Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарm ажиллалаа.
Тэрээр “Хувийн ААН-үүдтэй хэрхэн ажиллах нь та бүхний асуудал. Харин Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж буй эм, эмнэлгийн хэрэгсэл чанартай байх хэрэгтэй. Эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирж буй байгууллагуудыг дэмжиж ажиллах ёстой. Гэхдээ ямар нэг нугалаа хийж болохгүй. Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах үндэсний баг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцолсон юм.
Корона вируст халдвар Ковид-19 цар тахлын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-ын бүрэлдэхүүн бүхий Ажлын хэсэг 2021 оны 06 сарын 04-ний өдөр хяналт шалгалт хийхэд багагүй зөрчил дутагдлууд илэрсэн тул Шадар сайд вирусийн эсрэг эмийн нөөц, хангамж болон үнийн асуудлаар газар дээр нь ажиллаж, хариуцсан агентлагийнханд тодорхой үүрэг даалгавар өглөө.
Тэрээр хэлэхдээ “ Вирусийн эсрэг эмийн нийлүүлэлтийн талаарх мэдээллийн эрх тэгш бус, хаалттай байдал нь ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх боломжийг хязгаарлаж, хомсдол үүсэх нэг хүчин зүйл болж байна. ЭМЯ-наас 2020 онд “Ремдесивир” эмийг худалдан авах ажиллагааг зохион байгуулахад 1 бүрийг нь 315.000 төгрөгөөр нийлүүлж байсан бол одоо бид шууд үйлдвэрлэгчидтэй нь харьцаж 1 бүрийг нь 50.000 төгрөгөөр оруулж ирдэг болохоор ярилцаж байгаа. Эмийн нөөц хангамжийн тухайд нэг удаагийн лицензийг гэрээт ААН-үүдэд хэт их хэмжээгээр олгодгийн улмаас бусад ААН-үүдэд квот олдохгүй байгаа тул нэг удаагийн лицензийг хүртээмжтэй байдлаар ААН-үүдийн хүчин чадалд тохируулан олгох шаардлагатай байна.
Эм оруулж ирдэг бөөний төвүүдийн үнээс эмийн сангууд 30-40 хувь үнэ нэмж зах зээлд борлуулж байгааг таслан зогсоох хэрэгтэй" хэмээсэн юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б. Цэцэгсайхан “ Eрөнхий гэрээгээр тeндэр зарлаж, вирусын эсрэг 3 төрлийн эмийг нэмж оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр вирусын эсрэг эмийн нөөц хангамж сайжирч үнэ буурах боломжтой. Мөн дэлхийд сүүлийн үeд эмчилгээний хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдож байгаа, маш хүнд , хүнд өвчтэй иргэдэд хэрэглэдэг Тоцилизумаб эмнээс эхний ээлжинд 2000 ширхэгийг авчирч байгаа” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Шадар сайд ирэх сарын 1-ны өдрөөс өмнө улсын эмнэлгүүдийн эмийн нөөцийн тасалдуулахгүй хангаж, эмчлүүлэгчдийн эм тариаг гаднаас худалдан авах байдлыг таслан зогсоохыг үүрэг болголоо.
Мөн Шадар сайд энэ үеэрээ Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт даалгав.
-Микробиологийн лабораторийн үйл ажиллагааг жигдлэх, эмийн чанар, стандартад хяналт тавих,
-Ковид-19-ийн эмчилгээнд ашиглаж буй эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсын нэршлээр нь бүртгэлжүүлэх,
-Эмийн тусгай зөвшөөрлийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, үйл ажиллагаагаа ил тод явуулах,
-Эм, тарианы хомсдолтой дүүрэг, аймгуудад эмийн хангалтыг сайжруулах,
-Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ажиллагаа, ашиглалтыг хангаж ажиллах, сургалт зохион байгуулах,
-Цахим хуудсаа нээлттэй, мэдээллээ ил тод болгох,
-Эм, эмнэлгийн хэрэгслийн тээвэрлэлт, импортыг аюулгүй зохион байгуулахыг даалгав.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан шинэ газар юм.