Хүн ам цөөн, жижиг зах зээл бүхий байдал нь Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг томоохон хүчин зүйлсийн нэг билээ.
Мэдээж хүн амын өсөлтөд газар зүйн байршил, цаг уур, хүн амийн дундаж насжилт, нийгмийн эрүүл мэндийн байдал, дайн, энх тайван цаг үе зэрэг нь голлох нөлөө үзүүлдэг.
Жишээ нь, Эртний Египет, Грек, Ром, Хятадын соёл иргэншил газар зүй, цаг уур, эдийн засгийн таатай бүсэд бүрэлдэн бий болж, тэрхүү боломжоо түшиглэн хөгжин цэцэглэжээ. Тэгвэл өнөөгийн Хятадын хүн амын 94 хувь нь Сычуаний сав газар буюу Шар болон Хөх мөрний эрэг дагуух цаг уур, газар тариалан, далайн тээвэр эрхлэхэд таатай, эдийн засгийн боломж өндөртэй зүүн эргийнхээ дагуу амьдардаг. Харин үлдсэн 6 хувь нь цөлөрхөг, эрс тэрс уур амьсгал бүхий газар нутгийнхаа баруун хэсэгт аж төрдөг. Манай хойд хөрш ч мөн ялгаагүй хүн ам, эдийн засаг нь Европтой хиллэж, үлдсэн асар уудам нутаг дэвсгэр нь бараг хүнгүй шахуу байх аж.
Орчин үеийн эдийн засагчид болон хүн ам зүйчид “хүн амын өсөлт нь эдийн засаг, бизнесийн мөчлөгөөс нэгээс хоёр жил хагасаар хоцорч явдаг” гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн байдал, иргэдийн зах зээлд итгэх итгэл нь хүн амын өсөлт, бууралтад чухал нөлөө үзүүлдэг аж.
Тухайлбал, II дайны дараа энх тайван тогтож, дэлхийн аж үйлдвэржилт, эдийн засаг эрчимтэй сэргэх үйл явц өрнөсөн. Улмаар дайны дараах нөхөн үржихүйн шаардлагатай зэрэгцэн хүмүүсийн зах зээлд итгэх итгэл нэмэгдсэнээр гэр бүлүүд олон хүүхэдтэй болох болж, дэлхийн хүн ам огцом өсчээ. Дайны дараа олноороо төрсөн эдгээр үеийн хүмүүсийг өнөөдөр ерөнхийд нь “Baby boomers” гэж тодорхойлж байна.
Харин эсрэгээрээ 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа эдийн засаг буурч, зах зээлд итгэх итгэл суларснаар АНУ-д л гэхэд 1000 эмэгтэй тутамд ногдох төрөлт 6.3 функтээр буурч байжээ.
Тэгвэл Монгол Улсын хувьд ч сүүлийн 40 жилд эдийн засгийн хямрах үед төрөлт, хүн амийн өсөлт саарч, эдийн засаг, аж үйлдвэр сэргэх үед өсөж ирсэн мөчлөг ажиглагдаж байгаа юм.
Монгол Улсад 1990 онд Ардчилсан хувьсгал гарч, социалист дэглэмээс шилжих үйл явц нь эдийн засагт хямрал дагуулсан. Тухайн үед хүн амын өсөлт огцом саарсан дүр зураг ажиглагдаж байна. Харин 1993 онд тухайн үеийн Засгийн газар эдийн засгийг либералчлах бодлого хэрэгжүүлснээр эдийн засаг сэргэж, иргэдийн зах зээлд итгэх итгэл, амьжиргаа дээшилснийг дагаад хүн амын өсөлт идэвхэжжээ.
Эдийн засгийн өсөлт болон хүн амын өсөлт харилцан үйлчлэх үзэгдэл 1993-2008 оныг хүртэл давтагдаж ирсэн. Хачирхалтай нь, 2008 оны Дэлхийн санхүүгийн хямралын дараа дэлхийн улс орнуудад хүн амын өсөлт саарах дүр зураг ажиглагдсан бол Монгол Улсад төрөлт нэмэгдэж байжээ. Үүнийг дараах хоёр шалтгаанаар тайлбарлаж болох юм.
Нэгд, 2007 онд тохиосон Алтай гахай жилд Монгол Улсад 56.6 мянган төрөлт бүртгэгдсэн нь 1992 оноос хойш хамгийн олон хүүхэд мэндэлсэн тохиолдол болж байв. Хоёрт, 2009 онд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж, 2010-2012 онд Монгол Улсад их хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэнтэй зэрэгцэн, Засгийн газар болон арилжааны банкууд олон улсын санхүүгийн зах зээлд Чингис, Самурай зэрэг бонд гаргаж, улсын төсөв хэд дахин тэлсэн. Монгол Улс тухайн үед эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж, бүтээн байгуулалт, орон сууцны төслүүд огцом нэмэгдсэн нь иргэдийн зах зээлд итгэх итгэл урд хожид байгаагүй хэмжээнд өссөнийг илтгэдэг.
Харамсалтай нь, манай улс уул уурхайн экспортоос орох орлогыг ажлын байр нэмэх хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд бус хэт халамжид зарцуулж, эдийн засгийн өсөлтийн хэрээр төсвийн зардлаа нэмсээр ирсэн. Улмаар 2012 оны сүүлээс БНХАУ-ын эдийн засаг удааширч, түүхий эдийн үнэ буурсан нь уул уурхайн экспортын орлого буурахад хүргэж манай эдийн засаг хямрах нөхцөл болсон. Мөн манай улс 2012 оноос гадаадын шууд хөрөнгө оруулалт татах томоохон төслүүд нэмж хэрэгжүүлээгүй, эдийн засаг саарсаар 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахад хүрсэн. Улмаар эдийн засгийн далайц өндөртэй мөчлөг 2012-2016 онуудад тохиож, хүн амын өсөлт саарчээ.
Хэдий 2017 онд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, төсвийн сахилга бат хэрэгжүүлж эхэлснээр эдийн засаг сэргэх бололцоо харагдаж эхэлсэн ч КОВИД-19 цар тахлын жилүүдэд эдийн засаг 1993 оноос хойших хамгийн гүнзгий уналттай нүүр тулж, хүн амын ердийн цэвэр өсөлт сүүлийн 15 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна.
Хүн амын ердийн цэвэр өсөлт(бууралт)-тийн коэффицент гэдэг нь хүн амын төрөлт, нас баралтын тооны зөрүүгээр тухайн жилийн хүн ам өссөн(буурсан)-ийг харуулах коэффициент бөгөөд суурин хүн амд эзлэх хувиар илэрхийлдэг.
Товчхондоо, эдийн засаг саарч, инфляц өссөнөөр иргэдийн худалдан авах чадвар буурдаг. Улмаар бизнес, ипотек, автомашин болон амьжиргааны зээл өрхийн амьжиргаанд дарамт болж, гэр бүлүүд хүүхэд төлөвлөх асуудалд нухацтай хандах шалтгаан болдог байх талтай. Нөгөөтэйгүүр хүн амын өсөлт саарснаар ирээдүйд татвар төлөгч ажиллах хүчний хомсдолд орох, хөдөлмөрийн хүчний дутмагшил нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлах шалтгаан болдог нь өнөөгийн Япон, Өмнөд Солонгос, БНХАУ зэрэг хөгширч буй Азийн орнуудаас харагддаг.
Тэгвэл Монгол Улсын хувьд хөдөлмөрийн насны 100 хүн тутамд ногдох хүүхэд, тэтгэвэр, халамж авагч иргэдийн харьцаа БНХАУ болон Өмнөд Солонгосоос өндөр байна.