Норвегийн эрэг орчмоос олсон камераар тоноглосон Белуга халимыг Оросын тэнгисийн цэргийн хүчнийхний тусгай бэлтгэлээр сургасан тагнуул байх магадлалтай гэж тус улсын албаны хүмүүс мэдэгдсэн юм. Тус халим анх ОХУ-ын тэнгисийн цэргийн бааз байдаг Мурманск хотоос ердөө 415 километрийн зайтай орших Норвегийн Ингояа арлын ойролцоо хөвж байсан нэгэн засаг агнуурын усан онгоцыг хоёр гурван өдрийн турш эргүүлдсэн байна. Арктикийн бүсэд амьдардаг цөөн тооны хөхтөн амьтдын нэг болох Белуга халим нь тэр бүр хүмүүст ойртож очдоггүй байна. Харин засагчид сүүлийн өдрүүдэд хэд хэдэн удаа харагдсан халимд ямар нэг зүйл суурилуулсан болохыг олж мэдэн эргийн хамгаалалт дуудаж “GoPro” загварын видео камерыг түүнээс салган авч шинжилгээнд оруулахад ОХУ-ын Санкт-Петербург хотод харьяалалтай төхөөрөмж байжээ.
Харин ОХУ-ын Армийн хурандаа Виктор Барантец энэ талаар “Бид цэргийн зориулалттай дельфинуудийг бэлтгэдэг нь нууц биш. Тухайлбал Крым дэх Севастополь хотод байлдааны тусгай үүрэг бүхий далайн ан амьтдыг бэлтгэдэг төв байдаг. Тэнд дельфинүүдийг далайн гүнд дүн шинжилгээ хийх, харийн шумбагчдыг хөнөөх болон шумбагч онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулах зэрэгт сургадаг. Гэхдээ хэрвээ бид үнэхээр энэ амьтныг туршилтад оруулж тагнуул хийлгэхээр илгээсэн бол бидэн рүү залгаарай гээд утасны дугаараа үлдээхгүй шүү дээ” гэсэн юм.
Белуга халим, дельфин зэрэг далайн хөхтөн амьтад нь тун ухаалаг учир гаршуулж, нохой шиг сургаж болдог байна. Анх хүйтэн дайны үед АНУ-ын тэнгисийн цэргийн арми эдгээр амьтдыг байлдааны зориулалттай ашиглаж эхэлсэн бөгөөд одоо хэрнэ Сан-Диего хотод том хэмжээний сургуулилтын бааз байдаг аж. Эдгээр тусгай бэлтгэгдсэн далайн амьтдыг хамгийн сүүлд Иракийн дайны үед өргөн хүрээгээр далайд буй тэсрэх бөмбөгнүүдийг цэвэрлэхэд ашиглаж байжээ.