Open iToim app
Эдийн засаг | 8 мин уншина

Х.Батчулуун: Саарал жагсаалтад орвол иргэдийн амьдралд ч сөргөөр нөлөөлнө

Х.Батчулуун: Саарал жагсаалтад орвол иргэдийн амьдралд ч сөргөөр нөлөөлнө
Нийтэлсэн 2018 оны 3 сарын 30
Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуунтай Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон гол шалтгаан нь юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дэлхийн тогтолцоог бий болгох, чигийг нь гаргадаг FATF /Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага/ гэж байгууллага бий. Тус байгууллага өөрөө болон түүнтэй хамтран ажилладаг бүс нутгийн байгууллагууд тодорхой хугацааны давтамжтайгаар гишүүн орнуудынхаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлдэг. Монгол Улс хоёр дахь удаагийн харилцан үнэлгээний тайлангаа 2017 оны долдугаар сард хамгаалсан. Харамсалтай нь Монгол Улсын тогтолцоо сайнгүй байна гэсэн үнэлгээ тавьсан.  Үүнтэй холбогдуулаад Ази Номхон далайн бүсийн байгууллага болон FATF-аас Монгол Улсад тухайн дутагдлуудаа засах зөвлөмж өгч, хугацаатай үүрэг өгсөн.
2012 онд баталсан FATF-ын 40 зөвлөмжид нийцүүлэн хуулийн хэрэгжилтээ хангахыг шаардсан. Өөрөөр хэлбэл, FATF-ын зөвлөмжид эхлээд хууль эрх зүйн орчноо нийцүүлэх ёстой. Өнөөгийн мөрдөж байгаа хууль FATF-ын 40 зөвлөмж батлагдахаас өмнө боловсруулагдаад УИХ-аар баталсан учраас зарим зүйл, заалт тусгагдаагүй. Энэ дутагдлаа арилгах зорилгоор хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсаны дараа зохих журам заавраа нарийвчлан өөрчилнө. Одоогийн дагаж мөрдөж байгаа хууль FATF-ын 40 зөвлөмжид бүрэн нийцэхгүй байгаа. 
-Хуулийн төслийн өөрчлөлтийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Зарчмын ямар, ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-Хуульд зарчмын шинжтэй нэлээд олон өөрчлөлт орж байгаа. Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хүрээг өргөжүүлэх шаардлага гарсан. Үл хөдлөх хөрөнгө, үнэт чулуу, үнэт эдлэлийн арилжаа наймаа хийдэг хүмүүсийг мэдээлэх үүрэгтэй этгээдэд хамруулж байгаа. Бохир мөнгө эргэлдэх өндөр эрсдэлтэй салбарыг хамруулахыг зорьсон. Үл хөдлөх хөрөнгө, үнэт чулуу худалдан авах, зарах замаар бохир мөнгийг маш хялбар эргэлдүүлдэг. Тиймээс энэ секторыг илүү хяналтдаа авна гэсэн үг. Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрт оруулж байгаа. Эрсдэлд суурилсан хэлбэр гэдэг нь FATF-ын зөвлөмжид тусгагдсан шаардлага л даа.   Өөрөөр хэлбэл, тухайлсан секторыг хариуцаж байгаа төрийн байгууллага нь нэг салбарынхаа эрсдэлийг үнэлсэн байх, мэдээлэх үүрэгтэй этгээд өөрөө харилцагч, үйлчлүүлэгчээ таньсан байх ёстой. Энэ нь зөвхөн FATF-ын 40 зөвлөмжийг хэрэгжүүлэхээс гадна Монгол Улс, монголчууд өөрсдийгөө хамгаалах бас нэг арга гэж үзэж байгаа.
 Мөн хуулийн зарим нэр томьёог илүү тодорхой болгож байгаа. Тухайлбал, Олон улсад эцсийн өмчлөгч нь хуулийн этгээд биш, хүн байдаг. Хуулийн этгээдийн цаана ч хэн нэгэн хүн л байдаг. Тиймээс эцсийн өмчлөгч гэдгийг энэ хуульдаа өөрчлөлтөөр багтааж байгаа.
Түүнчлэн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан зөвлөмж шийдвэрийг хэрэгжүүлэхтэй чиглэсэн арга хэмжээг авахаар тусгаж байна. Сүүлийн жилүүдэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-тай холбоотой нэлээд хэдэн шийдвэр гаргасан. Тайланд дурдсанаар манай улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөмж, шийдвэрийг яаж биелүүлж байгаа нь тодорхой бус байгаа учраас тодотгох шаардлагатай байна гэж зөвлөмж өгсөн. Үүнтэй холбогдуулан энэ өөрчлөлтийг оруулж байгаа.
Терроризмтой тэмцэх хуульд үй олноор хөнөөх зэвсгийн талаар зүйл заалт байдаггүй. Тиймээс Терроризмтой тэмцэх тухай хуульд уг өөрчлөлтийг нэмж оруулна.
-Мэдээлэх үүрэгтэй этгээдэд хэн, хэн багтдаг юм бэ. Жирийн иргэн бид мэдээлэх үүрэгтэй этгээд мөн үү?
-Мэдээлэх үүрэгтэй этгээд гэдэгт хамгийн түрүүнд банк, банк бус санхүүгийн байгууллагууд хамаарна. Ер нь Санхүүгийн зохицуулах хорооны мэдэлд байдаг санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг бүх байгууллага орно. Мөн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө, үнэт чулуу, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчид хамаарна. Хуульч, өмгөөлөгч, нотариатч, нягтлан бодогч багтана. Эдгээр этгээд нь бүх үйл ажиллагаагаа биш, хэн нэгний нэрийн өмнөөс санхүүгийн үйл ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд 20 саяас дээш төгрөгийн бэлэн мөнгө, түүнтэй тэнцэх гадаад валютын шилжүүлэг байвал заавал мэдээлэх үүрэг хүлээж байгаа.  Мөн сэжигтэй гүйлгээ орж ирэхэд тухайн эх үүсвэрийнх нь гарал үүсэл тодорхойгүй байвал сэжигтэй тайлангийн мэдээ гаргаж, Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлнэ. Тухайн хуулийн этгээд эсвэл хувь хүнтэй холбоотой асуудал гарсан тохиолдолд мэдээллийн баазаа дахин шүүж үзнэ. Гүйлгээ болгоныг хянаж, шалгаад байна гэж шууд утгаар ойлгож болохгүй.
-Иргэдийн хувьд хэн нэгнээс их хэмжээний мөнгө авахдаа ихэвчлэн шалгадаггүй, хаанаас ямар эх үүсвэртэй мөнгө болохыг мэдэхийг ч хүсдэггүй. Тэгэхээр Та бохир мөнгө гэдэг ойлголтыг илүү дэлгэрэнгүй тайлбарлавал...
-Авлига авч байгаа албан тушаалтан бол шууд өөрөө мөнгө авахгүй. Түүнтэй холбоотой этгээдийн хэн нэгний гараар,  дансаар тухайн эх үүсвэр дамжиж очдог. Тухайн албан тушаалтны нэрийн өмнөөс мөнгө хүлээн авч байгаа, цааш нь өөр хэн нэгний данс руу гуйвуулж байгаа хэсэг бол мөнгө угаах гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл, тухайн мөнгийг шилжүүлж байгаа хүн өөрөө авлига аваагүй ч гэсэн авлигын мөнгийг  хаа нэгэн тийшээ дамжуулж, эдийн засагт оруулснаараа тухайн авлига авсан хүний хэрэглэх боломжийг нээж өгдөг. Ийм  гинжин хэлхээнд орж байгаа хүмүүс Эрүүгийн хуулийн дагуу гэмт хэрэгтэн болно. Манай хууль сахиулах байгууллагууд мөнгө угаах зүйлчлэлээр хэд хэдэн хэрэг шүүхийн шат руу явуулсан. Харамсалтай нь, шүүхийн шатанд зүйлчлэлийг нь өөрчлөх, хэрэгсэхгүй болгож явсаар одоогийн байдлаар Монгол Улсад мөнгө угаах гэсэн зүйлчлэлээр нэг ч хүн ял шийтгэл аваагүй. Олон улсын жишгээр мөнгө угаах гэмт хэрэг нь суурь гэмт хэрэг гэж явдаг. Тухайн сэжигтэй мөнгийг шилжүүлсэн хүн хөрөнгийн эх үүсвэрийнхээ гарал үүслийг хууль эрх зүйн хүрээнд эдийн засгийн ул мөрийг гаргаж баталж чадахгүй бол шууд мөнгө угаасан гэсэн зүйлчлэлээр ял шийтгэл авах магадлалтай болдог.
-Одоогийн дагаж мөрдөж байгаа хуульд мөнгө угаах хэрэг ямар  хариуцлага тооцдог юм бэ. Нэмэлт өөрчлөлтөөр хариуцлагын асуудлыг хэрхэн тусгасан бэ?
-Хариуцлагын асуудал хууль эрх зүйн хүрээнд сайжирна гэж харж байна. Ер нь мөнгө угаах зүйлчлэлийг Эрүүгийн хуулиар зохицуулаад нэлээд удаж байгаа. Гол нь гүйцэтгэх ажлын шатнаасаа гарч, хууль сахиулах, прокурорын байгууллагаас гараад цаашаа явж байхдаа зүйлчлэл нь өөрчлөгдөх, зарим нь хэрэгсэхгүй болох тохиолдол гардаг. Мөнгө угаах гэсэн оролдлого байгаа гэдгийг бүгд л мэдэж байгаа. Гэтэл том загасыг нь барих гээд жижгүүдийг хаацайлж үлдээгээд байгаа тал бий. Үнэн хэрэгтээ олон улсын жишгийг харахад том загасыг барихаас өмнө гинжин хэлхээг нь таслах аргыг их хэрэглэдэг л дээ.
-Хуульд эцсийн өмчлөгч гэдгийг тодорхойлж байгаа гэлээ. Хуулийг хэрэгжүүлэх явцад эцсийн өмчлөх гэдгийг хэрхэн илрүүлж, таних вэ?
-Ганц эзэнтэй байгууллага бол эцсийн эзэмшигч нь ойлгомжтой. Харин хувьцаат компани болбол нэлээд ярвигтай зүйлүүд гарч  ирдэг. Хувьцааны хэдэн хувийг хэн эзэмшиж байгаагаас шалтгаална. Тодорхойлох боломжтой байвал хяналтын багцыг эзэмшиж байгаа хүн, эсвэл бүлэг хүмүүстэй байж таарна. Цаашлаад хяналтын багцыг эзэмшиж байгаа тухайн бүлэг хүмүүс эсвэл аж ахуйн нэгжийн цаана нь хэн байна вэ гэдгийг тодорхойлоод явна. Ингэж тодорхойлсноор эцсийн дүнд эцсийн өмчлөгч тодорхой болох боломжтой. Харамсалтай нь, манай улсын аж ахуйн нэгжүүд  хуулийн этгээдийн бүртгэл тааруухан байгаа. Улсын бүртгэлийн газраас аливаа нэг аж ахуйн нэгжийн эцсийн өмчлөгчийг асуухад цаана нь дахиад нэг ААН гараад ирдэг. Үнэн хэрэгтээ цаана нь хүн л байх ёстой шүү дээ. ААН бүртгүүлэхдээ манай хэдэн хувийг тэр ААН эзэмшдэг гэвэл тухайн аж ахуйн нэгжийг эзэмшиж байгаа өмчлөгчийг хамт гаргаж өгөх ёстой. Ингэж байж тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянана. Иймэрхүү зохицуулалтын асуудлаа төрийн байгууллага, хувийн хэвшлүүд дор бүрнээ хийгээд явчихвал хууль бус мөнгө манай санхүүгийн системд эргэлдэхэд нэлээд хэцүү болно.   
-FATF-аас манай улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж үзээд саарал жагсаалтад оруулах эрсдэлтэй оронд тооцсон. FATF-аас өгсөн зөвлөмжийн дагуу тодорхой хуулиудад өөрчлөлт оруулахаас гадна хэрэгжүүлэх шаардлагатай ямар ажлууд байгаа вэ?
-Одоогийн байдлаар Монгол Улс саарал жагсаалтад ороогүй байгаа. Орох эрсдэлтэй байна шүү гэдгийг анхааруулсан. FATF-аас үнэлгээ хийхдээ эхлээд тогтолцоо буюу хууль, журмууд байна уу гэдгийг харна. Хоёрт, тухайн тогтолцоо хэр зэрэг үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг үнэлдэг. Манай улс үндсэндээ хоёр дахь үзүүлэлтээрээ муу үнэлгээ авсан байгаа.
Саарал жагсаалтад орохоос сэргийлэх, эрсдэлийг даван туулахад төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хамтарч ойлголцож,   ажиллах ёстой. Өнөөгийн мөрдөж байгаа хуулийн дагуу манай Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд Хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа. Тухайн зөвлөлд орсон байгууллагууд хоорондын мэдээлэл солилцоогоо сайжруулах ёстой. Түүнээс гадна дотоодынхоо үйл ажиллагааг эдийн засгийн гэмт хэрэг, түүн дотроо мөнгө угаах чиглэлийн чадавхиа эрс сайжруулах ёстой. Энэ чиглэлд ажиллах боловсон хүчнийхээ тоог нэмэх, чадавхижуулах шаардлагатай. Боловсон хүчээ байнгын мэдээлэл, сургалтаар хангах ёстой. Энэ асуудлыг цогцоор нь шийдэж эрсдэлээс бид хамтдаа гарна. Мэдээж FATF-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хуулийн өөрчлөлт маш чухал нөлөөтэй.   
-Муугаар бодоод хэрвээ саарал жагсаалтад орчихвол  ямар эрсдэлтэй вэ. Санхүүгийн үйл ажиллагаанд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Хамгийн нэгдүгээрт улсын нэр төр олон улсад унана. “Монгол Улс саарал жагсаалтад орлоо” гэдэг нь өөрөө нэр хүндийн асуудал болно. Энэ асуудал хамгийн түрүүнд бизнесийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлнө. Ялангуяа санхүүгийн хөрөнгө оруулалтад шууд нөлөөлнө. Хатуу хэлбэл, дөнгөж сэргэж байгаа зээлжих зэрэглэл доошоо унана. Үүнээс гадна манай улсын банкуудтай харилцаж байгаа гаднын банкууд мөнгөний урсгалд тавих хяналтаа илүү нягт болгоно. FATF болон түүний  гишүүн орнуудын зарчим нь, аливаа улс саарал жагсаалтад орсон бол тухайн орноос гарч байгаа болон орж байгаа мөнгөн урсгалд илүү хяналт тавьж ажилладаг. Манай улс гишүүнийхээ хувиар саарал жагсаалтад орсон орнуудын гүйлгээнд хяналт тавьж, илүү чангаруулж ажиллаж байгаа. Аж ахуйн нэгжүүдийн хувьд тухайн саарал жагсаалтад орсон улсуудын компани, хувь хүнтэй харилцах гэж байгаа бол илүү хянамгай хандах ёстой. Хэрвээ анхаарал муутай, хяналтгүй хандвал өөрөө асуудалд ордог. Санхүүгийн систем хяналтад ороод ирэх нь эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Эдийн засаг нэлээд өсөлттэй байгаа бол саарал жагсаалтад орсноор өсөлт саармагжина. Цаашлаад бараа бүтээгдэхүүни үнэ өсч, иргэн бүрийн орлогод нөлөөлнө шүү дээ.
-FATF-аас Монгол Улсыг саарал жагсаалтад орох, үгүй хэзээ шийдэх вэ?
-Манай улсыг саарал жагсаалтад орох, эсэхийг FATF-ын  уулзалтууд дээр шийднэ. FATF-ын хамгийн ойрын уулзалт ирэх зургадугаар сард болно. Бид нарын таамаглаж байгаагаар зургадугаар сард манай улсын асуудлыг авч хэлэлцэх болов уу гэж харж байна. Үүнээс өмнө бид хуульдаа өөрчлөлт оруулж, хэрэгжилтийн явцад анхаарах хэрэгтэй. Хамтын ажиллагааны зөвлөл энэ чиглэлд анхаарч ажиллаж байна. 
-Ярилцсанд баярлалаа.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн