Open iToim app
Эрх зүй | 4 мин уншина

Н.Лүндэндорж: Шүүхийн хараат бус байдлыг хамгаалдаг байгууллагаа улстөрч, намуудад алдахгүй байх түүхэн боломж нэмэлт өөрчлөлтөөр орж ирж байна

Н.Лүндэндорж: Шүүхийн хараат бус байдлыг хамгаалдаг байгууллагаа улстөрч, намуудад алдахгүй байх түүхэн боломж нэмэлт өөрчлөлтөөр орж ирж байна
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал,  төслийн талаарх хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлэг өчигдөр “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвээр болсон. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Лүндэндоржтой Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдэд шүүх эрх мэдлийн талаарх оруулсан өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтуудыг та дэмжиж байгаа юу. Шүүхийн шинэчлэлийг хийж чадах өөрчлөлт болж чадсан гэж харж байна уу?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар УИХ-ын гишүүдийн санаачилсан төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн. Одоо бол Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслөөр хэлэлцүүлэг хийж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хувьд биш шүүхийг судалдаг хүний хувьд энэ төслүүдэд орох ёстой зүйлүүд орсон байна. Бас ороогүй үлдсэн зүйлүүд ч байна гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн төсөлд оруулсан шүүх эрх мэдэлтэй холбоотой хоёр зүйлийг дэмжиж байгаа. Нэгд, Монгол Улсын Үндсэн хуулийн 48.1-т шүүхийн үндсэн тогтолцоо ямар байхыг заасан заалт. Хоёрт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд зааж өгч байгаа асуудал.
Олон улсын байгууллагуудаас шүүхийн хараат бус байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар маш олон баримт бичиг, зөвлөмжүүд гаргасан байдаг. Эдгээрт байдаг нэг нийтлэг зүйл бол аливаа улс орон шүүхээ хараат бус байлгая гэвэл хараат бус байдлыг нь хангаж, хамгаалж байдаг Шүүхийн зөвлөл гэдэг байгууллагын бүрэн эрх, бүрэлдэхүүнийг нь Үндсэн хуульдаа баталгаажуулах ёстой гэж заасан байдаг. Харамсалтай нь манайх олон улсын баримт бичгээс хол хөндий 20,30 жилийг алдчихлаа. Гэсэн хэдий ч 1992 оны Үндсэн хуулийн төслийг боловсруулж байхдаа манай улсын Засгийн газраас НҮБ-ын Хүний эрхийн хороонд төслөө явуулсан байдаг. Манай төслийг үзээд зөвлөмж өгөөч гэж. Түүнд маш олон зөвлөмжүүд өгсөн байдгийн дотор нь “Та нар шүүхийн Ерөнхий зөвлөл гэдэг байгууллагынхаа бүрлэдхүүнийг Үндсэн хуульдаа зааж өгөхгүй, парламентын олонхийн мэдэлд байдаг органик хуулиар зохицуулахаар зааж өгсөн нь буруу байна. Энэ нь шүүхийн хараат бус байдлаа парламентын олонх болсон улс төрийн намд шилжүүлсэнтэй ижил болсон байна. Энэ зүйлээ засах ёстой” гэсэн зөвлөмжийг 28 жилийн өмнө Монгол Улсад өгч байсан. Харамсалтай нь тухайн үед энэ зөвлөмжийг ойлгоогүй, мэдээгүй орхисноос болж манай шүүх засаглал өнөөдөр ийм байдалд хүрсэн. Одоогийн Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд зааж өгч байгаа нь Монгол Улс хараат бус шүүхтэй болох хамгийн чухал зүйл гэж үзэж байгаа.
-Ерөнхийлөгч болон 62 гишүүний хуулийн төсөлд Шүүхийн сахилгын хороо байгуулах санал туссан. Шүүхийн ерөнхий зөвлөлд байсан хороог ингэж салгах нь хэр зөв өөрчлөлт вэ?
-Дэлхийд шүүхийн сахилгын хороо нь тусдаа байдаг ч орнууд байна. Шүүхийн захиргааны байгууллагынхаа дэргэд ажилладаг ч улс орнууд байна. Нийгэмд үүсч байгаа хөөрсөн түмний давлагаа ч гэдэг ч юм уу, олон нийтийн хүлээлт ч гэх юм уу, шүүх хариуцлагагүй байна, хариуцлага тооцдог байгууллага нь хүчтэй байх ёстой гэсэн нийгмийн сэтгэлзүй нэлээд хүчтэй явж байгаа учраас Ерөнхийлөгчийн төсөлд ч, УИХ-ын гишүүдийн төсөлд ч хариуцлагын зөвлөлийн асуудлыг Үндсэн хуулийн хэмжээд тавьж байгааг буруутгахгүй байгаа. Ер нь дэлхий дахинд шүүгчийн хариуцлагатай байдлыг хангах гэдэг асуудлыг 200 жил мартсан. Одоо дэлхийн бүх улс орон шүүгчийг хэрхэн хариуцлагатай байлгах вэ гэдэг дээр ихээхэн чармайлт тавьж байгаа. Дэлхий дахины чиг хандлагыг бид ч анхаарч Үндсэн хуулийн төвшиндөө хэлэлцэж байгааг зөв гэж бодож байна.
-Ерөнхийлөгчийн төсөл дэх Монгол Улсын шүүхийн тогтолцоог өөрчилөх 48.1 гэсэн заалтыг та дэмжиж байгаа гэлээ. Энэ өөрчлөлтийг хийснээр ямар эерэг үр дүн гарах вэ?
-Судлаачийн хувьд сүүлийн 10,20 жил үүнийг өөрчлүүлэх гэж шаардлага, үндэслэлийг нь гаргаж тавьсан. Огт бүтдэггүй байсан. Янз бүрийн зөрчил тэмцэлтэй тулгардаг байсан. Харин энэ удаад Ерөнхийлөгч ийм төсөл санаачилж оруулж ирсэнд маш их баяртай байна. Энэ бол Монгол Улсын шүүх хараат бус, хариуцлагатай, үр нөлөөтэй, бүтээмжтэй, зөв юм хийх, зөв ажиллах үндэс болно гэж бодож байгаа. Аливаа тогтолцоо зөв болоогүй нөхцөлд дотор нь байгаа эд эс зөв ажилладаггүй учраас Ерөнхийлөгчийн санаачилсан Үндсэн хуулийн 48.1-т оруулах саналыг олон хүн дэмжээсэй, ойлгоосой гэж хүсч байна.
-Тэгвэл хоёр хуулийн төслөөс дэмжихгүй байгаа заалт юу вэ?
-Шүүгчдийг Ерөнхийлөгч томилдгийг болиулъя гэж байгаа нь буруу. Би энэ саналаа ажлын хэсэгт байхдаа ч хэлж байсан. Ерөнхийлөгч шүүгчдийг томилсноор Ерөнхийлөгчөөс хамааралтай боллоо гэж улстөрчид ойлгоод байгаа юм. Энэ бол буруу. Шүүгчийн хараат бус байдлын баталгаа болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн хариуцлагын зөвлөл гэдэг байгууллагат шүүгчийг чөлөөлдөг, түдгэлзүүлдэг эрх олгоно гэж байгаа. Би үүнийг дэмжихгүй байгаа. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагыг Улсын дээд шүүх ч, Хууль зүйн яам ч авах юмсан гэж байна. Сүүлдээ Засгийн газар, УИХ нь авах юмсан гэдэг байдал руу явах гээд байдаг учраас Үндсэн хуульд нь заагаад өгчихвөл хөдөлгөөнгүй болж, шүүхийнхээ хараат бус байдлыг хангаж, хамгаалдаг байгууллагаа улстөрчидөд, намуудад алдахгүй байх түүхэн боломж нэмэлт өөрчлөлтөөр орж ирж магадгүй байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн