Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатартай Улаанбаатар хотод хэрэгжиж орон сууцны төслийн талаар ярилцлаа.
-Гэр хорооллын яндангийн тоог цөөрүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд нийслэлд орон сууцны шинэ хорооллууд олноор барихаар ярьж байгаа. Энэ хүрээнд 2020 онд нийслэлд орон сууцны ямар төслүүд эхлэх вэ?
-Засгийн газраас улсын хэмжээнд 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг баталсан. Улаанбаатар хотын хувьд 50 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд “Орлогод нийцсэн ногоон орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор инженерийн дэд бүтэц хүрэх боломжтой алслагдсан бүсийн 9 байршилд эхний ээлжид орон сууцны хорооллууд барих ажил эхэлнэ. Жишээ нь, Морингийн давуунд 129 га газарт 7500 айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Энэ чиглэлд хурдны зам, Туул гол давсан гүүр зэргийг хотхоны бүтээн байгуулалттай хамтатган цогцоор нь хийнэ. Төв хэсэгт инженерийн дэд бүтцэд холбогдоогүй гэр хороололд амьдарч иргэдийг орон сууцжуулах зорилгоор нийтдээ зургаан дэд төв барина. Эдгээр дэд төвөөс эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төвийг барих ажлыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр эхлүүлсэн. Уг дэд төвийн инженерийн дэд бүтэц дуусч байгаа учраас түүнд түшиглэсэн орон сууцны хороолол барих ажил эхэлнэ. НОСК-аас иргэдийн орлогод нийцүүлэн Улаанбаатар хотод анх удаа урьдчилгаагүй, хүүгүй орон сууц түрээслээд, өмчлөх боломжийг нээсэн. Түрээслээд өмчлөх хэлбэр 2019 онд анх удаа хэрэгжиж эхэллээ. Тиймээс цаашид хороолол хэлбэрээр барих шинэ орон сууцны 15 хувь нь энгийн түрээс, 55 хувь нь түрээслээд өмчлөх буюу иргэдийн орлогод нийцсэн хэлбэрээр борлуулна. Харин 30 хувийг нь зах зээлийн эрэлт хэрэгцээгээр борлуулахаар журамлаж байгаа. Ингэснээр бүх талын хэрэгцээ шаардлагыг хангана гэж тооцож байгаа.
2020 онд нийслэлийн хэмжээнд 10 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлэх зорилготой ажиллаж байна. Мөн Баянголын аманд 2000 айл, Ногоон нуурт 1008 айл, Ханын материалд 600 айл, Морингийн давуу, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд шинээр орон барих ажил эхэлнэ. Эдгээр төслүүдэд эхний 570 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэр баталснаас өнөөдрийн байдлаар 270 ам.долларыг босгосон. Санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд хамгийн урт хугацаатай зээл 40 жил, хамгийн богино нь 15 жил байна. Мөн иргэдийн орлогод нийцсэн ногоон орон сууц барихад Уур амьсгалын ногоон сангаас 50 сая доллар, Өндөр технологийн сангаас гурван сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон. Нэг ёсондоо бид санхүүжилтээ шийдэж, инженерийн дэд бүтцээ хийгээд эхэлсэн. Одоо иргэдийн оролцоотойгоор орон сууцжуулах ажлаа эхэлнэ. Иргэдийг орлогод нь нийцүүлэн орон сууцанд хамруулахаас гадна тухайн өрхийн орлогыг хэрхэн дэмжиж, ажлын байраар хэрхэн хангах вэ гэдгийг давхар шийдэхээр ярьж байна.
-Шинээр орон сууцны хотхон, хороолол барих газрын асуудлыг ямар байдлаар шийдэж байгаа юм. Иргэд амьдарч байгаа газраа орон сууцаар солих боломжтой болсон гэж зарласан л даа. Гэхдээ хэр үр дүнтэй юм вэ, зарим иргэн газрыг нь хэтэрхий бага үнэлж байна гэсэн гомдлож байгаа шүү дээ?
-НОСК-аас иргэд газраа орон сууцаар солих хөтөлбөрийг зарласан байгаа. Хамгийн багадаа дөрвөн га талбар амьдарч байгаа иргэд нэгдэж, газраа орон сууцаар солих боломжтой юм. Өөрөөр хэлбэл, заасан бүсийн дөрвөн га талбарт амьдарч байгаа иргэд нэгдээд газраа орон сууцаар солино гэвэл шууд бэлэн орон сууцанд оруулна гэсэн үг. Тодорхой хэмжээний үнийн зөрүү гарвал харилцсан гэрээ байгуулаад явна. Жишээ нь, нэг иргэний газар 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн ч 70 сая төгрөгийн орон сууц авах хүсэлтэй байгаа бол үлдэгдэл 30 сая төгрөгийг таван жилийн хугацаанд 8 хүртэлх хувийн хүүтэйгээр төлөх нөхцөлтэйгөөр төсөлд хамруулах боломжтой. Нөгөө талаас газар нь орон сууцны үнээс давсан тохиолдол бас гарч болно. Энэ тохиолдолд мөн иргэнтэй гэрээ хийгээд 1-2 жилийн хугацаанд зөрүүг төлөхөөр төлөвлөж байгаа. Нийт 24 байршилд 1216 га газрын 20477 нэгж талбар буюу 20477 хашаа байгаа. Эдгээрээс хамгийн түрүүнд санаа нэгдсэн байршилд үнэлгээ хийгээд эхэлнэ. Газраа чөлөөлсөн иргэдийн хувьд шууд Буянт-Ухаа II хороололд байрлах бэлэн байранд орж болно.
Ер нь иргэдийн газрыг багаар үнэлэхгүй. Гол зорилго бол иргэдийг орон сууцанд хамруулах шүү дээ. Орон сууцаар сольсон газарт нь хороолол хотхон хэлбэрээр орон сууц барина. Эсвэл инженерийн дэд бүтцэд холбогдсон газруудад заавал дөрвөн га газрыг орон сууцаар солино гэхгүйгээр шууд дэд бүтцээр хангаж өгнө. Мөн дэд бүтцийн хүрээнд загвар орон сууц барьж, түүндээ шууд оруулах нөхцөлтэй хувилбар ч бий. Ингэхдээ иргэдийг түр оршин суух орон сууцаар хангана.
Газрыг орон сууцаар солих байршлууд:
1.Сонгинохайрхан дүүрэг 7, 8, 9,10, 28-р дугаар хороо Баянхошуу дэд төв
2.Чингэлтэй дүүрэг 14, 48-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв
3.Сүхбаатар дүүрэг 16,17-р хороо Дамбадаржаа дэд төв
4.Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо Дэнжий мянга дэд төв
5.Баянзүрх дүүрэг 9, 17, 19, 24,-р хороо Шар хад дэд төв
6.Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12-р хороо Орон сууцны 7-р хороолол
7.Баянзүрх дүүрэг 2, 4-р хороо Мамба дацан
8.Баянзүрх дүүрэг 13,14-р хороо Орон сууцны 14-р хороолол
9.Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун-Овооны тойргоос хууль сахиулах их сургууль орчим
10. Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай
11.Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хороо Дэнжийн мянга орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай.
Эдгээр байршлуудад бүртгэлтэй айл өрхүүд тухайн дүүргийн хороон дээрээ очиж мэдээлэл аваад бүртгүүлэх боломжтой юм.
-Газраа сольсон иргэдэд бэлэн орон сууцанд оруулна гэж байна. Тэгвэл зах зээлд бэлэн, “эзэнгүй” байгаа хэчнээн орон сууц байгаа юм бэ. Хүрэлцээ, байршил нь ямар байгаа вэ?
-Урьдчилсан тооцоогоор 40 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй бэлэн орон сууц байгаа. Мэдээж орон сууцны тоо, хэмжээ хязгаартай учраас хурдан хугацаанд нэгдэж, саналаа өгсөн иргэд түрүүлж байрандаа орно. Иргэд нэгдээд дөрөв болон түүнээс дээш га газраа чөлөөлбөл хамгийн таатай нөхцөлөөр орон сууцтай болох нөхцөлөөр хангана. Хаана хэчнээн га талбайд хэчнээн иргэн амьдарч байгаа, тухайн бүсийн дөрвөн га талбарыг хэдээр үнэлж байгаа гээд бүх нарийн тооцоо бэлэн болж байгаа. Хамгийн гол нь иргэдийн газарт хороолол хотхон барихдаа нэгд, ажлын байрны хүртээмж, хоёрт, ногоон байгууламж, гуравт автомашины зогсоол, цэцэрлэг сургууль зэргийг цогцоор нь харж шийднэ.
-Ирэх онд ашиглалтад орох хэчнээн орон сууц байна вэ?
-2020 оны хоёрдугаар улиралд багтаж “Буянт-Ухаа 2-т” 900 айлын орон сууц ашиглалтад орно. Орон сууцны ихэнх том төслүүд ирэх жил эхэлнэ. Төсөл эхлүүлэхэд нэгд, санхүүжилт, хоёрт, инженерийн дэд бүтэц, гуравт иргэдийн оролцоо чухал. Энэ гурван асуудлыг цогцоор нь шийдсэний дараа төсөл амжилттай хэрэгжих боломж бүрдэнэ. Ямартай ч иргэдийн орлогод нийцсэн 10 айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд эхлэх нөхцөл нь бүрдсэн маш олон төсөл байна. Жишээ нь, БНСУ-ын Экзим банкнаас авч байгаа 500 сая долларын хүрээнд Солонго 1, 2 болон Баянголын амын 7500 айлын орон сууц барьж эхэлнэ.