Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ оноос мөрдөгдөж эхэлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл хийлээ.
Цагаан сараас өмнө тэтгэврийн зээл найман хувиар, малчид нийгмийн даатгал төлдөг болно
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчдийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Цагаан сараас өмнө тэтгэврийн хэмжээг найм орчим хувиар нэмнэ.
2. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой боллоо. Уг хуулийн үйлчлэлд 88.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдах бөгөөд 2020 онд 34.8 мянган иргэн шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тооцоо гарсан байна. Малчин 1995-2019 он хүртэл хугацаанд малаа тоолуулсан “А” дансны бүртгэлтэй байх ёстой аж. Энэхүү нөхөн төлүүлэх журмыг удахгүй нарийн гаргаж батлахаар ажиллаж байгаа юм байна.
3. Хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулжээ. Үүнд,
-Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос,
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас
-Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлөх юм. Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх ба хуулийн үйлчлэлд хүүхэд нь 3 нас хүрээгүй нийт эхчүүд хамаарна.
4. Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг өмнө 70 хувиар тооцож олгодог байсан бол энэ жилээс даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцохоор болжээ.
5. Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Өмнө нь хоёр удаа л олгодог байсан.
Нийгмийн даатгалын тухай хууль болон уг сангийн алдагдал, цаашдын үйл ажиллагааны тухай НДЕГ-ын дэд дарга Г.Саран /Г.С/, НДЕГ-ын БХСГ-ын дарга Ц.Ганцэцэг /Ц.Г/ нараас тодрууллаа.
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нэг удаа нөхөн төлөөд тэтгэвэрт гардаг хууль өмнө хэрэгжиж байсан. Энэхүү хуулийн хүрээнд нийт хэдэн хүн тэтгэвэрт гарсан байдаг юм бол?
Г.С: Ажилсан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээр 6.7 мянган иргэн хамрагдсан байдаг. Харин энэ шинэ хуулиар 88.1 мянган иргэн хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Хуулийн онцлог нь тухайн хүн нийгмийн даатгалын байцаагч дээр очоод өөрийнхөө боломжит жилийг тооцуулан, бүрүүлэх боломжтой бөгөөд сарын 42 мянган төгрөгөөр тооцож төлөх юм.
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх боломжид хамрагдахын тулд ямар шаардлага хангасан байх шаардлагатай бол. Хэрэв 1995-2019 оны хооронд тодорхой хугацаанд дундаа завсартай төлсөн бол яах вэ?
Ц.Г: Малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн нийгмийн даатгалын байцаагч дээр очиж зөвлөгөө авна. Малчны хувьд малаа тоолуулсан тэрхүү хугацааг малчин гэж үзэж байгаа. 1995-2019 он хүртэл нэг ч жил төлөөгүй тохиолдолд малаа тоолуулсан “А” дансаа өөрт, эсвэл архивт байгаа тохиолдолд малчин өөрийнхөө шимтгэл төлөөгүй хугацааг нөхөн төлүүлж болно. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч яагаад хамаарч байна гэхээр ирээдүйн нийгмийн хамгааллыг шийдэх зорилготой юм. Огт шимтгэл төлөөгүй хүн харьцангуй цөөн байгаа. 2012 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулиар 1990-1994 оныг ажилласан жилээр тооцоолсон. Харин одоо 1995-2019 оныг төлүүлэх гэж байна. Хэрвээ өмнөх хуулийн хэрэгжилтэд орсон бол 2001 оноос хойш хугацааг нөхөн төлүүлэх юм.
-Капитал банктай холбоотой асуудал хэрхэн шийдэгдэх бол. Алдагдал хэр их байгаа бол?
Г.С:Одоогийн байдлаар 101 тэрбум төгрөгийг авах ёстой учир холбогдох журмын дагуу банкны эрх хүлээн авагчдад материалаа бүрдүүлж өсөн байгаа.
-Ер нь тэтгэвэрт гарах иргэдийн тоо улам л нэмэгдэж байна. Сан ямар ашиг алдагдалтай яваа бол. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
Ц.Г: Нийгмийн даатгалын сан тэтгэврийн даатгал, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол гэмтлээс шалтгаалан өвчний даатгалын сан гэсэн дөрвөн санг эрхэлж байна. Ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, тэтгэмжийн даатгалын сан орлогоороо зарлага бүрэн нөхөж, чөлөөт үлдэгдэлтэй ажиллаж байна. Харин тэтгэврийн даатгалын сан улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авч байгаа. Өнгөрсөн 2019 онд 605 тэрбум төгрөгийг улсын төсвөөс тэтгэврийн санд өгсөн. Гэхдээ үүнийг алдагдал гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл, 1995 оноос нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө БНМАУ-ын тэтгэврийн тухай хуулиар 286 мянган иргэн тэтгэврээ тогтоолгочихсон байсан. Энэ хүмүүс маань нийгмийн даатгалд шимтгэл төлдөггүй, тэтгэвэр тэтгэмжийн санхүү нь улсын төсвөөс хариуцан явж байсан байгаа юм. Харин 1995 оноос эхлээд нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлснээр хувь хүн, ажилтан, ажил олгогч, нийгмийн даатгалын харилцаанд орж шимтгэл төлдөг болсноос хойш 285 хүнийг нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын санд шилжүүлсэн байгаа. Одоогийн нийгмийн даатгалын хуулиар хууль батлагдах хүртэл үүссэн нөхцөлийг улсын төсөв, төр хариуцна гэж заасан. Тэгэхээр 286 мянган хүнээс өнөөдрийн байдлаар 53 мянган хүн байгаа бөгөөд улсын төсвөөс өгсөн санхүүгийн дэмжлэгийн 240 орчим тэрбум төгрөг нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг тэтгэвэрт зарцуулагдаж байна. Мөн цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг нийгмийн даатгалын байгууллага гэрээний үндсэн дээр тогтоож олгодог. Цэргийн албан хаагчид маань төрийн тусгай албан хаагчид учраас хуулиар нийгмийн даатгалд даатгуулахгүй, тэтгэвэр тэтгэмжийг улсын төсөв хариуцна гээд заачихсан байгаа. Уг хуулийн заалтын дагуу одоогийн байдлаар 18 мянган иргэн цэргийн алба хаасны тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэр аваад явж байна. Эдгээр иргэдийн тэтгэвэрт 250 орчим тэрбум төгрөгийг улсын төсөв үүргийнхээ дагуу олгоод явж байгаа. Ингээд үлдсэн 200 тэрбум төгрөг нь тэтгэврийн даатгалын сангийн орлого зарлагын зөрүү буюу алдагдлыг санхүүжүүлэн явж байна. Нийгмийн даатгалын санд 2020 оны төсвийн тухай хуулиар 605 тэрбум төгрөг 399.1 тэрбум төгрөг болж буурсан. Мэдээж нийгмийн даатгалын байгууламж хамрах хүрээгээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй, татварт бүртгэлгүй, тэгээд үйл ажиллагаа явуулаад байдаг, нийгмийн даатгалд янз бүрийн тендерт орох зорилгоор бүртгүүлээд явдаг, нийгмийн даатгалын шимтгэлд өр авлага үүсгээд явдаг зэрэг асуудлууд байдаг учир Татварын ерөнхий газартайгаа хамран энэхүү ажил олгогчдыг илрүүлэх, НДГ, ТЕГ аль алинд нь бүртгэлтэй байх, орлогыг зөв тодорхойлох чиглэлээр хамтарч ажиллаж байна.