АНУ-ын эрдэмтэд дотоод цаг буюу ургамал, амьтан хүний бие биологийн цаг буюу өдөр, шөнийн тэнцвэрийг удирддаг эсийн төвшний механизмын судалгаагаараа анагаах ухааны салбарт Нобелийн шагналыг 2017 онд хүртсэн билээ. Тэдний судалгаа нь орчин үед хүмүүсийн нойр хэрхэн хувьссан, ээлжийн ажил бидний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг болон гадаад оронд очоод ирэхэд "цагийн зөрүү" гэж нэрлэдэг нойрны эмгэг яагаад тохиодог зэрэг олон асуултын хариуг олжээ.
Эрдэмтэд биологийн хэмнэлийг хянадаг ген байдгийг тогтоожээ. Энэ ген нь шөнийн туршид эсэд хуримтлагдсан уургийг кодлож, харин өдрийн цагаар эрчимтэй ажиллаж байгааг нээжээ. Дараа нь эдгээр уургийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлж, эс дотроо өөрөө бие дааж ажиллах цаг хугацааг зохицуулж байдаг механизмтай байдгийг нотолсон байна. Биологийн цаг нь бусад олон эст организмын эсүүд, түүний дотор хүний биед ижил зарчмаар ажилладаг гэдгийг тэдний судалгаагаар олж мэдсэн юм. Ингэснээр биологийн цаг нь бидний физиологийг өдөр бүр эрс ялгаатай үеүдэд дасан зохицоход тусладаг гэдгийг нотлох боломжтой болсон юм. Мөн биологийн цаг нь дан ганц өдрийн цагаар сэрүүн, оройн цагаар унтах зохицуулалтыг хийхээс гадна хүмүүсийн зан төлөв, дааврын төвшин, нойр, биеийн температур, бодисын солилцоо зэрэг чухал үүргүүдийг зохицуулахад тусалдаг байна. Гадаад болон дотоод биологийн цаг зөрчилдвөл янз бүрийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг зэргийг батлахад тэдний судалгаа тус болсон байна. Тухайлбал, амьдралын хэв маяг нь тэнцвэргүй болж, биологийн цаг нь байнга алдагдсанаар чихрийн шижин, хорт хавдар, булчингийн эмгэг, алцхаймер зэрэг өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Доорхи инфографикаас хүний биологийн цагийн хэмнэлийг сонирхоно уу.