ОХУ-аас уул уурхайн түүхий эд тээвэрлэх зориулалтаар ашиглалтын хугацаа дууссан 1000 вагон оруулж ирсэн гэсэн мэдээлэл онол нийтийн сүлжээгээр тархаад байгаа билээ. Үүнтэй холбоотой асуудлаар өнөөдөр УБТЗ-аас мэдээлэл хийлээ.
Экспортын тээвэрлэлт нэмэгдэж байгаа тул хагас вагоныг нэмэх шаардлагатай
ОХУ-аас яагаад 1000 вагон авах болсон талаар УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан ингэж тайлбарлалаа. Тэрээр “урд хөршөөр дамжих ашигт малтмалын түүхий эдийн хэрэгцээ эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор тээврийн вагоныг нэмэх шаардлага бий болсон. Мөн 2017 онд УБТЗ 22.8 сая тн ачааг тээвэрлэсэн. Нийт ачааны 17.3 сая тн буюу 75.8 хувь нь дотоодын экспортын ачаа байгаа юм. Энэ ачааны 83.1 хувийг хагас вагон буюу 1000 вагоноор тээвэрлэгдэх ачаа байсан. Өнөөдрийн байдлаар УБТЗ нийт экспорт, орон нутгийн ачилтад шаардлагатай ачилтын захиалгын 63.4 хувийг хангаж байна. 1000 вагоноос 587 вагон манай улсад орж ирээд ачаа тээвэрлэж байна. Эдгээр 587 вагон орж ирснээр нийт тээвэрлэх ачааны 23.4 хувиар нэмж байгаа юм.
УБТЗ-ын эзэмшлийн 1347 хагас вагон байдаг. Үүний 750 вагоноор уул уурхайн нүүрс зөөхөд ашигладаг. Үлдсэн вагоноо орон нутагт явуулахаар экспортын ачаа тээвэрт хангалтгүй болж байгаа юм. Ийм учраас вагон худалдаж авах ажлыг зохион байгуулсан.
2018 онд 27 сая тн ачааны захиалга ирсэн. Одоогийн боломжоор 24.5 сая тн ачааг тээвэрлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Жилд УБТЗ-ын ачаа тээвэрлэлт 2-3 сая тн ачаагаар нэмэгдэж байгаа нь уул уурхайн бүтээгдэхүүн ачихад зориулагдсан хагас вагоныг нэмэгдүүлэх шаардлагатай. Анх 1000 вагон оруулж ирэхээр төлөвлөж байсан ч нийгэмд үүссэн сөрөг үр дагавраас болж 587 оруулж ирсэн байна.
Эдгээр вагоныг худалдаж авсныхаа дараагаар засвар үйлчилгээний нийт зардал нь 16.2 тэрбум төгрөг болсон. Харин өнөөдрийн байдлаар 16.9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хийж, 700 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.
Цаашид 1400 хагас вагон шаардлагатай. Учир нь УБТЗ-ын эзэмшлийн хагас вагонууд хуучирсан, ашиглалтын хугацаа нь дууссан вагоныг нөхөх шаардлага байгаа юм” хэмээн ярьсан.
Нэг вагон 9-11 мянган долларын үнэтэй
Харин ОХУ-аас оруулж ирсэн 587 вагоны ашиглалтын хугацаа, чанарын талаар УБТЗ-ын вагон аж ахуйн ажлыг хариуцагч Л.Болд хэлэхдээ “ОХУ-аас оруулж ирсэн вагон нь 1994-1995 онд үйлдвэрлэгдэж, ОХУ-д 22 жил ашиглагдан 1-2 жил сул зогссон. Монгол Улсын стандарт 6466:2016 стандартын 3.1.22-ын дагуу Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод дунд засвар, 3.1.22 стандартын дагуу Дархан, Замын-Үүд дахь ВЗГ-т урсгал засварт оруулж, 584 тээвэрт явж, 39 вагон нь засвар хүлээж байгаа.
Манай улсад мөрдөж байгаа журмын дагуу 6-7 жил ашиглах боломжтой байсан. Гэхдээ уг вагонуудыг ШУТИС-ын лабораторитой хамтарч, ашиглалтын нөөцийн талаар туршилт хийж, дүгнэлт гаргасан. Шалгалтын дүгнэлтээр үлдэгдэл нөөц 15.5-17.9 нөөцтэй гэсэн хариу гарсан байгаа. Мөн вагоны ноён нурууны гагнуураар залгагдсан даацын элементүүдийн ширээсийн чанар хэвийн гэж гэсэн дүгнэлт гарсан. Ингээд вагоныг засаж, оношлоод 7-10 жил ашиглах боломжтой гэсэн дүгнэсэн. Нэг вагоныг 9-11 мянган доллараар худалдаж авсан” гэж ярилаа.