Open iToim app
Экспертийн зөвлөгөө | 11 мин уншина

Тупак: Хүмүүс намайг хүндлэх болсон учир би одоо өөрийгөө эр хүн шиг мэдэрдэг

Тупак: Хүмүүс намайг хүндлэх болсон учир би одоо өөрийгөө эр хүн шиг мэдэрдэг
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 28
Алдарт реппер Тупак Амару Шакур 1995 онд “MTV” телевизэд өгсөн нэгэн ярилцлагыг эмхтгэн хүргэж байна. Тэрээр уг ярилцлагад өөрийн амьдралын хэв маяг, хүүхэд нас, гэр бүлийнхээ амьдралын талаар дэлгэрэнгүй ярьжээ.
-Тупак Амару Шакур. Чиний нэр юу гэсэн утгатай вэ?
-Ээж минь надад Инк гүрний хаан Тупак Амаругийн нэрийг өгсөн. Энэ хүн эх орны тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө Испанийн колоничлогчдын эсрэг тэмцэж яваад цаазлуулсан юм. Ер нь түүхийг нь судлаад үзээрэй. Маш сонирхолтой. Энэ нэр Өмнөд Америк, ялангуяа Перуд их түгээмэл байдаг. Бүр бүхэл бүтэн нэг овог тэр чигээрээ надтай ижилхэн нэртэй байх жишээтэй. Утгын хувьд “ухаан төгс дайчин” эсвэл Куэчуа овгийн хэлээр “язгууртан могой” гэсэн утгатай.
-Чи Балтиморт байхдаа урлагийн сургуульд сурдаг байсан юм билээ. Дараа нь Калифорнид нүүж ирээд сургууль завсардсан байсан. Үргэлжлүүлээд сурч болоогүй юм уу?
-Балтиморт амьдрал хэцүү байсан учир л би Калифорнид нүүж ирсэн. Үнэндээ би энд ирээд сургуулиа орхиогүй ээ. Би зүгээр л үргэлжлүүлэн суралцаж чадаагүй юм. Учир нь тухайн үед үргэлжлүүлэн суралцахад миний кредит хангалтгүй байсан. Үеийн хүүхдүүд бүгд л ахлах сургуулиа төгсөж байхад би ахин төгсөх ангидаа суралцах хэрэгтэй болсон. Тэгээд жирийн сургуульд ороод яг төгсөхийн алдад би ахиад л эрүүл мэнд болон биеийн тамирын хичээлийн кредитээ нөхөж чадаагүй учир сургуулийн захиргаа дараа жил ахин суралц гэсэн. Тэр үед би “за одоо ч болих уу даа” гээд сургуулиа бүрэн хаясан. Магадгүй тухайн үед би үеийн хүүхдүүдээсээ ичсэн байх. Гэхдээ л сургуульд явах, тэндээ өдрийн хоол идэх зэргээс өгсүүлээд надад мөнгөний асуудал их тулгарч байсан. Гол нь би энэ үгээрээ хүүхдүүдийг сургуулиа хаяж огт болохгүй гэж хэлмээр байна. Яах вэ би л тухайн үед асуудлаа давж гарч чадалгүй сургуулиа орхисон юм шүү.
-Гэхдээ чи дараа нь бие даан суралцаж ерөнхий боловсролын гэрчилгээгээ авсан байсан. Тэгээд сургуулиа төгсөөд юу хийж амь зууж байв даа. Чамд ажил олдож байсан уу?
-Би амьдралдаа хоёрхон удаа ажил хийж үзсэн. Нэг нь пиццаны газар сар гаруй тогооч хийсэн. Нөгөөх нь хоёр долоо хоног орчим супермаркетад хүмүүсийн авсан зүйлсийг кассны дэргэд торлож өгдөг ажил хийж байлаа. Одоо бодоход пиццаны тогооч хийж байсан нь миний хийж байсан хамгийн гоё, бас шилдэг ажил байжээ. Учир нь би тухайн үед мөнгөгүй болохоор байнга шахуу хоосон явдаг байлаа. Харин тэр жижиг газар хүмүүсийн захиалаад аваагүй пиццаг би хүссэнээрээ идэх боломжтой байсан. Төсөөлөөд үз дээ. Бараг орон гэргүй шахуу над шиг хүнд тэр бол олдож болох хамгийн сайн ажил байсан юм. Заримдаа би өөрөө ажил руугаа залгаад сам хорхойтой пицца захиалаад, цуцлагдахаар нь идчихдэг байсан. Харин ердөө ийм богино хугацаанд ажил хийсэн маань дууны үгээ олон цагаар сууж бичих хэрэгтэй байсантай холбоотой юм шүү.
-Чамд тэтгэлэг авч коллежид суралцах боломж гарч ирж байгаагүй юм уу?
-Би үргэлж коллежид сурахыг хүсдэг байсан. Зүгээр л бусадтай ижил үнэлэгдэхийн тулд шүү дээ. Одоо бодоод байхад энэ хүсэл маань миний бусдаас дутуу байдлаа нөхөх гэсэн оюун санааны хэрэгцээ л байсан байх. Учир нь боломжтой амьдралтай айлын хүүхдүүд л коллежид сурдаг шүү дээ. Тэдэнд сургалтын төлбөр, амьдрах зардлыг нь төлж өгөх хэн нэгэн байгаа. Гэтэл надад аль аль нь байгаагүй учир хоосон мөрөөдөхөөс цааш юу чадах билээ дээ.       
-Чи ер нь яагаад Калифорнид нүүж ирсэн юм бэ. Балтиморт урлагийн сургуульд жүжигт тоглодог байсан биз дээ. Холливүүдэд ирж мэргэжлийн жүжигчин болох хүсэлтэй байсан юм уу?
-Үгүй ээ. Балтиморт амьдрах нөхцөл хэцүү байсан учраас л би энд ирсэн. Анх энд ирэхэд надад хоноглох газар ч байгаагүй. Би ээжийнхээ найзуудаар ээлжлэн хоног төөрүүлдэг байсан.
-Чи энд ганцаараа ирсэн. Ээж чинь яагаад Балтиморт үлдсэн юм бол?
-Тэр үлдээгүй ээ. Зүгээр л намайг түрүүлж явуулсан юм. Эх хүн үр хүүхдэдээ хамгийн сайн сайхныг хүснэ шүү дээ. Учир нь бид тог цахилгааны мөнгөө ч төлж чадахгүй болсон учир гэрээсээ албадан нүүлгэгдсэн. Тэгэхээр тухайн үед жүжигчин болох талаар бодол нэг ч удаа миний толгойд орж ирж байгаагүй. Би зүгээр л тэр бүхнийг хэрхэн давж гарах вэ гэдгийг л боддог байсан. Харин одоо бол өөрийн дуртай хөгжмөө хийгээд боломжийн амьдарч байна.     
-Ээж чинь хар тамхинд донтогч байсан гэж дуулсан?
-Тийм ээ, тэр Калифорнид нүүж ирээд энэ муухай зүйлээс хамааралтай болчихсон юм.
-Чамд ямар санагддаг байсан бэ?
-Мэдээж хэцүү шүү дээ. Гэхдээ би түүнд маш их хайртай. Тэр бол миний хувьд бүх юм. Тэр гайхалтай ухаалаг эмэгтэйн урмын үгс, хайр өнөөдрийн намайг бий болгосон шүү дээ. Тэр бол миний баатар. Амьдрахын төлөө, хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд чадах бүхнээ хийсэн хүн.
-Чи хар тамхи хэрэглэж үзсэн үү?
-Хэзээ ч үгүй. Үлдсэн амьдралдаа ч энэ зүйлээс хол байх болно. Учир нь миний амьдралд байсан цорын ганц эр хүн болох хойд аав минь энэ зүйлээс болж нас барсан. Тэр кокаинд донтогч байсан. Тиймээс энэ зүйл хэзээ ч миний сонирхдог зүйл байгаагүй.
-Тэгвэл ээж чинь яагаад хар тамхинд донтсон юм бол. Чи энэ талаар юу гэж бодож байна?
-Түүний хувьд бүх зүйл хэцүү байсан байлгүй дээ. Хар арьстай эмэгтэй хүн ганцаараа гэр бүлээ авч явна гэдэг маш хэцүү шүү. Чи энэ талаар төсөөлж ч чадахгүй.
-Хүүхэд насныхаа талаар ярьж өгөөч. Чи багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Би бага байхдаа одоо байгаагаасаа яг эсрэг хүүхэд байсан. Би их дуу муутай, зожиг, гэрээсээ гардаггүй, ном их уншдаг, яруу найраг оролддог, өдрийн тэмдэглэл хөтөлдөг хүүхэд байлаа. Ерөнхийдөө л зурагтын ард л өдрийг өнгөрөөдөг байсан. Харин кинонд их явдаг байсан.
-Чи орон гэргүй хүмүүсийг орогнуулах газраар хэсэж, тусламжийн хоол, хувцсаар өөрийгөө болгодог байсан. Энэ бүхэн хэцүү гэдэг нь ойлгомжтой. Чи гудамжинд хар тамхи хүртэл зарж байсан. Гэхдээ тэр бүхнээс гарч чадсан. Энэ бүхэнд юу чамд нөлөөлсөн юм бэ?
-Би тэр үед хар тамхины наймаачид, гэмт хэрэгтнүүд гээд дандаа болж бүтэхгүй хүмүүстэй нийлдэг байсан. Сонирхолтой нь тэдгээр хүмүүстэй байх надад сайхан байдаг байсан. Учир нь тэд бүгд л надтай ижил асуудалтай хүмүүс. Би мэдээ орсон цагаасаа ийм л нөхцөлд өссөн. Хүүхэд байхаас минь мэдэх миний амьдралын эргэн тойрон бүхэлдээ ийм хар бараан асуудал дунд өрнөсөөр ирсэн. Тиймээс би тэр хүмүүсээс ямар үлгэр дуурайл авах нь ойлгомжтой. Гэхдээ би хар тамхийг хоёр долоо хоног л зарж үзсэн байх. Учир нь аз болж би ийм зүйл хийх ямар ч авьяасгүй байсан. Тиймээс надад тэр зүйлсийг өгч заруулсан хүмүүс сүүлдээ залхаад “алив буцааж өг, тэгээд эндээс явж үз” гэсэн дээ. Намайг сургуульд байхад хүмүүс байнга шахуу “мөнгө өгье, ийм зүйл хийж чадах уу, тэрийг зарж чадах уу” гээд л ажил санал болгодог байсан. Гэтэл тэр дунд нэг залуу “залуу минь чи ингэж амьдрах ёстой хүн биш. Энэ чиний сонгох зам яав ч биш. Эндээс амьдралаа тат. Тэгээд мөрөөдлөө дага. Зорьсондоо хүр” гэж хэлсэн юм. Тэр хүн надад их нөлөөлсөн.
-Тэгвэл чи яаж яваад “Digital Underground”-тай холбогдож, дуу бичлэгийн гэрээ хийж чадсан юм бэ?
-Би өөрийн дуунуудаа кассет дээр бичээд бараг хүн бүрд л тарааж сонсгодог байсан. Тэгээд л хаа сайгүй явж хүмүүст реп хийж чадна гэдгээ нотлохын тулд байгаа бүхнээ л дайчилдаг байсан. Тэгж нэгнээс нэгний ам дамжин явсаар Лейлатай танилцсан. Тэгээд тэр намайг “Digital Underground”-тай холбож өгсөн. Тэгээд би студийн залууст хийсэн дуунуудаа явуултал “болж байна. Хэрэв чи хүсэж байвал бид хамтарч ажиллахад бэлэн” гэсэн. Ингээд л би “Shock G”-тэй хамтрах болсондоо. Тэр их сайн залуу. Миний амьдралд их тус болсон. Одоо бодоход тэр үед ичмээр ч юм шиг дуу их хийсэн ч амьдралын минь хамгийн сайхан мөчүүд байсан шүү. Тэр үед олон ч хөгжилтэй, галзуу гэмээр зүйлсийг хийсэн дээ. Миний бодлоор одоогийн Хип хопд “Digital Underground” шиг чанартай студи хэрэгтэй байгаа.
-Чи нийгэмд “Thug Life”гэх ойлголтыг анх авчирсан. Энэ зүйл хаанаас бий болсон юм бэ. Яг тодорхой хэлбэл хэнээс чи үүнийг мэдэрсэн бэ?
-Миний амьдрал бүхэлдээ “Thug Life” шүү дээ. Би ямар ч мөнгөгүй, орох оронгүй, өөрийгөө болгосоор ирсэн. Яг л гудамжинд байгаа хар тамхины наймаачид, донтогчид, гэмт хэрэгтнүүд, биеэ үнэлэгчидтэй ижил. Тэд хэзээ ч амжилттай, гял цял хэн нэгэн байж үзээгүй. Тэр хүмүүсээс мэдэрсэн зүйлс л энэ ойлголт гарч ирэх шалтгаан болсон юм. Би дандаа болж бүтэхгүй хүмүүстэй нийлж байсан. Учир нь энэ орчлонд зөвхөн тэд л миний төлөө санаа тавьж чадах хүмүүс байсан юм. Хэдий ээж минь байсан ч яг миний шилжилтийн насан дээр тэр хар тамхинаас болоод надад анхаарал хандуулж чадахгүй болсон. Би эцэггүй өссөн. Тухайн үед надад эр хүний зөвлөгөө, нөмөр нөөлөг хэрэгтэй байсан. Тиймээс л би тэдгээр болохгүй залууст татагдсан байх. Надад эерэгээр нөлөөлж чадах бусад амжилттай эрчүүд миний амьдардаг байсан аюултай газруудаар хэзээ ч явахгүй шүү дээ. Эсвэл байгаа хэд нь надтайгаа адил амьдралын боломжгүй. Миний өсвөр насанд надтай учирсан энэ зүйлс ганцхан надад тохиолдсон явдал биш. Олон хүн над шиг эцэггүй өссөн. Одоо ч гэсэн хараа хяналтгүй хүүхдүүд зөндөө байна.
-Чи өөрийнхөө биологийн эцгийг мэдэх үү. Түүнтэй уулзаж байсан уу?
-Би мэдэхгүй ээ. Намайг өсгөсөн хойд эцэг минь нас бараад олон жил болж байна. Та нар намайг саяхан буудуулж шархадсан гэдгийг мэдэх байх. Намайг эмнэлэгт хэвтэж байхад би чиний төрсөн эцэг байна гээд нэг хүн ирж уулзсан. Надтай үнэхээр адилхан царайтай. Хүүхдүүд нь ч гэсэн.
-Тэгээд төрсөн эцэг чинь мөн болж таарсан уу. Чи ДНХ-ын шинжилгээ өгсөн биз дээ?
-Үгүй ээ. Тэгэж яах юм. Тэр зөвхөн надтай адилхан харагддаг гээд миний эцэг байх албагүй. Ер нь миний эцэг байсан ч би угаасаа тэр хүнийг огт мэдэхгүй. Миний сэтгэлд тэр хүнийг гэх орон зай өчүүхэн ч үгүй. Тиймээс байсан байгаагүй ямар ч ялгаагүй.
- Тэр яагаад чамайг ээжтэй чинь орхиод явсан тухайгаа тайлбарласан уу. Юу гэсэн бэ?
-Мэдээж тэгсэн. Хувийн шалтгаантай л гэсэн. Надад хамаг юмаа ярьсан. Тэр бол гэмт хэрэгтэн. Бас хар тамхины наймаачин байсан. Тэгээд шоронд орсон гэсэн. Гэхдээ одоо тэр бүхэн надад огт хамаагүй шүү дээ. Тэр хүн хэн байлаа ч одоо өөрийнхөөрөө, би ч өөрийнхөөрөө амьдрах болно. Учир нь тэр намайг олдсон гэдгийг мэдээд хариуцлагаас зугтсан. Ердөө л энэ.
-Чи хүүхэд байхдаа маш их хүчирхийлэлд өртөж байсан гэж ярьсан байсан. Хэрвээ чи дургүйцэхгүй бол энэ талаар ярьж болох уу?
-Би энэ талаар ном бичиж байгаа. Тиймээс ярихгүй. Тэр номон дээр бүх зүйл байх болно.
-Ярихгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Миний хүүхэд насандаа мэдэрсэн тэр бүх зовлонгийн төлөөсөнд хэн ч төлбөр төлөхгүй шүү дээ. Тиймээс би ном бичиж, мөнгө болгох ёстой биз дээ. Би буруу яриад байна уу.
-Чиний дуу хөгжим, цомгууд чинь тэр зовлон шаналлыг чинь нимгэлдэггүй гэж үү?
-Мэдээж тэгдэг. Гэхдээ би номондоо бүр гүнзгий бичих болно. Бүх зүйлээ.
-Ээж чинь чамайг төрөлхийн бүх зүйлд авьяастай хүү байсан гэж хэлсэн. Энэ талаар яриач?
-Яг ямар утгаар ингэж хэлснийг нь мэдэхгүй юм. Би тийм ч олон зүйлд сайн биш шүү дээ. Магадгүй хөгжим, реп хийхдээ сайн байж болох юм. Би багаасаа л их хөдөлмөрч хүүхэд байсан. Эхлүүлсэн юм бүхнээ жижиг том гэж ялгалгүй төгсгөлийг нь харах гэж тууштай хичээдэг. Тууштай, хөдөлмөрч байдал минь намайг өнөөдөр энд авчирсан. Хэдий би даруухан хүү байсан ч өөрийгөө төрөлхийн манлайлагч, бусдад сайнаар нөлөөлж чадна гэдэгтээ итгэдэг байсан. Ээж маань ч гэсэн надад ингэж хэлж зоригжуулдаг байсан. Гэхдээ би хэн нэгний заавар, тушаал, нөлөөгөөр бус өөрийн мэдэрсэн тэр зүйлээ л илэрхийлдэг. Би энэ үгээрээ өөрийгөө хууль ёсонд захирагддаггүй, нийгмийн хар бараан хэсгийн төлөөлөл гэж хэлээгүй шүү. Хэрвээ би жишээ нь цэрэг байсан бол маш дуулгавартай нэгэн байх байсан. Гэхдээ би бусдыг захирч өөрийнхөөрөө байлгах дургүй. Тиймээс хүн бүр дор бүрнээ дуртай зүйлээ хүссэнээрээ хийх бус өөрөө өөртөө манлайлагч байх ёстой юм. Одоо л эцэст нь би олон хүнд үгээ хүргэж чадахаар болсон нь сайн хэрэг.  
-Тэгвэл чи эцэгтэйгээ хамт өссөн бол ямар хүн байх байсан бол. Энэ талаар бодож үзсэн үү?
-Илүү сахилга баттай байх байсан байх. Бас өөртөө арай илүү итгэлтэй. Одоо би өөртөө итгэлтэй нэгэн шин харагдаж байж болно. Гэхдээ миний өөртөө итгэх итгэл мөнгө, алдар нэрээс бий болсон. Хүмүүс намайг хүндлэх болсон учир би одоо өөрийгөө эр хүн шиг мэдэрдэг. Би бол эр хүн. Харин түүнээс өмнө бол би зүгээр л нэг эр хүйстэн байсан юм.
-Чи тэгвэл өөрийгөө сайн эцэг болно гэж боддог уу?
-Тэгэлгүй яах вэ. Би нэг л өдөр хорвоогийн хамгийн сайн эцэг болно. Би хүүхдэд хайртай. Миний зүрх гэм зэмгүй бүхнийг хайрлахын төлөө цохилдог. Хэрвээ би аав болбол хүүхдүүддээ үргэлж сайн сайхныг үлгэрлэж, эцсээ хүртэл бүхнээ зориулах болно. Ямар ч муу хүмүүжил, нөлөөлөл үзүүлэхгүй. Би эцэг хүн тийм л байх ёстой гэж боддог. Би үеэл, нагац дүү нартаа хамгийн сайн ах байх гэж хичээдэг. Гэхдээ яг одоо аав болох цаг биш гэж бодож байна. Учир нь би ийм муухай нийгэмд ахиад нэг хүнийг авчирч болохгүй шүү дээ. Өнөөгийн нийгэм ямар ч хар арьстай хүүхдэд ээлгүй байна.
-Ээж чинь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хүчтэй тэмцэгч байсан. Энэ нь чамд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Би ээжээрээ маш их бахардаг шалтгаан бол энэ. Тэр бүхнээрээ надад амьдралыг зөвхөн эргэн тойрны харагдах өнцгөөр бус илүү өргөн цар хүрээтэй харах ёстой гэдгийг ухааруулсан. Тэр надад нийгэмтэй хэрхэн харьцахыг сургасан. Бас эмэгтэй хүнийг хайрлах, хүндлэх, феменист үзлийг суулгасан. Би өөрөөсөө хүчтэй, сул дор бүх эмэгтэйчүүдийг ижил тэгш хүндэлдэг. Бас тэднээр бахархдаг. Миний зарим дуу эмэгтэйчүүдийг үл хүндэтгэсэн гэдэг нь үнэн. Гэхдээ үүнд учир байгаа.
-Урлагаас гадуур юу хийж байна даа?
-Яг одоогоор би боксчин Майк Тайсон болон бусад репперуудтэй хамтраад нийгмийн сайн сайханд чиглэгдсэн сайн үйлсийн төслүүдэд төвлөрөн ажиллаж байна. Бид спортын баг, урлагийг дэмжих замаар боломж нь хаалттай байгаа хүүхдүүдэд туслахыг эрэлхийлж байгаа. Бид алдартай болсон учир бусад хүүхдүүдэд ирээдүйд нийгэмд хэрэгтэй, зөв хүмүүс болж төлөвшихөд нь туслах үүрэгтэй. Бид одоогоор хандив цуглуулж орон гэргүй хүмүүст сүмээр дамжуулан туслах ажлыг хийж байна. Мөн залуус, шинэ аав нарт хандсан тэдний ухамсарт эерэгээр нөлөөлөх уулзалт, сургалтуудыг хийж байгаа. Учир нь энэ нийгмийг эрчүүд л нуруун дээрээ үүрч явах ёстой шүү дээ. Түүнээс тэд архи ууж, мансуурч, гудамжинд хар тамхи зарж, шоронд орох ёсгүй. Бид энэ ажлаа улам өргөжүүлж АНУ даяар тусламж хэрэгтэй байгаа бүх хүнд аль чадахаараа туслахыг хичээх болно.
-Энэ чинь чиний “Thug Life” амьдралын хэв маягтай чинь зөрчилдөхгүй гэж үү?
-Үгүй ээ. Нэг талдаа би энэ ажлаараа өөрийнхөө жинхэнэ хэн бэ гэдгийг харуулахыг хүсэж байна. Хүмүүс зөвхөн миний нэг талыг л мэднэ. Өөрөөр хэлбэл хэн ч намайг жинхэнээсээ мэдэхгүй. Тиймээс би нэгт, өөрийгөө илүү сайн ойлгуулмаар байна. Хоёрт, ингэснээр бусад хүмүүс намайг хараад “энэ залуу яг над шиг бүтэхгүй, ядуу амьдралаас гарч ирсэн. Одоо бусдад тусалж байна. Залуу хүн өөрөө хичээх юм бол юунд ч хүрч болдог юм байна” гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.
-Энэ бүхнийг хийснээр чиний амьдралын өмнөх хар бараан бүдгэрэх болов уу?
-Үгүй ээ. Тэр хэзээ ч бүдгэрэх боломжгүй. Гэхдээ би энэ бүгдийг хийснээр аз жаргалтай нэгэн болж чадна. Өнгөрсөн, одоо бас ирээдүй гурав хамт орших боломжгүй. Миний өнгөрсөн дурсамж өнөөдрийн намайг бүтээсэн. Сайн бас муугаар. Харин өнөөдрийн би маргаашийн өөрийгөө бүтээх болно. Харин би ирээдүйд илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун нэгэн байхыг л хүсэж байна.
Эх сурвалж: MTV
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн