Open iToim app
Анализ | 5 мин уншина

Садулаев: Монгол Улс Оростой холбоо тасарвал Өвөр Монгол шиг хувь заяа хүлээж байгаа

Садулаев: Монгол Улс Оростой холбоо тасарвал  Өвөр Монгол шиг хувь заяа хүлээж байгаа
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 10
ОХУ-ын зохиолч, нийтлэлч Герман Садулаевын “Взгляд” сонинд нийтлэгдсэн "Орос улс Монголыг алдаж болохгүй" гэх нийтлэлийг тоймлон хүргэж байна.
Европын соёлыг тахин шүтэх хуучинсаг үзэлтэй холбоотойгоор бид баруун хил дээрхи улс орнуудад болж буй үйл явдалд хэт их анхаарал хандуулдаг ч дорно зүгийг тэр бүр ойшоодоггүй. Харин энэ хооронд түүхийн үйл явцын хүндийн төв аль хэдийн Хятад, Зүүн Өмнөд Ази руу шилжээд байгаа бол Оросын хувьд Монгол, Казахстан, Киргизстан дахь нөхцөл байдал Украин болон Беларусийнхаас илүү чухал болж ирээд байна. Гэтэл бид үүнийг одоохондоо төдийлөн сайн ойлгохгүй байх шиг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам бид энэ асуудлыг илүү сайн ухаж ойлгох биз. Угаасаа тэгэхээс өөр аргагүй болно.
Оросын Төрийн сүлд дээрхи Византийн хоёр толгойтой бүргэдийн нэг нь өрнө зүгт, нөгөө нь дорно зүг рүү харж байдаг гэж ярилцдаг. Тэгвэл дорно зүгт харсан толгой нь сул дорой, хатангиршаад байгаагийн учир нь түүнийг муу арчилж тэжээдэгтэй холбоотой. Харин өрнө зүгт харсан толгой нь цатгалан том ч рахит өвчнөөр шаналжээ. Өөрөөр хэлбэл манай гадаад бодлогод тэнцвэртэй байдал, уялдаа дутагдаж байна.    
ОХУ геополитикийн чиг баримжаагаа өрнөөс дорнод руу түлхүү чиглүүлж байгаа гэдгээ аль эрт мэдэгдсэн. Учир нь дорно зүгээс гэрэл гэгээ цацарч, бүхий л өөрчлөлт, боломжууд тэндээс л ундран гарах болсон. Харамсалтай нь бидний нөгөө л хоцрогдсон барууны үзлийн инерц хүчтэй хэвээрээ байна. Жишээ нь, өнөөдөр манай хэвлэлүүдэд гарч байгаа хоёр нийтлэл тутмын нэг нь Беларусийн тухай, гурван нийтлэлийн нэг нь Украины тухай байхад Монголын талаар бараг хэн ч бичдэггүй. Тиймээс Монголын талаар санацгаая.
Харамсалтай нь, сануулах болсон шалтгаан нь нэлээд түгшүүртэй. Учир нь Монгол Улс кирилл үсгээс татгалзаж, хуучин монгол босоо бичиг рүүгээ шилжих асуудлыг нэлээд нухацтай авч үзэж эхлээд байгаа юм. Оросуудын дийлэнх нь 1941 оноос хойш Монголчууд бичгийн хэлэндээ кирилл цагаан толгой ашиглах болсон гэдгийг мэддэггүй байх. Гэхдээ энэ бол үнэн. Бүр 2003 оныг хүртэл орос хэл Монголын сургуулиудад заавал үзэх ёстой хичээл байв. Одоо бол мэдээж англи хэлээр солигдсон. Харин хамгийн сүүлд Казахстаны жишгийг дагаж кирилл цагаан толгойг халахаар шийдээд байна. Энэхүү өөрчлөлт, шинэчлэл хэр хөр хөнөөлтэй талаар ярих нь илүүц биз. Учир нь бичиг үсгийн уламжлал тасалдахын үр дагавар хэнд ч ойлгомжтой.  
Монгол Улс 100 гаруй жилийн турш ЗХУ болон ОХУ-ын үнэнч холбоотон байсаар ирсэн. Энэ нь юуны түрүүнд Монгол Улсад өөрт нь ашигтай байв. Тухайлбал, Оростой тогтоосон ойрын харилцаа нь Хятадын эсрэг тэнцвэртэй байдлыг хангаж байсан. Орос хэзээ ч Монголыг өөртөө нэгтгэхийг эрмэлзэж байгаагүй бөгөөд Москвагийн хувьд тусгаар тогтносон Монгол Улс нь Хятадтай өргөн уудам газар нутгаар хиллэх жийргэвч гэдэг талаасаа илүү ач холбогдолтой юм. Харин Хятад улс Монголыг өөртөө нэгтгэж, ул мөргүй уусгаж авахыг хүсдэг бөгөөд тэгэх ч боломжтой. Тухайлбал, Хятадууд Монголыг цэргийн хүчээр эзлэн түрэмгийлсэн удаатай. Харин Монголчууд эхлээд цагаантнууд дараа нь улаантнуудын тусламжтайгаар буюу гагцхүү Оросын дэмжлэгээр 1924 онд тусгаар тогтнолоо олж авсан байдаг. Мөн 1949 он хүртэл ЗХУ-аас өөр хэн ч тэдний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагүй.
Бидний Дэлхийн II дайны ялалтад ч гэсэн Монголчууд хүнд артиллеруудыг зөөх агт морь, Москвагийн ойролцоох траншейнд хөлдөж үхэх шахаж буй немцүүдийг атаархуулам нэхий дээл, хүнс, мөнгө, сайн дурынхныг илгээх зэргээр тусалж, үнэтэй хувь нэмэр оруулсан.  
Монгол Улс гурван сая гаруй хүн амтай бол Хятадад эзлэгдсэн Монголын газар нутаг буюу Өвөр Монголд үүнээс хоёр дахин их буюу зургаан сая орчим монголчууд амьдардаг. Гэвч Өвөр Монголчууд аль хэдийн бусдаас ялгарах үндэсний онцлог шинж чанараа алдсан бөгөөд тэдний дийлэнхи нь хятад хэлээр ярьдаг, хятад хүмүүс болсон. Хэрэв Оростой тогтоосон харилцаа, холбоо тасарвал  “Гадаад Монгол” буюу тусгаар тогтносон Монгол Улсыг, жинхэнэ монгол хүмүүсийг ийм л хувь тавилан хүлээж байгаа. 
Ер нь Монгол Улс дахь Оросын нөлөө 1992 оноос хойш улам бүр багассаар байгаа юм. Бид ч үүнийг тоохоо больсон. Бидэнд зөөлөн хүчний бодлогоор эрхшээж чадалгүй АНУ-ын Төрийн департаментад алдчихсан Украины асуудал илүү чухал бололтой. Тэгвэл Монгол Улс ашигт малтмалын асар их баялагтай бөгөөд Орос, Хятадын дунд оршдог гэдэг утгаараа стратегийн чухал байр суурь эзэлдэг. Мөн Монгол Улсад өөр хөрш байхгүй.
Оросын жуулчид сүүлийн жилүүдэд Монголыг олноороо сонгон аялах болжээ. Тэд урам зориг, баяр хөөртэйгөөр буцаж ирдэг бөгөөд дахин Монгол руу явахыг хүсдэг. Монгол бол огт өөр ертөнц, өөр гариг юм. Үүний зэрэгцээ Монголын тал нутагт Скиф, Коссакуудыг санагдуулам Оросын ард түмэнд элэгсэг, ойр дотно нэг тийм онцгой зүйл бий. Монголын ахмад үеийнхэн орос хэл мэддэг учир орчуулагчгүйгээр харилцах боломжтой.
ЗХУ-ын ард түмэн Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, эдийн засгийг дээшлүүлэх, амьдрах нөхцөлийг сайжруулахад ах дүүгийн хувиар туслалцаа үзүүлсэн явдлыг тэндэхийн хүн ард үргэлж дурсан санаж байдаг. Тийм ээ, хэн юу гэхээс үл хамааран Чингисийн эзэнт гүрний үед бид нэг улс байсан гэх нийтлэг түүхэн талаасаа ойр байх нэгдмэл хүчин зүйл ч бий. Хэрэв орчин үеийн Монголчуудыг Алтан ордны улстай зөвхөн домог нэгтгэдэг гэвэл эцсийн эцэст ямар нэгэн үндэсний үзэл санааны үндэс суурь нь домог биш гэж үү?
Бидний хувьд, одоо ч гэсэн Монголыг алдахгүй, өөрийн тойрог замаасаа гаргахгүй байх боломжтой. Үүнийг хийхийн тулд Монгол  Улстай хийх улс төрийн харилцаагаа бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Гэхдээ үүнээс дутахгүй, магадгүй илүү чухал нэг зүйл бол Монголд орос хэл, оросын соёлыг түгээх явдал юм.
Орос хэл дээрх ном зохиол, киног идэвхтэй сурталчлах, орос хэл заах, монгол иргэдийг Оросод суралцахыг урьж, илүү их тэтгэлэг санал болгож, Монголд соёлын элч нараа илгээн, зохиолч, уран бүтээлч, найруулагчдад зориулсан фестиваль, уралдаан тэмцээн зохион байгуулах зэргээр "Зөөлөн хүч" гэж нэрлэдэг бүх зүйлийг хийх хэрэгтэй.
Шинэ удирдлагатай болсон ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Гадаадад амьдардаг эх орон нэгтнүүд болон Олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны агентлаг бидний хувьд хамгийн чухал гэгдэж буй дорно зүг, тэр дундаа Монгол Улсыг орхихгүй байх гэсэн найдлага байна. Манай геополитикийн өрсөлдөгчид ОХУ хамгийн ойрын хөршүүддээ хүртэл өөрийн соёлын нөлөөгөө алдаж, оргүй болсон мэтээр бичиж байгаа нь хэтэрхий эртэдсэн дүгнэлт юм.  
Бид сансарт нисчихээгүй, одоо ч байсаар байгаа. Хэрэв бид хаа нэг газраас үүрд явсан юм шиг харагдаж байгаа бол энэ нь зүгээр л төөрөгдөл юм. Орос улс эргэн ирэх нь гарцаагүй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн