Баянгол дүүргийн I, II, III, IV хорооны иргэд өнөөдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд мөн харьяа газар хэлтсийн дарга нартай цахимаар “уулзаж”, амьдарч буй хороондоо ямар асуудал тулгарч буй талаар санал хүсэлтээ илэрхийлэхийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай холбогдох харьяа газар хэлтсийн мэргэжилтнүүдээс тайлбар авлаа.
Тодруулбал, Баянгол дүүргийн удирдлагууд дүүргийн 25 хорооны иргэдийн дуу хоолойг сонсох, хороо, дүүрэгт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хороодын нэг жилийн богино хугацааны болон дөрвөн жилийн дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг танилцуулах ажлын хүрээнд “Цахим уулзалт”-ыг зохион байгуулахаар болсон. Тэгвэл энэхүү ажлын эхлэл болгож өнөөдөр I, II, III, IV хорооны иргэд дүүргийнхээ удирдлагуудтай цахимаар “уулзсан” бөгөөд Иргэдэд үйлчлэх төвийн 1800-1222 утас болон шууд дамжуулалтын үеэр давхардсан тоогоор 1800 гаруй иргэнээс санал хүсэлт ирлээ.
Иргэдтэйгээ хамтдаа хэлэлцсэнээр ирэх дөрвөн жилийн хөгжлийн цогц баримт бичиг боловсруулна
Уулзалтын эхэнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар үг хэлсэн.
Тэрбээр “Өмнө нь бид иргэдтэйгээ танхимд нүүр тулаад уулздаг байсан бол энэ удаад нэлээд онцлог, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж “цахим”-аар уулзаж байна. Энэ уулзалтын зорилго нь өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дараа дүүргийн Засаг дарга болон хороон Засаг дарга нар шинээр томилогдоод өнөөдөр яг зургаан сар болж байна. Өнгөрсөн хугацаанд бид ажлаа аваад дүүрэг, хороодоор явж, иргэдэд тулгарч буй бодит асуудалтай танилцсан. Ингээд дүүрэг, хороогоо хөгжүүлэхийн тулд нэгдсэн нэг төлөвлөгөөтэй, нэгдсэн нэг бодлогын баримт бичигтэй байх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тухайлбал, дүүрэгт, хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар ажил хийх вэ, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ямар ажил хийх вэ гэдгийг НЭГ болгох. Мөн хороон дарга нарыг иргэдтэйгээ ойр байж хороогоо, дүүргээ хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨ боловсруул гэсэн үүргийг өгсөн. Энэ дагуу манай 25 хорооны Засаг дарга хороондоо ямар ажил хийх, хэрхэн хөгжүүлэх талаар ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨ боловсруулсан байгаа. Хороон дарга нар иргэдээсээ гарсан санал санаачилгын хүрээнд боловруулсан хөгжлийн төлөвлөгөөгөө одоо танилцуулна. Та бид түүнийг нь хамтдаа сонсож, хэлэлцэнэ. Ингээд холбогдох мэргэжилтнүүдийнхээ саналыг тусгаад Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцээд эцэслэн батлуулна. Ингэснээр энэ жил болон ирэх дөрвөн жилд манай хороодод хийх үндсэн ажлууд нэгдсэн нэг бодлоготой, төлөвлөгөөтэй цогц баримт бичиг болж гарах юм. Мөн энэ цахим уулзалт шууд иргэдэд хүрч байгаа учраас та бүхний ирүүлсэн асуултад дүүргийн ЗДТГ-ын бүх удирдлага, холбогдох харьяа хэлтсийн мэргэжилтнүүд хариулна. Иргэд та бүхний хэлж буй санал санаачилга, шүүмжлэлийг манай ЗДТГ-ын бүх удирдлага болон харьяа газар хэлтсийн дарга нар холбогдох мэргэжилтнүүд энэ цаг мөчид бүгд сонсож байгаа. Ингэснээрээ манай дүүргийн аль хороонд ямар асуудал иргэдэд тулгарч байгаа, аль хороо нь хөгжлийн ямар бодлого барьж хөгжих талаар бид бүгд хамтдаа нэгдсэн нэг ойлголттой болох юм” хэмээгээд уулзалтад оролцож буй иргэддээ амжилт хүссэн юм.
Дараа нь хороон Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ онцлог болоод 2021 онд хийх ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, дүүрэг, нийслэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар томоохон ажлууд хийхээр төлөвлөсөн талаар богино, дунд хугацааны стратег төлөвлөгөөгөө танилцуулсан.
Иргэд байшингийн дулаалга, тоглоомын талбай, дээвэр засварын ажлыг түргэвчлэхийг хүсэв
Үүний дараа Цахим уулзалтад оролцсон Баянгол дүүргийн I, II, III, IV хорооны иргэд өөрсдийн амьдарч буй хорооддоо хамгийн их тулгамдаж буй асуудлыг хөндөж, холбогдох газар хэлтсийн дарга нараас тайлбар авлаа. Уулзалтад оролцогч иргэдийн хувьд хамгийн их хөндсөн асуудал нь өөрсдийн амьдарч буй орон сууцны гадна дулаалгын ажлыг яаралтай эхлүүлэх, дээвэр засварын ажлыг түргэвчлэх мөн байрны гадна хүүхэд, хөгшид амрах талбай байхгүй, шинээр баригдсан “Алтай хохон” болон “Нарны хороолол”-д хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмж тааруу, нийтийн эзэмшлийн зам талбайг автомашины зогсоол болгосныг цэгцэлж өгнө үү гэж байв. Мөн зарим иргэн СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүй, оршин суугчдынхаа эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангаж чаддаггүй, цахилгаан шат нь стандартын шаардлага хангахгүй унах дөхсөн, шатны бариул нь эвдэрч унасан гээд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин хумигдсаар байна гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн өнөөдрийн цахим уулзалтад СӨХ-ын дарга нараас гадна сургуулийн захирлууд оролцсон. Тухайлбал, Нийслэлийн 51 дүгээр сургуулийн захирал Ю.Энхтуул “Хувийн компани сургуулийн газрын булааж авахаар шүүхэд хандсан. Төрийн өмчийн газрыг хувийн компаниуд булаацалдаж шүүхддэг асуудлыг цэгцэлмээр байна” гэсэн бол СӨХ-ны ажилтнууд дүүргийн тохижилтын ажлыг хийхдээ СӨХ-оос санал авч, хамтарч хийвэл дүүргийн цаашлаад хотын өнгө үзэмжид сайнаар нөлөөлнө гэдгийг онцолж байлаа.
“Нарны хороолол”-ын хашааг буулгах шаардлага байхгүй гэж үзэж байна
Цахим уулзалтын үеэр БГД-ийн III хороо буюу Нарны хорооллын иргэд нэг асуудлыг хөндөж байсан нь дүүргийн Иргэдийн хурлын зарим төлөөлөгч тус хорооллын дундын өмчлөлийн хашааг нураахаас гадна автомашины автомат хашлагыг буулгана гэснийг эсэргүүцэж буйгаа хэлсэн. Энэ асуултад дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “III хорооны онцлогтой холбоотой ямар хөрөнгө оруулалтын ажил хийх төлөвлөгөө болон хийх гол ажлыг танилцууллаа. “Нарны хороолол”, “Есөн эрдэнэ” хотхонтой холбоотой асуудлууд их ирж байна. Бид газар дээр нь очсон. Газрын албаны дарга та бүхэнд Нийслэлийн газрын албанаас ямар байр суурь баримталж байгаа талаар сая танилцуулсан. Бидний хувьд тэр хашааг буулгах хэрэгцээ шаардлага байхгүй гэж үзэж байна. Цаашдаа дүүргийн удирдлагууд аль болох иргэдтэйгээ нүүр тулж уулзах, санал хүсэлтийг нь сонсох болно. Манай 25 хорооны асуудал бол дүүргийн асуудал” гэсэн юм.
Баянгол дүүргийн Засаг дарга болон дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд, холбогдох газар хэлтсийн дарга нарын хороодын иргэдтэй хийх уулзалт ирэх долоо хоногт үргэлжлэх бөгөөд үлдсэн 21 хорооны иргэдтэй уулзах "Цахим уулзалт"-ын хуваарийг танилцуулах болно.