Сүүлийн үед охид залуучуудын дунд хип хоп урлаг эрчтэй хөгжиж байна. Орчин үед дэлхий болоод Монгол Eлсад эерэгээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа энэхүү урлагийн талаар залуу реппэр Roockie-тэй ярилцлаа.
- Hip hop-ийн үүсэл, урсгалын талаар ярьж болох уу. Та ямар хэлбэрээр уран бүтээлээ хийдэг вэ?
-Hip hop гэдэг бол маш том соёл. Анх боолчлолын нийгмийн үеийн өнгөт арьстнуудаас үүссэн гэж үздэг.1960-1970 оны үед боолчлогдож байсан хүмүүст үгээ эрх хязгаартай байсан бас тэдэнд хөгжмийн боловсрол эзэмшихэд маш хэцүү байсан гэдэг. Тэднээс зарим нэг айлд л пянзнууд байдаг байж. Тэр үед сонссон аяаа пянз дээрээ буулгаж аваад дээр нь бөмбөрийн хэмнэл нэмж дөрөв, наймын тактаар анх хип хопын аяыг бүтээсэн гэж ярьдаг. Тэр хүмүүс ханан дээр өөрсдийнхөө дотоод сэтгэлийг илэрхийлж зураг зурдаг, зарим нэг нь пянзан дээр хурааж авсан аяаа гацааж dj хийж, бүжиглэдэг байсан. Хип хоп соёл нь нэг талаар энэ тэндээс дээж авч бүтээгдсэн гэж хэлж болно. Намайг МС гэж болно. МС гэдэг нь гудамжны нэршил сүүлийн үед бизнес болж байгаа. МС нар студид харьяалагдаад алибом гаргаж тэрийгээ зарна. Мэдээж бизнес өргөжих тусам МС гэдэг нэрээ реппэр гэж ярьдаг болоод ирдэг. Миний хувьд анхны үүслээс нь судлаад түүнийхээ дагуу дуугаа хийдэг сүүлийн үеийн шинэ урсгал биш гэсэн үг.
- Өөрөө одоо 20 настай гэсэн. Энэ чиглэлээр уран бүтээлээ хийгээд амжилттай явж байгаа хамгийн залуу МС гэж хэлж болох уу?
-Одоо удахгүй 21 хүрнэ. Яг олонд танигдаад байгаа реппэрүүдээсээ хамгийн жаахан нь би. Харин одоо уран бүтээлээ хийгээд удахгүй олонд танигдахаар зорьж байгаа өсвөр үеийнхэн байгаа байх. Анх 16 настайгаа эхлээд энэ соёлыг сонирхох болсон. Бага байхдаа хип хоп их сонирхдог байсан. Манай аав намайг энэ урсгалыг сонгоход маш их нөлөөлсөн. Манай аав бага байхад минь дандаа л итали дуу сонсдог байсан, түүний хажуугаар хөгжмийн мэдлэгтэй хүн байсан болохоор надад хип хопд дурлахад илүү нөлөөлсөн байх гэж одоо боддог доо. Би цэцэрлэгт явдаг байхдаа заримдаа Монгол хип хоп дуу сонсдог. Касетнаас касет руу сонссон дуунуудаа хуулж хадгалдаг байсан. Тэр үед ах эгч нар маш их хип хоп сонсдог, гэрт нь очиход өдөржингөө л дуу сонсдог байсан болохоор аманд ортол дагаж дуулдаг, түүнээс эхлээд л суурь тавигдсан гэж боддог.
- Дуулдаг дуунуудаасаа ямар мэдрэмж авдаг вэ. Бас хип хоп соёл хүмүүст ямар хүмүүжил олгодог гэж боддог вэ?
-Миний бодлоор жинхэнэ хип хоп маш их хайр байдаг шиг санагддаг. Авдаг мэдрэмжийн хувьд гэх юм бол өөрийгөө усанд байгаа загас шиг л боддог. Загас усандаа байхдаа дураараа жаргалтай байж чаддаг хуурай газар байвал шууд үхдэг шиг энэ урлагаас эрх чөлөө, хамгийн гоё мэдрэмжийг авч чаддаг. Маш их кайф авдаг яг л миний хийх дуртай зүйл болсон. Гэхдээ дурлаж хийж байж гоё зүйл гарна хөнгөхөн хандаад байвал хүнд хүрэхээр зүйл хийж чадахгүй шүү дээ. Хүмүүжлийн тал дээр ярих юм бол реппэрүүд хатуу үгээр үнэнг илэрхийлдэг болчихдог. Хатуу үг хүнд хүндээр тусдаг байж болох юм. Дуугаараа юу ч хэлж болдог учраас хэмжээ хязгаарт баригдахгүй үнэн зүйлсийг хүмүүст хэлж болдог. Маш олон хүмүүс хип хопоор хүмүүжиж байгаа. Энэ соёл өөрөө ч дэлхийд хүчээ авч эхэлж байна. Саяхны нэг судалгааг харж байхад поп дуунаас дээгүүрт тавигдаж байгаа харагдаж байна лээ. Одоо л хип хоп байр сууриа олж жинхэнэ утгаараа хөгжиж байна дэлхий нийт тэр аяараа эерэгээр хүлээн зөвшөөрдөг болсон.
- Backyard-д орсноор чиний хувьд юу өөрчлөгдсөн, өөрийнхөө алдаа дутагдлыг олж харах боломж болсон байх?
-Вackyard 2 жилийн өмнө зохиогдож байсан. Солонгост болдог репперүүдийн том тэмцээн байдаг тэрийг үздэг байхдаа Монголд ийм төрлийн тэмцээн зохиогдоосой гэж харж байлаа. Тухайн үед Солонгост сурахаар яг явах гэж байтал Вackyard болно гэснийг олж мэдсэн. Тэгээд гэрийнхнээсээ гуйсаар байгаад үлдээд оролцсон. Гуравдугаар шат хүртлээ яваад хасагдсан. Тэр үед хасагдах болсон шалтгаанаа хайнга зангаасаа болсон болов уу гэж боддог. Тэгээд өөрийн дутагдлуудаа маш сайн харж авсан үйл хөдлөл, бүрэн авиа гаргадаггүй амандаа үглэх гээд байдаг алдаануудаа тухайн үед дэлгэцээр харж байсан даа. Түүнээс хойш алдаагаа засаад, бусдын хажууд байхдаа өөртөө итгэлтэй байдлаа олж авсан. Тэр тэмцээнд орсноосоо хойш эрчимтэй уран бүтээлээ хийж эхэлсэн. Өмнө нь би хамтлагтаа байсан гэхдээ хамтлаг гэхээсээ илүү бүрэлдэхүүн гэж хэлвэл илүү зөв юм уу даа. Бид хамтраад хамгийн анх squally boys гэж дуу гаргасны дараагаар тэр дууны нэр нь хамтарч уран бүтээл хийдэг нэр болсон. Тэгээд дараа дараачийн уран бүтээлдээ тэр нэрийг ашигладаг байлаа хэсэг хугацаанд хамтдаа дуу гаргадаг байсан ч сүүлд нь өөр өөрсдийн хийх зүйлсээ хийгээд явцгаасан. Тэр бүрэлдэхүүнд байдаг хүмүүс ч бас шинэ дуу гаргаад явж байгаа. Би одоогоор “wonder art production”-тай гэрээтэй ажиллаж байгаа. Энэ продакшнд надтай хамт таван реппэр гэрээтэй ажилладаг.
-Та сүүлийн нэг жилийн турш олны анхаарлыг их татаж богинохон хугацаанд танигдсан цөөхөн реппэрүүдийн нэг. Энэ хугацаандаа хэдэн дуу гаргасан байна. Хит болсон ямар ямар дуу байдаг вэ?
-Хүн танигдах нэг гол зүйл нь өөрийн нэр юм шиг санагддаг. Эхлээд нэрнийхээ утгыг яривал Rookie гэдэг нь “залуу тоглогч” гэсэн утгатай үг Roockie болоод “с” үсэг нэмэгдээд ирэхээр нэр үг болоод ирдэг юм. Нэг өглөө зүүрмэглээд хэвтэж байтал зурагтаар сагсан бөмбөгийн тэмцээн явж байгаа нь зүүдэнд орж ирээд тайлбарлагч нь “roockie” тоглогч тэглээ ингэлээ гээд л ярьж байсан нь ерөөсөө мартагдаагүй. Тэр өдөртөө дуугаа бичүүлээд дуусахад чиний нэрийг хэн гэж бичих вэ гэж асуухад нь яагаад ч юм roockie гээд хэлчихсэн юм. Одоо бодоход Roockie гэдэг хэзээ ч хуучрашгүй санагддаг. Хэзээ ч, ямар ч үед залуу тоглогч хэвээрээ байна гэсэн утгатай. Харин миний гаргасан 20 гаруй дуу байдаг. 2017 онд гэхэд л арав гаруй дуу гаргасан. Түүнээс олонд танигдсан дуу гэх юм бол “Мorning”, “Тайван” “Энд гарч ирэв” хамгийн сүүлд гаргасан “Нip hop охин” гэх мэт байгаа. Сүүлийн дуу болох “hip hop охин” дууны хувьд найман сарын эхээр гаргасан. Долоо хоногийн дотор гуч гаруй мянган хандалт авсан байсан.
-Дуугаараа юу илэрхийлдэг хүсдэг вэ.Ихэвчлэн ямар үед дууныхаа үгийг бичдэг вэ?
-Өөр бусдын олж хараагүй, хөндөгдөөгүй, хөгжилтэй сэдвүүдээр дуу хийж, тэр дуугаа аль болох эерэг хөнгөн хэлбэрээр сонсогчдод илэрхийлэхийг хүсдэг. Жишээ нь олон нийтийн дунд байдаг “маазраа” ч байдаг юм уу тэрийг уран сайхан, гоо зүйн талаас нь харж цэвэрхэн, хүн сонсоход дулаахан байхаар бодож дууныхаа үгийг бичдэг. Яг цэвэр реп, hard хип хоп биш. Арай уянгалаг зөөлөн талаас нь дуулахыг зорьдог. Яагаад гэхээр бага байхад минь эргэн тойрныхон хип хопыг надад эерэг талаас нь ойлгуулдаг байсантай холбоотой байх. Миний ихэнх дуунаас зөөлөн, уянгийн өнгө аясыг олж сонсож болох байх. Тэр талаараа үе тэнгийнхээ репперүүдээсээ ялгардаг байж магадгүй гэж хувьдаа боддог. Бас реп анх яаж үүссэн тэр хэлбэрийг нь өөрийнхөө дуунуудад шингээдэг болохоор энэ миний нэг давуу тал болдог. Реп хийх тал дээрээ би өөртөө итгэлтэй байдаг. Хүнд өөртөө итгэх итгэл, зорилго байхгүй бол юунд ч хүрч чадахгүй нь мэдээж. Тиймээс хийж байгаа зүйлээ чанартай хийчихвэл дараа нь бардам байдаг. Би өөртөө маш тав тухтай орчныг бүрдүүлж байгаад шоколад идэнгээ дууныхаа үгийг бичдэг. Чихэрлэг мэдрэмж авч байгаад юм бичихээр илүү таатай байдаг бас хажуугаар нь аяа тавьчихдаг тэгээд өөр зүйл хийгээд явж байхдаа цонхоор гадагш хараад өөр үйл явдал харах ч юм уу тийм үед цаанаасаа бичих зүйлс ургаад гараад ирдэг. Ихэвчлэн сэтгэл санаа өөдрөг, тогтвортой үед л сайхан зүйлс л бичигдэнэ. Намайг ээж охин дүү хоёр маань урлагаар явахыг дэмждэг. Урлаг өөрөө хатуу ч гэсэн зорилготой өөрөө хичээж чадвал болох байх гэж боддог тийм учраас “Урлаг чамд нисэх жигүүр хайрлана, үгүй бол чиний хөлийг хугална” гэдэг үгийг байнга санаж явдаг. Үг бичихийн хажуугаар ном хааяа уншчихдаг дэлхийн сонгодог зохиолууд ч гэх юм уу аль болох олон хүн мэддэггүй зохиолуудыг олж уншихыг хүсдэг л дээ. Дээрээс нь тийм зохиолууд уншихад хийсвэр төсөөллүүд их сайжирдаг байх, жишээ нь өрөөний хана тэр чигтээ ягаан байвал ямар бол, өрөөнд тэр чигт нь солонгийн долоон өнгө бүрхсэн байвал ямар бол гэх мэт маш олон зүйлийг төсөөлөн боддог. Тэр бодлууд дууны үгийг сайн бичихэд тусалдаг юм шиг санагддаг. Цэвэрхэн орчинд байх маш дуртай. Тийм тухтай орчинд дууныхаа үгийг бичих илүү гоё санаанууд орж ирдэг.
- Дуртай зүйлээ хийхэд нөлөөлсөн хүн нь аав чинь байсан гэж дээр дурссан. Аавтайгаа холбоотой санаанаас чинь гардаггүй сайхан түүхээсээ яриач?
- Бага байхад хошин шогийн жүжиг үзчихээд гарах гээд байж байтал аав нуруу нь дээр цохиод “Тэр хэн бэ” гээд нэг зүг рүү зааж байлаа. Тэр зүг рүү нь чиглүүлээд хартал Дижитал хамтлагийн гишүүн, Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар зогсож байсан юм. Тухайн үедээ хип хоп холбооны ерөнхийлөгч гэдгээрээ алдартай байсан шүү дээ. Тэгтэл аав маань “очоод гар барьчихаад ир” гээд өөдөөс нь явуулчихсан. Тэгээд тэр хүний гараас барьчихаад тухайн үед төрсөн мэдрэмж гэвэл яасан том гартай хүн бэ л гэж бодож байсан даа. Бас маш дулаан илч авч байсан санагдаж байна.Бас нэг тод үлдсэн дурсамж гэвэл би нэг хэсэг хип хоп бүжиг бүжиглэдэг байлаа. Тухайн үед “dance on” гээд бүжгийн тэмцээнд орсныг SBN телевизээр гаргаж байсныг аавтайгаа хамт үзэнгээ хамтдаа инээлдээд, бас аавынхаа надаар бахархаж байхыг хараад сууж байлаа. Тэр дурсамж их гоё санагддаг. Аавтайгаа их ховор ярьдаг байсан хүн түүнээс хойш их дотно болсон. Харин өсвөр насан дээрээ их сахилгагүй явсан хайнгадуу ч гэх юм уу тийм байсан. Ахлах ангид ороод айлын ганц эр хүн нь болсноос хойш арай зөөлөн болсон доо. Яг тэгж сахилгагүй явсан үедээ хатуу үг хэлээд хаалгаа саваад гарах ч юм уу тийм зүйлүүдээр ээжийгээ их гомдоож байсан байх. Одоо бол ээжийгээ маш их шүтдэг. Одоо ээж дүү хоёртойгоо хамт амьдардаг. Харин аавынхаа тухай өнгөрсөн жилээс эхлээд дуу хийж эхэлсэн дээ. Дуучин, реппэр хоёрын ялгаа нь гэвэл дууныхаа үгийг өөрөө бичиж байж л реппэр болно. Харин поп болоод бусад төрлийн дуучид дууныхаа үгээр хүнээр бичүүлдэг. Бусад дуучид үг, аяаа зохиогчоор хийлгэдэг, реппэрүүд үгийн сүүл холболт, үгийн тоглоом гэж байдаг тэрийгээ өөрөө хийдэг дээрээс нь зарим тохиолдолд аяа өөрөө хийдэг.
-Дуу хөгжмөөс өөр сонирхдог зүйл юу байдаг вэ?
-Би гэрэл зураг авдаг. Янз янзын зураг аваад инстаграммдаа хийх дуртай ялангуяа тэнгэрийн зураг их авдаг. Заримдаа тэнгэр ширтэх дуртай. Нар мандаж, жаргаж байхад тэнгэрийн хаяа, үүлэн чөлөөний нар яаж харагддагийг ажиглах их дуртай. Яагаад гэхээр Тэнгэр өөрөө уудам болохоор харахаар тайвширдаг. Би ямар нэг хэм хэмжээ, зарчимд тэр болгон баригдахыг хүсдэггүй, юу хиймээр байна яг тэрийгээ л хийдэг. Тэгэхийн тулд ийм ийм зүйлийг хийх ёстой гээд төлөвлөөд биччихдэг юм. Сонирхуулахад би СУИС-н жүжигчний ангид сурч байсан тэгээд хоёрдугаар ангиасаа гарсан. Миний сонирхлыг илүү ихээр татсан зүйл хип хоп байсан болохоор сургуулиа орхичихсон. Сургуулиасаа гарсан жилээ Вackyard-д оролцож байлаа. Бас би хоол сайн хийдэг учраас яваандаа тогооч болно гэж бодож байгаа. Хоол хийгээд зогсож байхдаа урам авч, сэтгэл санаа тайвшраад байгаа юм шиг болдог. Би өөрөө ямар нэгэн зүйл хийхдээ маш их хичээдэг. Үнэхээр хийх гэсэн зүйл маань болохгүй үе бас байдаг тэр үед нь болохгүй юм байна гэж бууж өгөхгүй түр хойшоо тавьчихаад түүнийхээ талаар яаж хийвэл болох вэ, яавал энийг сайн хийж чадах вэ гэх мэтээр боддог. Хүн юмыг олон талаас нь бодох тусам арга эв цаанаасаа гараад ирдэг юм шиг болдог. Юмыг хийж байгаад дутуу орхих дургүй.
- Мэдээж залуу хүн учраас маш их мөрөөдөл, зорилготой байгаа. Цаашдаа юу хийж бүтээхийг зорьж байна вэ?
-Тэгэлгүй яах вэ. Одоо хийж байгаа уран бүтээлүүд минь цаашдаа олон хүнд хүрсэн зүйлс хийх түлхүүр нь болж байгаа гэж боддог. Хүн нэг олонд хүрсэн зүйл хийхээрээ дараагийн хийх зүйлээ түүнээс бүр л давуулж хийх шаардлагатай болчихдог. Тиймээс гаргасан уран бүтээлүүдээсээ доошоо буухаар зүйл хийхийг огт хүсэхгүй байна. Бас миний бодож явдаг нэг зүйл өөрийн гэсэн тохилог, дулаахан уур амьсгалтай кафетай болохыг хүсдэг. Ирээдүйд нээх кафеныхаа нэрийг нь хүртэл бодоод амжсан. Мэдээж залуу хүн юм чинь өөрийнхөө боловсролд анхаараад хэл сурч байгаа. Хүн өөрийгөө боловсруулж аливаа зүйлийг үзэх шаардлагатай юм шиг санагддаг. Дуугаа бичээд хажуугаар нь боловсролдоо анхаарч байгаад дэлхийд гарна гэж боддог мэдээж хүссэндээ хүрэхэд зүтгэл хэрэгтэй.