Шүүмжлэлт сэтгэлгээ, муу муухай бодол, сөрөг хандлагад юу нөлөөлдөг, түүнээс хэрхэн ангижирч, эерэг мэдрэмжийг бүтээж, түүнийгээ хэрхэн хадгалж болох талаар Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал Сэтгэл судлаач Б.Золзаяагийн зөвлөснийг онцолж байна.
Сөрөг бодол, сөрөг хандлагын гурван шалтгаан
Нэг, сөрөг хандлага нь нийгмийн сэтгэл зүй, гэр бүлийн орчин, хувь хүний онцлогоос ихээхэн хамаарна. Эдгээрээс хувь хүний сэтгэл зүйг аваад үзэхэд бид шүүмжлэх сэтгэлгээгээ илүү хөгжүүлээд бүтээлч, өөдрөг хандлага нь бага байгааг одоогийн нийгмээс харж болохоор байна. Шүүмжлэлт сэтгэлгээ, сөрөг хандлага нь хувь хүний амьдралынхаа өмнө тавьсан зорилго, амьдралын үнэт зүйл, амьдралын утга учиртай шууд холбоотой. Амьдралын утга учраа олсон, холын зорилготой хүмүүс өөрийгөө хэрэггүй зүйлээс буюу сөрөг бодлоос салгаж чадна. Иймд урт хугацаанд зорилго тавь. Түүндээ хүрэхийн төлөө тэмүүл. Тэмц гэж хэлмээр байна. Хүн өөрт байгаа үнэт зүйлүүдээ олох маш чухал. Тухайлбал, би юу хийж чадах, юунд дуртай, юуны төлөө амьдарч байгаа гэдгээ тодорхой болгоно гэсэн үг.
Хоёр, бидний хандлагад нөлөөлж байгаа бас нэг зүйл нь цахим ертөнц гэдгийг дурдах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор бид бие биенээсээ орон зайн хувьд холдож, дахин давтагдашгүй амьд гэдгээ мэдрэх мэдрэмж багассан. Амьд гэдэг нь бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, бие биенийгээ харж ажиглаж, хэн нэгэнд талархаж, бие биенээсээ уучлалт гуйх зэрэг харилцаа биднээс холдсоор байна.
Гурав, Бид амьдралаас, бусдаас дотоод сэтгэлийн хувьд чин сэтгэлийн харилцааг л хүсч байна мөн хайж байна. Гэвч түүнийгээ олохгүй эрж хайсаар төөрч будилах зүйл зөндөө байна. Уг нь чин сэтгэл нь хүн болгоны дотор байгаа ч түүнийг бие биедээ гаргахгүй байгаа нь өнөөгийн нийгмийн дүр төрх болсон байна. Энэ нь аз жаргал, сайхан харилцааг үгүй хийж, устгаж байгаа бид анзаарах хэрэгтэй байнаа.
Сөрөг хандлага нь хором бүрт хор хөнөөлтэй
Сэтгэл зүйн сөрөг хандлага нь хүний эрүүл мэнд болоод дахин давтагдашгүй хором мөч бүрт хор хөнөөлтэй. Хүний амьдралын хором мөч бүхэн үнэ цэнэтэй гэдгийг мэдэж байгаа хэрнээ тухайн цаг үеэ сайхан байлгаж чадахгүй байгаа нь хамгийн харамсалтай. Хором бүрээ үнэ цэнэтэй, аз жаргалтай байлгахын тулд сэтгэл зүйн дотоод хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Сэтгэл зүйн дотоод хэрэгцээ гэдэг нь хайр, халамж, итгэл, сэтгэл, чин сэтгэлээсээ хандах хандлагууд юм. Үүнийг л бие биедээ өг.
Сөрөг хандлагаас гарахын тулд өөрт хамаарахгүй зүйлд дурлахгүй байх
Тэгэхээр сөрөг зүйлийг өөртөө бий болгохгүйн тулд өөрийн дотоод сэтгэл рүү харж, бүтээлч байхаас гадна холын зорилготой байж, түүнийхээ төлөө тэмүүлж, өөрт үл хамаарах зүйлийг бодож, анхаарахгүй байх хэрэгтэй. Хэрэггүй зүйлд татагдаж дурлаж, өөрт хэрэггүй зүйлийн төлөө өөрийгөө бухимдуулах ямар ч шаардлага байхгүй. Нийгмээс өөрт хэрэгтэй зүйлээ олж харж, өөрт хэрэгтэй зүйлээ ав.
Эерэг сэтгэл мэдрэмжээ хадгалахын тулд...
Бусдаас бага хамаар. Өөртөө урт удаан зорилго тавь. Зорилгынхоо төлөө тэмцэх хүчийг бид бусдаас л олж авна. Өөрөө бусдад бас өг. Бусадтай сэтгэл зүрх, мэдрэмжээ хуваалц гэж хэлмээр байна. Надад боломж байгаа гэдэг мэдрэмжээ өөрийн сэтгэл зүрхэн дотор хадгал. Хадгалсан зүйлээ бусадтай хуваалц. Хамгийн гол нь бусадтай хамтран ажиллах чадвартай байх хэрэгтэй. Манай нийгэмд багийн сэтгэл зүй дутмаг учраас бид маш олон боломжуудаа алдаж байна. Хувь хүний зорилго өөр ч гэсэн хамтаараа байж, илүү том зүйлийг хамтдаа бүтээж чадна.
Үнэт зүйлээ буруу тодорхойлсон үед шантардаг
Зорилгодоо хүрэхэд нийгмийн байдал, мөнгө санхүү зэргээс болж шантрах шаардлага ер нь бол бага. Бид хамтач байж чадвал шантрахгүй асуудал бүрийг даван туулж чадна. Мөн тухайн хийж байгаа зүйлээ зөв талаас нь харсан, мэдэрсэн хүн шантрахгүй байх магадлалтай. Зорилго нь маш үнэ цэнэтэй байж, таныг үргэлж сэдэлжүүлж байх нь чухал. Тухайн хүний зорилго өөрт нь хэр үнэ цэнэтэй, чухал байна. Төдий чинээ саад бэрхшээлийг давна. Үнэт зүйлээ буруу тодорхойлсон үед хүмүүс шантардаг.
Халуун дулаан уур амьсгал нь бүх зүйлийг сайхан болгодог
Хүн бүр бие биетэйгээ нээлттэй, халуун дулаан, чин сэтгэлээсээ харилцдаг байгаасай. Энэ халуун дулаан уур амьсгал нь бүх зүйлийг сайхан болгоно. Гэр бүл, найз нөхөд, хамт олныг илүү сайхан аз жаргалтай амьдрахад тусална. Завгүй гэдэг шалтгаанаар мэдрэмжгүй хүйтэн болсон энэ цаг үеэд бид бие биенийгээ чин сэттэлээсээ дэмжих нь чухал. Тиймээс өөрт байгаа сайхан мэдрэмжээ бусадтай хуваалцдаг байгаарай.