Open iToim app
Таны сонорт | 4 мин уншина

Н.Номин: Ногдол ашиг хуваарилахад иргэдийн 1072 хувьцаанаас хасалт хийхгүй

Н.Номин: Ногдол ашиг хуваарилахад иргэдийн 1072 хувьцаанаас хасалт хийхгүй
Нийтэлсэн 2020 оны 4 сарын 10
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн жил нэг их наяд төгрөгийн ашигтай ажилласнаа зарласан. Тус компани 1072 хувьцаа эзэмшигчиддээ тавдугаар сарын 1-нээс ногдол ашгаа тараахаа мэдэгдсэн юм. Ингэхдээ нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлж бөгөөд 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөгийн ашиг хуваарилна. Ногдол ашиг тараах болсонтой холбоотой зарим асуултуудад "1072 хувьцаа мэдээллийн төв"-ийн мэргэжилтэн Н.Номингоос тодрууллаа.
-Одоогийн байдлаар хэдэн хүн 1072 хувьцааны данс нээсэн байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар хоёр сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна. Дансаа хараахан нээлгээгүй иргэд онлайнаар болон үнэт цаасны компани дээр очиж, нээлгэж болно.  Онлайнаар данс нээх боломжтой 11 брокер диллерийн компани байгаа.
Иргэд хувьцааны дансаа давхардуулж нээлгэж байгаа тул дансаа нээлгэхээсээ өмнө хувьцааны данстай эсэхээ хамгийн эхэнд шалгахыг зөвлөж байна. Хувьцааны данстай эсэхээ 18001072 утсанд хандах, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн сайт болох  https://www.schcd.mn/ -д хандаж, регистрийн дугаараа оруулан харах боломжтой. Мөн ETT аппликейшныг утсандаа татан авч, ногдол ашиг болон хувьцааны тоогоо харах боломжтой.
-"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг НӨАТ-ын буцаан олголттой хамт өгнө гэж ярьж байгаа энэ талаар мэдээлэл өгнө үү?
-НӨАТ-ын буцаан олголттой хамт өгөх асуудал яригдаж байгаа. Одоогийн байдлаар батлагдаагүй байгаа учир энэ талаар мэдээлэл бага байна.
-2012 оны дөрөвдүгээр сараас хойш нас барсан хүмүүсийн ногдол ашгийг өгнө. Тэдгээр иргэдийн ногдол ашгийг гэр бүлийнхэн нь ямар замаар өвлөн авах ёстой вэ?
-Иргэд эхлээд хувьцааны олголтын талаар мэдээлэл авах хэрэгтэй. Одоогоор хувьцаа биш ногдол ашиг олгож байгаа. Хувьцааг 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нд 536, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нд 536 гээд 1072 хувьцааг хоёр хувааж өгч байсан. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөр таслан түүнээс өмнө төрсөн, тухайн үед амьдарч байсан иргэний бүртгэлд хамрагдсан 2 сая 900 мянган иргэнд хувьцааг олгож байсан. Харин 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс хойш төрсөн хүүхдүүд огт хувьцаагүй байгаа. Учир нь олголтоос хойш төрсөн учраас хувьцаагүй байна гэсэн үг.
Иргэд ихэвчлэн 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө нас барсан хүмүүс хувьтай юу гэж асуудаг. Тэдгээр хүмүүст хувьцаа байхгүй. 
Харин энэ оны тавдугаар сарын 1-нээс ногдол ашиг олгох  гэж байгаа. Ногдол ашиг гэдэг нь тухайн хувьцааг эзэмшиж байгаа хүмүүст компанийн ашгаас тараах юм. Энэ нь ямар нэг хувьцааны тоо ширхгээс хасагдахгүй. Тухайн хүнд хэдэн ширхэг хувьцаа байна түүндээ ногдох ногдол ашгаа аваад явах юм.
Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад өвлүүлэх, бэлэглэх тухай шинэчилсэн журмын дагуу 1072 хувьцаа нээлттэй болсон тохиолдолд тухайн гэр бүлийн гишүүн өмчлөх эрхийг нь авна. Тухайн үед үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр холбогдох материалыг бүрдүүлж, очоод авч болно.  Компани нээлттэй болсон тохиолдолд бэлэглэх болон өвлүүлэх эрх нь нээгдэнэ гэсэн үг юм. Одоо хувьцаа амилаагүй, хаалттай байгаа болохоор өв залгамжлах эрх нээгдээгүй байгаа. Монголын хөрөнгийн зах зээлд манай хувьцаа арилжаалагдаад эхэлсэн үед нас барсан иргэний хувьцааг шилжүүлэх эрх үүснэ. Тухайн хүний хувьцаа нь алга болохгүй, ногдол ашиг нь гэр бүлийн гишүүн, үр хүүхдүүдэд нь өвлөгдөнө.
-Насанд хүрээгүй хүүхэд хэрхэн ногдол ашгаа авах вэ?
-1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэд эзэмшдэг. Харин дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхэд хувьцаа эзэмшдэггүй буюу данс нээлгэх шаардлагагүй.
Насанд хүрээгүй хүүхдийн ногдол ашгийг авахын тулд нэгд хувьцааны дансыг нь брокер диллерийн компани дээр үүсгэнэ. Хоёрдугаарт тухайн хүүхдийн 20 мянган төгрөг авдаг банкны дансыг нь холбуулан ногдол ашгийг нь авах боломжтой.
Хувьцаа эзэмшиж байгаа насанд хүрээгүй хүүхдийн дансыг нээлгэхдээ заавал өөрийнх нь регистрийн дугаар дээр нээдэг байгаа.
-Хувьцааны тоо, ширхэг зөрүүтэй тохиолдлууд гарч байгаа. Яагаад зөрүүтэй байгаа вэ?
-"Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашгаа тараах болсноо зарласнаас хойш цахим орчинд болон 18001072 утсанд ирж буй нийт дуудлагын 40 хувийг хувьцааны тоо ширхэгтэй холбоотой мэдээлэл авах хүсэлтэй иргэд хандаж байгаа. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд 2011 онд оюутны сургалтын төлбөр /500 мянган төгрөг хүртэл/, 2012 онд оюутны сургалтын төлбөр /491 мянга 960 төгрөг хүртэл/, 2011 онд эрүүл мэндийн даатгал /8,040 төгрөг хүртэл/, Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр, 2016 онд Сайн хувьцаа /100 мянгаас-300 мянган төгрөг/ гэсэн 5 төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдана.
-1072 хувьцааг худалдан авах, зарах боломжтой юу?
-Сошиалд 1072 хувьцааг худалдаж авна, зарна гэсэн маш их мэдээллүүд явж байна. Эдгээр мэдээлэл нь худал мэдээлэл юм. Хөрөнгийн бирж дээр хувьцаа албан ёсоор арилжаанд гаргах ёстой. Иргэн аль ч компанийн хувьцааг брокер дилерийн компаниар дамжуулан арилжих болон худалдан авах эрхтэй. Тэгэхээр иргэд өөрийн хувьцаагаа арилжихын тулд заавал брокер дилерээр дамжуулан Монголын хөрөнгийн бирж дээр гарсан хувьцааг авах болон зарах боломжтой. Тийм учраас 1072 хувьцаа нь арилжаанд гараагүй хувьцаа учраас хэн нэгэнд борлуулан зарах боломжгүй. Иймд иргэд сошиалд явж байгаа худал мэдээлэлд бүү итгээрэй гэж анхааруулмаар байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн