Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж эхэлсэн.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 08.00 цагт дохио дуугарснаар эхэллээ. Дохио дуугарангуут иргэд өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд очсон. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, тавдугаар сургуулийн өмөх талбай иргэд цугларах аюулгүйн талбайн нэг юм байна. Ойр орчмынх нь оршин суугчид тус газарт цуглан, бүртгүүлсэн. Тэдэнд онцгой байдал болон бусад албаны хүмүүс аюул гамшгийн үед хэрхэн биеэ хамгаалах талаарх заавар зөвлөгөөг өгсөн юм. Тухайлбал, газар хөдөлсөн үед байгаа газраа аюулгүй байдлаа ханган сууна, дахин газар хөдлөлт болохоос өмнө байрнаасаа гарах бол гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй үйлдлээр гадагш гарч, аюулгүйн талбайд цугларах ёстой гэдэг зөвлөгөөг өглөө.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд газар хөдлөлт идэвхжиж, хэзээд ч газар хөдөлж болзошгүй дохиог өгч эхэлжээ. Иймээс энэ аюулаас ард иргэд өөрсдийгөө авран хамгаалахын тулд цугларах талбай нь хаана байх вэ гэдгээ мэдэж авахаас эхлээд олон талын мэдээлэл, дадалтай болгох зорилгоор ийнхүү бүх нийтийг хамруулсан гамшгаас урьдчилан сэргийлэх сургуулилалтыг зохион байгуулсан юм