Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тогтмол төлдөг. Хуульд заавал даатгуулах ёстой гэж заасан байдаг болохоор төлөхөөс өөр аргагүй. Гэвч даатгал бол татвар биш гэдгийг санах ёстой. Тиймээс бид эрүүл мэндийн даатгалыг хэзээ, хэрхэн ашиглаж, ямар үйлчилгээ авах боломжтой талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Ж.Хажидмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Эрүүл мэндийн даатгалын хууль 2019 онд шинэчлэгдсэн батлагдсан. Гол ямар өөрчлөлтүүд орсон бэ?
-Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар заавал даатгуулах ёстой. Иргэд эрүүл мэндийн даатгалыг сайн дураараа төлнө гэсэн ойлголт байхгүй, бүгд заавал даатгуулна. Эрүүл мэндийн даатгалын хууль 2019 онд шинэчлэгдэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаад их өөрчлөгдсөн байгаа. Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн гэж хэлж болно. Нэмэгдсэнээрээ эрүүл мэндээс үүссэн ямар нэгэн санхүүгийн эрсдэл гарахад эргээд илүү чанартай, боломжийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэсэн үг.
-Эрүүл мэндийн даатгалаар ямар үйлчилгээ авах боломжтой вэ?
-Нийтдээ 16 төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг. Хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрын хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт байдаг.
-Сүүлийн үед шинээр эрүүл мэндийн даатгалд ямар тусламж үйлчилгээ нэвтэрсэн бэ?
-Сүүлийн үед нэмэгдсэн, тэр бүр хүмүүсийн мэддэггүй нь өндөр өртөгт тусламж үйлчилгээ юм. Монголчууд дотооддоо эмчилдэггүй, хийгддэггүй мэс засал байдаг гэж үзэн гадаад руу маш их явдаг байсан. Гэтэл одоо монгол эмч нар дотооддоо хийж, тухайн өндөр өртөгтэй мэс заслыг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж байгаа. Үүнд 900 мянгаас 28 сая хүртэлх төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байгаа гэсэн үг. Тухайлбал, өвдөгний үе солиулах мэс засал нь долоон сая төгрөгийн үнэтэй байлаа гэхэд үүний тав сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж тухайн даатгуулагч нь өөрөө хоёр сая төгрөгийг төлнө гэсэн үг юм. Ингэснээрээ, гадаад руу урсдаг маш их хэмжээний санхүүгийн урсгалыг дотооддоо шингээх боломжтой. Дунджаар 75 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа. Нэмэлтээр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсноор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор, манай эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусийн эсрэг таван төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлж байна. Мөн элэгний В,С вирусийн тоолох шинжилгээ нь улсын эмнэлгүүд дээр хийгдэж, үүнийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж байгаа.
-Даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хэдэн төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй вэ?
-Тухайн даатгуулагч даатгалын шимтгэлээ төлснөөр жилд хоёр сая төгрөг хүртэлх даатгалын тусламж, үйлчилгээг авах боломжтой. Хоёр сая төгрөгийн тусламж үйлчилгээнээс гадна нэмээд өндөр өртөгт мэс заслын тусламж үйлчилгээ, хорт хавдрын хими туяан эмчилгээг авч болно.
-Эрүүл мэндийн даатгал төлсөн боловч тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд яах вэ?
-Манай нийгмийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь эв санааны нэгдлийн зарчим дээр тулгуурладаг. Энэ нь юу гэхээр эрүүл нь өвчтэйгөө, залуу нь ахмадыгаа, орлоготой хоёр сая төгрөгийн тусламж үйлчилгээ аваагүй байх тохиолдолд энэ нь эргээд гэр бүлийнхээ гишүүдэд тусалж байна гэсэн үг.
-Хөнгөлөлттэй эмийн жагсаалт сүүлд хэзээ шинэчлэгдсэн бэ. Хэдэн эмийн жагсаалт байна вэ?
-Хамгийн сүүлд 2019 оны долдугаар сарын 29-ны өдөр шинэчлэн баталж, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нээс улс орон даяар даатгалын гэрээ бүхий 1000 гаруй эмийн сангаар дамжуулан зөвшөөрөлтэй эмийг олгохоор болсон. 2019 онд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах эмийн үнийн хөнгөлөлтөд 34.9 тэрбум төгрөгийг зарцуулсан. Эмийн жагсаалтыг шинэчлэн батлахдаа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн АНУ, Европ, Азийн орнуудад чанар, аюулгүй байдлаа баталсан ууж хэрэглэдэг эмүүд орсон байгаа. Шинэчилсэн жагсаалтад насанд хүрэгчдийн 175 ерөнхий нэршлийн 643 эмийг 20-80 хувь хүртэл, хүүхдийн 53 ерөнхий нэршлийн 159 нийт 800 гаруй худалдааны нэрийн эмэнд дунджаар 20-80 хувийн үнийн хөнгөлөлтийг авах эрхтэй.
-Эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой 13 спорт клубийг зарласан. Иргэд хэзээнээс явж эхлэх боломжтой вэ?
-Даатгуулагчдыг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд хамруулах магадлан итгэмжлэгдсэн спортын клубийг сонгон шалгаруулж 13 спорт клуб тэнцсэн байгаа. Одоогоор гэрээ хийх ажлууд үргэлжилж байгаа. Гэрээ, гарын үсэг зурах ажлууд дууссан тохиолдолд иргэд маань тус 13 спорт клубт явж хөнгөлөлтөө эдлэх эрхтэй. Ерөнхийдөө энэ оны нэгдүгээр улиралд багтаад бүх гэрээний асуудал шийдэгдэнэ.