Open iToim app
С.Сарантуяа: Гэгээн муза наадам нь зөвхөн уран бүтээлчдийн баяр биш, үзэгчдийн маань баяр юм
Соёл, урлаг | 4 мин уншина

С.Сарантуяа: Гэгээн муза наадам нь зөвхөн уран бүтээлчдийн баяр биш, үзэгчдийн маань баяр юм

Нийтэлсэн 2018 оны 5 сарын 13
 Гэгээн муза наадмын зохион байгуулагч, Ардын жүжигчин С.Сарантуяатай ярилцлаа.
-Энэ жилийн Гэгээн муза наадам өмнөх жилийнхээс юугаараа илүү онцлог болж байгаа вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?  
-Драмын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг гэгээн муза наадам нь 2003 оноос эхлэн тасралтгүй үргэлжилсээр 14 дэх удаагийнхаа наадмыг зохион байгуулж байна. Энэ жилээс уг наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулж байгаа нь илүү онцлог гэж хэлж болох юм.
-14 дэх удаагийн Гэгээн муза наадамд ямар ямар шинэ уран бүтээлүүд өрсөлдөж байгаа вэ?
-Тухайн жилдээ шинээр тавигдсан уран бүтээлүүд Гэгээн муза наадамд өрсөлддөг. Хамгийн гол нь наадам болох хүртэл уран бүтээлчдэдээ зориулсан сургалтууд явуулж эхэлсэн. Өнгөрсөн зун гэхэд Физикл театрын үндсэн дүрмийн тухай сургалтыг Солонгос улсаас мэргэжилтэн, багш, найруулагч нар ирж хийсэн. Энэ удаагийн Гэгээн муза наадмын хүрээнд Онгодыг хөглөхүй гэдэг жүжгийн зохиолыг бичих аргачлалын тухай Хонконгийн урлагийн академийн багш, жүжгийн зохиолчийг урьж сургалт зохион байгуулсан байгаа. Ер нь уран бүтээлчийг үргэлж хөгжүүлэх, цэнэглэх нь нийтэд зориулагдсан уран бүтээл хийхэд маш чухал шаардлагатай байдаг. Уран бүтээлч хүн цаг үргэлж ажиллаж явдаг. Автобусанд явж байсан ч, талханд оочирлоод зогссон ч дүрээ өөртөө шингээх гээд л ажиллаж байдаг. Энэ утгаараа ч уран бүтээлч хүнийг конторгүй ажилчин гэдэг байх.
-Гэгээн музаг үзэх үзэгчдийн мэдрэмж, ойлголт өнөө цагт хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Гэгээн муза наадам нь зөвхөн уран бүтээлчдийн баяр биш, үзэгчдийн маань баяр байдаг. Шинээр эхлүүлж байгаа зүйлийг хүмүүс хүлээж авч, ойлгож, мэддэг болоход тодорхой хугацаа шаарддаг юм байна. Анхны наадамд цөөхөн уран бүтээлчдээс гадна хот орчмын театрын уран бүтээлчид оролцдог байсан. Харин 2005 оноос орон нутгийн театрууд болон чөлөөт уран бүтээлчид оролцож эхэлсэн. Ингээд наадмын хүрээг тэлж, үзэгчид ч гэгээн музаг мэддэг, ойлгодог, хүлээж авдаг, хүлээдэг болсон байна.  
undefined
-Гэгээн муза наадам нь залуу уран бүтээлчдийг хэр хурцалдаг наадам юм бэ?
-Гэгээн муза наадмаар ахмад үеэ алдаршуулдаг. Тэдний бидэнд үлдээсэн уламжлал, хийж бүтээсэн гавьяаг бид хэзээ мартах ёсгүй. Тийм ч учраас Гэгээн муза наадмын зохион байгуулах хорооноос хүндэт муза шагналыг гаргасан байдаг. Ахмад уран бүтээлчдийн бидэнд өвлүүлж өгсөн алдар гавьяаг хүндэтгэн алдаршуулдаг гэсэн үг. Үүнээс гадна шилдэг залуу уран бүтээлчийг шалгаруулдаг уламжлалтай. Шилдэг залуу уран бүтээлч гэсэн шагнал буюу хүндэтгэлийг авсан уран бүтээлч цаашдаа илүү том оргилд хүрээсэй гэдэг үүднээс шалгуулдаг. Хамгийн анхны шилдэг залуу уран бүтээлчийн шагналыг Г.Эрдэнэбилэг хүртэж байсан. Өнөөдөр түүний хийж бүтээж байгаа уран бүтээл, амжилт бүрт Гэгээн муза наадмын шилдэг залуу уран бүтээлч гэсэн хүндэтгэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж боддог. Гэгээн муза наадамд шилдгээр шалгарсан залуу уран бүтээлчдийгээ олон улсад өрсөлдүүлэх, олон улсын театрын наадамд оролцуулдаг. Тухайлбал, жүжигчин Ж.Баясгаланг моно жүжгийн төрлөөр олон улсын наадамд оролцож гранпри хүртсэн. Энэ жил залуу уран Б.Оюунзул Арабын Нэгдсэн Эмират улсад болсон моно жүжгийн фестивальд амжилттай оролцоод ирсэн. Үүнээс гадна залуу уран бүтээлчдийгээ мэргэжилдээ өсөхөд нь түлхэц болох сургалтуудыг зохион байгуулж байгаа.
-Гаднын хэчнээн улс уран бүтээлээрээ өрсөлдөж байна вэ?
-Өвөрмонголын уран бүтээлчид “Эвтэй дөрвөн амьтан” хүүхдийн жүжиг болон дуулалт жүжгийн төрөлд “Алтан хундага” жүжгээр оролцсон. Аргентин улсын жүжигчид хүүхдийн жүжгээр оролцсон байгаа. Моно жүжгийн төрөлд Украинаас ирсэн байна
-“Гэгээн муза” алтан цомын эзнийг шалгаруулах шүүгчээр хэн хэн ажиллах вэ. Гадны улсаас хэчнээн шүүгчид шүүх вэ?
-Гаднаас шүүгчид ирж шүүж байгаагаас гадна уран бүтээлээ толилуулж байгаа. ОХУ болон Косовогоос шүүгчид ирж ажиллаж байна. Олон улсын шүүгчид ажилласнаар бид гаднын нүдээр өөрсдийн хөгжил, уран бүтээлээ дүгнүүлж, түүнээс өөрсдийн хөгжлийн хэмжээг олж харах юм. Мөн Монголын театрын тайзан дээр тоглож байгаа гаднын уран бүтээлчдээс олон зүйлийг сурч, туршлага судалдаг. Монгол шүүгчдийн бүрэлдэхүүнд Хөгжим судлаач Д.Энхцэцэг, Театр судлаач Д.Мягмарсүрэн, Урлаг судлаач Х.Чойдогжамц, ардын жүжигчин Н.Сувд, Зураач Ц.Эрдэнэцог тэгээд миний бие багтаж байна.
-Хамгийн сүүлд нь уншигчид болон Гэгээн муза наадмыг зохион байгуулахад хамтран ажилласан хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-“Гэгээн муза” наадмыг хамтран зохион байгуулж байгаа УДЭТ, БСШУСЯ, Нийслэлийн соёл урлагийн газар, Засаг даргын тамгын газар, Урлагийн ажилтны холбоо, Улсын хүүхэлдэйн театр, Блэкбокс театр зэрэг мэргэжил нэгтээ нэг салбарын байгууллагууддаа чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлмээр байна. Гэгээн муза наадмыг дэмжиж ажилласан бүх хүмүүст наадам зохион байгуулах хорооны өмнөөс талархсанаа илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн