Open iToim app
Зочин | 6 мин уншина

Г.Батсүх: Хоббигоороо 30 орчим өндөр ууланд авирч, 200 мянган байгалийн зураг дарсан байна

Г.Батсүх: Хоббигоороо 30 орчим өндөр ууланд авирч, 200 мянган байгалийн зураг дарсан байна
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 25
Хоббигоо ажил болгож, мэргэжлээ сольсон эрхмийг онцолж байна.  Энэ бол өндөр ууланд авирч, байгалийн гэрэл зураг дардаг монголын хуруу дарам гэрэл зурагчны нэг Г.Батсүх юм. Уг мэргэжил нь график дизайнер мөн хээ зураач, барималчнаар ажиллаж байсан.  Тэрээр гурван жилийн өмнөөс байгалийн гэрэл зураг сонирхож эхэлсэн нь түүнийг өндөр ууланд авирах, уулчин, өндөр уулын хөтөч  болох эхлэлийг тавьжээ.
-Таныг барималчин, хээ зураач, график дизайнер зэргээр ажиллаж байсан гэж сонссон. Өөрийнхөө мэргэжлийг орхиод, ууланд авирч, зураг авахын юу нь сайхан байдаг вэ?
-Би ууланд 2016 оноос хойш авирч байна. Миний үндсэн мэргэжил бол график дизайнер. Тухайн чиглэлээр компанитай ч байсан. Ер нь багаасаа олон зүйлийг сонирхдог байлаа. Гэхдээ сүүлийн хэдэн жил байгалийн гэрэл зураг авах сонирхолдоо нэлээд тууштай зүтгэж байна. Одоо бол байгалийн гэрэл зурагчин, бас өндөр уулын хөтөч. Тэгээд гэрэл зургийн худалдаа эрхэлж, амьдарч байна гэсэн үг. Клубтээ анх ороод уулчдыг даган, олсонд нь ороод, зургаа дараад л явдаг байсан. Анх оффисын ажлаас залхаад,  ганцаараа, эсвэл цөөн хэдэн найзуудтайгаа аялж эхэлсэн юм. Хамгийн анх  4000 метрийн өндөрт  байрлах Сутай  хайрхан руу техникийн замаар нь  ганцаараа юу ч мэдэхгүй алхаж байв.
Бусад спортыг бодвол огцом энерги шаардахгүй. Уул руу  зугуухнаар л  явна.  Маш тайван байж тухайн уул руу гардаг. Дээшээ алхах хугацаандаа бүх бодлоо цэгцлээд, өөртэйгөө их цагийг өнгөрөөнө. Учир нь бид дунджаар өндөр уул руу 14 хоногийн турш өдөрт 10 орчим цаг тасралтгүй алхсаны эцэст гардаг. Тэгээд ч тэр үү, уур бухимдалгүй болно. Анхаарал маш сайн төвлөрнө, хариуцлага нэмэгдэнэ. Бүх зүйл дээр болгоомжтой ханддаг болно. Мөн сул цагийг их ашигладаг болчихдог. Жишээлбэл, хагас бүтэн сайн өдрийг илүү ир ашигтай өнгөрөөхийг зорино. Бие организмын хувьд тэсвэр тэвчээртэй болно. Хоолны хэвшил дээр ч гэсэн өөрчлөгдөж ирнэ. Бусад бие эрхтний хувь хөл, уушги, зүрхний үйл ажиллагаа  сайжирдаг шүү.
-Танд зургийг нь дарах дуртай уул ч юм уу, эсвэл байгалийн үзэгдэл гэж бий юу?
-Би үүлэнд их  дуртай. Үүл байж байгаад гэнэт цэлмэнгүүт өндөр уулын оройнуудын хэсэг бүр нь өөр, өөр харагддаг. Яг тэр агшны зургийг дарах мэдрэмж бол “супер”. Үүлэн дундаас хүсэж байсан оргил цухуйгаад гараад ирвэл сэтгэл их хөдөлнө. Ер нь тэхдээ байгаль цаг агаараас шалтгаалаад байгалийн гэрэл зураг хэзээ ч давтагддаггүй. Би одоо нэг ууланд 20 удаа очлоо гэхэд очих болгонд өөр, өөр зураг гардаг.
undefined
-Зорьж буй уулынхаа оргил дээр гарахаар ямар мэдрэмж төрдөг вэ, мөн гурван жилийн хугацаанд хэчнээн уулаар авирч, хэд орчим гэрэл зураг дарсан бэ?
-Оргил дээр очихоор яг үнэндээ их  хоосон мэдрэмж төрдөг. Оргил дээр бүх зүйл хоосон болдог.  Юу ч бодогдохгүй болно. Өндөр уулаар нь тооцвол 30 орчим уулын оргилд гарсан байх. Харин гэрэл зургийн хувьд одоогоор 200 000 орчим бий. Үүнээс  чанартайг нь түүвэл 100 000 орчим. Харин бусдад гаргасан нь  1000 хүрэхгүй зураг бий. Тэгэхээр нэлээд явалт ихтэй, мэдрэмж их шаарддаг. Тухайн цаг агаарын байдалтай уялдаа холбоотой. Бусад гэрэл зургийн хажууд бол хамгийн хэцүү төрөл.
-Хэцүү л байна гээд хаяад өөр зүйл хийж болоогүй юм уу, бас эрсдэлтэй шүү дээ. Та юунд хүрэхийг зорьж байна вэ?
-Ууланд авирч байхад буцах уу,  яагаад гарчихав аа гэсэн бодол толгойд орж ирдэг. Өндрийн даралтад ороод ирэхээр нойр хүрэх тохиолдол их гарна. Тиймээс ядарна, нозоорно. Тэндээ хэвтээд унтчихмаар ч юм шиг санагдана. Гэхдээ тэрийг давж байж ууланд авирдаг.  Байгалийн хүчин зүйлд дасан зохицож, бие организмаа ялан дийлнэ гэсэн үг. Би түрүүнд хэлсэн дээ, бууж ирэхдээ маш их тайвшралыг мэдэрдэг гэж. Тийм учраас гэртээ ирээд хамгийн ихдээ 7 хоночхоод буцаад л ууландаа гардаг. Хүн  ер нь  хамгийн хэцүү зүйлд бүр илүү дурладаг юм билээ. Хэцүү байна гээд шантрахаасаа урьтаж улам л зүтгээд байдаг. Хэцүү байна гээд орхиж байсан хүнийг би харж байгаагүй. Зарим уул руу нэлээн хэд зүтгэж байгаад нэг л удаа гарч байсан тохиолдол бий. Яг тэр үед гэнэтийн шагнал авч байгаа юм шиг мэдрэмж төрнө. Сэтгэл их хөдөлдөг.
-Ууланд авирч, гэрэл зураг дарна гэдэг үнэхээр эрсдэлтэй хобби юм шиг санагдаж байна. Танд гэмтэж бэртэж байсан тохиолдол бий юу?
-Эрсдэлтэй зам сонгох уу эсвэл эрсдэл багатай  зам сонгох уу гэдгээс их зүйл хамаарна.  Хэрвээ  эрсдэлтэй зам сонговол минут тутамд үхлийн аюул тулгарна. Буруу гишгэхэд л гэмтэнэ. Харин эрсдэл багатай  зам сонгож байвал харьцангуй дээр. Гэхдээ цаг агаарын давагдашгүй хүчин зүйл, ялангуяа мөсний гулгалт бол  байнгын байдаг. Тэгэхээр ерөнхийдөө эрсдэл өндөртэй ангилалд орно. Маш хэцүү.  Ялангуяа өвлийн цагт цас, мөс хоёр хэзээ ч чулуун дээр тогтдоггүй. Уулын чичиргээнээс шалтгаалж байнгын хөдөлгөөнтэй байна. Цав цагаан цасан дээр явж байгаад “пүд” хийгээд орчих магадлалтай. Хоёр жилийн өмнө нь 5300 метрийн өндөр дээр хоолгүй яваад ухаан алдаж байсан юм. Өндөр уул чинь хүнийг хоолны дуршилгүй болгодог. Ер нь төдийлөн гэмтэж бэртэж байгаагүй.
-Ууланд авирах нь бусад спортыг бодвол  ямар онцлогтой вэ?  
-Ууланд авирснаар хүн  эрүүл байна. Тухайн уул руу авирахын тулд 14 хоногийн турш, нэг өдөрт 20 гаруй км, 10 гаруй цаг алхдаг. Эхэндээ бол их хэцүү байдаг. Мөнх цастай ууланд авирлаа гэхэд шөнө нь  нэг, хоёр цагийн үед босож алхана. Учир нь шөнө цас чинь хүйтэн, хөлдүү байна. Эхлээд бүгдээрээ халуун зүйл ууна. Тэгээд өмнөх орой нь бэлдсэн багаж хэрэгслүүдээ өмсөнө. Цүнхэн дэх ачаануудаа бэлдэнэ, олс, салхины куртик, өдөр куртик, камер, майхан сав гээд ойролцоогоор 14, 15 кг цүнх үүрч явна. Нэлээн хүнд ачаатай гэсэн үг. Бүгд бэлдэж дуусаад цас руу орохын өмнөх хүртэл нэгнийгээ хамгаалахгүйгээр дарааллаараа явна. Тэгээд цас руу ороод олсонд орсон тохиолдолд багаж хэрэгслүүдээ зүүгээд, авиралт эхэлж байгаа юм. Мөн өөрийн мэдлэг нэлээд шаардагдана. Наад зах нь олсны зангилаа, цас нурлаа гэхэд хэдий үед өөрийгөө хамгаалах уу, ангалд орлоо гэхэд тухайн хүнээ яаж аврах уу, тэр ажиллагаанд нь мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгээд дараагийн өдөр нь ахиад кемпээ ахиулж барьчхаад, бууж ирээд хүчилтөрөгчөө авна. Дээшээ өндөр болох тусам, хүчилтөрөгч сийрэгжээд, даралт ихтэй болдог.
-Нэг өдөр 10 гаруй цаг алхдаг гэж та хэллээ. Ийм удаан алхахаар яг юу бодогддог вэ, бас уулнаас уруудах, өгсөх хоёрын аль амархан бэ?
-Харин ч нэг их зүйл бодогдоно доо. Зам ч бодогдоно, гэр ч бодогдоно. Буцмаар ч санагдана. Янз бүрийн л юм бодно.  Ер нь юм бодож л алхахгүй бол цаг өнгөрөхгүй. Цаашид хийх зүйлээ л төлөвлөнө. Байгалийн гоё үзэгдэл, агшин хором хайна. Тасралтгүй алхаад байвал яваад л байна. Алхах бол хэцүү биш. Ажиллах  тусам хөл чинь яваад байдаг. Эсрэгээрээ суух тусам хөл хөдлөхгүй болдог.
Уруудах ер нь хэцүү. Уруудах би ер нь их дургүй шүү. Аягүй удаан, нэлээд асуудалтай. Хүн чинь ямар нэгэн зүйл авирч гарахын тулд барьсан газраасаа зүүгдээд, дээшээ бол их хурдан гардаг. Харин буухад  анхаарал суларчихсан, хөл тэнцвэргүй болчихдог тул нэг л халтирвал гулгах гээд байдаг талтай.
-Ууланд авирахад байнгын бэлтгэл сургуулилалт шаардлагатай байх. Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Богд уул руу хоёр дахь, дөрөв дэх бүр гардаг. Богд руу гараад буугаад ирэхэд ойролцоогоор нэг цаг болно. Гэртээ ирээд хоёр, гурав хоночхоод ахиад ууланд гардаг болохоор ер нь бол тасралтгүй бэлтгэлтэй байдаг.
-Ууланд авирна гэж боддог ч зориг нь хүрдэггүй тийм хүмүүст хандаад та юу гэж хэлэх вэ?
-Эхэндээ бүх зүйл хэцүү байдаг. Гэвч дасаад, дурлаад ирэх юм бол юм бүхэн амархан болно. Одоо миний хувьд бол ууланд авирахгүйгээр, аялахгүй амьдарч чадахгүй. Энэ нэг талаасаа миний хобби ч, нөгөө талаасаа миний хувьд амьдралын маань маш чухал зүйл. Тиймээс хэрвээ сонирхож, уул руу алхаад үзээрэй. Ямар мэдрэмж төрдөг вэ гэдгийг илүү их мэдэрнэ. Гэхдээ  уул руу авирлаа гээд, оргил дээр гарлаа гээд ямар ч зүйлийг олж авахгүй. Зүгээр л өөрийгөө илүү ойлгож, амьдралыг их сайхнаар хардаг болно. Мөн эрүүл байна.  Ууланд алхаж буй хүмүүсийг харвал хөгшин залуу, янз бүрийн хүмүүс байдаг. Тэд  олонтой харьцаж сурдаг, бас илүү нийтэч болдог.   Нэг нэгнээ хүндэлнэ. Нэг нь ядарч байвал нөгөө дэх нь  цүнхийг нь үүрээд явах жишээний.
-Ярилцсанд баярлалаа.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн