Монгол Улсад хорт хавдрын өвчлөл болон нас баралтын төвшингөөр тэргүүлж байна. Нас баралтад хүргэж байгаа хорт хавдрын хоёрдугаарт ходоодны хорт хавдар орж байна. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийд жилд нэг сая гаруй хүн ходоодны хорт хавдартай гэж оношлогдож байгаагаас 723 мянга нь нас бардаг аж. Энэ талаар Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн Мэс заслын клиникийн удирдагч, Монголын ходоодны хорт хавдрын нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Я.Эрдэнэ-Очиртой ярилцсан юм.
-Ходоод болон улаан хоолойн хорт хавдрын өвчлөл хэр байна вэ. Юунаас болж байна?
-Монгол Улсад зонхилон тохиолдох хавдрын хоёрдугаарт ходоодны хавдар, улаан хоолой хавдар орж байна. Ходоодны хавдар нас баралтаар тэргүүлдэг. Монголд жилд 9000 орчим хүн ходоодны хорт хавдартай гэж оношлуулдгаас барагцаагаар 6000 нь нас бардаг. Энэ нь өвчнийг эцсийн шатанд оношлуулдагтай шууд холбоотой. Улаан хоолой, ходоод гэдэс нь цээжний хөндий эрхтэн учир, хорт хавдар ургаж, хөндийгөө дүүргэж зовиур өгөх хүртлээ уддаг. Зовиур өгсөн үедээ үсэрхийлэл өгсөн байх магадлал өндөр байдаг. Тиймээс аль болох эрт илрүүлэх нь чухал. Улаан хоолойн хавдар нь хэд хэдэн хүчин зүйлсээс бий болдог. Нэгд, газар зүйн байршил, удамшил, ундны устай холбоотой. Хоёрт, хоол хүнс ба тэр дундаа давсны хэт хэрэглээ юм. Давс бол хавдрыг дэмждэг элемент. Давсыг хэрэглэх ёстой хэмжээнээс нь хэтрүүлээд байвал хавдраар өвчлөх магадлал нэмэгдэнэ. Газар зүйн байршлаараа Баян-Өлгий, Увс, Ховд аймагт ходоод, улаан хоолойн хавдрын төвшин өндөр байна. Учир нь, тус бүс нутгийнхан давс ихтэй хоол, цай их хэрэглэхээс гадна халуунаар нь иддэг. Халуун хоол байнга идэхээр хоолойны салст цочирч, түлэгдэнэ. Зарим тохиолдолд таргалалтууд байна. Таргалснаас ходоодны даралт ихэсч улаан хоолойн доод булчингийн сулралаас болж улаан хоолой руу орж гэмтээсээр байгаад хавдар үүсч эхэлдэг.
-Тэгэхээр байнга халуун хоол, цай идэж, уух нь улаан хоолойн хавдар үүсгэдэг гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Улаан хоолой нь хоол, хүнсийг ходоод руу дамжуулах үүрэгтэй булчинлаг хоолой юм. Улаан хоолойн хана салст, салстын доорх давхарга, булчин болон холбогч эдээс бүрдсэн давхаргатай. Хамгийн дотор талын салст давхаргаас эхэлж хорт хавдар үүсэх ба улмаар булчин, холбогч эдэн давхарга руу түрж ургадаг. Ямар төрлийн эсээс үүссэнээс хамаарч хоёр төрлийн хавдар тохиолдоно. Үүнд хавтгай хучуур эсийн гаралтай хорт хавдар нь салст давхаргын хавтгай хэлбэртэй хучуур эсүүдээс үүсдэг. Улаан хоолойн аль ч хэсэгт үүсч болох ч дээд, дунд хэсэгт ихэвчлэн тохиолддог. Харин булчирхайлаг хучуур эсийн гаралтай хорт хавдар нь салст давхаргын шүүрэл ялгаруулагч булчирхайн эсүүдээс үүсдэг. Энэ төрлийн хавдар улаан хоолойн ходоодтой ойр хэсэг буюу доод хэсэгт зонхилон тохиолдоно.
-Улаан хоолойн хорт хавдрын үед ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Хавдар нэлээд хожуу шатандаа орсон үедээ шинж тэмдэг илэрдэг. Хамгийн түгээмэл илрэх шинж нь хоол залгих үед өвдөх, залгихад саадтай байх, хоолны дуршил буурах, шалтгаангүйгээр турдаг. Мөн өвчүүний араар өвдөх, хоолой сөөх, ханиах, ходоод гэдэсний замын хямралд орсон үед нь л манайхан ирдэг. Ихэвчлэн хожуу шатандаа орсон үедээ илэрдэг учраас төгс эмчилгээ хийх боломж багасдаг. Мөн хүзүү юм уу суган дээр, ихэвчлэн хүзүүний эргэн тойронд булчирхайнууд томорч хавдрын үсэрхийлэл энд тэнд гардаг. Хавдар тунгалгийн судсаар, тунгалгийн шингэнээр дамжиж бусад эрхтэнд нөлөөлж гарч ирдэг.
-Энэ өвчнийг тодорхойлохын тулд ямар шинжилгээ, оношлогоо хийдэг вэ?
-Энгийн, хамгийн амархан арга бол ходоод дурандуулах. Улаан хоолойн дурангийн шинжилгээ хийж шаардлагатай бол эдийн шинжилгээ хийж оношийг баталгаажуулна. Хэрэв дурангийн шинжилгээний үед өөрчлөлт илэрвэл тэр хэсгээс дээж авч эмгэг судлалын лабораторид илгээж хавдрыг оношилно. Хүн болгоныг жил бүр дурандуул гэж хэлэхгүй. Хавдар үүсч эхлэх багцаа байна. Ерөнхийдөө 40-өөс дээш насныхан дурандуулж байхад гэмгүй. Мөн цээжний хөндийн рентген шинжилгээгээр цээжний хөндийн эрхтнүүд ба цээжний хэнхэрцэг ясны бүтцийг шинжилнэ. Барийн тодосгогч бодис уулгаж салстын хэлбэр, эмгэг өөрчлөлтүүдийг илрүүлж болдог.
-Нэгэнт хорт хавдартай болсон үед ямар эмчилгээ хийдэг вэ?
-Ходоодны хорт хавдрыг мэс заслын аргаар л эмчилдэг. Гэтэл хүмүүс бариа засал, зүү төөнүүр гээд уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж цаг алддаг. Ингэж явсаар хорт хавдар нь хүндэрсэн хойно Хавдар судлалын үндэсний төвд ханддаг. Өвчин хүндэрсэн үед мэс засал хийхээс өөр аргагүй. Тиймээс хүмүүс дээр хэлсэн шинж тэмдэг илэрвэл шууд Хавдар судлалын үндэсний төвд хандах хэрэгтэй. Түүнчлэн хорт хавдрыг зайлшгүй эрт үед нь оношлуулах шаардлагатай. Энэ төрлийн эмчилгээнд дурангийн эмч нар гол үүрэг гүйцэтгэдэг учраас эмч нарын хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгаа юм. Монголд дурангийн эмч олон байдаг болохоор өөр, өөр онош тавьж иргэдийг төөрөгдүүлдэг. Тэгэхээр үүнийг цэгцэлж, нэг тогтсон аргыг баримтлах хэрэгтэй.
-Хавдрыг эрт үед нь илрүүлж эмчлэх хөтөлбөр боловсруулсан. Эрт үеийн илрүүлэлтийг хэдэн насанд хийх ёстой вэ, ямар хүмүүс хамрагдах шаардлагатай бол?
-Эрт илрүүлэх хөтөлбөрийн хүрээнд харьцангуй өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүн амын дунд урьдчилан сэргийлэх үзлэг хийх ёстой. Нас ахих тусам хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг гэсэн үг. Залуучуудын дунд ходоодны хорт хавдар бага тохиолддог. Ойролцоогоор жилд 10 орчим залуу хагалгаанд ордог. Хүмүүст залуу хүн гэдэг утгаараа хүнд сонсогдож магадгүй. Гэхдээ энэ бол бага тоо. Харин 40-өөс дээш насанд хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэлтийг Монгол орны хувьд 40 настай хүмүүсийн дунд хийх нь зөв. Харин бусад орны хувьд өвчлөлөөсөө шалтгаалаад аль ч наснаас хамаагүй эрт илрүүлэлтийг эхэлдэг юм билээ.
-Улаан хоолойн хавдар удамшдаг гэдэг. Энэ үнэн үү?
-Яг удам дамжиж байгааг нотлох хэцүү. Гэр бүл дотор хавдартай хүн байна гэдэг нь тодорхой хэмжээгээр тэр хүмүүст мессеж байна гэсэн үг. Тиймээс энэ хүмүүс жил бүр дурандуулж байх хэрэгтэй. Хоёрдугаарт, тухайн гэр бүлийн иддэг хоол унд нь хэвээрээ байгаа учраас хүүхэд нь ч гэсэн адилхан хоол унд хэрэглэж байгаа. Энэ утгаараа удам дамждаг гэхээсээ илүү хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлүүд нь байгаа болохоор тийм ойлголт төрүүлж байна. Түүнээс удамшина гэдэг генийн юм шүү дээ. Үүнийг манай нөхцөлд шинжлэх боломжгүй
-Улаан хоолойн хавдартай хүмүүсийн эдгэх явц хэр байдаг вэ. Эмчилгээнд тэсэх хугацаа гэж бий юү?
-Хавдар оношлогдсон үе шатаас хамаарч ямар эмчилгээний тактик сонгох вэ гэдгээ шийднэ. Мэдээж хожуу шатанд мэс засал хийх үр дүн багатай. Хэрэв эрт оношлогдох тусам төгс эмчлэгдэх боломжтой. Ганц мэс заслын эмчилгээ хийхгүй, хими, туяаны эмчилгээ хийдэг. I, II шатанд мэс засал хийлгэсэн хүмүүс хими, туяа эмчилгээ хийлгээд олон жил болсон хүн олон бий. Энэ хүмүүсийг таван жилээс хойш эрүүл болсон гэж үзээд хяналтаас гаргадаг. Хожуу шатанд буюу хоол, унд орохгүй болсон хүмүүст дурангийн аргаар улаан хоолойг тэлэх эмчилгээ хийдэг. Ингээд хоол, унд идээд ирэхээр ядрахгүй. Энэ хугацаанд нь хими, туяаны эмчилгээ хийж удаашруулах арга хэмжээ авдаг.
-Эмчлэгдээд гарсан хүмүүс гам барих, хориглох хоол хүнс гэж бий юү?
-Хүссэн, хүсээгүй ходоод тайрагддаг учраас эхний 1-2 жил өмнөх шигээ хоол, унд идэж чадахгүй. Давхар хими, туяаны эмчилгээ орсонтой холбоотойгоор ядарч, турдаг. Гэсэн ч жилийн дараа буцаад хэвэндээ ордог.
-Энэ өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зөв зан үйл, зөв хооллолттой холбоотой. Мөн архи, тамхи, хорт зуршилгүй хүмүүст улаан хоолойн хорт хавдар ховор тохиолдож байгааг олон судалгаагаар тогтоосон. Улаан хоолойн хорт хавдраар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол гурав дахин их өвчилж байна. Тиймээс тамхинаас татгалзах, зохистой хооллох, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр хавдар тусах эрсдэлийг бууруулж чадна. Мөн хоол хүнсэндээ ногоон, улбар шар өнгийн жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэвэл хавтгай хучуур эсийн гаралтай улаан хоолойн хорт хавдраас сэргийлнэ.