Open iToim app
Дэлхий | 6 мин уншина

Ойрын ирээдүйд хүн төрөлхтөнд бий болох өөрчлөлтүүдтэй танилцъя

Ойрын ирээдүйд хүн төрөлхтөнд бий болох өөрчлөлтүүдтэй танилцъя
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 29
Хүн төрөлхтний өнгөрсөн зуунд бий болгосон шинжлэх ухааны үсрэнгүй дэвшлүүд нь өнөөгийн технологийн эрин үеийн суурийг тавьж, ирээдүйд хүн, хиймэл оюун ухаан зэрэгцэн орших технологид суурилсан нийгмийн эхлэлийг тавьсан юм.
Хурдацтай өрнөх технологийн хувьсгалын эрчинд хүмүүний аж амьдрал, нийгэм, ажил мэргэжил гээд юмс бүхэн хувьсан өөрчлөгдөж байна. Харин та энэ хувьсгал, өөрчлөлтөд дасан зохицоход бэлэн үү? Технологийн шийдлүүдийн ачаар ойрын ирээдүйд өнөөдөр байгаагаасаа тэс өөр болох зүйлсийг танд хуваалцаж байна. Хэдий эдгээрийн зарим нь хэт ирээдүйн, уран зөгнөл мэт байж болох ч үүнийг бодит болгох суурь технологиуд нэгэнт бий болсон бөгөөд техникийн хувьд бүрэн боломжтой болохыг шинжлэх ухаан ч баталсан юм. Ингээд ойрын ирээдүйд бидэнтэй нүүр тулах өөрчлөлтүүдтэй танилцъя.
1.  Хүний дундаж наслалт 100 хүрнэ
Бид бүхэн өнгөрсөн зуунд амьдарч байсан өвөг дээдсүүдээ бодвол шинжлэх ухааны тусламжтайгаар хамаагүй урт наслах болсон. Харин ирээдүй хойч маань технологийн шийдлийн тусламжтайгаар 100 наслах нь шинжлэх ухааны бэлэг болох уу, эсвэл хараал болох уу гэдэг нь үүнийг хөгжүүлэх хүмүүсийн гарт байна.
2. “5G” сүлжээ
Алсын зайн болон автомат жолоодлоготой автомашин, уран зөгнөлт кинон дээр гардаг шиг хүнд тусалдаг робот, ухаалаг гэр ахуйн цахилгаан бараа, ухаалаг амьдралын орчин зэрэг нь супер хурдан “5G” сүлжээний тусламжтай бодит болох боломжтой. Энэ бол үүрэн холбооны бизнесийн шинэ эрин бөгөөд бодит болж, хүмүүсийн хэрэглээнд нэвтрэхэд тун ойрхон болоод буй технологи юм.
3. Дасан зохицох чадвар
Ажлын байрны зах зээл дээрх хувьсан өөрчлөгдөж буй ажлын байр бүхэнд “Adaptability quotient” буюу дасан зохицох чадвар “AQ” нь “IQ”-аас илүүтэй шаардагдах юм. Таны “AQ” төвшин ойрын ирээдүйд амжилтын тань хамгийн гол илэрхийлэмж болох магадлалтай.
4. Алгоритмын тусламжтай програмчлагдсан хууль, шүүх тогтолцоо
Хэдий програмчлагдсан машин хүн шиг сэтгэл хөдлөлтэй байж чадахгүй ч хэнийг ч арьс өнгө, гарал үүсэл, шашин шүтлэг, билгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхаж, хэн нэгэн эрх мэдэлтнээс авлига авахгүй. Америкийн компьютерын шинжлэх ухааны эрдэмтэн Жое Боуламвини зэрэг хүмүүс прокурор, шүүх, хуулийн байгууллагыг програмчлах ажлыг эхлүүлж, нэлээдгүй амжилт үзүүлээд байна.
5. Анхаарал сарнихын эсрэг хүнийг аливаа зүйлд төвлөрүүлэхэд чиглэгдсэн гар утасны аппликейшнүүд
Цахим эриний хөгжил дэвшлийг дагаад гарч ирсэн нэг сөрөг нөлөө нь интернетийн зохисгүй хэрэглээ, үүнээс улбаатай хүн анхаарлаа төвлөрүүлэх чадамжаа алдах явдал юм. Жишээ нь хүн нийт хамгийн багадаа өдөрт дунджаар хоёр цаг орчмыг фэйсбүүк, инстаграмм, твиттер зэргийг гүйлгэн харахад зарцуулдаг байна. Хүний тархи хэт их мэдээллийг ингэж авах нь ой тогтоолт, анхаарлаа төвлөрүүлэх чадамжид сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хүний тархийг амраах зорилготой гар утасны аппликейшн, тоглоомууд сүүлийн жилүүдэд олноор зохиогдох болсон бөгөөд ойрын ирээдүйд интернет орчин дахь бүх юмсын интерфейс энэ чиглэл рүү хувьсан өөрчлөгдөнө.
6. Автоматжуулалт
Жишээ нь бид ирээдүйд цахим шуудан бичиж илгээх ажлыг хиймэл оюун ухаанд бүрэн даатгаж болох юм. Энэ нь ямар ч цаг зав гарздахгүйгээр харилцах шинэ боломжийг нээж өгч байгаа хэрэг бөгөөд өөр олон ч салбарт хиймэл оюун ухааны тусламжтай автоматжуулалт хийх болно.
7. Хиймэл оюун ухаан таныг ажилд авч, бас халах болно
Өөрөөр хэлбэл, компаниудад хүний нөөцийн ажилтны орон тоо ойрын ирээдүйд хэрэггүй болох юм. Учир нь ирээдүйд хүмүүс ажилт орох анкетаа цахимаар илгээж үүнийг нь хиймэл оюун ухаан нягталж үзээд, бусад анкет илгээгч нартай нарийн харьцуулалт хийж, бүр цахим нийгмийн сүлжээний хэрэглээг тань хянаж, цагдаагийн тэмдэглэл зэрэг шаардлагатай бүх зүйлийг чинь шалгасны дараа ажилд авах юм. Ингээд ажилд орсон өдрөөс тань эхлэн амралт, цалин, тасалсан өдөр, хоцорсон цагийг тань бодохын зэрэгцээ таны ажлын үр дүнг хянаж, шаардлагатай сургалтуудыг санал болгох болно. Харин та хиймэл оюун ухааны шаардлагад нийцэхгүй бол тэр таныг ажлаас халах болно.
8. Био инженерчлэл, биохак
Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж үгүй болно. Үүний дараа хүн өөртөө био инженерчлэл хийх боломж бүрдэнэ. Энэ мэт туршилтууд цэргийн зориулалтаар аль хийдийн хийгдэж, амжилттай туршигдаж эхэлсэн юм. Хэрвээ та хүсэх л юм бол мөнгө төлөөд л хурдан гүйдэг, өндөр үсэрдэг болж чадна гэсэн үг юм.
9. Амьсгалдаг барилга байгууламжууд
Өнгөрөгч зууны дунд үеэс эхлэн хүн төрөлхтөн бетон ширэнгүүд буюу том хотуудыг байгуулж эхэлсэн. Энэ нь хүний бие, байгаль орчинд ямар муу хор нөлөөтэй болохыг бид бүхэн туршлагаараа харж байна. Тиймээс ирээдүйн барилга байгууламжууд байгальд ээлтэй, хэнд ч хор нөлөөгүй болж өөрчлөгдөх юм.
10. Автомашингүй хотууд
Шведийн нийслэл Осло хотын төвд автомашин зорчихыг хориглох шийдвэр гаргасан. Хэдий хотын төвд ажилладаг иргэд үүнд эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч эерэг өөрчлөлтүүдийг үүнтэй харьцуулах аргагүй юм. Удахгүй хотын төвийн хуучин авто замуудыг ногоон байгууламж болгож шинэчлэх бөгөөд энэ нь ирээдүйд дэлхий дахинд тархах болно.
11. Массын хандив цуглуулах хэлбэр
Энэ нь гайхалтай инноваци, бизнес санаа, төсөл болон тусламж хэрэгтэй болсон хэн нэгэнд массаараа туслах явдал юм. Цахим нийгмийн сүлжээг түшиглэн явагдах энэхүү зарчим нь ирээдүйн бизнесүүдэд хөрөнгө оруулалт босгох хамгийн хялбар зам болох аж. Одоогоор үүний эхлэлийг бид “#pray4” болон “#save4” зэрэг өөр олон хештегуудаас харсаар байна.
12.  Эдийн засгийн өсөлтийг хүчээр бууруулах хөдөлгөөн
Хүн төрөлхтний өмнө өнөөдөр тулгамдаад буй хамгийн том асуудал болох цаг уурын өөрчлөлт нь сүүлийн хагас зуун жилийн дэлхийн эдийн засгийн огцом өсөлттэй холбоотой хүмүүсийн хэт өндөр хэрэглээтэй холбоотой юм. Ийм учраас минимализм зэрэг энгийн, зардал багатай, байгаль орчинд ээлтэй амьдрах хэв маягийг хүмүүс эрэлхийлэх болсон. Мэдээж энэ ойлголт массад хэзээ ч хүрч чадахгүй. Тиймээс их гүрнүүд эдийн засгийн өсөлтийг хүчээр бууруулах замаар хүмүүсийн хэтэрсэн хэрэглээ буюу шинэ загварын гар утас, автомашин, цахилгаан бараа зэрэг өөрт ямар ч хэрэггүй зүйлсийг худалдан авдаг байдлыг зогсоох болно.
13. Цахим хязгаарлалт
Цахим нийгмийн сүлжээ, видео тоглоом, ухаалаг гар утсанд донтох нь технологийн хөгжлийг дагаж бий болсон нэн орчин үеийн сэтгэцийн эмгэгүүд юм. Мэдээж та л зөвхөн өөрийн хэрэглээг хянаж, зохистой төвшинд байлгаж чадна. Харамсалтай нь нийгэм тэр чигтээ эдгээр эмгэгүүдээр өвчлөх хандлага улам нэмэгдэж буй учир технологийн шийдлээр нүүр, царай таних хиймэл оюун ухааны технологийн тусламжтай ухаалаг төхөөрөмжүүдэд хязгаарлалт хийдэг байх функцүүдийг идэвхтэй хөгжүүлэх болжээ.
14. Цахим сүлжээ дагасан аялал жуулчлал
Бараг хүн бүр л өнөөдөр ямар нэгэн байдлаар “vlog” хийх болжээ. Мэдээж интернет орчинд аяллын “vlog”-ууд хамгийн өндөр хандалттай байдаг. Нэгт, тэд дэлхийн аялал жуулчлалын бүх цэгүүдийн талаарх хангалттай мэдээллийг нэгэнт өгчихсөн. Хоёрт, тэд үргэлж үзэгчидтэйгээ интернет сүлжээгээр холбогдож байх ёстой. Тиймээс ойрын ирээдүйд аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд, хаана ч байсан гэсэн “Wi-fi” болон өндөр хурдны интернет сүлжээг нэвтрүүлэх нь ашигтай хувилбар юм.
15. Цахим иргэншил
Технологийн дэвшлийн ачаар хүн хаанаас ч ажлаа хийх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл та тодорхой мэргэжил, чиглэлүүдээр гэрээсээ гаднын улсын компанид ажиллах боломжтой. Энэ хандлага ирээдүйд улам бүр нэмэгдэх бөгөөд татвар, ажиллах эрхийн асуудлаас болж хэнд ч визийн асуудал үүсэж болно. Харин ирээдүйд виз мэдүүлэг, иргэншил авах цэрэг нь тавхан минутын дотор компьютерын ард сууж байгаад хийчихдэг хялбар зүйл болох юм. Энэ нь аялал жуулчлалыг ч хөгжүүлээд зогсохгүй, төрийн байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчилж, ачааллыг бууруулах болно.
16. Нүүр царай тань иргэний үнэмлэхийг орлоно
Хиймэл оюун ухаанд суурилсан хүний нүүр царай таних технологи илүү боловсронгуй болж хөгжсөнөөр гаднын улсад зорчих, цагдаад саатуулагдах үедээ та заавал паспорт үзүүлэх шаардлагагүй болох юм. Үүний дараа таны хувьд хамгийн чухал бичиг баримт тань банкны данс, цахим нийгмийн сүлжээний хаяг тань байх болно.
17. Ажлын дөрвөн өдөр
Мэдээж ажлын дөрөв, амралтын гурван өдөр байвал хэнд ч таалагдана. Дэлхийд тэргүүлэгч томоохон компаниуд аль хэдийн ажлын дөрвөн өдрийн форматыг туршиж эхэлсэн бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энэ арга нь ажилчдыг нь илүү аз жаргалтай, эрүүл, бүтээлч болгож, бизнесийн ашгийг нэмэгдүүлж байгааг харуулах болсон юм.  
18. Цахимаар мэдлэг олгох боловсролын систем
Дэлхийн нийт хүн амын ердөө 6,7 хувь нь л өнөөдөр дээд боловсрол эзэмшжээ. Мэдээж их сургууль, коллежид орж чадаагүй хүмүүсийн тодорхой хувь нь амьдарч буй газар зүйн байршил, санхүүгийн бололцооноос болоод суралцах эрхээ эдэлж чадахгүй байгаа аж. Үүний дээр технологийн дэвшлийн тусламжтай цахимаар боловсролын зэрэг авч болох хөтөлбөрүүд эрчимтэй шинээр бий болсоор байна. Мэдээж сургуулийн анги танхим, тог цахилгаан ашиглахгүй учир төлбөрийн хувьд хямд бөгөөд тухайн суралцагч өөрт тохирсон уян хатан цагийн хуваарьтайгаар хаанаас ч суралцах боломжтой.
19. Ажлын туршлагаа цахимаар хуваалцах
Та огт өөр улсын, өөр компанид ажилладаг өөртэйгөө ижил мэргэжилтэй эсвэл, адил төсөл дээр ажиллаж буй хүмүүстэй цахим нийгмийн сүлжээ ашиглан туршлагаа хуваалцаж, ажил үүрэг, чиглэл болон салбарын өмнө тулгамдаад буй асуудлуудаар туршлага хуваалцаж, бэрхшээлийг хамтдаа даван туулах боломж бүрдэнэ.
20. Эрүүл мэндийн сэргээш
Эрдэмтэд зарим зүйлийн ургамал, мансууруулах ургамал зэргийг нарийн судалж бага хэмжээний дозоор хүүний бүтээмжийг нэмэгдүүлэх, анхаарал төвлөрөх чадварыг сайжруулах зэрэг эерэг үйлчилгээтэй хүний биед хор нөлөөгүй сэргээшийг бүтээх ажилд тодорхой хэмжээний ахиц гаргах болсон.
Эх сурвалж: BBC
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн