Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Монгол бүжгийн хатан эх Д.Нанжидыг Ардын жүжигчин цолоор шагналаа

Монгол бүжгийн хатан эх Д.Нанжидыг Ардын жүжигчин цолоор шагналаа
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 14
Монгол Улсын гавьяат жүжигчин, СУИС-ийн Хүндэт профессор, Монголын бий биелгээний дэг сургалтыг үндэслэгч, Монгол бүжгийн хатан эх Дунжаагийн Нанжид багшийг Монгол Улсын төрийн дээд шагнал Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цолоор шагналаа.
Д.Нанжид нь орчин цагийн Монголын бүжгийн урлагийн алтан үеийн төлөөлөгчдийн нэг, анхны мэргэжлийн бүжигчдийн нэг буюу нэрт бүжигчин, багш, бүжиг дэглээч, судлаач, өв тээгч юм. Тэрбээр Монгол Улсын бүжгийн урлагт 70 жил зүтгэхдээ Л.Мөрдоржийн хөгжим “Манай нэгдлийнхэн” дуут бүжгийн чуулбар, Д.Лувсаншаравын хөгжим “Хуримын бүжиг”, Ш.Аюушийн хөгжим “Агсал баатар” зэрэг 280 гаруй бүжиг дэглэж бүжгийн урлагийн урын санг баяжуулсан төдийгүй “Эрх эшиг”, “Аягатай дөрвөд”, “Уран биелгээ” зэрэг 300 гаруй бүжигт оролцон тоглож, 40 гаруй бүжгийг гоцлон бүжиглэсэн билээ.
Тэрбээр Монголын уламжлалт бүжиг тэр дундаа бий биелгээг судалгааны эргэлтэд оруулж, уран бүтээлийн арвин баялаг туршлагадаа суурилан “Д.Нанжидын Монгол бүжгийн сургалт”хэмээн нэрлэдэг монгол бүжгийн өвөрмөц онцлогийг хадгалсан өөрийн дэг сургалтыг бий болгожээ. 1993 оноос СУИС-д багшлах хугацаандаа “Монголын уламжлалт бүжиг” хичээлийн хөтөлбөр боловсруулан, бий биелгээний олон арван элемент, хөдөлгөөнийг сургалтад оруулж, нэр томъёо оноон өгсөн нь Монгол бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд чухал хувь нэмэр болсон юм.
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн