Энэтхэгийн эрдэмтэд эрчүүдэд зориулсан жирэмслүүлэхээс хамгаалах тарилга, бэлдмэлийг 13 жилийн турш судалж, клиник туршилтыг амжилттай хэрэгжүүлснээр долоон сарын дараа хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон талаар мэдээлжээ. Энэхүү тарилгыг эр бэлэг эрхтэн орчмын судсанд тарьж хэрэглэх бөгөөд бэлдмэлд агуулагдах “Styrene maleic anhydrine” синтетик нэгдэл нь дур тавих үед эр бэлгийн эсийг төмсөгнөөс гадагшлуулахгүй байх зориулалттай аж.
Энэтхэгийн Анагаах ухааны судалгааны зөвлөлийн эрдэмтэн, доктор Р.С. Шармагийн мэдээлснээр “эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах уг тарилга, бэлдмэлийг гурван шатны клиникийн туршилтаар үр дүнтэй болохыг тогтоосон. Туршилтад нийт 303 эрэгтэй сайн дураараа хамрагдсан. Үр дүнд нь уг бэлдмэл жирэмслэлтээс 97.3 хувийн найдвартай хамгаалж байсан бөгөөд эрүүл мэндийн ямар нэгэн сөрөг нөлөө ажиглагдаагүй” гэсэн байна. Харин 13 жилийн турш уг төсөл дээр ажилласан эрдэмтдийн багийн ахлах доктор Ануп Кумар хэлэхдээ “Ер нь яагаад зөвхөн эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах арга хэмжээг авч байх ёстой гэж. Эмэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах зарим аргууд нь тийм ч найдвартай бус бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Мэдээж эрчүүд үрийн сувгаа боолгох зэргээр жирэмслэлтээс хамгаалах боломжтой. Гэсэн ч ихэнх эрчүүд үүнд тийм ч таатай ханддаггүй. Харин анагаах ухааны энэхүү шинэ нээлт нь дээрх хоёр асуудалд аль алинд нь шийдэл болж чадна” гэжээ.
Одоо зөвхөн Энэтхэгийн Эм эмийн бэлдмэлийн ерөнхий байгууллагаас зөвшөөрөл авснаар жирэмслэлтээс хамгаалах уг шинэ бүтээгдэхүүн худалдаанд нэвтрэх аж. Бичиг зөвшөөрөл олгох бичиг цаас болон хяналтын туршилтын ажилд зургаан сар зарцуулагддаг байна. АНУ-ын эрдэмтэд ч гэсэн үүнтэй ижил төрлийн эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах бүтээгдэхүүн хөгжүүлэх ажлыг олон жилийн турш судалж байгаа билээ.