Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Алтны татварыг 2.5 хувьд хэвээр хадгалах төсөл боловсруулжээ

Алтны татварыг 2.5 хувьд хэвээр хадгалах төсөл боловсруулжээ
Нийтэлсэн 2018 оны 8 сарын 9
Монголбанкны алт худалдан авалт жилээс жилд  өсч, энэ хэрээр гадаад валютын албан нөөц баталгаажиж байна.  2013 онд Монголбанк жилдээ л 7 тонн алт худалдан авдаг байлаа. Харин 2014 онд алтны худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкинд алт худалдах аж ахуйн нэгжийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг таван хувь байсныг 2.5 хувь болгосон билээ. Хуулийн өөрчлөлт зах зээлд үр дүнгээ өгч, Монголбанкны алт худалдан авалт эрс нэмэгдсэн. Өнгөрсөн жил гэхэд л 20 тонн алт худалдан авсан. Тэгвэл алт олборлогчдод ашигтай энэ хуулийн заалтын хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-нд дуусна. 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах урьдчилсан нөхцөлд алтны нөөц ашигласны төлбөрийг эргээд таван хувь болгохыг шаардаж байсан. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан татварыг нэмээгүй, цаана нь алт олборлогчид ч хүчтэй эсэргүүцсэн.  
Тэгвэл саяхнаас Монголбанкнаас алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувьд хэвээр хадгалах хуулийн төслийн боловсруулсан байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байна гэсэн заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгах" заалтыг оруулахаар болжээ. Уг өөрчлөлтийн талаар төрийн байгууллагуудтай санал солилцон хамтран ажиллаж байгаа бөгөөд намрын чуулганд өргөн барих юм байна.
Үүнээс гадна алт олборлогчид Засгийн газрын өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эсэргүүцэж байгаа. Хуулийн төсөлд 3 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300,0 сая төгрөг, 3 тэрбум төгрөгөөс  дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна  гэж тусгасан. Энэхүү заалт нь алт олборлогч компаниудад татварын дарамтыг нэмэгдүүлнэ, мөн зарим тохиолдолд лицензийг хүчингүй болгох, алт олборлолтын үйл ажиллагаа удаашрах сөрөг нөлөөтэй гэж үзэж буй.
Ирэх намар дээрх хоёр хуулийн төслийг өөрт ашигтайгаар батлуулахын тулд алт олборлогчид УИХ-ын гишүүдийг лоббидох нь гарцаагүй. Учир нь 2014 онд алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, 2.5 хувь болгоход алт олборлогчдын УИХ-д нөлөөлөх лобби хүчтэй байсан гэж эх сурвалжууд мэдээлдэг. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн