Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

Б.Санчир: Иогийн дасгал нь витамин хэрэглэхээс илүү хүүхдийн өсөлтийн дааврыг сайн дэмждэг

Б.Санчир: Иогийн дасгал нь витамин хэрэглэхээс илүү хүүхдийн өсөлтийн дааврыг сайн дэмждэг
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 17
Хүүхдийн өсөлтийг заавал нэмэлт витамин, бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр  иогийн дасгал хөдөлгөөнөөр дэмжиж болдог байна. Монголдоо анхдагч гэж хэлж болох хүүхдийн өсөлтийн иогийн төвийг үүсгэн байгуулагч, тархи судлаач, хүний их эмч Б.Санчиртай ярилцлаа.
-Хүүхдийн өсөлтийг витаминаар бус иогийн н дасгал сургуулилтаар дэмжинэ гэдэг маш сонирхолтой санагдаж байна. Ер нь хүүхдийн өсөлт юунаас болж саардаг вэ?
⁃Хүүхдийн өсөлт нь өөрөө хэзээ, хаана явагддаг вэ гэдэг нь хамгийн чухал. Хүүхдийн өсөлт гэхээр бид хамгийн эхэнд ясны ургалтыг боддог. Гэтэл ясыг ургуулах, ясны бүтцийг өөрчлөх дохиолол, команд хаанаас ирж байна вэ гэдгийг мэдэж байх ёстой. Тэгвэл энэ бүх эхлэл нь тархинд явагддаг. Хүний тархинд маш олон төрлийн дааврууд бий болж байдаг. Ялангуяа өнчин тархинаас маш олон төрлийн даавар ялгарч байдаг. Хүний биеийн хөгжил өсөлтөд нөлөөлдөг даавар бол өсөлтийн даавар. Өсөлтийн даавар хаанаас яаж ялгардаг вэ гэхээр ихэнх хүмүүс өнчин тархинд гэж ярьдаг. Гэтэл энэ нь өнчин тархинд бий болдоггүй кифатламс гээд тархины хэсэгт бий болж, өнчин тархинд очиж хүлэгддэг. Ингэж хуримтлагдсанаар энэ даавар нь хүүхдийн өсөлтийн хэрэгцээ шаардлагад нь тохирох хэмжээгээр ялгарч өсөлтийг явуулж өгдөг юм. Тэгэхээр энэхүү даавар нь ясны бүтцэд ч нөлөөлдөг гэсэн үг. Мөн яснаас гадна булчингийн бүтцэд нөлөөлнө.
Гэтэл витамин гэдэг зүйл нь өөрөө өсөлтөд туслах маягтай оролцдог зүйл. Өсөлтөд шаардлагатай витаминууд гэвэл А, Д гэх мэт. Эдгээр витаминууд нь хэрхэн дэмждэг вэ гэхээр хамгийн эхлээд өсөлтийн даавар бий болж хангалттай хэмжээнд очиж өсөх процессыг эхлүүлсний дараа тухайн яс дахин бүтцээ өөрчлөн өсөж , уртсах явцад нь кальцийг нийлэгжүүлэх бусад хэрэгтэй минералаа нь нийлэгжүүлэхэд оролцож өгдөг юм. Тэгэхээр хүүхдийн тархинд хангалттай хэмжээнд тэр даавар ялгарч байна уу гэдгийг мэдэж байж витаминуудыг хэрэглэх ёстой. Тухайн хүүхэд юунаас болоод өсөлт нь хангалтгүй явагдаж байна гэдгийг эцэг эхчүүд маань мэдэж байх хэрэгтэй.
Хүүхдийн өсөлтийг хэвийн явагдаж байгааг мэдэхийн тулд нэгд, өсөлтийн дааврыг шалгах. Хоёрт, гарын сарвуунд байрладаг өсөлтийн зоныг нь үзүүлж нээлттэй байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй. Өсөлтийн зон хаагдаагүй байгаа тохиолдолд дааврын тусламжтайгаар тухайн хүүхэд маань өснө гэсэн үг. Тэгэхээр өсөлтийг бид зөв талаас нь ойлгох хэрэгтэй байгаа юм.
-Өсөлтийн зонын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?
-Ер нь хүний биеийн яснууд нь нярай үед бага зэргийн мөгөөрсөн хэлбэртэй байдаг. Биднийг өсөж томрохын хэрээр яс маань бага зэргээр бэхжиж явсаар 18 нас хүрэхэд бүрэн бэхэжсэн байдаг. Тэгэхээр тухайн хүүхдийн өсөлт саараад өсөхгүй байх үед өсөлтийн зоныг хэмждэг. Рентгенд харах бөгөөд үүгээр ясны бэхжилтийг тодорхойлдог юм. Ингээд ясны бэхжилтээс хамаараад өсөлтийн зоныг хаагдсан эсэхийг үздэг. Ерөнхийдөө ясыг дахин өсөх боломжтойг шалгаж үздэг шинжилгээ гэсэн үг. Өсөлтийн зон хаагдаагүй байвал бид тухайн хүүхдэд даавар дутагдаад байна уу, витамин дутагдаад байна уу гэдгийг олж тодорхойлоод тусгай эмчилгээг явуулж эхэлдэг. Ингэж байж өсөлтийн эмчилгээ хийж болно гэсэн үг. Гэтэл зарим хүн тухайн хүүхдэд юу дутагдаж байгааг мэдэхгүй байж ам дамжсан эмчилгээнүүдийг хийгээд байдаг. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд хор нөлөө үзүүлдэг.
undefined
-Өсөлтийн иог гэж юу вэ. Хүүхдийн өсөлтийг яаж иогийн дасгалаар дэмждэг юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
-Өсөлтийн даавар яаж ялгардаг вэ. Ер нь ямар нөхцөлд энэ даавар маань ялгардаг вэ гэдэг зүйлүүдээс эхэлнэ. Өсөлтийн дааврыг ялгаруулахын тулд тухайн хүүхдийг гүн нойронд автуулах хэрэгтэй. Гүн нойр 22 цагаас 02 цагийн хооронд үргэлжилдэг. Хүүхэд энэ цагтаа унтаж чадвал мелатонин гэх дааврыг ялгаруулж чадна. Ингэсэн тохиолдолд энэ нь тархинд нөлөөлж өсөлтийн даавар ялгарах нөхцөл бүрдэж байгаа юм. Ингээд өсөлтийн даавар ихсээд эхлэхээр тухайн хүүхдийн өсөлт хэвийн явагдаж эхэлнэ. Шөнө унтдаггүй утсаа оролддог, дуу сонсдог, кино үздэг амьдралын буруу хэвшилтэй хүүхдийн өсөлт саарч байдаг.  
Тиймээс бид хүүхдийн өсөлтөд нөлөөлж болох нэг зүйл нь иог юм байна гэдгийг ойлгож, судалж эхэлсэн. Судалгаанаас иогийн дасгалын үед хүнийг гүн нойронд автуулж, тархи болон даавар ялгаруулдаг булчирхайнуудын үйл ажиллагааг хэвийн явуулж болдгийг мэдэж авсан. Ингээд бид хүүхдийн өсөлтийн иогийн төв нээхэд хүрсэн. Иогийн дасгалын үеэр хүүхэд өдрийн цагаар багахан хэмжээний гүн нойронд автан өсөлтийн дааврыг ялгаруулах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. Тиймээс энэ нь хүүхдийн өсөлт хөгжилд ямар нэгэн эмийн бодис хэрэглэхгүйгээр эрүүл зөв аргаар дэмжиж байгаа эмчилгээ юм. Түүнчлэн бид өсөлтийг иогийн төвд хандаж байгаа хүүхдүүдэд эрүүл зөв хооллолтын талаар тодорхой боловсрол олгохыг зорьдог. Ингэснээрээ тухайн хүүхдийг амьдралын зөв хэв маягтай болгож, биеийн өсөлт хөгжил  хэвийн явахад нөлөөлж байна.  Өсөлтийн даавар нь дан ганц өсөлтөд нөлөөлдөггүй тархинд нөлөөлдөг. Тиймээс тухайн хүүхдийн тархины өсөлт буюу оюун ухааны чадамж нэмэгддэг.
-Монголд анхдагч гэж хэлж болох уу. Энэ төрлийн иог гаднын улс орнуудад хэр их дэлгэрсэн байдаг вэ?
-Монголдоо бол анхдагч. Гадаадын орнуудын хувьд энэ төрлийн иог төдийлөн байдаггүй. Яагаад гэвэл энэ нь судалгааны шатандаа явагдаж байгаа. Бидний хувьд ч мөн адил судалгааны шатандаа явж байгаа. Судалгаагаар эхний нэг сард итгэхээргүй үзүүлэлт гарсан. Бид нэг сараас нэг сар хагасын хугацаанд 8-15 насны 10 хүүхдийг сонгож авсан. Эдгээр хүүхдүүд маань тус бүрдээ 1-1,5 см өссөн үзүүлэлттэй байсан. Мөн тэдгээр хүүхдүүдийн зөвхөн ясны бүтэц өсөхөөс гадна нурууны мурийлт, хазайлт засагдаж эхэлсэн. Тэгэхлээр энэ нь хүүхдийн амьдралын хэв маяг, өсөлт хөгжил, бие эрхтэн гээд бүх зүйлд нь нөлөөлж байгаа юм. Үүнтэй адилхан баруунд амьдралын хэв маягаар эмчилдэг эмчилгээ маш их болж байгаа. Бид өмнө нь эмийн эмчилгээг илүү зөвлөдөг байсан бол одоо үед амьдралын хэв маяг буюу хоол, дасгал хөдөлгөөнөөр нь эмчлэх шинэ хандлага гарч ирж байна. Тэгэхлээр бид үүний нэг төрөл гэж үзэж байгаа.
-Мэдээж дасгалын хувьд томчуудын хийдэг дасгалаас өөр байх. Дасгалын талаар дурдвал...?
-Яг хүүхдэд зориулсан дасгал хөдөлгөөнүүдийг хийлгэдэг.  Манай сургалтын бас нэгэн онцлог бол  хүүхдүүддээ зориулсан стресс менежментийн сургалт ордог. Хүний биед стрессийн даавар ялгардаг. Энэ даавар нь хүний биед хэрэгтэй даавруудын үйл ажиллагааг зогсоож өгдөг. Тиймээс тэр дааврыг ялгаруулахгүй байх үүднээс хүүхдийн стрессийн менежментийг оруулж өгсөн. Хүүхдүүдийн хувьд асар их стресстдэг. Үүнийг аав ээжүүд төдийлөн сайн ойлгодоггүй учраас хүүхдэдээ стрессийг нэмээд байдаг. Хүүхэд гэлтгүй том хүмүүс  ч гэсэн стресс менежментийг хийж байх хэрэгтэй. Иймд стресс менежментийг сургалтдаа оруулж өгснөөр тухайн хүүхэд маань стрессээ хянаж, зохицуулж сурах боломжтой юм.
-Нэг хичээл хэдэн цаг үргэлжилдэг вэ?
-Нэг хичээл 1 цаг 40 минут үргэлжилдэг.
-Эцэг эхчүүд хэр хүлээж авч байгаа вэ. Хэдээс хэдэн насны хүүхдүүд хамрагдах боломжтой вэ?
-Эцэг эхчүүд маань маш дуртай хүлээж авч хүүхдүүдээ явуулдаг. Насны хувьд хүүхдийн биеийн өсөлт 0-8 нас хүртлээ бамбайн даавраар явагддаг бол 8-дээш насанд өсөлтийн даавраар зохицуулагдаж байдаг учир 8 юм уу 10-с дээш насны хүүхдүүдийг авдаг.
-Өсөлтийн иогийн төв хэзээнээс эхэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн вэ. Үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрсөн хавраас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, одоо жил болох гэж байна. Ганцхан салбартай учир зарим хүсэлт явуулсан эцэг эхчүүдийг хамруулж чадахгүй байгаа.  Тиймээс өөр салбараа нээх төлөвлөгөөтэй байна.
Манай төв нь мэргэжлийн эмчтэй хамтран Монголд анх удаа явагдаж байгаа нь онцлог байгаа. Сургалтын хувьд  хүүхдийн хэвийн өсөлт хэрхэн явагддаг вэ, хүүхдийн зөв хооллолт, хүүхдийн стресс менежмент, хүүхдийн хоногийн хэмнэл гэсэн цуврал дөрвөн лекцийг явуулдаг. Үүнээс гадна тухайн  хүүхдэд тохирсон хоолны цэс гаргаж өгдөг байгаа.
-Цаашдын зорилго юу вэ?
-Энэхүү сургалтаа ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулж өгөхийг хүсдэг. Ингэснээрээ хүүхэд багаасаа стрессээ удирдаж сурна. Үүнээс гадна биеийг өсөлт хөгжил саарахгүй эрүүл зөв хоол хүнсийг сонгон хэрэглэдэг амьдралын зөв хэв маягтай болж төлөвших болно. Тиймээс зөвхөн төлбөр төлөөд явж байгаа хүүхэд бус Монгол Улсын бүх хүүхэд багачууд маань амьдралын зөв хэв маягтай, эрүүл чийрэг байх боломжийг олгохыг хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн