Харвардын их сургуульд суралцах урилгыг авсан, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын эдийн засагч Л.Мижиддоржтой ярилцлаа.
Тэрээр арван жилээ МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийг төгссөн бөгөөд 2012 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн эдийн засгийн ангид суралцсан юм.
Тэрээр их сургуулиа төгсөөд Монголбанкинд зургаан жил ажиллаж, энэ хугацаанд өөрийн англи хэлний түвшинг ахиулж, зохих шалгалтуудыг өгсөөр Харвардаас урилга авч чаджээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Юуны өмнө дэлхийн шилдэг их сургуульд суралцах болсонд баяр хүргэе. Та гадаадад сурахаар хэзээнээс төлөвлөж, бэлтгэж эхэлсэн бэ?
-Баярлалаа. Оюутан байхад гадаадад сурч, өөрийгөө улам хөгжүүлэх сонирхол байсан. Тухайн үед яагаад би ч гэсэн дэлхийн түвшний боловсролыг эзэмшиж, туршлага судлаад эргээд эх орондоо хувь нэмрээ оруулж болохгүй гэж хэмээн боддог байлаа.
Их сургуулиа төгсөх жилээ Монголбанкинд шалгалт өгч тэнцсэнээр, тус банкны Мөнгөний бодлогын газарт ажиллах боломжтой болж, зургаан жил ажилласан. Миний хувьд ажиллах хугацаандаа нэлээд зүйлийг сурч мэдэж чадсан. Энэ хугацаанд англи хэлдээ анхаарч, 2018 оноос л TOEFL, GREI зэрэг шалгалтад бэлдэж эхэлсэн дээ.
-Бэлтгэх явцад хэр хүндрэлтэй зүйл гарч байсан. Хамгийн том тулгарсан асуудал нь юу байсан бэ?
-Миний хувьд хамгийн том тулгарсан асуудал бол англи хэл байсан. Оюутан болж төгсөх үедээ тийм ч сайн англи хэлтэй байгаагүй. Үүнийг хөгжүүлэхийн тулд ихээхэн цаг зарцуулсан. Ажлын хажуугаар англиар мэдээлэл, ном унших, подкаст сонсох зэрэг зүйлсийг бага багаар тууштай хийснээр хэдий удсан ч өөрийн түвшинг ахиулж чадсан. Бараг гурван жилийг англи хэлд зарцуулсан гэж бодож байна. Энэ хугацаанд англи хэлний TOEFL шалгалтыг дөрвөн удаа, GREI шалгалтыг хоёр удаа өгсөн. TOEFL-д хоёр жил бэлдсэний дараа анх удаа өгөхдөө 93 оноо авч байлаа. Дэлхийн топ сургуульд тэнцэхэд 100-аас дээш оноо шаарддаг учир дахин өгсөн.
-Ажлын хажуугаар англи хэлээ сайжруулж, шалгалтуудад бэлдэхэд хэцүү байсан уу. Цагаа яаж төлөвлөж байв?
-Ажлын хажуугаар бэлдэнэ гэдэг мэдээж амаргүй. Гэхдээ хүн яг цаг гаргья гэж зоривол үнэхээр цаг гардаг л юм билээ. Жишээлбэл, манай ажил өглөө 09.00-өөс эхэлдэг. Би ажил дээрээ 08.00 цагт ирж, ажлын цаг эхлэх хүртэл буюу нэг цагийн хугацааг бүрэн англи хэл, шалгалт хоёртоо зарцуулдаг байсан. Ажлаа тараад ч мөн 1-2 цаг суух боломжтой байдаг. Ингэж цаг гаргаж явсаар хүссэн сургуульдаа тэнцлээ дээ.
-Анхнаасаа Харвардыг зорьж бэлдсэн үү?
-Анхандаа яг Харвард гэж чухалчлан бэлдээгүй. Ямар ч гэсэн шилдэг болон дундын гэх тодотголтой сургуулиуд руу материалаа явуулсан. Ерөнхийдөө материалаа илгээх сургуулиа шилдэг, дундаж гэлтгүй аль аль руу нь явуулах хэрэгтэй. Ингээд, арав орчим сургууль руу хүсэлт илгээснээс дөрвөн сургууль над руу суралцах урилга явуулсан бөгөөд энэ дунд Харвард байсан учир шууд л Харвардыг сонгосон.
-Харвард руу материал явуулахад юу, юу шаардагдсан бэ. Эссэгээ бичихдээ хэрхэн анхаарсан бэ?
-Харвардын хувьд миний элсэх хөтөлбөрөөс шалтгаалж дараах зүйлсийг шаардсан. Нэгд, тодорхойлох захидал болон эссэ бичихийг шаардсан. Иймээс багштайгаа эртхэн энэ талаар ярилцаж, өгөх боломжтой эсэх талаар тодруулаарай. Хоёрт, сургуулийн дүн, GREI, TOEFL шалгалтын босго оноог хангах байдаг. Гуравт, дөрвөн төрлийн эссэ бичиж байсан. Эссэ их чухал учир миний хувьд их бодож байж бичсэн. Эдгээр шаардлагуудыг хангаж, материалаа явуулсны дараа сургуулиас тэнцсэн үгүйг тодорхой хугацааны дараа хэлдэг. Мөн нэг чухал зүйлийг зөвлөхөд таны зорьж байгаа зүйлийг даваад туулаад үзсэн туршлагатай хүнээс зөвлөгөө авах их чухал юм билээ. Тухайн хүн таны алдааг засаж өгч зөв чиглүүлэх болно.
Миний хувьд эссэгээ бичихдээ сонгосон хөтөлбөрийн дагуу манай улсад ямар асуудал тулгарч байна. Үүний шийдэл нь юу байж болох, энэ мэргэжлийг эзэмшсэнээр чи ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдэг талаас харж бичиж байв. Харвардын сонгосон хөтөлбөрт дараах дөрвөн асуулттай, эссэг бичсэн. Нэгд, олон улсын хөгжлийн хөтөлбөр гэж юу вэ. Энэ нь чиний бодлоор ямар утга, агуулгатай вэ. Хоёрт, төрийн удирдлага үүнтэй холбоотой ямар асуудал байна. Үүний шийдэл нь юу байж болох вэ. Гуравт, манлайлал, дөрөвт өөрийн хувийн түүхээ өгүүлэх эссэг бичнэ. Миний хувьд Монголбанкинд ажиллахдаа сурч мэдсэн туршлагадаа тулгуурлаж бичсэн. Эссэгээ өөрийн туршлагатайгаа холбож асуудлыг гарган, шийдлийг бичиж, үүнд оруулж чадах өөрийн хувь нэмрээ шингээж өгсөн дөө.
-Яагаад төрийн удирдлагаар суралцахаар болсон бэ?
-Өөрийн ажиллаж буй чиглэлээр улам гүнзгийрүүлж суралцахыг хүссэн учир төрийн удирдлагыг сонгосон. Манай үндсэн хөтөлбөр нь олон улсын хөгжлийн эдийн засагт суурилах юм. Монгол Улс хөгжиж байгаа орны нэг. Ийм учир эдийн засаг талаас олон асуудал тулгардаг. Энэ хүрээнд тулгарах асуудалд шийдэл олоход минь Харвард зөвлөж, туслах болно.
-2020 онд тэнцэх урилгаа авч чадсан ч суралцах жилээ нэг жилээр хойшлуулсан байсан юм билээ?
-Би 2020 оны өвөл бүх материалаа явуулж, тухайн оныхоо хавар тэнцсэн хариугаа авсан. Харвардад тэнцсэн хэдий ч төлбөрийн хувьд асуудал гарсан. Харвард маш өндөр төлбөртэй сургууль. Миний хувьд тухайн үед хангалттай хэмжээний тэтгэлэг авч чадаагүй байсан. Иймд суралцах хугацаагаа нэг жилээр жилээр хойшлуулж байлаа.
Тэгтэл маш азтай давхцал тохиож, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг энэ онд зарлагдсан. Ингээд тэтгэлэгт материалаа явуулж, шат шатны шалгаруулалтад оролцсоор Харвардад суралцах боломжтой болсон. Ерөнхий сайдын тэтгэлэгт тэнцсэн хариугаа аваад үнэхээр баяртай байсан. Учир нь хэрэв энэ тэтгэлэг байгаагүй бол би арай өөр үзүүлэлт багатай, тэтгэлэгтэй сургууль сонгох тухай бодож байсан юм.
-Тэтгэлэг, гадаадад сурахад бэлдэж байгаа хүүхдүүдэд хандаж юу гэж зөвлөх вэ?
-Өөрийн бодож, хүсч байгаа зүйлдээ зориглож, үйлдэл гаргаж эхлээрэй гэж хэлэхийг хүсч байна. Алдаа оноотой ч өөрийн зорилго руу ойртох алхам хийж чадах нь чухал. Хэдий тэнцэхгүй байсан ч оролдож үзсэнийхээ дараа юунд анхаарах, цаашид сайжруулах хэрэгтэй зүйлсээ ойлгож мэддэг. Бид ихэвчлэн дотроо бодож, эхлэхээс айж, эхлүүлсэн ч төгсгөлийг нь үзэж чадалгүй шантардаг. Гэхдээ шат шаттайгаар бүхий л зүйлсээ хийгээд яваад байвал хүн болгонд боломж нээлттэй.
-Таны хувьд улсын сургуулийг дамжин, өөрийгөө хөгжүүлэн явсаар Харвардад тэнцсэн байна. Зарим хүн үүнийг боломжгүй гэж хэлэх нь бий?
-Хувь хүнээс л шалтгаалах байх. Харвард том гэж санагдах ч хэрэв шалгуурыг нь хангасан л оролдоод үзэх хэрэгтэй. Харвардад ороход заавал дэлхийн шилдэг ЕБС, их сургуулийг төгсөх албагүй болов уу.
Мөн англи хэлийг өдөр бүрийн хэрэглээгээ болгож явахад л сайжраад явчихдаг. Заавал том хувийн сургууль эсвэл сургалтад мөнгө төлөхгүйгээр өдөр тутамд англи хэл дээр кино үзэж, подкаст сонсож, ном унших зэргээр яваад байхад болчихно. Англи хэлийг амьдралын хэв маягтаа оруулж, түүнийгээ тууштай бармталж явахад болно гэж бодож байна. Миний англи хэл ингэж л сайжирсан.
-Цаашдын зорилгоосоо хуваалцана уу?
-Миний ойрын зорилго бол өөрийн чадах бүхний дайчилж Харвардын их сургуульд суралцах юм. Үүний дараа мэдээж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар ирэх болно. Монгол Улсдаа өөрийн мэдлэг туршлагаа хуваалцаж, өв хөрөнгөө үлдээхийг хүсч байна.