Улаанбаатарын “УУРТАЙ” баатруудыг зөөллөж, удаан хугацаанд хөгжөөсөн хүмүүс бол хошин урлагийнхан. Үзвэр үйлчилгээ цөөтэй нийслэлчүүдийн чөлөөт цаг товчхондоо тэдний нуруун дээр байв. Харин массын нэг хэсгийг үүрэлцсэн хамтлаг бол Маск продакшн. Тус хамтлагийн ачаанаас нимгэлэгч нь Ц.Ганзориг. Гэвч сүүлийн жилүүдэд чимээ анир багатайхан хөдөлмөрлөж яваа түүнийг олж ярилцлаа. Ц.Ганзориг нь 1996 онд ЕБ-ын 39 дүгээр сургуулийг төгссөн. 2000 онд КУДС-ийг жүжигчнээр төгсөж, өдгөө 22 дахь жилдээ ажиллаж байна.
-Жүжигчид багадаа нэлээд хөдөлгөөнтэй, сахилгагүй байх тал бий. Таны хувьд багадаа ямархуу хүү байв?
-Ер нь дийлэнх хүмүүс тэгж боддог. Хар багаасаа сэргэлэн цовоо, нүүр нь хагарсан, алиа хошин хүмүүсийг жүжигчин болно гэж боддог л доо. Гэхдээ миний хувьд эсрэгээрээ их даруухан хүүхэд байсан. Багаасаа жүжигчин болохыг хүсэж мөрөөддөг байсны дагуу жүжигчин мэргэжлийг сонгосон доо.
-Дуу цөөтэй, даруухан хүүхэд яагаад жүжигчин мэргэжил руу орсон юм бэ?
-Арван жилдээ даруухан ч гэсэн сургуульдаа урлаг соёлын идэвхтэн байсан. Сургуулийн бүхий л урлагийн үзлэг, бүжгийн тэмцээн, уран уншлага болоход би л орж байдаг. Ямар нэг сургуулийн шинэ жил болон бусад арга хэмжээ болоход Ганзо л хөтөлж байдаг. Тэр нь надад их нөлөөлсөн байх гэж боддог юм. КУДС-д ороод жүжигчний мэргэжлээр суралцахаар хүн задардаг юм л даа.
-Бэлтгэл сургуулилтын хэт их ачааллаас болоод ухаан алдаж унах хүртэл асуудлууд гардаг гэж сонсож байсан. Таны хувьд бэлтгэл сургуулилт ямархуу байв?
-Жүжигчин мэргэжлийн хичээлүүд чинь их хүнд шүү дээ. Тайзны хөдөлгөөн, яриа, амьсгалын дасгал гээд л. Энэ бүхэн орохоор жаахан өлсчихсөн үед унах, ядрах, туйлдах үе олон байна. Бид чинь залуу хүүхдүүд учраас өлссөн гэдгээ мэдэхгүй явна. Гол нь мэргэжлийнхээ төлөө сургууль дээрээ хонон өнжин бэлтгэл хийнэ. Тэр дунд нь тоглолтоо бэлдэнэ гээд янз бүрийн асуудлууд байна. Оюутан байхад ямар хэцүү мэргэжил сонгочхов гээд л шантрах үе байдаг ч жүжигчин болъё гэсэн хүсэл, мөрөөдөл, зорилгодоо хөтлөгдөөд өдийг хүртэл явж байна. Мөн амьдрал дээр гараад ядарна шүү дээ. Уран бүтээлч бид чинь нойр хоолгүй, хагас цэргийн зохион байгуулалттай явдаг. Хүмүүс амрах гээд явж байхад шөнөөр бидний ажил эхлэж байдаг. Заримдаа хүмүүс сэрж байхад үүрийн дөрвөн цагт ид ажиллаж байдаг гээд их л цаг наргүй ажил л даа.
-Уран бүтээлийн гараа хаанаас эхэлж байв даа?
-Оюутан байхдаа дэлгэцийн уран бүтээлд тоглож байсан. Гэхдээ оюутан байхад кино урлаг хүн үзэхээ байчихсан үе байсан. "Овжин охид" УСК-оос өмнө “Адтай дамшиг” гээд нэг кино байдаг юм. Гутлаа буруу харуулж өмсдөг будилуу цэргийн тухай кино. Тэр маань телевизээр тэгж их гараагүй. Харин олон нийтэд шинээр залуу жүжигчин гарж ирлээ шүү гэж таниулсан дүр маань ялт ч үгүй "Овжин охид"-ын Сампил.
-Овжин охид чинь хоёр ангитай билүү?
-Нэг нь Овжин охид. Нөгөөх нь “Өндөглөдөг шарсан тахиа” гэдэг нэртэй гарж байсан юм.
-Эхний ангид тоглосны дараа хоёрдугаар анги дээр нэлээд туршлагатай оров уу?
-Ж.Биндэр найруулагчийн гутлаа буруу харуулдаг кино чинь "Овжин охид"-оос өмнө байсан юм. Тэр кино нь дээр л анх кинонд тоглож байсан болохоор камертай харьцаж үзээгүй, учраа олохгүй тоглож байсан. Тэгээд манай найруулагч Ц.Ганзориг оо, чи ер нь кино урлагийн дээд сургуулийг хэдэн онд, ямар дүнтэй төгсөж байсан юм бэ гэхээр нь зуун хувь улаан дипломтой төгссөн гэсэн чинь улаан дипломтой хүн ингэж жүжиглэхгүй ээ гээд их загнуулж байсан. Мэдээж жилээс жилд туршлагажсан л даа.
-Овжин охидоор олон нийтэд танигдаад, тэр дундаа эмэгтэйчүүдэд танигдаад ирэхээр ямархуу байв даа?
-Их өөр шүү дээ /инээв/. Мэдээж олон нийтэд танигдана гэдэг сайхан мэдрэмж. Манай кино инээдмийн жанр ч гэсэн уг дүр нь өнчин залуугийн дүр байсан. Монголчууд өрөвдөмтгий болохоор настай хүмүүс гудамжинд явж байхад хөөрхий өнчин Сампил маань явж байна гээд л өрөвдөнө. Зарим залуучууд нөгөө хөдөөний тэнэг гар явж байна гэх зэрэг янз бүр байдаг. Тухайн үед танигдаж байгаагаа нэг их мэддэггүй явсан. Тэрний дараа “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд тоглоод жинхэнэ жүжигчин гэдгээ мэдрээд сайхан байсан. Залуу байсан болохоор охид бүсгүйчүүдийн араас гүйнэ. Охидууд ч бас миний араас гүйдэг л байлаа. Ингээд хэлчихээр онгироо болчих юм болов уу/инээв/.
-Жүжигчдийн хувьд театр эсвэл дэлгэцийн уран бүтээл гэсэн хоёр сонголт дээр ирдэг юм шиг байсан. Таны хувьд алийг нь илүү сонирхож байсан бэ?
-Жүжигчний мэргэжлээр төгсөж байгаа залуу уран бүтээлчид болгон театрыг сонирхдог. Би бол театрт байгаагүй. Гэхдээ УГЗ Б.Баатар найруулагчийн “Хүйтэн цуст” киноны туслах дүрд тоглож театрт ажиллах эрх авч байсан юм. Гэхдээ би театрт гурван сар орчим туслах найруулагч хийж байгаад ажиллахаа больсон. Тэрнээс хойш хувь уран бүтээлчээр явж байгаад хошин урлагийн "Шинэ үе" продакшн намайг урьсан. Шинэ үеийн гурван ах маань гурвуулаа машинтайгаа ирээд чи манай хамтлагт орж тоглооч ээ гэж байсан. Гурвын гурван мундаг хүн урилга өгөх чинь их гоё юм билээ. Шинэ үед тоглож байх хугацаандаа Ж.Сэнгэдорж найруулагчийн “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд тоглохдоо жоохон ажил салгардаад Шинэ үеэс гарч чөлөөт уран бүтээлч болсон. Тэгээд л Маск продакшны гурван ах манай тоглолтод орж үзээч, харъя гээд Маск продакшны “Морио гомдоосон Монгол” тоглолтоос хойш маскийн үндсэн жүжигчин болсон доо.
-Залуу жүжигчид хүн инээлгэхгүй байхаар шантрах гээд байдаг шүү дээ. Таны хувьд хошин урлагийн хамтлагт ороод тоглоход ямархуу байв?
-Инээлгэхгүй байх зүйл олон тохиолдоно. Тайз нь дээр гараад нэг үг хэлээд үзэгчид инээхгүй байхаар маш хэцүү. Ямар ч туршлагагүй залуу жүжигчин яаж, юу гэж хэлж, ямар тоглолт гаргаж хүнийг инээлгэх вэ гэдэг хэцүү зүйл байдаг. Театр гэдэг амьд харьцаа учраас үзэгчдийнхээ аваацаас болоод өөр өөр. Гэхдээ хошин урлагт тоглож байсан ч гэсэн миний инээлгэсэн дүр ховор юм болов уу гэж боддог. Хошин урлагийн тайз нь дээр гол дүрд ах нар шиг үзэгчдийг байлдан дагуулж тоглож байгаагүй. Голдуу туслах дүрд тоглож, гол дүрүүдэд дэм болдог. Гэхдээ би “Инээхэд зиндаа хэрэггүй” гэдэг тэр тоглолтод баруун монгол өвгөн болдог юм. Тэр дүрд хүмүүс их дуртай байдаг. Яагаад гэвэл амьдралд ойрхон. Би өөрөө баруун монгол Ховдын хүн шүү дээ. Нутагтаа очихоор аялга маань орчихдог. Мөн тэр тоглолтод зориулж хотон бие биелгээг, хотон аялгыг хүнээр заалгасан. Үүгээрээ баруун монгол бие биелгээ, үг хэллэгийг тодорхой хэмжээнд үзэгчдэд хүргэсэн байх гэж боддог.
Ийн ярилцахад “найруулагч дуудаж байна” гэх дуудлагаар хам хумгүй хөдөлгөөнд орж, зургийн талбай руу яарав. Ажлын дундуур амжуулах гэсэн бидний яриа хэсэг хугацаанд завсарлага авсан нь энэ. Зургийн талбар руу очиход бүгд байраа эзэлж, Ц.Ганзоригийг л хүлээж байсан гэлтэй. Моторын дуу дуугарахад харц нь ширүүсэж, хар торны цаанаас жихүүцэм харж алхсанаар зураг авалт эхлэв. Зөвхөн нэг хэсгийг авахад хоёр цаг үргэлжилсэн кино албыг сайшаамаар. Бүгд цэргийн командаар. Ийн түүний хэсэг дуусаж, дараагийн хэсэгт бэлдэх зуур, ярилцлагаа үргэлжлүүлэв.
-Залуу уран бүтээлчид санхүүгийн хувьд олон бэрхшээлтэй тулгардаг. Таны хувьд яаж зохицуулж байсан бэ?
-Зохицуулна шүү дээ. Мэдээж залуу жүжигчний хувьд кинонд тоглоно. Цалин мөнгө хүрэлцэхгүй олны танил болсны дараа автобус, микронд суугаад явж байсан үе ч бий. Авсан цалингаараа хүүхдэдээ анхны сүү, таргийг нь аваад явж байсан үе гээд л амьдралд хүний үзэх ёстой зүйлийг үзээд л явсан. Гэсэн ч мэргэжлээсээ би урваагүй. Энэ мэргэжлийнхээ төлөө хэзээ нэгэн цагт зорилгодоо хүрч таараа гэдэг утгаараа л. Ер нь хүн өөрөө маш их хичээж, хөдөлмөрлөх л хэрэгтэй. Яах вэ, цалин мөнгөний хувьд хэцүү цаг үе. Залуу хүний хувьд асуудалтай. Амьдралд хүрэлцэхгүй үе зөндөө байсан. Тэр болгоныг давж туулсан даа. Тухайн үед шантраад Дорноговь руу тоглолтоор явж байгаад нэг залууд буруу үг хэлж байсан юм. Тухайн үед бөхчүүд барилдаад гэнэт байшин барилга, машин авдаг байсан шүү дээ. Одоо ч тийм байгаа. Тэгэхэд яг үнэндээ шал дэмий жүжигчин мэргэжил сонголоо. Би хүссэн зүйлээ хийж чадахгүй байна гээд ярихад нэг настай хүн “Чи буруу ярьж байна. Бас залуу байна. Чи ард түмэнд хайртай Сампилаараа хүрсэн. Энэ мэргэжил өгөөж буянаа өгнө. Өнөө, маргаашийн мөнгө олдохгүй дээр ингэж ярьж байгаа бол буруу шүү” гэдэг үг миний тархинд сайн суусан. Эргээд бодоход тэр хүн ямар гоё зөвлөгөө хэлж байсан юм бэ. Тэгэхээр хүн өнөөдөр мэргэжилдээ үнэнч, хайртай, хөдөлмөрлөж, мэргэжлээ буруутгахгүй явахад аливаа алдар нэр ирнэ. Алдар нэрийг дагаж мөнгө санхүү нэмэгддэг. Мэргэжилдээ үнэнч байсны төлөө мэргэжил чинь өөрийг чинь шагнадаг юм гэдгийг маш сайн ойлгосон.
-Яг энэ ойлгосон зүйлээ доод үеийнхээ дүү нарт зөвлөж байгаа байх тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Доод үе гэлтгүй би таван хүүхдийн аав хүн. Аав хүн учраас хүүхдүүддээ мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй. Аливаа шантрах зүйл гарна. Гол нь хөдөлмөрлө, ажилла, хичээ гэдэг үгийг их хэлээд байгаа шүү дээ.
-Таны хэлж байгааг хүүхдүүд нь хэр хүлээж авч байна даа?
-Одоогоор манай хүүхдүүд ойлгох хэмжээний насанд хүрээгүй. Гэхдээ хүн хэлж л байвал ойлгоно. Багаас нь хэлээд л байх хэрэгтэй. Биднийг хүүхэд байхад ээж, аав болох болохгүй зүйлийг хэлж өгч байсан. Тухайн үед хүүхдийнхээ насыг тойроогүй дайрч өнгөрсөн болохоор ямар үглээ юм бэ, ямар хэцүү юм бэ, би өөрөө амьдралаа мэдэж байна шүү дээ гээд л дотроо боддог байсан. Тэгсэн хэр нь нас явах тусам ээж аав, ах эгчийн хэлж байсан, багш нарын захисан үгнүүд амьдралд их нэмэр болдог.
-Тэгвэл аав ээжийн зүгээс танд юуг захиж байв?
-Манай ээж маш ажилласаг, шаламгай, нямбай хүн байдаг. Намайг бага байхад үүрийн таван жингээр босгож, өглөө 07.00 цагт хичээлтэй байхад тэрнээс өмнө гэр цэвэрлүүлж, шал угаалгадаг байсан. Өглөө хичээлдээ явахаас өмнө энэ их ажлыг амжуулж явбал алсдаа чамд хэрэгтэй. Хүн цэвэр цэмцгэр явна гэдэг хэзээ ч алзахгүй гэдгийг их хэлдэг байсан. Тэр утгаараа ээжийгээ дуурайгаад би ажилд дайчин, дуусгаж байж санаа амардаг. Тэр үед ээжийнхээ үгийг авдаггүй л байсан. Одоо ээжийн хэлсэн үг толгойны оройд явж байна. Амьдралд маш их хэрэг болдог. Тиймээс хүүхдүүддээ хүн гэдэг чинь гээд л ярина шүү дээ. Одоо цаг үед хүний мөн чанар, хүний мөс гэдэг зүйл алдагдаад байгаа шүү дээ. Тийм болохоор хүүхдүүддээ юу юугүй байнгын онц аваад л, дүнгийн төлөө явах шаардлага байхгүй. Та нар сурах ёстой, авах ёстой мэдлэгээ ав. Хамгийн гол нь хүн бай, хүн чанартай, хүнлэг, хүнд тустай, ажилласаг, арчаатай бай гэдгийг хэлдэг дээ.
-Уран бүтээлчдийн хувьд зорьсон нэг санаагаараа уран бүтээл туурвих хүсэлтэй, зорьсон нэг дүртэй байдаг шүү дээ. Таны хувьд ямар дүр дээр, ямар уран бүтээл туурвихыг зэхэж байна вэ?
-Миний дүр ихэвчлэн эерэг дүр байдаг. Харин жүжигчдийн тоглох дуртай дүр эсрэг дүр байгаад байдаг. Учир нь эсрэг дүр нь жүжигчин хүнд ажиллах ажиллагаатай гоё байдаг. Эерэг дүр мэдээж ажиллагаа шаардана. Гэхдээ эсрэг дүрд тоглох хүмүүс их байдаг. Одоогийн байдлаар КУДС-ийн 2000 оны манай ангийнхан нийлээд “Цалгиун” продакшн гэж байгуулсан. Бидний хувьд анхны дэлгэцийн уран бүтээл үг, үйл, эхийн зураг авалт яг одоо хийгдэж байна. Үүгээрээ өнөө цагт алга болсон хүн чанар, хүний сэтгэлийг харуулсан уран бүтээл хийгээд байж байна.
-Хүн чанарын талаар кино хийх гэж байгаа юм байна. Ер нь хүн чанар гэж таны хувьд юу юм бэ?
-Сүүлийн үед хүмүүс нэгэндээ итгэх итгэлгүй болчихсон. Нэгнийгээ үгүйсгэдэг болсон юм болов уу гэж боддог. Монголчууд сошиалын цаанаас бүх зүйлийг үгүйсгэж байна. Бүх юм таалагдахаа байчихсан амьдрал болсон байна. Энэ цаг үед хүн хүнээ хайрлах, урам өгөх, дэм өгөх, дэмжих гэдэг зүйл дутагдаад байгаа юм шиг санагдаад байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.