Open iToim app
Шүүх | 1 мин уншина

Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
Нийтэлсэн 2020 оны 4 сарын 6
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр  /2020.04.06/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болох байсан боловч тодорхойгүй шалтгаанаар дахин хойшиллоо. Өмнө нь гуравдугаар сарын 17-нд товлосон шүүх хурал дөрөвдүгээр сарын 6 болж хойшилсон байдаг. 
Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2020-04-22-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад олгосон хэрэгт буруутгагдаад байгаа юм. 
Тэрээр өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүнээ чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн. Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Батзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улстөрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх бизээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь УУЧЛААРАЙ" гэжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн