“H&S Mongolia” брэнд сайн чанарын Монголдоо боловсруулсан үхрийн арьсан цүнхийг 35-70 мянга, сайжруулсан арьсан дотортой цүнхийг 15-30 мянган төгрөгөөр худалдаалдаг. Зах зээлийн үнээс хэд дахин хямд үнээр арьсан цүнх худалдаалдаг энэхүү брэндийг ээж, охин хоёр хамтран бүтээсэн юм.
Тус брэндийг үүсгэн байгуулагч Б.Батцэцэг ажлынхаа хажуугаар үйлдвэрлэлээ явуулдаг учир түүний ажлын цаг дууссаны дараа үйлдвэрийн газарт очлоо. “H&S Mongolia” брэндийн цүнх хэрхэн бүтдэг болохыг сурвалжлахаар ТБД андуудын ойролцоох байрны B1 давхарт байрлах цехэд оров. Биднийг ороход ахимаг насны эмэгтэйчүүд нүдний шилээ зүүгээд, цүнхээ нямбайлан оёсоор сууж байлаа.
Б.Батцэцэгийн ээж Л.Нордов гуай 58 настай олон жил оёдолчин хийсэн бөгөөд санамсаргүй байдлаар Б.Батцэцэг зургийн цомгоос Чехэд байхдаа цүнх оёж байгаа зургийг харсанаар бизнесийн санаа авч, 2014 оноос өрхөөр арьсан түрүүвч хийж эхэлжээ. Одоогоор цехэд Л.Нордов гуайн төрсөн дүү нар ажилладаг. Тэд эхээс наймуулаа бөгөөд бүгд эмэгтэй. Тэдний эмээ, ээж нь ч оёдолчин хүмүүс байжээ. Эцэг, эхээсээ өвлөсөн оёох арга ухаан, чадвараараа иргэдийн хамгийн их хүсдэг чанартай бөгөөд хямд бүтээгдэхүүн хийж худалдаж байгаа нь энэ юм.
Монгол брэндийг Монголдоо хямд худалдаалах зорилготой “H&S Mongolia” брэнд бүтээгчид
“H&S Mongolia” брэндийн үүсгэн байгуулагч Б.Батцэцэг цалингаас гадна нэмэлт орлоготой болохоор 2014 онд амралтын мөнгөөрөө нэг оёдлын машин авч түрүүвч оёж эхэлжээ. Тэд жил хагасын хугацаанд гэртээ арьсан түрүүвч оёж, онлайнаар захиалга авч, хүргэж өгдөг байсан байна. Б.Батцэцэг үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр хадам ааваараа тэтгэврийн зээл авахуулан арьсан цүнх үйлдвэрлэх гарааны бизнесээ эхлүүлжээ. Тэрээр өөрөө цүнхнийхээ загварыг гаргадаг бөгөөд минималист хэв маягаар хийдэг аж. Мөн тэдний нэг онцлог нь цүнх болгондоо түрүүвч өгдөг. Харин хичээл сургууль эхлэхээр түрүүвчээ пиналь болгон өөрчилдөг гэнэ. Худалдан авагчид ч тэдний түрүүвч өгдгийг мэддэг болохоор цүнхээ авчихаад “түрүүвчээ авъя” гэдэг гэнэ. Мөн засвар, үйлчилгээгээ өөрсдөө хийж өгдөг давуу талтай аж. Мөн тэдний цүнхнүүд зах зээлийн үнээс хэд дахин хямд байдаг учир бусад цүнх үйлдвэрлэдэг компаниуд үнэ буулгалаа гэж буруутгадаг гэсэн юм. Ер нь бусад үйлдвэрлэгчид гадаад руу бүтээгдэхүүнээ гаргаж худалдаалах сонирхолтой байдаг учраас өндөр үнээр борлуулдаг аж. Харин “H&S Mongolia” брэнд бүтээгчид чанартай материалаар монгол брэндийг зөвхөн монголчууддаа түгээх чин зорилготой учир өндөр үнээр худалдаалдаггүй юм байна. Таван жилийн өмнө л 25 мянган төгрөгөөр зардаг байсан цүнх одоо ч энэ үнээрээ худалдаалагдаж байгаа аж.
Нэг цүнхийг 40 минутад оёдог
Цүнх хэлбэрийн хувьд бөөрөнхий, дөрвөлжин гэж ангилах бөгөөд нийт 20 төрлийн загвартай цүнх бий. Харин материалын хувьд цэвэр арьсан, арьсан дотортой гэсэн хоёр төрлөөр хийдэг. Цэвэр арьсан цүнхийг үхрийн арьсаар хийдэг бол арьсан дотортой гэдэг нь энгийн лидринин материалаас зузаан бөгөөд эдэлгээ даах сайн чанартай юм. Тиймээс ижилхэн загвартай ч хоёр үнийн сонголттой цүнхийг худалдаалдаг аж. Мөн цүнх хийх материалыг 2-3 газраас авдаг учир өнгөний сонголт хурдан дуусах тохиолдол цөөнгүй. Тиймээс мөнгөтэй байх үедээ материалаа нөөцөлж авахыг хичээдэг гэнэ.
Б.Батцэцэг ажлаа тараад орой 20.00 цаг хүртэл цүнхний эсгүүрийг гаргаж, оёход бэлэн болгож бэлтгэлийн ажлуудыг хийдэг аж. Харин оёдлын цех болон дэлгүүрт Л.Нордов гуайн дүү нар тус тусынхаа үүргийг гүйцэтгэн ажилладаг. Цүнхний борлуулалтаа "Гурван билэг" дэлгүүрт лангуунаас үйлдвэрийн үнээр борлуулдаг байна.
Б.Батцэцэг: Үйлдвэрлэлээс олсон ашгаа хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулдаг
Ингээд бид “H&S Mongolia” брэндийн үүсэг байгуулагч Б.Батцэцэгтэй ажлаа хийх зуур цөөн хором ярилцсан юм.
-Та брэндийнхээ нэрний учрыг тайлбарлана уу?
-Би хоёр охинтой. Охидынхоо нэрний эхний үсгийг Монгол тодотголоо оруулан нэрлэсэн юм.
-Худалдан авагчдаас ямар санал хүсэлт хэлдэг бэ?
-Загвараа сайжруулах санал ирдэг. Гэвч шинэ загвар гаргахад цехийнхээ тоноглолыг өөрчлөх хэрэгтэй болно. Мөн үнэ нэмэгдэх учраас төдийлөн өөрчилдөггүй юм. Харин зарим хүн бүтээгдэхүүнийг чинь аваад заръя гэж холбогддог. Дэлгүүрт зарж буй үнээрээ өгөхөөр ямар үнэтэй зарагддагийг мэддэг учраас худалдаж авахгүй байна. Тиймээс 30-40 хувь хямдруулахыг санал болгодог. Гэвч энэ нь бидэнд ашиггүй болох учраас өөрсдөө л худалдаалдаг.
-Хороо, дүүргээс ямар нэгэн туслалцаа дэмжлэг үзүүлдэг үү?
-Хорооноос биднийг өрхийн үйлдвэрлл хийдэг гэдгийг мэддэг ч ямар нэгэн туслалцаа үзүүлдэггүй. Ер нь гэр хороололд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй хүмүүст л туслалцаа их өгдөг юм шиг санагддаг.
-Та нэмэлт орлоготой болох зорилгоор үйлдвэр байгуулсан гэсэн. Зорилгодоо хүрч чадаж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Хэдий манай бүтээгдэхүүний гарц удаан, олон газар борлуулдаггүй ч таван ажилтны сарын цалинг олж, өөрийнхөө зорилгын дагуу нэмэлт орлогоо олж чадаж байгаа. Манай нөхөр төрийн албан хаагч. Бид хоёр цалингийн зээл авч, найман хувийн лизингээр байртай болсон. Тиймээс цалингаараа зээлээ төлж, нэмэлт орлогоо охидуудынхаа мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд анхаардаг.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Биднийг ярилцах зуур ажлаа хийж дууссан ахмадууд гэртээ харихаар явлаа. Харин Б.Батцэцэг эсгэсэн материал дээрээ цахилгаанаа наасаар үлдсэн юм. Тэтгэвэртэй гарсан ч хөдөлмөрлөсөөр байгаа Л.Нордов болон түүний дүү нар, өглөөний 09.00-18.00 цаг хүртэл ажиллачихаад хүүхдүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулалт хийхээр зүтгэж буй Б.Батцэцэг нарын хамтран бүтээж буй “H&S Mongolia” брэндийн эгэл нэг өдрийн сурвалжлага ийнхүү өндөрлөлөө.