Дэлхийн аялал жуулчлалын салбарт учруулсан цар тахлын нөлөө
НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тооцоогоор 2019 онд дэлхийн улс орнууд нийт 1.5 тэрбум жуулчин хүлээн авч байжээ. Цар тахлын улмаас энэ тоо 2020 оны эхний хагас жилд 65 хувиар буурсан бөгөөд өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас хойш нэг жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын салбар “тэг зогсолт” хийгээд байна.
Дэлхийн даяар өнгөрөгч онд аялал жуучлалын салбар 910 тэрбумаас 1.2 их наяд ам.долларын алдагдалд орсон бөгөөд энэхүү алдагдлын хэмжээ нь 2020 оны дэлхийн нийт ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэх тоо юм.
Олон улсын валютын сангийн тооцоолсноор 320 сая гаруй шууд ажлын байрыг бий болгодог аялал жуулчлалын салбар нь цар тахлын өмнөх онд дэлхийн нийт эдийн засгийн 10 хувийг бүрдүүлж байв. ОУВС-гийн 2020 оны арванхоёрдугаар сард танилцуулсан “Impact of the Pandemic on Tourism” судалгааны тайланд дурдсанаар цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт 100-120 сая гаруй шууд ажлын байр үгүй болох эрсдэл нүүрлэжээ. Түүнчлэн аялал жуулчлалын салбарын орлого 2023 он хүртэл цар тахлын өмнөх 2019 оны түвшинд хүрч, сэргэж чадахгүй гэх тооцоог хийсэн байна. Бүс нутгийн хувьд Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар цар тахлын улмаас Монгол, Хятад, Казахстан болон Пакистан тэргүүтэй Төв Азийн 11 улсыг хамарсан эдийн засгийн хамтын ажиллагааны “CAREC” хөтөлбөрийн гишүүн орнуудын нийт зорчигч урсгалын тоо 2020 онд 80 хувиар буурчээ. Тухайлбал, 2019 онтой харьцуулахад агаарын аяллын тоо 40 саяар, газрын аялал 46 саяар буурснаар зөвхөн тээврийн салбар 7 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал
Манай улсын хувьд аялал жуулчлалын салбар нь эдийн засагт оруулах хувь нэмрээрээ уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын араас гуравт ордог чухал том салбар юм. Үндэсний статистикийн хорооны тоо баримтад дурдсанаар Монгол Улс 2019 онд 577 мянган гадаадын жуулчин хүлээн авсан нь түүхэн оргил амжилт болж байв. Азийн хөгжлийн банкны тооцоолсноор цар тахлын улмаас 2020 онд Монгол Улсад ирэх жуулчдын тоо 515 мянга, нийт зорчигчдын урсгал 1.1 сая, аялал жуулчлалын салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөө 1.1 тэрбум ам.доллараар тус тус буурсан байна. Улмаар Монголын аялал жуулчлалын салбарт 60 мянга гаруй ажлын байр үгүй болох эрсдэл үүссэн гэжээ.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан:
-Аялал жуулчлалын салбар цар тахлын өмнөх 2019 оны байдлаар Монгол Улсын ДНБ-ийн 7.2 хувийг дангаараа бүрдүүлж байсан. Тухайн онд аялал жуулчлалын салбарын нийт орлого 2.4 их наяд төгрөг байсны 800 тэрбум төгрөгийг дотоодын аялал жуулчлал бүрдүүлсэн бол, 1.6 их наяд төгрөгийг нь гадаадын жуулчдын Монгол Улсад оруулсан экспортын орлого бүрдүүлсэн. Харамсалтай нь, цар тахлын улмаас 2020 онд Монголын аялал жуулчлалын салбарын орлого 93 хувиар буурч, 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар албан ёсны бүртгэлтэй 570 тур оператор компани, 526 аялал жуулчлалын бааз, 520 зочид буудал үйл ажиллагаа явуулж байна. Манай аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг эдгээр 1600 гаруй ААН-үүд нь нийт 128 мянган ажлын байрыг бий болгодог. Үүний 88 мянган нь шууд ажлын байр байдаг бол үлдсэн 40 мянга нь гэрээт ажилчид байдаг юм.
Манай улс өнгөрөгч оны турш гадаадаас жуулчин хүлээн авч чадаагүй. Цар тахлын өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан аялал жуулчлал салбарын “тэг зогсолт” энэ жил ч үргэлжлэх магадлал өндөр байна. Монгол Улсын хувьд өнгөрөгч онд зөвхөн 5-10 сарын хороонд дотоодын аялал жуулчлал явагдсан бөгөөд энэ хугацаанд 100 орчим зочид буудал, 450 гаруй амралтын газрууд иргэдэд үйлчилжээ. Гэвч дотоодын аялал жуулчлал 2020 оны 6-9 сарын хооронд хамгийн өндөр идэвхжилтэй байсан бөгөөд энэ хугацаанд үйл ажиллагаа явуулсан дээрх ААН-үүд нь хангалттай ашиг олж чадаагүй. Санхүүгийн хувьд балансаа барьж, ажилчдаа цалижуулах хэмжээнд орлого олсон байна.
Үндсэндээ аялал жуулчлалын салбарт дан ганц санхүүгийн хүндрэл бэрхшээлүүдээс гадна, компаниудын хувьд 10-20 жил бэлтгэсэн мэргэшсэн хүний нөөцөө хадгалж үлдэх, цаашдын үйл ажиллагаагаа тогтвортой авч явахад шаардлагатай зээл, зээлийн барьцаа, бэлэн мөнгөний эргэлттэй холбоотой асуудлууд тулгарч байгаа юм. Түүнчлэн цар тахлын дараа жуулчдын урсгал сэргэх үед манай улс аялал жуулчлалын салбартаа ямар бодлого, менежмент хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаагаас болж ААН-үүд бизнесийн төлөвлөлт хийх боломжгүй байгаагийн зэрэгцээ, энэхүү тодорхойгүй байдал нь гадаад ертөнцөд ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.
Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөв: Сүүлийн 30 жилийн хугацаанд Монголд аялал жуулчлалыг бизнес талаас нь хөгжүүлээд, авч явж байгаа үндэсний томоохон компаниуд бий болсон. Үндсэндээ 1990 оноос хойш аялал жуулчлалын салбар төрийн нэгдсэн бодлогогүй явсаар ирсэн. Тиймээс тур оператор компаниуд зах зээлийн өрсөлдөөний зарчмаар өнөөдрийн түвшинд хүрцгээсэн.
Тухайлбал, 2000 оныг хүртэл зөвхөн гадны жуулчид Монголд ирэх нь л өөрөө маш чухал асуудал байлаа. Тухайн үед компаниуд аль болох шинэ зах зээлүүдэд гарч, жуулчдыг эх орондоо илүү ихээр татах, улмаар өөрсдийн үйл ажиллагаагаа тэлэх бодлого барьж ирсэн. Харин 2000 оноос хойш интернэт болон аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил бий болсноор жуулчдын ирэх-зорчих асуудал шийдэгдэж, компаниуд үйлчилгээ, чанар, стандартаараа өрсөлдөх шаардлагатай болж тэр нь ч манай аялал жуулчлалын зах зээл төрөлжих эхлэл болсон. Гэтэл цар тахлын улмаас аялал жуулчлалын компаниуд олон жилийн турш хийсэн гадаад дахь сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагаа, хүний нөөцөө алдах эрсдэлтэй тулгараад байна.
Манай аялал жуулчлалын салбар нь өөрөө улирлын шинж чанартай. Тиймээс компаниуд ч энэ онцлогтоо тохируулаад таван сарын эхээр санхүү, хүний нөөцийн бүх хүч чадлаа дайчилж идэвхтэй ажиллаад 10, 11 сараас үндсэндээ аяллууд нь дуусаад дараагийн маркетинг, гадаад түншүүдтэйгээ харилцах, ирэх жилийн аяллуудын захиалгаа баталгаажуулж, төлөвлөх, зах зээлээ өргөжүүлэх зэрэг ажлууддаа шилждэг. Өөрөөр хэлбэл аяллын улиралд хийсэн орлогоороо бүтэн жилийн үйл ажиллагааны урсгал зардал, санхүүжилтээ зохицуулаад явдаг.
Аялал жуулчлалын компаниуд өнгөрсөн онд тэг зогсолт хийж, байсан санхүүгийн нөөцөөрөө 2020 оныг давсан. Гэвч 2021 онд нөөц нь шавхагдсанаар компаниуд эхнээсээ цомхтгол хийж эхлээд байна. Түүгээр зогсохгүй ихэнх компаниуд түрээсийн байрнаасаа гарч, бизнесээ жижгэрүүлж эхэлсэн. Энэ нь эргээд сүүлийн 30 жилийн турш бий болгосон аялал жуулчлалын компаниудын үйл ажиллагаа, олон улсад өрсөлдөх чадварыг нь хумих сөрөг талтай.
Дээр нь аялал жуулчлалын компаниуд орон тооны цомхотгол хийснээр тухайн зах зээлээ сайн мэддэг, харилцагчидтайгаа олон жил харьцсан ажилчидгүй болж байгаа. Энэ нь АНУ, Итали, Япон гэх мэт зах зээлээс татдаг байсан жуулчдын тоог магадгүй хумих, эсвэл Монголыг гадаадад сурталчилж, таниулах зэрэг ажлуудад сөрөг үр дагавартай. Дээрээс нь аливаа улсад очсон нэг жуулчин тухайн улсынхаа найман хүний ажлын байрыг дэмжиж, орлого оруулж байдаг. Үндсэндээ аялал жуулчлалын компаниуд хүндрэлд орсноор манай улсад гадаадаас валют орж ирдэг нэг том нөөц, урсгал мань зогсчихсон байдалтай байна.
Цар тахлын улмаас гурван хөтөч тутмын нэг нь аялал жуулчлалын салбарыг орхижээ
Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат: Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг хоёр хувааж үздэг. Эхнийх нь үндсэн буюу аялал төлөвлөж, зардаг бүтэн цагийн ажилтай оффис менежерүүд байдаг бол нөгөө хэсэг нь гэрээт буюу яг фронтод жуулчидтай хамт явдаг аяллын хөтөч, жолооч, тогооч нар юм. Өнөөдөр энэ хүмүүсээс гадна тур оператор компаниудын ажил олгогчид хүртэл өөрсдөө санхүү болон сэтгэл санааны маш хүнд байдалд орсон.
Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар зогссоноор энэ салбарт ажилладаг хүмүүс бүтэн жилийн турш үндсэндээ ажилгүй байлаа. Мэдээж энэ хугацаанд хүмүүс санхүүгийн хувьд хүндрэл, бэрхшээлүүдтэй тулгарсан. Нэг хүний ард дунджаар 3-4 хүнтэй ам бүл байгаа. Тиймээс орлоготой байхын тулд эдгээр хүмүүс маань өөр бүтэн цагийн ажил хайх, цагийн ажил хийх, цоо шинэ карьер эхлүүлэх зэрэг тохиолдлууд цөөнгүй гарч байна. Гэвч цар тахлын улмаас нийт эдийн засаг маань өөрөө уналтад орж, бүх салбарт ажлын байрны хомстол үүссэн болохоор тэр бүр хүмүүсийн энэ хэрэгцээ, шаардлага хангагдаж чадахгүй байгаа.
Монгол Улс цар тахлын улмаас хилээ анх хааж байсан 2020 оны гуравдугаар сард манай Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооноос хийсэн судалгаагаар тур оператор компаниудад бүртгэлтэй 600 гаруй хөтөч байна гэсэн тоо гарсан. Судалгаанд хамрагдаагүй хүмүүсийг тооцвол энэ тоо 1000 гаруй гэж тооцсон. Харин 2021 оны нэгдүгээр сард хийсэн судалгаанд ердөө 200 хөтөч хамрагдсан. Энэ 200 хүний 30 хувь нь салбараа орхисон гэдэг тоо гарсан. Түүнчлэн 70-80 хувь нь цар тахлын үед санхүүгийн хүндрэл бэрхшээл хамгийн тулгамдсан асуудал болоод байна гэж хариулсан. Дараа нь хүмүүсээс “та одоогийн нөхцөл байдлаараа хэр удаан тэсэж чадах вэ” гэж асуухад 50 хувь нь 2021 оны хагас жил хүртэл тэсэж чадна гэж байгаа. Тэгээд “Та 2022 он хүртэл тэсэж чадах уу” гэхээр хандалт нь буураад явчихсан. Өөрөөр хэлбэл энэ онд жуулчид авч чадахгүй бол дээр дурдагдсан 30 хувь гэдэг тоо өсөөд явах эрсдэл байна.
Аяллын хөтөч гэдэг бол гадны жуулчны хувьд Монгол хүн гэж хэн бэ, Монгол ямар улс юм бэ гэдгийг олж харах тусгал толь юм. Өөрөөр хэлбэл зөвхөн нэг компанийг биш бүтэн улсаа төлөөлдөг өндөр хариуцлагатай ажил. Тиймээс дан ганц гадаад хэлний мэдлэгтэй байлаа гээд хөтөч болдоггүй. Хөтөч хүн харилцааны хувьд соёлтой боловсон, олон талын мэдлэгтэй, ур чадвартай, бүх талаараа мэргэжлийн байхыг шаарддаг. Ийм ур чадварууд олон жилийн туршлагаар бий болж, тогтмол сургалтын үр дүнд улам сайжирдаг. Өнөөдөр манай улсад 10 гаруй их, дээд сургууль аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил олгодог ч мэргэжлийн хөтөч бэлддэг хөтөлбөр байхгүй. Мэргэжлийн сургалтаар явагддаг. Мэдээж цар тахлын улмаас аялал жуулчлал зогссон учир энэ төрлийн нэгдсэн сургалтын ажлууд зохион байгуулагдаагүй. Тэр нь өөрөө аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн хомстолд нөлөөлөх шалтгаан болж байна. Гэхдээ бүх зүйлд сөрөг талаас хандах учиргүй. Ямар бүх зүйл сүйрчихсэн биш тодорхой хугацаанд манай салбар боловсон хүчнээ бэлдэх нөөц боломжтой.
Цар тахлын эсрэг төрөөс хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнүүд аялал жуулчлалын салбарын аж ахуй нэгжүүд болон ажилчдад хүрч чадаж байна уу?
Засгийн газраас эдийн засгийн чухал салбарууд болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн нэн чухал салбаруудын нэгт тооцож, энэ салбарын ААН-үүдийг дээрх зээлд хамруулж, дэмжлэг үзүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Гэвч ихэнх аялал жуулчлалын компаниуд үл хөдлөх хөрөнгөгүй, зээлийн барьцаа хөрөнгө багатай зэргээс шалтгаалж гурван хувийн зээлийн хүртэмжийг төдийлөн хүртэж чадахгүй байгаагаа аж.
Харин зээлийн шаардлага хангасан компаниудын хувьд гурван хувийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг нь аялал жуулчлалын салбарын хувьд арай оройтсон арга хэмжээ болж байна. Түүнчлэн цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг сэргээх төрийн бодлого, чиглэл нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байгаагаас шалтгаалж зээл авч, дараа дараагийн бизнесийн төлөвлөлтөө зоригтой хийхэд нь асуултын тэмдэг болж байгааг онцолж байв.
Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан ч аялал жуулчлалын компаниудад ийм бэрхшээл тулгарч байгааг хэлсэн юм. Түүнчлэн зээл авах асуудалд компаниуд өөрсдөө хойрго хандаж, хөнгөлөлттэй зээлийг хөөцөлдөхөөс илүүтэй, дам сургаар аялал жуучлалын салбарт хөнгөлөлттэй зээл олдохгүй байна гэх төөрөгдөл гарч байгааг хэлж байв.
Мөн тэрээр Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадаагүй компаниуд Дэлхийн банкны дэмжлэгээр хэрэгжих “Экспортыг дэмжих төсөл”-д материалаа бүрдүүлж, хамрагдах боломжтой гэдгийг хэллээ. Шаардлага хангаж, уг төсөлд хамрагдсанаар ААН-үүд жилд 50-100 мянган ам.долларын буцалтгүй дэмжлэг авах боломжтой аж.
Үүнээс гадна Засгийн газраас 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ААН-үүдийн ус, цахилгаан зэрэг урсгал зардлыг тэглэсэн, өнгөрсөн онд компаниудын НДШ төлөлтөд тодорхой хугацаанд хөнгөлөлт үзүүлсэн зэрэг шийдвэр нь санхүүгийн хувьд үйл ажиллагаа нь доголдсон хүнд үед тодорхой дэмжлэг болсон гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлсэн юм. Гэвч тэдэнд яг ажлын байр, тогтвортой үйл ажиллагаагаа хадгалж авч үлдэхэд чиглэсэн, аялал жуулчлалын салбарын бизнесийн онцлогт нь тусгайлсан дэмжлэг шаардлагатай байгаа аж. Тиймээс ч аялал жуулчлалын салбарын компаниуд яг мэргэшсэн, туршлагатай боловсон хүчнээ хадгалах чиглэлд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг шинэ Засгийн газарт илэрхийлж, тэр нь ч ажил хэрэг болох шатандаа үргэлжилж байгааг БОАЖЯ болон аялал жуулчлалын салбарыг төлөөлөгч байгууллагуудаас мэдээлсэн юм.
Аялал жуулчлалын салбарт цар тахлыг зөвхөн хямрал бус шинэ шатанд хөгжих эхлэл цэг гэж харах шаардлагатай байна
Гадаадын нэг жуулчин манай улсад дунджаар 9 хоногийн аялал хийж, 1643 ам.долларыг Монголын эдийн засагт оруулдаг гэх тоо бий. Үүнд олон улсын агаарын тээврийн зардал ороогүй байна. Харин дотоодын нэг аялагч дунджаар 5 хоногийн аялал хийхдээ 50-80 мянган төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг аж.
Цар тахлын үед манай иргэд дотооддоо аялах сонирхол эрс нэмэгдсэн. Харин цар тахлын дараа дэлхий дахинд аялал жуулчлалын тэсрэлт, супер цикл эхлэх хүлээлт бий болоод байгаа юм. Тэгвэл бид цар тахлын дараах аялал жуулчлалын тэсрэлтэд бэлэн байна уу.
Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо ТББ-ын хувьд Гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөв: Хэдий цар тахлын улмаас Монголын аялал жуулчлалын салбар бүхэлдээ хямралтай нүүр тулж байгаа ч сайн талаараа энэ нь бидэнд асуудлуудаа цэгцэлж, аялал жуулчлалын дараагийн шинэ үед орох маш том боломж, эхлэл цэг болж байна. Ковидын дараах аялал жуулчлал нэг хэсэгтээ аюулгүй байдлыг барих нь тодорхой. Тиймээс тур оператор компаниуд шинэчилсэн зохион байгуулалтад орох шаардлага гарч байна.
Монгол Улсын хувьд бид өмнө нь жуулчдаа хүссэн газар руу гаа авч яваад, үзэж харуулдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдсэнээр хяналтгүй аялал жуулчлал нэлээд газар авсан. Өөрөөр хэлбэл гадаадын жуулчдад үзүүлдэг Хөвсгөл далай, Ёлын ам зэрэг газруудад маань байгаль экологи болон менежментийн хүндрэлтэй асуудлууд үүссэн. Дээрээс нь цар тахлын дараах аялал жуулчлалын циклд бид ямар зах зээлүүдэд чиглэх вэ. Шинэ нөхцөл байдалд манай улс аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн дэлхийд сурталчлах вэ гэдэг дээрээ бид дотоод зохион байгуулалтуудаа хийх шаардлага үүссэн байгаа.
Харин цар тахалтай, жуулчингүй үед бидэнд зорих аялал жуулчлалын газруудынхаа менежментийг сайжруулах давуу тал байна. Жишээ нь, Исланд, Шинэ Зеланд зэрэг ДНБ-ийнхээ томоохон хэсгийг аялал жуулчлалаасаа бүрдүүлдэг орнууд цар тахлын үед жуулчдын хамгийн их очдог газруудаа бүр мөсөн хаагаад, дандаа сайжруулалтын ажлууд хийж байгаа. Өөрөөр хэлбэл эргээд жуулчдын ам нээгдэх үед бид Горхи тэрэлж, Ёлын ам зэрэг газрууддаа жуулчин авахад бэлэн байлгах шинэчилсэн бүтэц, зохион байгуулалт хийх хэрэгтэй ч манайд одоогоор энэ тал дээр тодорхой ажлууд хийгдээгүй орхигдоод байна.
Израиль улс өнөөдөр вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлж явна. Тэгээд иргэддээ дархлаажуулалтын гэрчилгээ олгоод гадуур амны хаалтгүй явж болно гэдэг зохицуулалтаа гаргаж байна. Тэгвэл бид яг ийм зах зээлүүдэд шууд чиглэсэн манай Монгол Улс ийм бодлогын хүрээнд, ийм зохицуулалттайгаар жуулчин хүлээн авах гэж байна. Ирсэн жуулчдыг ямар процессын дагуу хүлээж аваад, хаагуур, яаж чөлөөтэй аялуулах юм. Хэрэв ямар нэг асуудал гарсан тохиолдолд тодорхой арга хэмжээнүүдийг ингэж авна гэх байдлаар аюулгүй аяллыг санал болгох байдлаар түрүүлж хөдлөх нь боломж гэж харагдаж байгаа. Тэгэхгүй бол бид цар тахлын дараах аялал нээгдэх үед хуучин ямар байсан яг тэр хэвээрээ л эхлэх гээд байна. Компаниуд ч харилцдаг гадны байгууллагуудтайгаа “Болно. Жоохон л хүлээчих...” гэдэг байдлаар харьцаж байгаа.
Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат: Аялал жуулчлалын хүний нөөц хумигдсан ч цар тахлын дараа манай улс юу юугүй 2019 оны оргил үетэй ижил хэмжээний олон жуулчин хүлээн авна гэж харахгүй байна. Хэдий тавдугаар сарын 1-нээс агаарын хилээ нээнэ, долдугаар сараас хоёр тун вакцинд хамрагдсан гадаадын жуулчдыг хүлээж авна гэж ярьж байна. Гэвч яг энэ цаг мөчид манай улс жуулчид хүлээн авахад бэлэн бус байна гэж хэлнэ. Хэдий аялал жуулчлалын салбарын ААН-үүд, тэдний ажилчид бэлэн байж болох ч дэлхий дахинд мөрдөгдөж байгаа ковидын үеийн болон ковидын дараах аялал жуулчлалын дүрэм журмуудыг энд хэрхэн биелүүлэх вэ гэдгээ бид одоохондоо хийж амжаагүй л байна.
Үүний сөрөг үр дагавар бол жишээ нь миний хувьд 80 гаруй улсад аялал явуулдаг АНУ-ын том корпорацад харьяалагдаж, Монгол дахь ахалдаг. Манай компани энэ жил монгол руу жуулчид аялуулна гэж ярьж байсан ч Монголын талаас ямар ч тодорхой мэдээлэл өгөхгүй байна гэх шалтгаанаар өчигдөрхөн төлөвлөсөн аяллууддаа цуцаллаа. Өөрөөр хэлбэл тавдугаар сарын 1-нээс жуулчид хүлээж авлаа гэхэд наад зах нь олон улсад “Bubble Zone” гэж нэрлэгдэж байгаа аюулгүй бүс нь ч тодорхойгүй байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Бүтэн жил тэсэж, одоо л аяллуудаа авах нь дээ гэж төлөвлөж байсан бидний хувьд энэ бол маш харамсалтай зүйл. Дахиад нэг жил хүлээнэ гэдэг бол сэтгэл санааны хувьд ч маш муу мэдээ. Нэг жил хүлээж болох ч хоёр жил хүлээнэ гэдэг бол нэлээд том сорилт.
Яах вэ, манай холбооны зүгээс хөтөч, тайлбарлагч нар маань ирсэн гадаадын жуулчдад халдвар хамгааллын дэглэм сахиулах байдлаар хэрхэн үйлчлэх вэ, аюулгүй байдлыг нь хэрхэн хангах вэ гэдэг олон улсын зааварчилгаа, зөвлөгөөг аваад, орчуулж бэлдээд сургалтуудаа онлайнаар хийхээр зориод явж байна. Гэхдээ үүнийг илүү өргөн цар хүрээтэй, олон хүнд хүртээмжтэй байдлаар хийхийн тулд төр болон салбарын яамны бодлогын тусламж хэрэгтэй байгаа. Мэдээж энэ асуудлууд шийдэгдэнэ. Тэгээд дараа нь Улаанбаатарт жуулчид газардлаа, бусад газар руу явахад яах вэ гэдэг бас тодорхойгүй байна. Эрүүл ахуйн шаардлага талаасаа адаглаад ариун цэврийн өрөө, хүлээж авах журам нь ямар вэ гээд олон зүйлс байна.