Dailymail цахим сэтгүүлд Хөвсгөлийн тайгад аж төрөн суудаг цаатнуудын өдөр тутмын амьдрал, тайгын үзэсгэлэнт байгальтай танилцсан аялагч, зурагчин Хамид Сардар-Афкамийн зураг болон аяллын тэмдэглэл нийтлэгджээ.
Зурагчин Хамид Сардар-Афками нь Монголын тайгаар гурван долоо хоногийн турш аялж, цаатнуудын аж амьдралтай танилцжээ. Тэрээр “Монголын тайгад амьдардаг цаатнууд бол миний аялж явахдаа учирсан хамгийн найрсаг, цайлган сэтгэлт түмэн” хэмээн өгүүлсэн байна.
Түүнчлэн Цаатнуудын тухай “Монгол нутагт амьдардаг цаатан овгийнхны тоо жил ирэх тусам буурсаар цаатны соёл мөхөх дөхөж байна. Цаатнууд цаа бугынхаа сүү, мах, үс гээд бүхий л зүйлээр өөрсдийн хэрэгцээгээ хангаж, аж ахуйгаа залгуулдаг бөгөөд тэдний амьдралтай танилцах явцаа би энэ бол жинхэнэ амар тайван, аз жаргалтай амьдралын бодит жишээ хэмээн тунгаав. Өмнө нь Монголын нутагт нийт 2000 орчим цаатан байсан бол одоо ойролцоогоор ердөө 44 өрх буюу 200-400 хүн л цаатан үндэстний соёлоо хамгаалан үлджээ. Үүнийг дагаад цаа бугийн тоо толгой ч эрс багассан байна. Эдгээр өрхүүд одоо аж амьдралтай нь танилцахаар ирсэн жуулчдад цаа бугаа унуулж, гар урлалаа худалдан амьдарлаа залгуулдаг аж” гэсэн байв.