Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

ЭМЯ: Улс орон дотроо нэгдэж, хамтарч ажиллахгүй бол хоцорно, бас хохирно

ЭМЯ: Улс орон дотроо нэгдэж, хамтарч ажиллахгүй бол хоцорно, бас хохирно
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 13
Эрүүл мэндийн яамнаас коронавирус буюу “Covid-19” өвчний тархалтын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Шинэ коронавирусийн тархац өндөр хэвээр байна. Сүүлийн 24 цагийн мэдээллээр өвчлөл 15346 тохиолдлоор нэмэгдэж, 253 хүн нас баржээ. Харин 671 хүн бүрэн эмчлэгдсэн байна. БНХАУ өвчлөл гарсан цагаас эхлээд өвчинтэй тэмцэх сэргийлэх арга хэмжээг маш эрчтэй, хурдтай зохион байгуулсан. Өвчний тохиолдлын тодорхойлолт, лабораторийн хурдавчилсан аргыг нэвтрүүлж байгаа. Үүний үр дүнд тохиолдлын тоог маш сайн гаргаж байна. Сэжигтэй, нэгдүгээр хавьтлын хүмүүсээс өвчнийг маш богино хугацаанд илрүүлж, тусгаарлах эмчлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа учраас энэ өвчлөлтийн тоо нэмэгдсэн гэж хэлж болно. Цаанаа бол БНХАУ энэ өвчинг маш сайн хяналтдаа авсны илрэл юм. ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос хэлэхдээ “Вирусээс илүү цуурхал хүчтэй тархаж байна. Ийм учраас асуудалд цуурхлаас айх биш шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй” гэжээ. Өчигдөр оройны хувьд яг хүмүүсийн унтах цагаар  амгалан тайван байдлыг алдагдуулах, хүмүүсийн дархлаагаа сэргээдэг унтдаг цагаар худал мэдээллийг тараасан. Эрүүл мэндийн газрын зүгээс энэ өвчнийг нууж байгаа зүйл огтхон ч байхгүй. Энэ бол гурван сая иргэний орших уу, эс орших уу гэдгийг шийдэж байгаа асуудал учраас бид нуухгүй.
“Улсын хэмжээнд төрийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үгүйсгэх, бусдад худал мэдээлэл тараан амгалан тайван байдлыг алдагдуулахад Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр заалтаар хариуцлага хүлээлгэнэ. Интернэт орчноор 47 секундийн хуурамч мэдээлэл тараасан Чингэлтэй дүүргийн оршин суугч иргэн Г-г тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа” хэмээн  Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат мэдээллээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Бид ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу хамгийн түрүүнд иргэдэд зөв мэдээллийг өгөх, сэрэмжлүүлэг, зөвлөгөөг хүргэн ажиллаж байна. Мөн ХӨСҮТ 200 орны бэлэн байдлыг ханган сэжигтэй тохиолдлуудаа тусгаарлаж байгаа. Өдөр болгон бид сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлалаа, лабораторийн шинжилгээгээр тэдэн тохиолдол үгүйсгэгдлээ гэсэн мэдээллийг хүргэж байгаа. Энэ бүхний цаана маш олон эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид нойр хоолгүй ажиллаж байна. Гэтэл иргэд хариуцлагаа ухамсарлаж, иргэний үүргээ биелүүлэхгүй байна. Эрүүл мэндийн салбарт тусгаарлагдаж байгаа иргэд эмч, эмнэлгийн ажилчдыг хэл амаар доромжлох байдал их байна. Баян-Өлгий аймагт бүртгэгдээд байгаа сэжигтэй иргэн нэгдүгээр сарын 10-нд Эрээн рүү гарсан. Цаашаа нэгдүгээр сарын 12-нд явсан. Буцаад хоёрдугаар сарын 2-нд Эрээн рүү ирсэн. Дахиад эргээд Бээжин яваад хоёр хоноод, хоёрдугаар сарын 4-нд Бээжингээс Эрээн дээр ирээд, 5-нд хилээр гаран Замын-Үүд дээр 3 хоносон. Дахиад Улаанбаатарт ирээд 2 хоносон. Цаашаа Улаанбаатар-Ховд чиглэлийн 40 хүнтэй автобусаар явсан. Тэр автобус замдаа Булганы Сансар, Ховдын Дарви сумуудад зогсч, хооллосон. Тэгээд Ховдод 2 хоног зочид буудалд байсан. Ингээд цаашаа Баян-Өлгий аймаг руу 4 хүнтэй хамт таксигаар явсан. Тэгээд очсон хойно нь халуурах, ханиалгах, булчин өвдөх, толгой өвдөх, гүйлгэх шинж илэрсэн. Тэгээд тусгаарлагдсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Иргэд явсан замаа бид нарт мэдээлэхгүй байна. Бид тэр таксины жолоочийг хайж олж, автобусанд явсан 40 хүнийг нэр усаар нь хайж бүгдэд нь зөвлөгөө өгч байна. Зөвхөн нэг тохиолдол дээр Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Төв аймгуудын эрүүл мэндийн салбар дээр ажиллаж байна. Ингэж хүндрэл учруулж, ийм байдал үүсгэмээргүй байна. Улс орон дотроо нэгдэж, хамтарч ажиллахгүй бол хоцорно шүү гэдэг зөвлөмжийг өгөөд байхад бид ингэж хариуцлагагүй байж болохгүй.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны хоёрдугаар сарын 11-нд Сүхбаатар аймагт тусгаарлагдсан хоёр, Замын-Үүдэд тусгаарлагдсан хоёр тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Хоёрдугаар сарын 12-нд Дорнодод нэг, ХӨСҮТ-д хоёр тусгаарлагдсан иргэдийн шинжилгээ хийгдэж байна.  
47 секундийн худал мэдээлэл тараасан этгээдийн талаар Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбатаас тодрууллаа. Тэрээр “Цахим орчинд тарсан 10 худал мэдээллийг шалгаж байна. Одоогийн байдлаар нэг иргэнийн 2 сая төгрөгөөр торгосон. Худал мэдээнүүд ихэвчлэн хувь хүний хаягаар тараагдаж байна. Одоогоор шалгалтын ажил дууссаны дараа ямар шалтгаанаар худал мэдээлэл тараасан гэдгийг хэлэх болно” гэдгийг хэллээ.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн