Монгол Улсын дипломат ажилчид хар тамхины хэрэгт холбогдож, Холбооны Бүгд найрамдах Герман улсад саатуулсан тухай мэдээлэл гаднын хэвлэлүүдээр гарсан. Энэ асуудлаар Монголын Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.
Тэрээр “Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр ХБНГУ-ын Дрезден хотын шалгах нэвтрүүлэх хилийн боомтоор нэвтэрсэн Монголын дипломат пасспорттой хоёр төрийн албан хаагчийн дипломат дугаартай автомашиныг саатуулсан. Саатуулаад шалгах явцад 70 килограмм героины төрлийн мансууруулах бодис илэрсэн. Энэ хэрэгтэй холбогдуулаад Германы тал тухайн автомашинд зорчиж явсан Стамбул дахь Монголын Консулын газрын нэг дипломат ажилтан жолоочийн хамт саатуулсан байгаа. Гадаад харилцаан яам энэ мэдээллийг авсан даруйдаа Консулын чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Яам энэ асуудлыг нуусан зүйл огт байхгүй. Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон монгол иргэдийн мэдээллийг гадаадад байгаа 43 Элчин сайдын яам, Консулын газраар дамжуулан авч, ар гэрийнхэн болон холбогдох албан тушаалтнуудад мэдэгддэг. Зөвхөн энэ хэрэгт биш, өөр бусад улсад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн мэдээллийг Гадаад харилцааны яам авсан даруйдаа олон нийтэд мэдээлдэггүй. Ар гэрийнхэн болон хувь хүнийг нууцыг хамгаалах үүднээс мэдээлдэггүй юм. Хоёрт, тухайн асуудал нь бүрэн шийдэгдээгүй хянан шалгах ажил явагдаж, эцэслэгдээгүй байхад хэргийн талаарх мэдээллийг өгдөггүй.
Германд саатуулагдсан Монголын хоёр иргэн нь Стамбул дахь Консулын газарт чухал албан тушаал хашдаг хүмүүс байгаа нь үнэн. Дипломат ажилтан нь консулаар нэг жил ажиллаж байгаа хүн юм. Өмнө нь Орост ажиллаж байсан. Энэ асуудлыг тухайн суугаа улсын хууль тогтоомжийн дагуу шийдэрлэнэ. Тухайн улсын хуулийг зөрчсөн тохиолдолд тухайн улсын Консулын асуудал болдог. Тиймээс бид Консулын төвшинд ажлаа хийж байна. Ямар нэгэн байдлаар нуун дарагдуулсан зүйл байхгүй.
Ямар шалтгаанаар Германы хот руу явсан, энэ хэрэгт холбоотой байж болзошгүй бусад монгол иргэн байгаа эсэх асуудлыг ТЕГ-тай хамтран шалгаж байна. Шалгах ажил хийгдэж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Энэ бол Монголын нэр хүндийг унагасан маш ноцтой хэрэг. Цаашдаа ийм асуудал гаргахгүйн төлөө Гадаад харилцааны яам ажиллаж байна" гэлээ.