Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр 2018-2019 оны хичээлийн жилд дахин 200 хүртэлх монгол иргэнийг суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдсантай холбогдуулан Унгарын Засгийн газрын тэтгэлэгт амжилттай хамрагдсан А.Баярчимэгтэй ярилцлаа. Тэрээр Унгар улсын боловсролын чанар, амьжиргааны зардал, ажиллах боломж, тэтгэлэгт материалаа илгээхдээ юунд анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө өглөө.
-Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хэзээнээс хамрагдаж, ямар чиглэлээр суралцаж байгаа вэ?
-Унгар улсын Сэгэдийн их сургуульд эдийн засагч мэргэжлээр магистрын хөтөлбөрт суралцаж байна. 2016 оны есдүгээр сараас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бөгөөд энэ улирал төгсөнө.
-Унгарын Засгийн газрын тэтгэлгийн давуу тал нь юу вэ. Тэтгэлэгт хамрагдахад юуг голчлон хардаг вэ?
-Stipendium Hungaricum буюу Унгарын Засгийн газрын тэтгэлэг нь 2013 оноос анх зарлагдаж эхэлсэн. Яг одоо энэ тэтгэлгийн материалыг хүлээн авч байгаа. Жил бүрийн арванхоёр эсвэл нэгдүгээр сард зарлагдаж хоёрдугаар сарын сүүлээр материал хүлээн авах хугацаа нь дуусдаг. Хөгжиж буй орнуудын шилдэг оюутнуудыг Унгарын их дээд сургуульд суралцуулах зорилготой. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь Унгарт чанартай боловсрол эзэмших боломж, нөхцөлийг олгоод зогсохгүй өөрийн орны оюутнуудыг өрсөлдөөнтэй орчинд сургах боломжийг бүрдүүлдэг. Шилдэг оюутнуудыг өөрийн улсад суралцуулснаар боловсролын системд хөшүүрэг болно. Тиймээс л аль аль талдаа хожигч зарчимтай гэж боддог.
Харьцангуй шинэ тэтгэлэг учраас тавигдах шаардлага барууны нэр хүндтэй тэтгэлгүүдийг /Fulbright, Chevening/ бодвол харьцангуй бага. Мөн Монгол Улсаас нэг жилд авах оюутны тоо 200. Энэ нь бусад орны тэтгэлгүүдтэй харьцуулахад хэдэн арав дахин өндөр квоттой. Тиймээс тэнцэх магадлал илүү өндөр, боломж өргөн гэж болно. Мөн дээрх тэтгэлгүүдээс ялгаатай нь бакалавр, магистр болон докторын гурван төвшинд оюутан элсүүлдэг гэдгээрээ онцлогтой. Үүнээс гадна тэтгэлэгт бүртгүүлэх бүх процесс онлайнаар явагддаг тул ямар нэгэн материал цаасаар өгөх шаардлагагүй, чирэгдэл багатай.
-Уг тэтгэлгийг сонирхож буй оюутан нэн түрүүнд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Уг тэтгэлгийн албан ёсны вэбсайт дээр оюутнуудын мэдэхийг хүссэн бүхий л мэдээлэл дэлгэрэнгүй байгаа. Тиймээс тэтгэлгийн хорооноос та бүхэнд олгож буй бүх мэдээлэл, нөөц бололцоог ашиглах нь эхний ухаалаг алхам.
Хамгийн гол анхаарах зүйл бол сурах хүсэлтэй сургууль, хөтөлбөрөө сайн судлах ёстой. Их, дээд сургуулиудын overall ranking буюу нийт үнэлгээг харж сургуулиа сонгох нь учир дутагдалтай. Яагаад гэвэл нийт үнэлгээгээр тэргүүлж буй сургууль таны суралцах хөтөлбөрт тэргүүлэх албагүй эсвэл тэр хөтөлбөр байхгүй ч байж болно. Тиймээс сургууль, хөтөлбөрөө сонгохдоо тухайн мэргэжил, чиглэлээр аль хөтөлбөр тэргүүлж байгааг судлаарай. Мөн заавал тухайн хөтөлбөрийн вэб сайт руу орж тавигдах шаардлага, санал болгож буй хичээлийн хөтөлбөр зэрэгтэй танилцаарай гэж зөвлөмөөр байна.
-Тэтгэлэг ямар, ямар шалгуур үзүүлэлттэй вэ?
-Уг тэтгэлгийн гол зорилго нь шилдэг оюутнуудыг татах тул аль болох сурлага, хөдөлмөрөөрөө тэргүүлж, улс орноо төлөөлж чадахуйц оюутныг сонгодог. Мэдээж хэрэг өмнөх сурлагын амжилт, нийгмийн идэвх, ажлын туршлага /бакалавраас дээш төвшинд/ болон хувь хүний хүсэл эрмэлзэл, ирээдүйн зорилгоо юу гэж тодорхойлсон зэрэг чухал ач холбогдолтой. Англи хэлээр суралцах сонирхолтой бол дор хаяж B2 төвшний /IELTS 5.5, iBT TOEFL 72 оноотой/ чадвартай байхыг шаарддаг. Гэхдээ хамрагдаж буй төвшин, хөтөлбөрөөс хамаараад харилцан адилгүй байдаг.
-Унгарт очоод Монголд хэрэгжүүлэх юмсан гэсэн ямар нэгэн санаа шийдэл танд төрсөн үү?
-Анх Унгарт очоод Монголоос ялгаатай бүх зүйлийг нь сонирхон, бараг л ялгааг ол гэдэг тоглоом тоглож байгаа юм шиг байсан. Энгийн нэг Монгол оюутны хувьд хамгийн түрүүнд ялгаатай санагдсан зүйл бол амьдрах орчин, амьдралын чанар. Иргэдийнхээ тав тухтай амьдралын төлөө олон зүйл хийсэн санагдаж байлаа. Жишээлбэл, Унгарт /Европын орнуудын нэгэн адил/ ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн хаа сайгүй байдаг. Иргэд нь ч тэр чөлөөт цагаа цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ салхилуулж, гүйж харагддаг. Унгарт ирэхээсээ өмнө Монголд нэг ч удаа гадаа гүйж үзээгүй надад ч гэсэн гүйж, дасгал хийхэд урамтай санагдсан. Энгийн юм шиг хэрнээ их чухал. Дугуйны зам хүртэл дугуйны зам хийсэн шүү гэж хэлүүлэхийн төлөө биш үнэхээр аюулгүй, хотын хаана ч дугуйгаараа зорчих боломжийг бүрдүүлсэн санагдсан. Мөн нийтийн тээвэр нь манайхтай харьцуулахад хүний хэрэгцээг хангахын тулд л бүтээгдсэн. Энгийн тайлбар олонтой, цагаа яг баримталдаг, шөнийн хуваариар ажилладаг зэрэг нь маш их таалагдсан. Монголд бүтээн байгуулалт хийхдээ илүү тухлаг, илүү чанартай байлгах талаас ажиллаасай гэж хүсмээр санагдсан.
-Унгар улсын талаар танилцуулбал юуг онцлох вэ?
-Унгар 9 сая хүн амтай ч нэг хүнд ногдох Шинжлэх Ухааны Нобелийн шагналаараа дэлхийд тэргүүлдэг. Унгар эрдэмтэд, зохион бүтээгчид маш олон нээлтүүдийг хийсэн байдаг. Жишээлбэл, Витамин С, Рубик шоог нэрлэж болно. Манай улстай харьцуулахад байгалийн нөөц баялаг багатай. Мөн баруун Европын орнуудыг бодвол амьжиргааны өртөг багатай учир Европын томоохон компаниудын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс ч экспортын дийлэнх хувийг нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн эзэлдэг. Эдийн засаг нь нэг салбараас хараат биш гэдгийг экспортын задаргаанаас нь харж болно. Үүнээс харахад хүн ам цөөн, байгалийн баялаг багатай ч гэсэн Унгар шиг эрдэмтэн, профессоруудын судалгаа, шинжилгээг хөхиүлэн дэмжин, амжилттай явуулах орчин нөхцөлийг бүрдүүлж чадвал хөгжинө гэж бодож байна. Улсын хөгжих гарц нь иргэдийн оюун ухаанд оршдог юм шиг санагдаж байна.
-Унгар болон Монголын эдийн засгийг харьцуулахад сонирхолтой санагдсан үзүүлэлт байгаа юу?
-Унгар улс үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засагтай учир ажилчин анги нийгэмд томоохон байр суурь эзэлдэг. Харин манай Монголд эсрэгээрээ санагддаг. Хүн болгон их сургуульд суралцаж, дээд боловсрол эзэмших сонирхолтой. Үүний үр дүнд зарим мэргэжлээр төгсөгчдийн тоо эрэлтээсээ давж, дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо нэмэгдэнэ /мөн ажлын байрны шаардлага хангахгүй ажилчдын тоо ч нэмэгдэнэ/.
Унгарын туршлагаас судалбал, залуус заавал дээд мэргэжил эзэмшинэ гэлтгүй эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох чадварлаг ажилтан ангийн төлөөлөл болох боломжтой санагддаг. Гэвч төрөөс ажилчин ангийн эрх ашгийг хамгаалж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах хэрэгтэй. Монголд бол хамгийн чухал нь нарийн мэргэжлийн ажилтан /цахилгаанчин, токарьчин, замын ажилтан, гагнуурчин, оёдолчин, гэх мэт / ажлын байрны нэр хүндийг дээшлүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг.
-Төгсөлд нь тэтгэлэг сонирхож байгаа залууст юу гэж зөвлөх вэ?
-Одоо Монголд суралцаж байгаа олон оюутан гадаадад суралцахын мөрөөдөл, хүслэн болж байгаа. Гэвч гадаад улсад ч чанартай, чанаргүй сургуулиуд байдаг гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Монголд дэлхийд үнэлэгдэх сургууль олон бий. Би МУИС-ийн хичээлийн хөтөлбөрийг олон талаараа сайн суурь тавьж өгсөн гэж боддог. Монголын нэр хүнд бүхий сургуулиудад бакалавраар суралцаж төгсөөд ОУ-ын чанартай сургуульд элсэн суралцах боломж бидний өмнө нээлттэй. Түүнчлэн бид хичээвэл Монголд ч, Унгарт ч боломж их бий.
Би хүн бүрийг өөрөө юу хийх ёстой вэ гэдгээ мэддэг гэж боддог. Ухамсарлан ойлгоогүй ч Алхимич дээр гардаг шиг хорвоо ертөнцөөс өгөх дохиог ажиглаад үзээрэй гэж хэлмээр байна. Ямартай ч эхнийхээ алхмыг өөрөө хийсэн тохиолдолд өөрт тохирох зам заавал олдоно. Амжилтад хүрэх арга юу вэ, залхуурлаа хэрхэн дийлэх вэ гэж судлах биш хийж эхлэх хэрэгтэй гэж боддог.
Та Унгарын Засгийн газрын тэтгэлгийн бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.