтейк гэрээний асуудал бий. Төсөвт орж ирэхгүй мөнгөнүүд орж ирээд хаашаа зарцуулагдаад байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Саяхан Засгийн газраас оффтейк гэрээ хэлцлийг хийхгүй байх гэдэг ч шийдэлд хүрсэн байна.
undefined
-Мөн төсвөөр халамжийн асуудал ихээхэн санал шүүмжлэлтэй байна. Ер нь халамжийн асуудалд та юуг хэлэх вэ?
-Төсвийн хүрээний мэдэгдлээр хавар тавдугаар сард нийгмийн халамжийн хөтөлбөрт зарцуулах зардал 604 тэрбум төгрөг гэж тодорхойлсон. Харин төслөөр 3.3 дахин ихсээд хоёр их наяд болсон байна. Үүний нэг их наяд нь хүүхдийн мөнгө байгаа юм. Төсвийг сайн хянаж, хумьсан байдлаар оруулаагүй байна.
Ер нь нийгэм даяар халамж, тэр дундаа хүүхдийн мөнгөний асуудал байна. Үнэхээр эмзэг бүлэгтээ үүнийг өгмөөр байна. Иргэдээс санал асуулга авахад 22 хувь нь “Хүүхдийн мөнгө авахгүй байхад болно” гэсэн бол 40 хувь нь “Жаахан хэцүү байх гэхдээ авахгүй байхад асуудалгүй” гэж хариулсан байна. Энэ тоо баримт болоод хүүхдийн мөнгө авдаг иргэдийн 30-аад хувь нь хадгаламжийн дансандаа хийдэг зэргийг авч үзээд шийдэлд хүрэх хэрэгтэй. Хадгаламжийн мөнгийг яагаад зорилтот бүлэгт нь хэрэглүүлэхгүй байгаа юм бэ. Нэн орлого багатай өрхүүдэд зайлшгүй шаардлагатай хүнсний тэжээл, суурь үйлчилгээнүүдийг авахад нь зарцуулах хэрэгтэй. Өгөх гэж буй мөнгө нь хумигдмал хязгаартай байхад яг л хэрэгцээтэй хүмүүст нь зориулаач гэмээр байгаа юм. Үүнийг олон улсынхан ч хэлж байна, Монголбанк, эдийн засагчид, сөрөг хүчнийхэн гээд маш олон хүмүүс хэлж байхад тусгалаа олохгүй байна. Зарцуулаад буй 1.5 их наяд төгрөгөөр ажлын байр бий болгох үйлдвэр, татварын хөнгөлөлтөд өгч болж байна. Эдгээр гаргалгаа нь хоёул ажлын байр нэмэгдэж хөрөнгө оруулалт өснө. Энэ мэт ухаалаг, эдийн засгийн том бодлогууд л хэрэгтэй.
-Төсвийн ерөнхийлөн захирагчдын багцууд зарлагаа тэгж байна. Тухайлбал ерөнхийлөгчийн зардал сүүлийн хоёр болон ирэх жил өсөөр байна. Уг нь хэмнэлтийн үеийн төсвийн батлах гэж байгаа шүү дээ?
-Ер нь төсвийн ерөнхийлөн захирагчдын багцыг нарийн сайн задлаад харах юм бол тэнцвэргүй байдал маш их байгаа. Орон нутгуудын төсвийг ч мөн задлаад харвал маш тэнцвэргүй байна. Хэдийгээр хэмнэж байгаа ч гэсэн Засаг даргын тамгын газруудын оффис, соёлын төв барих гэсэн зүйлс байж л байна. Ийм тэнцвэргүй хуваарлилтын тогтолцоог халах хэрэгтэй байна.
Нэгдмэл улс эх орны хэмжээнд сэтгэж, тэрхүү бодлогоо хэрэгжүүлэх, төсөв хуваарилах, төсвийн оновчтой төсөвлөлт гэж байхгүй болоод удлаа.
-Төсвийн бодлого тэлж, мөнгөний бодлого хумигдах жил биднийг хүлээж байна. Энэ бодлогуудын уялдаагүй байдалд ямар шүүмж хэлэх вэ?
-Монголбанк ирэх жил гурван гол эрсдэл биднийг хүлээж байна гээд байгаа. Нэгд, инфляцыг бид тогтоож чадах уу хоёрт, геополитик дайн зөрчлийн асуудал хэрхэх вэ гуравт, тодорхой бус байдал эрсдэлд хүргэж болзошгүй гээд байгаа. Бодлого зангидаж буй байгууллага бодлогоо тайлбарлах нь маш чухал. Мэдээлэлгүй байна гэдэг эрсдэлтэй. Учир нь бодлого зангидагчдын шийдвэрээр аж ахуй, бизнес эрхлэгчид төлөвлөгөөгөө зохицуулдаг. Төсвийн 1.5 их наядын алдагдалтай байж болохгүй мөнгөний бодлогоо дэмжээгүй төсвийн алдагдал, төсвийн тэлэлтийг хумьж алдагдлаа эрс бууруулж тэг рүү тэмүүлэх ёстой талаар эдийн засагч, шинжээчид маш их зөвлөлөө. Энэ нь мөнгөний бодлого дээр ч хангагдах ёстой. Нөгөө талдаа Монголбанкныхан ч өөрсдөө шаардаж хүсэж байна. Төсвийн бодлого тэлэхгүй, мөнгөний бодлоготой харилцан уялдаж хумьсан бодлого барих ёстой байтал ДНБ-тэй харьцуулж байгаа төсвийн зарлага жил тутамд өсөөд байна. Олон улсад энэ зарлага дунджаар 25-30 хувьтай байдаг атал манайд 34 хувьтай байна. Үүнийг бууруулах ёстой.
Мөн инфляцыг ОУВС-гийн суурин төлөөлөгч “Найм байтугай хоёр оронтой тоонд бууж чадвал их юм гэж харж байна” гэсэн. Учир нь инфляцад нөлөөлж байгаа гол бараа бүтээгдэхүүн, ялангуяа тээврийн холбогдолтой зардлууд монголын зах зээлээс бус гаднаас хамаарч байна. Манайх өргөн хэрэглээний гол бараануудаа гаднаас их импортолж байна. Гаднын хүчин зүйл ихтэй гэдэг утгаараа ингэж хэлсэн. Цаашлаад ирэх оны төсвийн төсөлд зарим төрийн албан хаагчийн цалинг 30 хувь нэмнэ гэсэн байна. Төсвийн тэлэлт, зарцуулалттай холбоотой байдал инфляцад эргээд нөлөөлнө. Төв банк инфляцыг бууруулах том зорилт тавьж байгаа. Эдийн засгийг тогтворжуулах том зорилт тавьж байгаа ч бодит байдал дээр бодлогын үйлчлэл хэр байх вэ гэдгийг ажиглах хэрэгтэй байна. Бодлогын хүүг өсгөхөд дараа улирал, хагас жилээс нөлөөллүүд нь илэрдэг талаар Монголбанк мэдээлсэн. Цаашид улам чангатгах шаардлага байгаатай ч бусад бодлогын уялдаа холбоо хангагдахгүй бол зорилтот өгөөжээ өгч чадах эсэхэд хүмүүс шүүмжээ их хэлж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн