Оксфордын их сургуулийн төрийн удирдлагын магистр, эдийн засагч М.Чимэддоржтой Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар цөөн хором ярилцлаа.
-Үндсэн хуулийг өөрчлөх тухай асуудал яригдаж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ. Манайд зайлшгүй Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага байгаа юм уу?
-Үндсэн хуулийг өөрчилнө хэмээн ярьж байгаа хүмүүс өөрсдийгөө популист гэж андуураад байна. Тэд бол популист биш, хөрөнгөөр засаглахыг оролдогчид, эрх мэдлийг авахыг эрмэлзэгчид юм. Үүнийг Монгол Улсад хэрэгжиж байгаа халамжийн хөтөлбөрүүдээс харж болно. Ноосны мөнгө, хүүхдийн, оюутны мөнгө гэх мэт төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь сонгогчдын саналыг хөрөнгөөр худалдаж авах гэж буй оролдлого юм. Нөгөө хэсэг нь хулгайгаар засаглагчид. Энэ нь төрийн нэрийг барьж ард түмний хөрөнгийг хулгай хийж байгааг хэлнэ. Тухайлбал, ЖДҮХС, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг нь хулгайгаар засаглагчдын байгуулсан тогтолцоо юм. Эдгээр сангуудаас бусад орнуудад байдаг сангууд нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн сан л байгаа. Бусад нь төрийн нэрийг барьж, татвар төлөгчдийн мөнгийг хулгай хийж, түүгээрээ төрийн эрх мэдлийг худалдаж авдаг хүмүүсийн байгуулсан тогтолцоо юм. Үүнийг эзэмшигчид Монголын төрийг барьж байна. Эдгээр хүмүүс эрх мэдэлдээ ханаагүй учраас Үндсэн хуулийг өөрчилнө гэж байгаа юм.
Гэтэл Үндсэн хууль бол нийгмийн гэрээ. Эрх чөлөөтэй Монголын ард түмэн бүгд саналаа нэгтгэж гаргасан хууль юм. 1992 онд батлагдсан Үндсэн хууль нь иргэнээс томгүй төрийг байгуулна гэж гаргасан. Бусад улсын улстөрчид Үндсэн хуулиа өөрөөсөө өндөрт байгаа зүйл гэж үзээд гар хүрдэггүй. Тэр болгон өөрчилнө гэж дуугарч чаддаггүй. Учир нь тухайн улсын иргэд хамтдаа байгуулсан гэрээ. Тэгэхээр дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон улстөрч Үндсэн хуулийг өөрчилнө гэх нь зүйд нийцэхгүй. Мөн Монгол Улсын төрийн сүлд, Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөсөн төрийн өндөр албан тушаалтай хүмүүс ийм санаачилгэ гаргах нь бүр буруу. Бусад улс орнуудад ч ийм зүйл байдаггүй. Тухайлбал, АНУ-ын Үндсэн хууль 200 гаруй жил өөрчлөгдөөгүй. Бусад улс орнуудын Үндсэн хууль өөрчлөгддөггүй. Яагаад гэвэл улстөрчид нь Үндсэн хуулиа өөрчлөхөөс бэрхшээдэг юм. Гэтэл манайд улстөрчид гэх хүмүүс бараг байхгүй хэрнээ эд хөрөнгөөр засаглахыг оролдогч, хулгайгаар засаглахыг оролдогчид Үндсэн хуулийг өөрчилнө гэх нь буруу. Ардчилсан тогтолцоо хөгжсөн улс орнуудад улстөрчдөд хууль дээдлэх хамгийн анхны хичээл нь хуулийн цоорхойг хайхгүй байх явдал байдаг. Хуулиас нүх сүв байвал түүнийг хувийнхаа ашиг сонирхолд ашиглахгүй байх нь улстөрчийн ёс зүйн эхний үүрэг нь байдаг. Алдаагүй хууль гэж байдаггүй. Үүнийг нөхөх ёстой хүмүүс нь улстөрчид юм. Гэтэл манай улс төрд байгаа хүмүүс хуулийн цоорхой эрж хайж байна. Хуулийн цоорхойг ашиглаж хулгайгаар засаглахыг оролдож байгаа юм. Ийм хүмүүс Үндсэн хуулийг дахин өөрчлөх ёстой гэвэл бид үгүй гэж хэлэх ёстой.
Үнэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэвэл нийгмийн бүх талуудын хамтын зөвшилцлийн үндсэн дээр Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой юм. Харин дөрвөн жилийн хугацаатай хууль батална гэж гарч ирсэн хүмүүс Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг учир дутагдалтай.
-Парламентын засаглал, ерөнхийлөгчийн засаглал нь ямар онцлогтой юм. Үүний аль манай улсад тохирно гэж харж байгаа вэ?
-Парламентын засаглал, ерөнхийлөгчийн засаглалыг харьцуулахдаа хэд хэдэн зүйлийг харгалзан үзэх ёстой. Тухайн улс нь холбооны улс уу, эсвэл нэгдмэл улс гэдгийг харна. Хэрвээ нэгдмэл улс бол холбооны улсаас юугаараа ялгаатай вэ. Хэдэн параламентын танхимтай улс вэ. Нийгмийн бүлгүүдийн хооронд дахь эв нэгдэл ямар байгаа зэргийг харгалзаж байж засаглалынхаа хэлбэрийг сонгох ёстой. Эдгээр зүйлийг 1992 онд батлагдсан Үндсэн хуульд тооцож үзсэн. Тэгэхээр парламентыг дэмжиж, өөгшүүлдэг тодорхой санхүүжилттэй хүмүүс байна гэсэн үг. Монгол Улсын хууль хүчний байгууллага хүчирхэг, ард түмний төлөө ажиллаж байгаа бол парламентыг өөгшүүлж байгаа хүмүүсийг шалгах болоогүй юм уу. Яагаад бидний хамтдаа баталсан гэрээ өөрчлөх гээд байгаа юм. Үндсэн хуулийн суурь зарчмыг яагаад өөрчлөх гээд улайраад байгаа юм гэдгийг эхлээд шалгамаар байна.
Харин миний хувьд Монгол Улсад парламентын засаглал тохирно гэж харж байгаа. Учир нь аюулгүй байдал талаас парламентын засаглалтай байх нь зөв. Парламентын засаглалтай байх нь гадаад улс орнуудын дарамт шахалтыг зөөллөдөг. Парламентын засаглал одоо л Монголд төлөвшиж байна. Хэдийгээр авлига, хээл хахууль зэрэг янз бүрийн алдаа дутагдал байгаа ч парламентын засаглал нь харьцангуй төлөвшил сайтай байна. Учир нь хүнийг цусыг урсгахгүйгээр долоон удаагийн парламентын сонгууль болоод явж байна.
Манай улс сонгодог парламентын засаглалыг бэхжүүлж чадвал Монгол Улс хөгжил цэцэглэлтийнхээ замд орно.
-Монголын Засгийн газар ойр ойрхон огцорч, тогтворгүй байна. Үүнийг юу гэж харж байна. Энэ нь ирээдүйд ямар эрсдэлийг дагуулах вэ?
-Улс төрийн тогтворгүй байдлаас Засгийн газар олон удаа огцорч байгаа нь хоёр шалтгаантай холбогдоно. Эхнийх нь парламентын засаглалыг бүрмөсөн нэг талд нь гаргаж өгөөгүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд нь ямар ч эрх мэдэлгүй Засгийн газрын гишүүдээс сайд нарыг томилж байгаатай холбоотой. Нөгөө нь авлига, хээл хахууль хэрээс хэтэрч, төрийг өмчилж авсан хүмүүс төрөөр дамжуулж мөнгө хийдэг тогтолцоо бий болсноос өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Үүнийг шийдвэрлэхийн тулд юуны өмнө ЖДҮХС-тай холбоотой асуудлыг гаргаж ирээд хэлэлцэх ёстой. Уг асуудал өнөөдрийг хүртэл бугшиж байсан. Үүнийг ил гаргаж, цэгцэлбэл засаглалын тогтвортой байдал бий болно гэж бодож байна.
Цаашид засаглалын тогтворгүй байдал удаан үргэлжилбэл ардчилсан тогтолцоонд эргэлзээ бий болох хандлага ажиглагдаж байгаа юм. Тийм учраас засаглалынхаа асуудлыг шийдэх ёстой. Үүнээс гадна улс төрийн намын дотоод асуудал нь хөндөх асуудал болж байна. Үндсэн хуулийг өөрчилнө гэхээс илүү Улс төрийн намын тухай хуулийг цэгцлэх хэрэгтэй. Ингэхгүй бол улс төрийн тогтвортой байдал бүрдэхгүй. Үндсэн хуулиас өмнө Улс төрийн намын тухай хууль, улс төрийн намын санхүүжилт зэргийг зайлшгүй эргэж харах шаардлагатай.
-ЖДҮХС-аас УИХ-ын гишүүд болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс зээл авсан нь тодорхой боллоо. Үүнд ямар хариуцлага хүлээлгэх ёстой юм бэ?
-Хамгийн эхлээд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох хэрэгтэй. Шинээр бүрдсэн Засгийн газар энэ асуудлыг парламентад оруулж, шийдвэрлүүлэх ёстой. Харин УИХ тарна гэдэг эрсдэлтэй. Тэгэхээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорч, сангуудтай холбоотой асуудлыг ил гаргаж, УИХ-д тухайн асуудлыг яаж шийдвэрлэх саналаа оруулж, шийдүүлээд явах ёстой.