Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг нээлттэйгээр хэлэлцэх, хяналт тавих УИХ-ын Түр хороо хуралдав. Энэ үеэр Түр хорооны гишүүдээс цар тахалтай холбоотой үүсч буй эдийн засгийн хүндрэлийг давах туулахын тулд банкууд дээр байгаа зээлийн хүү болон хадгаламжийн хүүг тэглэх саналыг олноор гаргаж байв. Хатуу хөл хорио тогтоож, бизнес, ААН-ийн үйл ажиллагааг хүчээр зогсоочихоод яагаад түр хугацаанд хадгаламжийн хүү, зээлийг хүүг зогсоож болдоггүй юм зэргээр саналаа хэлэв. Тухайлбал,
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монголын банкууд ямар том толгойтой, урт гартай, даам гарсан нөхдүүд байдгийг бүгдээрээ мэднэ. Хэзээ Монголбанк чиглэл өгснөөр зээлийн хүү буурч байсан юм бэ. Буурчихдаг байсанм бол өнөөдөр хамгийн бага зээлийн хүүтэй улс орон болчих байсан. Одоо захиргаадалтын арга хэмжээ авмаар байна. Монголын төр хүнд үед банкуудад олонтаа тусалсан. Хадгаламж эзэмшигчдийнх нь эрсдэлийг төр нуруун дээрээ авч байсан. Одоо банкууд ард иргэдээ бодох цаг ирлээ. Зээлийн хүү, үндсэн зээлийг зогсоож байгааг ард иргэдэд маш ойлгомжтой тайлбарламаар байна. Ямар зээлийн хүүг хойшлуулахгүй, зогсоохгүй байгааг хэлмээр байна. Өнгөрсөн хавар манай иргэн, ААН-үүд хаширсан шүү. Үндсэн зээлийг нь хойшлуулж, зээлийн хүүг төлөөд явж байсан тохиолдол бий. Одоо хүү болон үндсэн төлбөрийг хамт хойшлуулах хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Иргэд, ААН хэрэглээний зээл болон ипотекийн зээлийн хүүг хойшлуулсныг сайшааж байна. Гэтэл ААН авсан арилжааны зээлийн үндсэн төлбөрийг царцааж байгаа ч гэсэн хүүгээ нэхээд байна гэдэг асуудал гарч байна. Энэ нь банкинд ч хэцүү, ААН, хувь хүмүүстээ ч хэцүү байгааг ойлгож байна. Хонь ч хөөрхий, чоно ч хөөрхий гэдэг шиг л юм болж байна. Тиймээс хамгийн түрүүнд онцгой цаг үе гээд хадгаламжийн хүүг Монголбанкнаас зогсоо. Ингэвэл өртгөө шингээсэн зээлийн хүү аяндаа буурчихна. Зээлийн хүү буурахаар хүндрэлд орсон ААН-үүдэд хөнгөн тусна.
-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Зээлийн хүүг 11, 12, 01 сард тэглэх ёстой гэж үзэж байна. Ялангуяа бизнесийн зээлийн хүүг зогсоо. Учир нь бизнесээ хийе гэсэн ч хийлгэхгүй гээд бүх юмыг зогсоож, хаачихсан байна ш дээ. Тиймээс ирэх гурван сарын хугацаанд тэглэх яриа хэлэлцээрт орох ёстой. Ядаж бизнесийн зээлүүдийг салгаж аваад хоёр тэрбум хүртэлх зээлийн хүүг гурван сар тэглэх боломж байна уу гэдгийг судалж, Монголбанк, СЗХ санаачилга гаргамаар байна. Бүр болохгүй бол хадгаламжийн хүүг гурван сарын хугацаанд тэглэх асуудлаа санаачлаад оруулж ирэх боломж Монголбанкинд байна шүү дээ. Ингэж ярихаар болохгүй, зохимжгүй гээд Монголбанкныхан яриад байна. Онцгой, давтагдашгүй хүчин зүйл үүсэд бизнесийг хүчээр зогсоочихоод байна шүү дээ.
-УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Монголын банкууд дээр байгаа нийт хадгаламжийн дийлэнх хувийг цөөн хүн эзэмшиж байгаа юм чинь хадгаламжийн хүүгээсээ түр хугацаанд татгалзаад эдийн засгаа дэмжсэн бодлого явуулж яагаад болохгүй байгаа юм бэ. Энэ талаар Монголбанкнаас ямар нэгэн санал оруулж ирэх үү. Ийм алхмыг Монголбанк хийх боломжтой гэж бизнес эрхлэгчид ярьж байна. Зээл хойшлуулсан ч хүү нь төлөгдөөд явж байгаа шүү дээ. Энэ хүүг нь зогсоож болохгүй юм уу.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Банкны систем дээр 1 тэрбумаас дээш хадгаламжтай харилцагч нийт хадгаламж эзэмшигчдийн 20-30 хувийг эзэлж байна. Дундаж давхрагынхан 10-100 сая төгрөгийн хадгаламжийг эзэмшиж байгаа дүн байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд шаардлагатай бол хүргүүлье.
Зээлийн хүүг тэглэх асуудлыг Төв банк судалж үзсэн. Олон улсын хэмжээнд Грек улс л ийм арга хэмжээ авсан ч амжилттай яваагүй юм байна лээ. Зээлийн хүүг тэглээд зээлдэгч нарт дарамт үүсгэхгүй нь сайшаалтай. Гэхдээ нөгөө талд зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа банк нь эрсдэл даах уу, эсвэл хадгаламж эзэмшигч нар эрсдэлээ даах уу гэдэг асуудал гарч байна. Хадгаламжийн хүүг зогсоовол харилцагчид мөнгөө банкнаас татах эрсдэл бий. Гэтэл банкуудын зээл олгож байгаа эх үүсвэр нь хадгаламж эзэмшигчийнх байдаг учраас хүүг зогсоовол мөнгөн урсгалын доголдол үүснэ. Энэ эргээд санхүүгийн зах зээлээ эрсдэлд оруулах гинжин холбоотой.
-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Иргэн, ААН-үүд зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулж байна. Гэхдээ хүү нь хуримтлагдаад явна. Өнөөдөр сардаа 150 мянган төгрөгийг зөвхан зээлийн хүүд төлдөг хүн зээлээ долоон сар хойшлуулсны дараа хүүдээ нэг сая төгрөг төлөх болно. Энэ нь дахиад иргэн, ААН-үүдэд хүндрэл болно. Энэ хуримтлагдаж байгаа хүүгийн зохицуулалтыг шийдэх хэрэгтэй. Шинэ эх үүсвэр гаргахаас илүү одоо байгаа зээлийн хүү, төлбөрийг бууруулахад анхаараач, тодорхой шийдвэр гаргаж, иргэн, ААН-үүдэд хариулт өгөх хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн Н.Алтханхуяг: Иргэд, ААН нэгж хүсэлтээ өгвөл үндсэн зээл хойшлуулах юм байна. Тэгвэл зээлийн хүү хойшлуулах юм уу. Банкууд чинь зээлийг чинь хойшлуулъя, харин чи хүүгээ төл гэж шаардаж байна ш дээ. Зээлийн хүүгээ хойшлуулах, тэглэх боломжийг олго л доо.
-Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Зээлийн хүү тэглэх, царцаах, хүүг хойшлуулах гэж зүйлүүд яригддаг. Монголбанкнаас арилжааны банкуудад өгсөн үүрэг нь ипотекийн зээл дээр зээлийн хүү, үндсэн төлбөр хоёрыг зэрэг хойшлуулж болно. Энэ зээл дээр төлөөгүй хугацааны хүү тооцохгүй. Харин хэрэглээний зээл дээр үндсэн төлбөрөө хойшлуулаад хүүг хойшлуулж болно, гэхдээ тухайн хугацаандаа хуримтлагдсан хүүг нэмж төлөх асуудал байгаа юм.
Төв банкны зүгээс өнөөдрийн гарсан зээлүүдийг хүүг бууруулах асуудлаар Монголын банкуудын холбоотой санал солилцсон. Банкууд тодорхой хэмжээнд эрсдэлээ дагаад ойролцоор 1.7 пунктээр бууруулж, ачаагаа үүрэх боломжтой гэсэн хариуг өгсөн. Ойрын хугацаанд тодорхой шийдвэр гарна.