Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс бэлтгэсэн битүүлэх ёс талаархи мэдээллийг хүргэж байна.
-Хүн бүр битүүний өдөр биеэ хичээх хэрэгтэй. Хоёрт, хэлээрээ сайн сайхан зүйлийн бэлгэдлийн утгатай үгийг хэлдэг. Уужуу, тайван бай. Бие, хэл хоёрын хооронд сэтгэл байдаг. Бие, хэл, сэтгэл гурвын ариун, цэвэр байдлаар хуучин оноо үддэг бэлгэдэл, ерөөлтэй аж.
Битүүний өдөр монгол түмэн таван зүйлийн идээгээр гэр бүлийнхнийгээ дайлдаг номтой. Гэрээ цэвэрлэж, идээ будаагаа сайхан засах нь гэр бүлийнхэн үр хүүхдийнхээ харах мэдрэхүйд барьж буй бэлэг ажээ. Нүдээр харж буй зүйл эвсэг найрсаг, дизайн сайтай байх юм бол сэтгэлд нь бүлээн дулаан байна. Удаах нь чихэнд өргөх өргөл. Бэлэг дэмбэрэлтэй үг яриа хэлэлцэж, дуу хуур эгшиглэх нь сонорт өргөж буй бэлэг юм. Аманд нь сайхан амт өргөдөг. Идээнд хүрэхдээ амьтны амь ороогүй цагаан зүйлээс эхэлж хүртдэг. Дараагийнх нь хамарт өргөж буй үнэр. Сайхан үнэрт ямар ч хүний сэтгэл баясдаг байна. Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам хэлэхдээ "Жинхэнэ аз жаргалыг хүн мэдрэхүйн эрхтэнүүдээрээ дамжуулан авдаг. Материаллаг эд зүйл нь хүнд зөвхөн ташаал л өгдөг. Харин сайхан үг, дуу хуур, амттай хоол, таатай үнэр, сэтгэлийн дур хүслээс аз жаргал авдаг. Ийм замаар олж авч буй аз жаргалын мэдрэмж нь бүхэлдээ мэдрэн хүртэхүй дээр суурилдаг" гэжээ.
Сэтгэлийн бэлгэдэл болгож хөөрөглөдөг. Хөөрөг бол хүндэтгэлийн илэрхийлэл. Хөөрөгнийхөө амсрыг бага зэрэг суллалаад тамхилах хэрэгтэй. Суллаж байгаа нь “би энгийнээрээ сайхан амьдарч байгаа, надад жаргал зовлонгийн тал дээр бэргэх зүйл байхгүй” гэдгийг илэрхийлдэг. Хөөрөг авч байгаа хүн яриагаа үргэлжлүүлж, аж амьдралын аливаа нэгэн зүйлийг ярилцаж болно. Хөөрөгний амсрыг жаахан чангалаад өгчихвөл тухайн айлд гунигтай үйл явдал тохиосныг илтгэдэг. Тиймээс хөөрөгний эзэн яриагаа цэгнэж, аажуу тайван байдалд ордог. Сайхан сэтгэл, эвцлийн бэлгэдэл болгож хөөргөөр тамхилдаг.
Гэр бүл, найз нөхдөдөө сайхан үг хэлж, эвцэж зохицоорой
Муу үг хэлэхээр муу үг л ирдэг. Тиймээс гэр бүл, хань ижил, үр хүүхдүүддээ сайхан үг хэлж эвцэж зохицож байгаарай. Энэ жилийн хувьд хөл хориотой учраас цахимаар бие биедээ сайхан үг хэлж, мэнд мэдээрэй. Сайхан үг, үйлдэл бүр гэр бүлд халуун дулаан уур амьсгал авчирдаг. Тиймээс ч бурхан багш хамгийн түрүүн өөр рүүгээ хар гэж бидэнд айлдсан байдаг. Өөрийгөө зассанаар гадна талын харьцаж байгаа араншин засардаг. Тиймээс зохисгүй шалтгааныг хаяж, барцадгүй мэнд суугаарай ард түмэн минь.
Бусдад хэлсэн сайхан үг тань хамгийн том өглөг болно
Цагаан сар өглөгөөр эхэлдэг. Монголчууд өглөгийг чухалчилдаг. Өглөг өгч буйн цаад учир шалтгаан нь өөрт буцаж буян болж ирнэ гэдэгт итгэдэгт оршмой. Мөн өглөг нь бусдад урам зориг өгөх зорилготой. Амьдралдаа гундаад явж буй хүнд сайхан урмыг үг хэлж байна гэдэг чинь ч өглөгт тооцогдоно. Бие, хэл, сэтгэл хэмээн үзвэл хэлээр буюу бусдадаа сайхан үг хэлж, амьдралд нь тэнцүүлсэн, цаашдын зүг чигийг нь өгсөн сургаалаа айлдаж байх нь зөв өглөг юм. Түүнчлэн шинэ жилийн өглөө бие биедээ сайхан зан аалиар хандаарай. Бага насандаа эцэг эхийн хайраар тэтгүүлж, залуу зандан насандаа гэр бүл болж, өтлөх насандаа өсгөсөн эцэг эхийнхээ хайрыг үр хүүхэд нь буцааж хариулж жаргаадаг. Бага нас, залуу нас, өтөл үе гурван цагийн хэлхээнд Монголчууд бид жаргалд умбаж байдаг. Энэ учир нэн ялангуяа үр хүүхдэдээ анхаарал тавьж хайр энэрлээр өглөг өгөөрэй.