Open iToim app
Анализ | 4 мин уншина

Үхэр биш ээ, үхрийн эвэр шиг Монгол

Үхэр биш ээ, үхрийн эвэр шиг Монгол
Нийтэлсэн 2022 оны 4 сарын 27
Эрт цагт Монголчуудын байгуулсан Ил хаант улс болон Алтан ордны улс 100 гаруй жил өөр хоорондоо цус асгаруулан дайтжээ. Чингисийн үр ач нар болох Хүлэгү хаан болон Бэрх хаан удам дамжин эрх мэдлийн төлөө өстөн дайснуудтайгаа хүч хавсран, гаднын улс төр, шашны нөлөөгөөр нэгнээ мөхөөсөн нь Их Монгол Улсын уналт, бутралын эхлэл байв. Бидний өнгөрсөнд үлдсэн хамгийн гунигтай бөгөөд сургамжтай түүх.
Хожим XVII зууны сүүлээр Монголчууд дахин Халх-Ойрд болж хуваагдан, эрх мэдэл, эд хөрөнгө, эрх ашгаа булаалдан дайтжээ. Ингэхдээ мөн л өстөн дайсантайгаа хүч хавсран, гаднын улс төрийн нөлөөгөөр нэгнээ хүчгүйдүүлж ээлж дараалан Манжид эзлэгдсэн. Манж чингийн дарлал ийнхүү эхэлж, бидний хамгийн гунигт, бас гутамшигт 200 жилийн түүх болон үргэлжилсэн.
Бид үргэлж өнгөрсөн түүхийн зөвхөн ялалт, байлдан дагууллаар цээжээ дэлдэх боловч түүхийн гашуунаас сургамж авсан нь үгүй. Тиймдээ ч өнөөдөр УИХ-ын гишүүд нь хот-хөдөө, Улаанбаатар-Увсаараа хуваагдан, жалга дов тойрон хэрэлдэж сууна.
Монгол хаад, хаад өнгөрсөн мянганы дундуур Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунайн мөрний сав газар, Зүүн өмнөд Азиас Хойд мөсөн далай хүртэлх газар нутаг булаалдан тэмцэж, дайтах бүрдээ тарж бутарсан. Харин өнөөдрийн гишүүд, дарга нар болон тэдний тэжээврүүд улсын төсөв, тойргийн мөнгө булаалдан суугаа. Ядаж байхад мэдэхгүй, чадахгүйн хязгаар гэж үгүй. Тэдний хувьд улсын эрх ашиг, үндэсний эв нэгдэл нь тойрогтоо ханлиг байгуулж, дахин сонгогдох хүслийнх нь ард эрэмбэлэгддэг аж.
Үнэндээ Улаанбаатар-Увс болж талцсан хүмүүс дунд эрүүл ухаанаар, үндэслэлтэй мэтгэлцэх нэг ч хүн алга. Уг нь ардчилсан парламент гэдэг бол олон өөр үзэл санаа, өнцөг гарган мэтгэлцэх талбар юм. Гэхдээ миний үзэл бодол, эрх ашигтай нийцэхгүй бол миний дайсан гэх эрүүл бус хандлага зөвхөн цөөн хэдэн гишүүн бус тэднийг сонгосон бидний дунд ч түгээмэл. Нийгмийн хорт хавдар мэт ийм хэт туйлширсан хандлага чуулганы танхимаас эхлээд захын лангуу, автобусны буудал, сошиал гээд хаа сайгүй ажиглагдана. Бас л мэдэхгүй юм гэж үгүй. Монголчууд бүгд стратегич, улс төр судлаач, эдийн засагчид юм уу гэлтэй. Гэвч үндсэн сэдэв дээрээ мэтгэлцэж, шинжлэх ухаанч тайлбараар үзэл бодлоо тайлбарлаж байгаа нь цөөн.
Жишээ нь, өнөөдөр сошиалд байтугай төр түшилцэж байгаа гишүүдийнх нь дунд хүртэл Монголын гадаад бодлого “Орос-Хятадыг дэмж, Украин-барууныг дага, төвийг сахь” гэж гурав хуваагджээ. Гэтэл үндсэн сэдэв бол Европт болж байгаа дайн, Америк-Хятадын зөрчил бидэнд яг ямар нөлөөтэй, хамаатай вэ буюу Монголын эрх ашиг юм.
"Ах нар"-аа фанатлахаасаа өмнө, улаан оросын улс төрийн шууд тушаал, заавраар өнгөрсөнд хамгийн сор болсон сэхээтнүүдээ устгаж, хэлмэгдүүлсэн бодит түүхийг эргэн санах хэрэгтэй юм шиг. Сайн "ах" хэзээ ч дүүдээ дайны эдийн засгийн хоригоос өндөр татвар тавьж, дайтаж байгаа орноосоо өндөр үнээр шатахуунаа зардаггүй байх. 
Эсрэг талд АНУ болон барууны орнуудын хувьд Монгол Улс хэзээ ч мөнхийн эрх ашиг биш. Бид тэдний хувьд дайснуудынх нь дунд байгаа зуурдын эрх ашиг.     
Тиймээс монгол хүн л монгол хүндээ эх орон, эрх ашиг байхаас тэдний хувьд бид үргэлж зуурдын хань. Монголын мөнхийн эрх ашиг бол бид өөрсдөө, бидний эв нэгдэл, тусгаар тогтнол, үнэт зүйлс, ирээдүй билээ.
Үндсэн хууль, эв нэгдлээ хүндлээгүй, хүлээн зөвшөөрөөгүй Украин найман жилийн өмнө дотроо хоёр хуваагдаж, нэг хүчний зүг хэт хазайсны гороо өнөөдөр ард түмнээрээ туулж явна. Ардчилал өөрөө баруун, зүүн, расист, радикал гээд бүгд зэрэгцэн оршиход зориулсан систем юм. Өөрөөр хэлбэл, Украинууд нэгнээ үгүйсгэсээр үндсэн сэдвээ мартсан. Яг үүн шиг манайдаа хамгийн либерал, дэвшилтэт сэтгэлгээтэй гэгдэх хүмүүс нь хүртэл Оросыг дэмжвэл чи миний дайсан гэх. Нөгөө талд хамгийн ул суурьтай, сэхээтэн гэгдсэн нь Украиныг дэмжвэл барууны бууны нохой, худалдагдсан хуурамч капиталист гэж шууд дайсагнаж, нэгнээ гутааснаараа бараг дур ханадаг.
Үндсэн сэдэв, нийтийн эрх ашгаасаа дэндүү холдож, талцал дунд явган хэрүүл болсоор удалгүй нийгмийн санах ойгоос арчигддаг үзэгдэл бидэнд дэндүү олон. Хамгийн сүүлд, хорооны дарга сэтгүүлчид мөнгө өгч, авлигадахыг оролдсоныг нэг хэсэг нь шүүмжилж, нэг хэсэг нь сэтгүүлчийг баалав. Гэвч сэтгүүлч анх өнчирч хоцорсон гурван хүүхдэд тусламж хэрэгтэй байгаа асуудлыг хөндөн хороонд ирсэн билээ. Мөн хороо төсөвгүй тул ийм асуудалд дандаа гаднаас тусламж гуйлгачилдаг гэх.  
Эсвэл Хөгжлийн банкнаас хэн хэн зээл аваад, хэн нь зориулалтын бусаар ашиглаад, ямар нь авсан зээлээ төлөхгүй байгаа вэ. Анхнаасаа хэн зээл өгсөн бэ. Түүнд нь эрх мэдэлтэн, улстөрч, даргын оролцоо байсан уу. Хууль бус уу. Тэрийг нь шүүх, прокурор яаж шийдэв. Улс, нийтийн эрх ашиг хохирч үлдэхгүй байх. Ер нь бид зөв явж байна уу гэдэг үндсэн сэдэв. Тэрнээс чанга дуутай хэн нэгний ярьсан дээр хоёр тал болж хуваагдах нь зорилготой хүмүүсийн хүслийг л гүйцэлдүүлнэ. Бид хэн нэгний зорилготой шидсэн сэдэв дээр алалцах зуур хууль, шүүх бус дарга эсвэл мөнгөтэй тал бүхнийг шийддэг тогтолцоо бэхжээд байгаа юм биш биз.    
Бид нэгнээ үзэн ядаж, үзэл бодлоо тулган, эрх ашгаараа хуваагдан талцахад дэндүү цөөхөн билээ. Үхэр монгол гэх. Үнэндээ монголчууд бид үхрийн эвэр шиг нэгнээ сүлбэж, өөрсдийгөө турхирсаар. Үхрийн эврээр дүүрсэн шуудайнхаа амыг улам чангалах зуураа бусдын хоол болсоор байж мэдэх юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн