БНСУ-ын “Е” сувгийн “Topgoal Phapsody” дууны тэмцээнд оролцож солонгосууд болон монголчуудын зүрх сэтгэлийг хөдөлгөсөн дууг эгшиглүүлж, түрүүлсэн Н.Идэрмөнхтэй ярилцлаа.
-Тэмцээндээ амжилттай оролцсон танд баяр хүргэе. Та аль аймагт төрсөн бэ. Солонгост очоод хэр удаж байна, ямар ажил хийж байсан вэ?
-Баярлалаа. Би Баянхонгор аймгийн Баян-овоо суманд аав, ээжийнхээ хамт мал маллаж өссөн хүүхэд. БНСУ-д 2010 онд хөдөлмөрийн гэрээгээр ирж төмөр будганд оруулдаг үйлдвэр, махны үйлдвэр, поспорддог материалын үйлдвэрт ажиллаж байсан юм.
-Анх хүний нутаг очоод хэцүү байв уу?
-Хамгийн хэцүү зүйл нь хайртай бүхнээ санах л юм билээ. Аав, ээж, дүү, нутгаа санадаг байсан. Тийм ч учраас сэтгэл зүйн хувьд гадаадад байдаг монголчууд хэцүү байдаг. Энэ тухайгаа би “Одод ширтэхийг хүсч байна” гэсэн дуугаараа илэрхийлэхийг оролдсон.
-Та ямар төрөл жанрын дуу дуулах дуртай юм бэ?
-Рок баллад төрлийн дуу дуулах дуртай. Гэхдээ орчин үеийнхээ трендийг дагаж өөр, өөр дуу гаргах байх аа.
-Одоо сурч байгаа гэсэн үү?
-БНСУ-ын Сэжүн их сургуульд бизнесийн удирдлага, дуучин гэсэн хоёр мэргэжлийг давхар эзэмшихээр суралцаж байгаа.
-Урлагийн салбарын хамгийн хэцүү зүйл нь юу вэ?
-Урлагийн салбар бусад мэргэжилтэй харьцуулахад нэг удаа сураад болчихдоггүй. Хэсэг хугацаанд хичээллэхгүй орхивол мартагдах учир байнга бэлтгэл хийж, шинийг эрэлхийлж байх хэрэгтэй байдаг. Мөн цаг зав их шаарддаг учраас гэр бүлдээ анхаарч чадахгүй үе ч байна. Түүнчлэн олны хараанд байдаг учраас хэл аманд өртөх, өөрийнхөөрөө хамаагүй байж болохгүй зэрэг бэрхшээлтэй зүйл байдаг гэж бодож байна.
-Хэзээнээс дуучин болохоор шийдэв. Яагаад заавал энэ мэргэжлийг сонгох болсон бэ?
-Би хэн нэгнийг хараад дуучин болохыг хүсээгүй. Яагаад ч юм бэ, багаасаа л дуучин болно гэж боддог байсан. Хэдий манай хамаатан садан эсэргүүцэж байсан ч тууштай хичээсний хүчинд өнөөгийн амжилтыг гаргаад байна. Ер нь дуулах дуртай байгаад дуучин болохгүй. Заавал мэргэшиж, мэргэжил эзэмшиж, сурч байж өсөж дэвшин гэж бодсон учраас сурч эхэлсэн байгаа. Дуу хөгжмөөр дамжуулж, өөрийнхөө бодож явдаг зүйлсийг хүмүүст хүргэж, уриалж, нөлөөлөхийг хүсдэг.
-“Одод ширтэхийг хүсч байна” нэртэй дууныхаа үг аяыг өөрөө зохиосон гэв үү. Ер нь өөрийн зохиосон хэчнээн дуутай вэ. Дуу зохиоход хэр их хугацаа зарцуулдаг бол?
-Манай сургууль улирал болгон оюутнуудын хамтарсан тоглолт хийдэг юм. Түүндээ “Одод ширтэхийг хүсч байна” дууг зохиож дуулсан. Тэгээд багш нар нь намайг дуудаж, бүтээл болгохыг санал болгож, тусалж дэмжсэнээр дуугаа амжилттай гаргаж чадсан. Түүнээс гадна “Чихэр өгдөг эмээ” хүүхдийн дуутай. Удахгүй Монгол хэлээр дуу гаргах гэж байгаа. Ер нь бүтээл болгож, клипжүүлээгүй ч өөрийн зохиосон хэд хэдэн дуу байгаа. Ямар дуу зохиох тухай сэдэв, санаагаа олох гэж уддаг. Түүнээс биш дуугаа бичээд эхэлчих юм бол удахгүй гаргачихдаг шүү. Нутгаа санасан сэтгэлийг харуулсан дуу хийнэ дээ гэж 3-4 жил бодож явсаар өнгөрсөн жил “Одод ширтэхийг хүсч байна” гэсэн дуугаа гаргасан. Гэхдээ би мэргэжлийн хөгжмийн зохиолч шиг биш л дээ. Өөрийнхөө мэдрэмжид суурилж хийгээд онолын түвшин ажилладаг юм.
-“Е” сувгийн “Topgoal Rhapsody” дууны тэмцээнд орохоос өмнө өөр тэмцээнд амжилттай оролцсон гэсэн. Хэчнээн тэмцээнд ямар амжилт үзүүлэв?
-Том, жижиг олон тэмцээнд орсон. Солонгос дахь гадаад иргэдийн дунд зохиогддог фестивальд 2012, 2014 онд оролцож, финальд үлдэж, тусгай байрын шагнал авч байсан. Мөн “Орон даяарх дууны гайхамшиг” гэсэн нэртэй 30-40 жил тасралтгүй зохиогдож байгаа дууны тэмцээнд орж, 700 хүнээс гуравдугаар байранд орж байсан.
-“Topgoal Rhapsody” дууны тэмцээнд өөр орны хүмүүс оролцсон байсан. Аль аль улсын иргэд байв?
-Солонгосоос гадна Филиппин, Хятад, Чили, Америкийн хоёр оролцогч өрсөлдсөн.
-Та “Topgoal Rhapsody” дууны тэмцээнд түрүүлнэ гэсэн төсөөлөлтэй байв уу?
-Анх түрүүлнэ гэж бодоогүй. Том тэмцээнд оролцож байгаа учир дуугаа л сайн дуулж, уран бүтээлтэй үлдэе гэж тэмүүлсэн юм. Гэхдээ хичээл зүтгэл гаргасны хариуд амжилттай оролцсондоо баяртай байгаа.
-Солонгосчуудыг урлагийн салбартаа их анхаардаг гэж хүмүүс ярьдаг. Та Монгол, Солонгос хоёр улсын урлагт хандах хандлага, бодлого ямар байдаг гэж хардаг вэ?
-Монгол болон Солонгос улсын урлагт хандах бодлого, хандлага маш их ялгаатай. Солонгост суваг болгон хөгжмийн цагтай, к-поптой холбоотой хөгжмийн нэвтрүүлэг, маш олон хөгжмийн энтертайнментай. Миний орсон “Topgoal Rhapsody” тэмцээн гэхэд хуучны дууг дэлхий дахинд түгээх зорилготой төслийн хүрээнд болсон юм. Тэр ч утгаараа миний дуулсан “Чиний төлөө” дуу солонгосчуудад хүрч чадсан. Энтертаймент нь дуучдынхаа бүх зүйлийг хангаж, хийж өгдөг. Харин Монголд уран бүтээлчид нь өөрсдөө л бүх зүйлээ хийдэг шүү дээ. Хэрэв бодлогоор дэмжээд өгвөл манайх шиг өвөрмөц өв, соёл, уламжлал, хаана ч байхгүй урлагийн төрөл зүйлдээ орон ази байтугай, дэлхийд танигдаж чадна гэж боддог.
-Та гэр бүлийнхээ тухайгаа ярьж болох уу. Эхнэртэйгээ яаж танилцаж байв?
-Бид нэг хүүтэй. Эхнэр минь монгол хүн. 2012 оны сүүлээр танилцаж, найзууд байж байгаад үерхэж, гэрлэсэн дээ.
-Урлаг таныг сайн аав, сайн ханийн үүргээ биелүүлэхэд нөлөөлж байна уу?
-Эхнэр, хүүхэддээ цаг зав гаргах хугацаа бага л байна. Гэхдээ манай эхнэр урлагт хайртай хүн учраас намайг хүсэл мөрөөдөлдөө хүрээсэй гэж надаас ч илүү хүсч дэмжиж, урам өгдөг. Би шинэ уран бүтээл хийгээд заавал эхнэртээ сонсгодог. Урлагийн өндөр мэдрэмжтэй, гэгээлэг хүн.
-Цаашдынхаа зорилгыг хуваалцана уу?
-Цаашдаа олон чанартай уран бүтээлийг гаргахыг хүсч байна. Хүмүүст эерэг нөлөө үзүүлэхийг хүсдэг. Цомгийнхоо ажилд орсон байгаа.