АНУ-ын Зүрхний Ассоциаци, Кардиологийн коллеж зэрэг есөн өөр эрүүл мэнд судалгааны байгууллага хамтран гаргасан насанд хүрсэн хүний хэвийн цусны даралт, болон хэвийн бус хэмжээг шинэчлэн гаргажээ /хүснэгтээс харна уу/. Өмнө нь хэвийн хэмжээг 130/80 мм хэмээн тодорхойлдог байсныг бууруулж 120/80 мм болжээ.
Цусны даралт ихэссэн гэх хэмжээг 65-аас дээш насныханд 140/90 болгосон бол түүнээс доош насныханд 150/80 мм байхаар тооцоолжээ.
Энэхүү тооцооллоор 55-аас дээш насны эрэгтэй хүмүүсийн 79 хувь нь цусны хоёрдугаар үеийн даралттай гэсэн дүн гарч байгаа юм.
Харвардын нэрэмжит VA Boston Healthcare System-ийн дотоод шүүрлийн эмч Пол Конлин “Цусны даралтын хэвийн хэмжээг тодорхойлох нь урт хугацааны, судалгаа, нотолгоон дээр тулгуурлан нарийвчлалтайгаар хийгддэг учир хялбар өөрчлөх боломжгүй. Шинэ хэмжээ нь цусны даралттай хүмүүсийг даралт ихсэх, зүрхний шигдээс, цус харвалт зэрэг эмгэгүүдээс өөрийгөө эрт хамгаалах, илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм” гэв.
Мөн тэрээр “Цусны даралтаа ихэсгэхгүйн тулд хүн давс, тамхи, согтууруулах ундааны хэрэглээгээ багасгаж, амьдралын хэмнэлээ өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ аль хэдийн цусны даралт ихэссэн бол эмнэлэгт үзүүлж, хүндрэхээс нь өмнө нь эмчтэйгээ зөвлөж, эрүүл амьдралын зөвлөгөө авах хэрэгтэй” хэмээн өгүүлжээ.
Эх сурвалж: health.harvard.edu