Open iToim app
Төсөв | 2 мин уншина

Б.Жавхлан: Шаталсан татвараас 10 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ

Б.Жавхлан: Шаталсан татвараас 10 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 7
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх онд шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлж, сарын 10 саяас дээш цалинтай иргэдээс  давсан орлогоос өндөр татвар авдаг болохоор орж ирсэн. 
Тодруулбал, сард 10 сая төгрөгийн цалин болон түүнтэй адилтгах орлоготой бол 10 сая төгрөгөөс давсан хэмжээнээс 15 хувийн ХХОАТ авна. Тухайн иргэн 11 сая төгрөгийн цалин авдаг бол нэг сая төгрөгт нь 15 хувийн ХХОАТ авах юм. Харин сард 15 сая төгрөгийн цалин болон түүнтэй адилтгах орлоготой бол мөн 15 саяас давсан хэмжээнд нь 20 хувийн ХХОАТ төлөхөөр болж байгаа юм.
Монгол Улсад нийт 817 мянган татвар төлөгч байдгаас 1300 орчим хүн шаталсан татвар төлнө. Тэд 2023 онд улсын төсөвт 10 тэрбум төгрөг төвлөрүүлэх аж. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Шаталсан татварын тогтолцоо 2004 онд байсан юм. Одоо хамрах хүрээ нь бага. Манай улсад 817 мянган татвар төлөгч байдгаас энэхүү шатлалд хамаарч байгаа нь 1365 хүн байна. Үүнээс орж ирэх орлого нь 10 тэрбум болно. Энэ нь орлого олохоос илүү татварын системд орж буй томоохон реформ гэж ойлгож болно" гэлээ. 
Харин Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг "Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй энэ үед эдийн засгийн өсөлт саарч байна. Улс орнууд аль болох мөнгөний ч тэр, төсвийн ч тэр хатуу бодлогыг баримталж байна. Түүнчлэн нөөцийн дахин хуваарилалтаараа үнийн өсөлтөд илүү өртөж буй хэсгээ дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй, ингэсэн цагт хүнд хэцүү цаг үеийг давна гэх зөвлөгөөг олон улсын байгууллагууд өгч байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн