Нийслэлээс авто зогсоолуудыг нэгдсэн системд оруулахаар болоод байгаа билээ. Энэ тухай Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Чинзоригтой ярилцлаа.
-Нийслэлийн авто зогсоолуудыг нэгдсэн зохион байгуулалттай болгохоор болжээ. Үүнд яг ямар ажил хийхээр төлөвлөсөн байна вэ?
-Авто зогсоол нь хөдөлгөөний ачаалал, түгжрэлд эерэг болон сөргөөр нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг. Хэрэв авто зогсоол зохион байгуулалтгүй, хүрэлцээгүй байвал хөдөлгөөний ачаалал тэр хэрээр нэмэгддэг. Нэг ёсондоо зогсоолгүй үлдсэн жолооч нар зөвшөөрөлгүй газар машинаа байрлуулах эсвэл зогсоол хайж хөдөлгөөнд түгжрэл үүсгэх нөхцөл бүрддэг юм. Улаанбаатар хот зогсоолгүй, зогсоол нь зохион байгуулалтгүй, дүрэм журамгүй байсаар уджээ. Тиймээс л нэгдсэн системийг бий болгож, нэгдсэн хяналттай, удирдлагатай, нэгдсэн төлбөрийн системтэй, стандарттай болгох гэж байгаа юм. Ингэснээр энэ тэнд эзэнгүй газарт машинаа тавиад шахаад зогсчихдог, явган хүний зам дээр гаргаад тавьчихдаг байдлыг цэгцэлж, камерын хяналтад оруулж, зогсоол биш гэдгийг нь тэмдэглэх болно. Хэрэв явган хүний зам дээр машинаа тавих, зогсож болохгүй газарт шахаад тавьчихсан байвал хариуцлага хүлээлгэнэ. Энэ мэт ажлыг зохион байгуулах нь жолоочдыг хариуцлагатай болгох юм.
-Зогсоолд машинаа байрлуулах цаг, төлбөр хэмжээнд өөрчлөлт орсон уу?
-Улаанбаатар хотын авто машины зогсоолыг гурван бүсчлэлээр ангилан хуваасан. Бүсчлэлээрээ төлбөр нь ялгаатай байгаа. Мэдээж нэгдүгээр бүс буюу хотын төв хэсгээр зогсоолын төлбөр их буюу нэг цагийн 2000, хоёр цагийн 4000 төгрөг. Мөн хоёр цагаас дээш хугацаагаар машинаа байрлуулж болохгүй гэж тусгасан байгаа. Хүмүүс үүнийг сонсоод мөнгөө л төлж байвал хэдэн цагаар ч хамаагүй байрлуулж болно гэх байх. Гэхдээ тийм биш. Зогсоол нэгдсэн системд орсон учир нэг машин зогсох хугацаа хязгаартай байх бөгөөд дараагийн жолоочид боломж олгодог байх нь зогсоолын нэгдсэн системийн ач холбогдол. Хэрэв шөнийн цагаар авто зогсоолд машинаа байрлуулах бол 20.00-08.00 цагийн хооронд 500 төгрөг төлөх юм. Ингэснээр авто зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны тусгай журам батлагдаж байгаа. Үүнд зогсоол ямар байх, зогсоолын үйл ажиллагаа бодлогыг хэн удирдах, зогсоолын хяналтын эргүүл ямар хүн байх, машинаа буруу байрлуулсан бол, төлбөрөө төлөөгүй бол ямар хариуцлага хүлээх, орон сууцны хороолол дотор зогсоол ямар байх ёстой гээд бүх зүйлийг стандарттай болгосон байгаа. Бид эхний ээлжинд Их тойруугийн дотор 25000 машины зогсоол бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.
-Авто зогсоолууд зарим нь тасалбараар үйлчилдэг бол өөр нэг нь зүгээр л утас татаад орхичихдог шүү дээ. Тэгэхээр төхөөрөмжийн хувь ямар стандарттай байх ёстой вэ?
-Зогсоолын төлбөрийг апплейкшин, мессеж, тасалбар, бэлэн мөнгө хэлбэрээр авдаг. Харин нэгдсэн системд орсноор апплейкшин, мессежээр төлөх хэлбэр 90 хувьд хүрнэ. Энэхүү нэгдсэн системд зориулж Нийслэлийн мэдээлэл технологийн газраас "ubparking" апплейкшин гаргасан бөгөөд жолооч гэрээсээ гарахдаа хаана зогсоол байгааг хайна. Ингээд сул зогсоолтой газарт ирээд апплейкшинаараа зогсоолын үүдэн дэх QR код уншуулж хэдэн цаг зогсохоо сонгож төлбөрөө хийгээд машинаа байршуулах юм. Төлбөрөө хийхэд зогсоолын ажилтны утсанд тухайн автомашин хэдэн цаг зогсох мессеж ирнэ. Мөн эргүүлийн утсанд машины зогсох хугацаа дууссан, эсвэл хугацаа болохоос өмнө машинаа авсан бол зогсоол чөлөөтэй болсныг мэдэгдсэн мессеж ирдэг болох юм. Хэрэв захиалсан хугацаандаа машинаа аваагүй бол зогсоолын ажилтан дугуйг нь түгжиж, төлбөрөө төлөхөөс нааш гаргахгүй. Энэ бол жолооч нарыг төлбөрөө төлж сургах нэг арга. Торгууль шийтгэл биш. Хэрэв ямарваа нэг машин гарах гарцыг хааж машинаа байрлуулсан бол зогсоолын эргүүл машиныг нь ачуулах үүрэгтэй. Нэг ёсондоо стандартынхаа дагуу машинаа байрлуулсан л бол машин ачуулах айдасгүй болно. Ингэснээр бие биеэн рүүгээ утсаар залгаж бухимддаг, хүлээдэг, фейсбүүкт элдэв юм бичдэг зэрэг асуудал гарахгүй гэсэн үг.
-Зогсоолын нэгдсэн системд оруулснаар ямар үр дүн гарна гэж бодож байгаа бол?
-Зогсоолоос олдог төлбөрийн орлогын 40 хувь нь Авто замын санд, 60 хувь нь зогсоолын үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж, байгууллага авах юм. Авто замын санд орлого орох тусам авто зам засвар арчилгааны мөнгө нэмэгдэж сайжирна гэсэн үг. Мөн нэгдсэн систем бий болсноор зогсоол хайх хугацаа 65 хувиар, зогсоолын сэлгэлт 70 хувиар нэмэгдэж, зогсоолын талбайн 15 хувь нь үргэлж сул байна гэсэн тооцооллыг гаргасан. Түүнчлэн иргэд машинаа ачуулах нь ч багасна.
-Авто зогсоолуудыг стандартын дагуу тохижуулах хөрөнгийг аж ахуй нэгж өөрөө гаргах ёстой юу?
-Зогсоолын үйлчилгээний нэгдсэн үйл ажиллагааг Нийслэлийн өмчийн оролцоот хуулийн итгээд төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд хөрөнгийг санхүүжүүлж гаргахаар төлөвлөсөн байна. Зогсоолыг төр, иргэн, аж ахуй нэгж хамтран ажиллуулах ёстой бөгөөд нэгдсэн систем бий болсноор зогсоолд машинаа буруу байршуулснаас болж нэгдүгээр эгнээг хаадаг, хөгжлийн бэхшээлтэй иргэдийн зогсоолд машинаа байрлуулчихдаг, түгжрэл үүсгэдэг, хүлээлгэдэг гээд маш олон асуудал шийдэгдэх юм.