Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуу ихэсч, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Чанарын албаны дарга, Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч А.Оюунчимэг хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх талаар ЭХЭМҮТ-ийн албан ёсны нийгмийн сүлжээгээр дамжуулан зөвлөгөө өгсөн юм.
А.Оюунчимэг эмчийн ханиад томуу, уушгины хатгалгаа өвчний талаар эцэг эхчүүдэд өгсөн зөвлөгөөг тэмдэглэн хүргэж байна.
Өвлийн улиралд хүүхдүүдийн дунд амьсгалын замын цочмог халдварт өвчин, харин зун суулгац өвчин зонхилдог байна. Тиймээс эхлээд хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлүүлэхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ гэдэг талаар зөвлөмжийг эцэг эхчүүдэд өгье.
Эцэг эхчүүд хамгийн нэгдүгээрт хүүхдээ ямар нэгэн суурь өвчингүй байлгах ёстой. Хүүхэд ямар нэгэн өвчнийг даван туулах өөрийн гэсэн дархлаатай байх ёстой юм. Хүүхдийг суурь өвчингүй байлгахын тулд нэгд, сульдаа буюу витамин Д, кальцийн дутагдлыг арилгаж, рахитгүй байлгах хэрэгтэй. Хоёрт, цус багадалтгүй байлгах. Гуравт, нь тураалгүй буюу хоол тэжээл, уураг илчлэгээ хангалттай авдаг байлгах ёстой. Дөрөвт, харшлын суурь өвчингүй байлгахад анхаарах. Аав, ээж нь харшилтай бол хүүхдэд дамжих магадлалтай учраас харшлаас сэргийлэхэд хүндрэлтэй байдаг. Харин харшлаас бусад дээр дурдсан гурван өвчнөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хүүхэд суурь өвчингүй байвал ханиад томууны вирусын халдвар авсан ч хурдан эдгэрч, хүндрэл нь бага байдаг.
Рахит буюу сульдаа өвчнөөс сэргийлэхийн тулд хүүхдийг багаас нь агаар, салхи, нарны гэрлээр чийрэгжүүлж байх ёстой. Витамин Д-гээ өрхийн эмчийн зөвлөснөөр сардаа 50 мянган тунгаар өгч байх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд хөхөө хөхдөө хөлрөх, цочромтгой болох, шээс нь хурц үнэртэй байх гэсэн гурван шинж илэрвэл шууд өрхийн эмчдээ хандаж витамин Д-г эмчилгээний тунгаар авах хэрэгтэй.
Хүүхдийг хэрхэн цус багадалтгүй байлгах вэ
Хүүхдээ цус багадалтгүй байлгахын тулд ээж нь өөрөө цус багадалтгүй байх ёстой. Тиймээс жирэмсэн байх үед эх нь хяналтад ороход төмрийн бэлдмэл уухыг зөвлөдөг. Хяналтын эмчийн заасан тунгаар төмрийн бэлдмэлээ ууж, ураг тээж байгаа эх өөрөө цус багадалтгүй байх маш чухал. Ээж цус багадалтгүй байвал хөхний сүүгээр дамжиж хүүхэд цус багадалтгүй байна гэсэн үг. Хэрвээ цус багадалт үүссэн тохиолдолд ээжийн гарын алга, хүүхдийн гарын алга хоёрыг зэрэгцүүлээд харахад эхийн нь алга хүүхдийнхээс арай илүү ягаан, хүүхдийнх цагаан байдаг. Гэрийн нөхцөлд цус багадалттай байна гэдгийг гарын алгаар хэмжинэ. Ийм тохиолдолд хүүхдээ өрхийн эмнэлэгтээ үзүүлж, төмрийн бэлдмэл уулгаж, цус багадалтыг арилгаж болно. Мөн хоол хүнсний асуудал чухал байдаг.
Хүүхдийг тураалгүй байлгахын тулд хүүхдээ зөв хооллох нь чухал. Хүүхдийн ягаан дэвтрийн 64, 66 дугаар хуудаст хүүхдээ хэрхэн хооллох вэ, ямар хоолыг үндсэн хоол, ямрыг нь туслах хоол гэх вэ гэдгийг маш нарийн бичсэн байдаг. Үүний дагуу хүүхдийг зөв хооллох нь чухал.
Хүүхдийн дархлаа хэрхэн тогтдог вэ
Ер нь ямарваа нэгэн өвчин туслаа гэхэд түүнийг нь хүндрэхээс сэргийлдэг гол зүйл бол хүүхдийн дархлаа байдаг. Хүүхдийн дархлааг сайн байлгах хамгийн чухал зүйл бол ангир уураг. Тэгэхээр ээж аавууд хүүхэд төрөхөд нярайн эрт үед нь буюу эх барьж хүйг тастахаас өмнө хүүхдийг эхийн хэвлий дээр тавих буюу арьс арьсаа шүргэлцүүлж, хүйн лугшилт зогсоход хүйг таслах ёстой. Хүүхэд эхийнхээ арьстай шүргэлцэх нь дархлааны чухал асуудал. Хоёрт дулаан байлгахад чухал нөлөөтэй юм. Үүний дараа хүүхэд байгалиас заяасан хөхөх рефлексээрээ мөөмөө мэдэрч хөхдөг. Хөхөж чадахгүй байгааг нь тухайн эрх баригч мөөмийг нь хөхүүлдэг. Хүүхэд төрөөд 30 минутын дотор эхийн хөхнөөс гарч байгаа хоёр, гуравхан дусал хар уургийг бид ангир уураг гэж ярьдаг. Энэ ангир уураг хүний дархлааны чухал бодисууд агуулагдаж байдаг. Энэ нь хүүхдийн дархлаанд онц чухал нөлөөтэй хэдхэн дусал сүү юм. Ер нь эхний 24 цаг эхийн мөөмнөөс ялгарч байгаа 10-20 мил литр хар уургаа хүүхдэдээ хөхүүлээд байх тусам хүүхдийн гэдсэнд өнгөр болж тогтож, хүүхдийг дархлааг маш сайн сайжруулдаг. Цаашлаад зургаан сар хүртэл хүүхдээ хөхөөр хооллох нь чухал. Тэгэхээр хүүхдийн дархлааг сайн тогтооход эхийн сүү нэг номерт бичигддэг. Тиймээс ч олон улсад ч, манай улсад ч хүүхдэд эхийн сүү орлуулагчийг өгөхийг хязгаарлаж байгаа.
Ханиад томууны үед хүүхдээ хүндрүүлэхгүйн тулд эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ
Нэгд, эцэг эхчүүд хүүхдээ дааруулахгүй, дулаан байлга. Хүүхэд даарч, хөрөх тусам биеийн эсэргүүцэл нь суларч байдаг. Гэхдээ дулаан байлгана гэсэн нэрийн дор хүүхдээ хэтэрхий бэгнэж болохгүй. Хүүхэд төрсний дараах 28 хоног буюу нярайн үеийн асаргаа сувилгаа тэс өөр байдаг.
Дараа нь биеийн эсэргүүцлийг сайн байлгахын тулд шим тэжээлтэй хоол хүнс өгөх нь чухал. Давс болон чихэрлэг зүйлсийг өгөхгүй байх хэрэгтэй. Их хэмжээний чихэрлэг зүйл идэх, ундаа уух нь хоол идэх гэж байсан ходоод дарагдаж, өлсөх мэдрэмжийг байхгүй болгочихдог. Тиймээс л хүүхэд хоол идэхгүй чихэр, ундаа хэрэглэх гээд байдаг болчихно. Үндсэн хоолонд мах, гурил, ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн багтана. Дараа нь олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг зөвлөе. Нялх хүүхэдтэй айл бол олон хүн гэртээ оруулахгүй, цөхүүлээ л байх хэрэгтэй. Хэрвээ өөрсдөө ханиад томуу хүрсэн бол хүүхдээ үнсэхгүй байхыг зөвлөнө. Яагаад гэхээр амьсгалын замын өвчин учраас нэг милметр ойртоход халдвар тараах магадлалтай.
Хүүхдийн нус гоожиж, сулраад ирвэл хүүхдийнхээ халууныг сайтар хэмжиж байх хэрэгтэй. Халуурч байна гэдэг нь биеийн эсэргүүцэл сайн байна л гэсэн үг. Хоёрт, өвчин хүрсэн байна гэдгийг илэрхийлдэг. Нүүр, гар нь халуун дүүрээд байвал эхний нөхцөлд хүйтэн жин тавьж, шингэн зүйл сайн уулга. Хүүхдийн царай цонхийж, гар нь хүйтэн, арьс нь эрээнтээд ирвэл даруй түргэн дуудах хэрэгтэй. Үүнийг цагаан халууралт гэж нэрлэдэг бөгөөд өвчин нь хүндрэх үе рүү орсон тохиолдолд илэрдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ яаж халуурч байгааг сайтар ажиглаж байх нь зөв. Хүүхдийн хамар битүүрээд байвал байрлалыг нь байнга сольж, цээжийг 30 градус өндөр дээр хэвтүүлж байхыг зөвлөж байна. Хүүхдээ 60 градус налуу байрлалтайгаар хамрын битүүг арилгах дусаалгыг зөв хэрэглэж байх.
Хүүхдийн биеийн зовуурьд ханиалга илэрч байна уу гэдгийг ажигла. Найтаах бол хамгаалах урвал. Харин ханиалгана гэдэг бол өвчтэй байгаа, ямар нэгэн байдлаар гуурсан хоолой дотор үрэвсэл байсан, түүнийг гаргахын тулд тухайн хүүхдийн өөрийнх нь эсэргүүцэж байгаа үйлдэл. Хүүхэд ханиалгаж, халуураад байвал хамгийн түрүүнд өрхийн эмчдээ ханд.
Хамар битүүрдэг вирусийн ханиад хамгийн уртдаа тав хоног үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, тухайн вирус 5 хоногийн дотор биед орж, үйлдлээ хийгээд гараад явчихдаг гэсэн үг. Харин үүнийн хүндрэл нь нянгийн хэлбэрээр үргэлжилдэг. Тэгэхээр бага насны хүүхдийн хамар битүүрээд 5-аас дээш олон хоног, сар болж байгаа чих хамар хоолойн эмчид үзүүл. Удаан хугацаанд хамар битүүрээд байвал харшлын гаралтай үрэвсэл, гоймрит байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ илэрч байгаа зовуурийг сайтар ажиглар байх хэрэгтэй.