18:00 цаг: Нийт саналын хуудасны 86 хувийг тооллоо.
Нэр дэвшигчдийн элокторал саналын тоонд өөрчлөлт ороогүй бөгөөд Доналд Трамп 213:238 Жой Байден гэсэн харьцаатай үргэлжилж байна. Цагаан ордны өнөөгийн тэргүүн 66 сая сонгогчийн санал авсан бол Ардчилсан намын нэр дэвшигч 67.9 сая санал авчээ.
-Пеньсилван (20) мужийн санал тооллого 78 хувьтай үргэлжилж байна. Доналд Трамп 55.7 хувь буюу 2.96 сая санал авсан байдалтай тэргүүлж байгаа бол Жой Байден 43.1 хувийн санал буюу 2.29 сая санал аваад байна.
-Мичиган (16) мужийн санал тооллого 82 хувьтай үргэлжилж байна. Доналд Трамп 51.7 хувь буюу 2.24 сая санал авсан байдалтай тэргүүлж байгаа бол Жой Байден 46.7 хувийн санал буюу 2 сая санал аваад байна.
-Жоржиа (16) мужийн санал тооллого 99 хувьтай үргэлжилж байна. Доналд Трамп 50.5 хувь буюу 2.38 сая санал авсан байдалтай тэргүүлж байгаа бол Жой Байден 48.3 хувийн санал буюу 2.27 сая санал аваад байна.
-Аляска (3) мужийн санал тооллого 38 хувьтай үргэлжилж байна. Доналд Трамп 61.4 хувь буюу 81 мянган санал авсан байдалтай тэргүүлж байгаа бол Жой Байден 34.7 хувийн санал буюу 45 мянган санал аваад байна.
-Висконсин (10) мужийн санал тооллого 99 хувьтай үргэлжилж байна. Жой Байден 49.4 хувь буюу 1.58 сая санал авсан байдалтай тэргүүлж эхэлсэн бол Доналд Трамп 49.1 хувийн санал буюу 1.57 сая санал аваад байна.
-Невада (6) мужийн санал тооллого 89 хувьтай үргэлжилж байна. Жой Байден 50 хувь буюу 553 мянган санал авсан байдалтай тэргүүлж байгаа бол Доналд Трамп 47.9 хувийн санал буюу 530 мянган санал аваад байна.
-Мөн АНУ-ын зүүн эргийн Хойд Каролина (15) мужийн санал тооллого дуусаж Доналд Трамп 50.1 хувиар ялалт байгуулсан ч тус мужийн 15 төлөөлөгч хараахан саналаа өгөөгүй байгаа юм. Үүнээс гадна Мэн (4) мужийн нийт дөрвөн төлөөлөгчийн 3 нь Жой Байденд саналаа өгөөд байгаа ч нэг элеторал коллеги аль нэг нэр дэвшигчид саналаа өгөөгүй байна.
Хэрэв нэр дэвшигчид тэргүүлж байгаа мужууддаа ялалт байгуулсан тохиолдолд нийт электорал саналын тоо Доналд Трамп 284(±1): 255(±1) Жой Байден харьцаатай болж Цагаан ордны өнөөгийн тэргүүн ялалт байгуулахаар байна.
АНУ-ын 2020 оны сонгуульд нийт бүртгэгдсэн сонгуулийн насны 239.247.182 иргэний 65-68 хувь буюу 157-165 сая сонгогч саналаа өгсөн гэх урьдчилсан тооцоо гарчээ. Нэр дэвшчидэд санал өгсөн сонгогчдын насны бүтцийн хувьд 18-29 насны иргэдийн 62 хувь нь Байден, 35 хувь нь Трамп, 30-44 насны иргэдийн 52 хувь нь Байден, 45 хувь нь Трамп, 45-65 насны иргэдийн 50 хувь нь Байден, 49 хувь нь Трамп, 65-аас дээш насны иргэдийн 51 хувь нь Трампын төлөө, 48 хувь нь Байдены төлөө тус тус саналаа өгсөн байна. Харин гарал угсааны хувьд цагаан арьст иргэдийн 57 хувь нь Трамп, 42 хувь нь Байден, африк-америк гаралтай иргэдийн 87 хувь нь Байден, 12 хувь нь Трамп, латин-америк гаралтай иргэдийн 66 хувь нь Байден, 32 хувь нь Трамп, ази-америк гаралтай иргэдийн 63 хувь нь Байденд, 31 хувь нь Трампын төлөө тус тус саналаа өгчээ.
16:00 цаг: Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамп сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор мэдээлэл өглөө.
Тэрээр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр “Надад болон Бүгд найрамдах намд саналаа өгсөн сая, сая америкуудад талархал илэрхийлье. Бид нүсэр хэмжээний ялалтын баяр тэмдэглэхэд бэлэн боллоо. Сонгуулийн үр дүн үнэхээр гайхалтай байлаа. Америкийн ард түмэн бидний сүүлийн дөрвөн жилд гаргасан амжилт болон цаашдын сайн сайхан амьдралынхаа төлөө саналаа өглөө.
Бид төсөөлж байгаагүй мужууддаа ялалт байгууллаа. Хойд Каролинад өрсөлдөгч маань биднийг ялах боломжгүй боллоо. Саяхан нэг хүн бараг ялалтаа зарлачихлаа. Харамсалтай нь санал тоолох процесс үргэлжилж байгаа мужуудад биднийг ялах ямар ч боломж үлдсэнгүй. Магадгүй маргааш сонгуулийн үр дүн тодорхой болно. Бид нар өрсөлдөгчөө гүйцэж ялах боломжтой гэж ярьжээ. Тэгвэл бид нарт тэгэх шаардлага байхгүй. Бид угаасаа үлдсэн мужуудыг авсан. Зөвхөн Аризонад л өрсөлдөгчид маань ялах боломж байна. Гэхдээ хамгийн чухал нь бид Пеньселванд үнэмлэхүй тэргүүлж явна. 690 мянган санал гээд бодоод үз. Бид Пеньселванд 690 мянган саналаар тэргүүлж байна. Пеньсилванчууд Ерөнхийлөгчөө сонгочихсон. Би Мичиганы санал тооллогын дүнг хараад гайхсан. Ямар их санал аваа вэ гэж бодсон. Бараг 300 мянган санал илүү байна. Висконсинд ч бид ялж явна. Гэхдээ бид нар заавал бүгдэд нь ялах албагүй. Учир нь өрсөлдөгчид маань өөрсдийгөө ялна гэдэгтээ ч итгэхгүй байгаа.
Өрсөлдөгчид маань сонгууль будлиантуулж, АНУ-ын хуульд заналхийлэхийг төрөл бүрээр оролдсон. Тиймээс бид энэ сонгуульд заавал ялах ёстой байсан. Хоржоонтой нь бид ялчихлаа. Одоо бидэнд АНУ-ыг илүү сайхан улс болгон хөгжүүлэх зорилго үлдэж байна. Энэ бол маш чухал мөч. Бид яллаа. Намайг болон Бүгд найрамдах намыг дэмжсэн бүх хүнд баярлалаа” гэсэн юм.
Цагаан ордны өнөөгийн тэргүүн одоогийн байдлаар нийт сонгогчдоос 65.2 сая санал авч, 213 электорал санал цуглуулаад байна. Тэрээр санал тооллого дууссан Хойд Каролина (16) мужид 50.1 хувиар ялалт байгуулсан. Тэгвэл санал тооллого хараахан дуусаагүй байгаа Пенсильванд 56.1 хувь, Мичиганд 53.1 хувь, Висконсинд 51.3 хувь, Жоржиад 50.7 хувь, Аляскад 60.6 хувийн саналаар тэргүүлж байна.
Харин Ардчилсан намын нэр дэвшигч Жой Байден нийт сонгогчдоос 66.8 сая санал авч, 236 электорал санал цуглуулаад байгаа юм. Тэрээр Аризона мужийн 11 төлөөлөгчийн саналыг авсан бөгөөд санал тооллого дуусаагүй байгаа Невада мужид 50.3 хувийн саналаар тэргүүлж байна.
14:30 цаг: Нийт саналын хуудасны 81 хувийг тоолоод байна. Нэр дэвшигчид санал хураалт эхэлснээс хойш анхны мэдэгдлүүдээ хийлээ.
Тухайлбал, Цагаан ордны өнөөгийн тэргүүн Доналд Трамп өөрийн твиттер хаягаар дамжуулан “Би өнөө орой мэдэгдэл хийх болно. Том ялалт!” гэсэн юм.
Харин Ардчилсан намын нэр дэвшигч Делавэр мужийн Уиллингтон хотоос “Одоогоор ялагч тодроогүй байна. Сонгуулийн үр дүн маргааш эсвэл хэд хоногийн дараа тодорхой болно. Бид сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Санал тоолох ажиллагаа үргэлжилж буй тул тэвчээртэй бай” гэсэн юм.
Түрүүлж 270 электорал санал авсан нэр дэвшигч ялалт байгуулна
13:00 цаг: Нийт саналын хуудасны 81 хувийг тоолоод байна. Доналд Трамп 174:223 Жой Байден. Одоогоор Трамп 96 Байден 47 электорал санал цуглуулах шаардлагатай.
Доналд Трамп: Флорида (29), Огайо (18), Юта (6), Айова (6), Монтана (3), Хойд Дакота (3) мужид ялалт байгуулснаар тэрээр 174 электорал санал цуглууллаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийнхээ төлөө өрсөлдөж байгаа Доналд Трамп одоогоор санал тоолох процесс дуусаад байгаа Техас (38), Жоржиа (16) болон Хойд Каролина (15) мужуудад 50-аас дээш хувийн санал авснаар ялалт байгуулах нь тодорхой болоод байгаа юм. Хэрэв тэрээр ялалт байгуулах нь тодорхой болсон энэхүү мужуудын төлөөлөгчдийн саналыг цуглуулж чадсан тохиолдолд нийт 240 электорал саналтай болох юм.
Жой Байден: Ардчилсан намын нэр дэвшигч нэмж Хавай (4) мужид ялалт байгуулснаар 213 электорал санал цуглуулаад байна. Тэрээр одоогийн байдлаар Аризона (11) болон Мэн (4) мужийн сонгогчдын 50-аас дээш хувийн санал авснаар ялалт байгуулах нь тодорхой болоод байгаа юм. Хэрэв Байден эдгээр мужийн төлөөлөгчдийн саналыг цуглуулсан тохиолдолд нийт 228 электорал саналтай болох юм.
Санал тооллого дуусаагүй мужууд: Одоогийн байдлаар Аласка (3) мужийн санал тооллогын үр дүнг огт мэдээлээгүй байна. Харин Невада (6) мужийн санал тооллогын үр дүн Доналд Трамп илүүрхсэн байдалтай үргэлжилж байна. Мөн Пенсильван (20), Мичиган (16), Висконсин (10) мужуудад санал тоолох процесс дуусахад ойрхон ирээд байгаа бөгөөд эх сурвалжууд Цагаан ордны өнөөгийн тэргүүн эдгээр гурван мужид ялалт байгуулах нь бараг тодорхой боллоо гэж мэдээлсэн юм. Хэрэв Доналд Трамп энэхүү гурван мужийн төлөөлөгчдийн саналыг цуглуулж чадсан тохиолдолд 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах юм. Харин Ардчилсан намын нэр дэвшигчийн хувьд нөхцөл байдал тааруу болж ирсэн бөгөөд түүний сонгуулийн камнапит ажлын баг тун удахгүй Жой Байден өөрийн биеэр ард түмэндээ хандан мэдээлэл хийнэ гэж мэдэгдээд байна.
12:00 цаг: Нийт саналын хуудасны 60 хувийг тоолоод байна. Доналд Трамп 112: 209 Жой Байден
Доналд Трамп: АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Миссури (10). Канзас (6), Айдахо (4) болон Вайоминг (3) мужид ялалт байгуулснаар 112 электорал санал цуглуулаад байна. Тэрээр Висконсин (10), Мичиган (16), Огайо (18), Хойд Каролина (15), Жоржиа (16) болон Юта (6) мужид 50 хувиас дээш санал авснаар ялалт байгуулах нь тодорхой болжээ.
Жой Байден: Ардчилсан намын нэр дэвшигч Калифорни (55), Вашингтон (11), Орегон (7) болон Нью Хэмпшир (4) мужид ялалт байгуулж, нийт 209 электорал санал цуглуулсан байдалтай тэргүүлсэн хэвээр байна. Мөн тэрээр Аризона (10) мужид 53.7 хувийн саналаар ялалт байгуулах нь тодорхой болжээ.
Гол мужууд: Доналд Трамп Техас (38) болон Флорида (29) мужид тус бүр 51.3 хувийн санал авснаар ялалт байгуулах нь тодорхой болж ирээд байна. Мөн тэрээр нэр дэвшигчдийн хувьд хамгийн чухалд тооцогдож байгаа Пенсилвани (20) мужид 54.9 хувийн санал авснаар ялалт байгуулах нь тодорхой болоод байгаа юм. Харин нэр дэвшигчдийн түрүүлж авах ёстой 270 электорал саналын тавны нэгийг дангаараа бүрдүүлж буй Калифорни (55) мужид Жой Байден ялалт байгууллаа. Одоогийн байдлаар зөвхөн Невада, Аласка болон Хавай мужийн санал тооллогын үр дүнг мэдээлэх үлдээд байна.
11:00 цаг: АНУ-ын баруун эргийн мужуудад санал хураалт хаагдлаа. Ингэснээр улсын хэмжээнд санал тоолох процесс эхэлж байгаа бөгөөд одоогоор нийт саналын хуудасны 46 хувийг тоолоод байна. Энэ удаагийн сонгуульд урьдчилсан байдлаар нийт 150-157 сая хүн санал өгчээ.
Доналд Трамп: Цагаан ордны өнөөгийн тэргүүний хувьд аль нэг мужид нэмж ялалт байгуулаагүй байгаа ч Мичиган (16), Висконсин (10), Огайо (18) мужуудад ялалт байгуулах өндөр магадлалтай болж ирлээ. Трамп нийт ард түмнээс 34 сая санал авч 98 электорал санал цуглуулаад байна.
Жой Байден: Ардчилсан намын нэр дэвшигч Колорадо муж болон нийслэлд нэмж ялалт байгуулснаар 131 электорал санал цуглуулж тэргүүлсэн хэвээр байна. Тэрээр нийт ард түмнээс 32.8 сая санал авчээ.
Гол мужууд: Флорида (29) мужид ширүүн өрсөлдөөн үргэлжилсэн хэвээр байна. Доналд Трамп 11:00 цагийн байдлаар тус мужид 51.3 хувиар тэргүүлж байна. Мөн тэрээр Техас (38) мужид давамгайллыг авсан бөгөөд Мичиган (16) мужид мөн тэргүүлж эхэллээ. Харин нэр дэвшигчдийн хувьд стратегийн тойрогт тооцогдож буй Пенсильван (20) мужид Жой Байден 52.1 хувийн саналаар тэргүүлж байна.
Нэр дэвшигчдийн электорал саналыг Жой Байден “+5” буюу маш ойрхон үзүүлэлтээр тэргүүлж байгаа юм. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялалт байгуулах эсэх нь Калифорни (55), Техас (38), Флорида (29), Нью-Йорк (29) болон Пенсильван (20) мужуудийн санал тооллогын үр дүнгээс ихээхэн шалтгаалах төлөвтэй байна.
10:00 цаг: Нийт саналын хуудсын 30 хувийг тооллоо. АНУ-ын хэмжээнд одоогоор 142-150 сая хүн саналаа өгөөд байна.
Доналд Трамп: Индиана, Хойд Дакота, Өмнөд Дакота, Вайоминг, Арканзас болон Луизиана мужуудад нэмж ялалт байгуулснаар 92 электрол санал аваад байна. Тэрээр нийт 23 сая санал авчээ.
Жой Байден: Нью-Йорк, Нью-Мескис мужид нэмж ялалж байгуулан 119 электрол санал авсан байдалтай одоогоор тэргүүлж байна. Тэрээр нийт 22.1 сая санал авчээ.
Олон төлөөлөгчтэй гол мужуудад Флоридад хамгийн ширүүн өрсөлдөөн өрнөж байна. Нийт 29 электорал саналтай Флорида мужид 09:00 цагийн байдлаар Байден тэргүүлж байсан бол 10:00 цагийн байдлаар Трамп ялж эхэллээ. Харин 38 электорал саналтай Техас мужид Жой Байден үргэлжлүүлэн тэргүүлсээр байна. Тэрээр 29 төлөөлөгчтэй Нью-Йорк мужид ялалт байгуулсан. Харин 55 электорал саналтай Калифорни мужид Монголын цагаар 11:00 цагаас санал хураалт хаагдаж, санал тооллогын процесс эхэлнэ.
-09:00 цаг: Нийт саналын хуудсын 15 хувийг тооллоо.
Доналд Трамп: Теннесси, Алабама, Миссисипи болон Оклахома мужуудад ялалт байгуулж 55 электрол санал аваад байна. Цагаан ордны өнөөгийн тэргүүн нийт 8.8 сая санал авчээ.
Жой Байден: Иллинойс, Нью-Жерси, Мэрилэнд, Делавэр, Род Айланд, Коннектикут, Массачусетс мужуудад ялалт байгуулж 85 электрол санал авсан байдалтай ялалт байгуулсан хэвээр байна. Ардчилсан намын нэр дэвшигч нийт 8.7 сая санал аваад байна.
08:30 цаг: АНУ-ын зүүн эргийн мужуудад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт Улаанбаатарын цагаар лхагва гаригийн 08:00 цагт хаагдлаа. Баруун эргийн мужуудад санал хураалт Монголын цагаар 11:00 цагт санал хураалт хаагдах юм.
АНУ-ын хэмжээнд одоогийн байдлаар 142-150 сая иргэн сонгуульд санал өгөөд байгаа аж. Үүнээс 98.7 сая хүн урьдчилсан байдлаар саналаа өгсөн. Эх сурвалжуудын мэдээлснээр 08:30 цагийн байдлаар нийт саналын хуудасны 8.2 хувийг тоолоод байгаа бөгөөд Ардчилсан намын нэр дэвшигч Жой Байден Вермонт, Виржиниа мужуудад ялалт байгуулж 16 электрол санал авснаар тэргүүлж эхлээд байна. Харин Цагаан ордны өнөөгийн тэргүүн Доналд Трамп Кентаки болон Баруун Виржина мужуудад ялалт байгуулж 13 электрол санал авсан байдалтай өрсөлдөөн ойролцоо өрнөж эхэллээ.
Харин нийт саналын тоогоор нэр дэвшигчид ойролцоо өрсөлдөж байна. 08:30 цагийн байдлаар Доналд Трамп 6.4 сая санал аваад байгаа бол Жой Байден 6.5 сая санал авчээ.