Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Т.Одбайгаль: Дархлаа султай ээжээс сул биетэй хүүхэд төрнө

Т.Одбайгаль: Дархлаа султай ээжээс сул биетэй хүүхэд төрнө
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 18
Жирэмсэн болон хүүхэдтэй болохоор төлөвлөж буй эмэгтэйчүүд юун дээр анхаарвал эрүүл саруул хүүхэд төрүүлэх талаар Нийслэлийн Өргөө Амаржих Газрын Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Т.Одбайгалиас цөөн асуултад хариулт авлаа.
-Сүүлийн үед төрөлт залуужиж, өсвөр насны охидын жирэмслэлт нэмэгдэх хандлагатай болсон. Энэ нь ээж болох, хүүхэд төрүүлэх талаар өнгөц ойлголт, мэдлэгтэй байгаатай холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарладаг. Тэгэхээр эмэгтэй хүн ээж болж, эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд юу бэлдэх шаардлагатай байдаг вэ?
-Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. Тийм учраас хамгийн түрүүнд эрүүл мэндийн боловсролтой байхад анхаарах нь маш чухал байгаа юм. Сүүлийн үед төрөлт залуужаад 15,16 настай охид төрж байна. Энэ насны охидын сэтгэл зүй, бие махбод төрөхөд бэлтгэгдээгүй байдаг учраас төрөлт хүндрэх эрсдэл байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн боловсролыг бага насанд олгох шаардлагатай байгаа юм. Тухайлбал, охидын сарын тэмдэг, жирэмслэхээс хамгаалах тухай, төрөх нас, төрөх бэлтгэлийн тухай, бэлгийн харилцаа, бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалах гэх мэт ойлголтуудыг ерөнхий боловсролын сургуульд олгодог байх хэрэгтэй байна.  
Хоёрт, бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалах шаардлагатай. Бэлгийн замын халдварт өвчин нь үргүйдэлд хүргэдэг. Сүүлийн үед нярайн шарлалт нь удаан хугацаагаар үргэлжилж байна. Шарлалтын гол шалтгаан нь халдвар өвчин байдаг. Энэ нь бэлгийн замаар дамждаг вирусийн халдвар юм. Тэгэхээр хүүхэд төрүүлэхээр бэлдэж эмэгтэй хүн бэлгийн замын халдвараас маш сайн сэргийлэх хэрэгтэй гэсэн үг.
Гуравт, жирэмсний хяналт маш сайн байх ёстой. Жирэмсний үеийн сургалтаа таслахгүйгээр хамрагдах хэрэгтэй.  
-Сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүдийн гаргадаг нийтлэг алдаа нь юу байна?
-Таргалалт.  Жилээс жилд шинээр мэндэлж буй хүүхдүүдийн жин томорч байна. Анхны төрөлтийг аль болох өөрөөр нь төрүүлэхийг хүсдэг боловч яах аргагүй, хүүхэд том тохиолдолд хийсвэр хагалгаа хийх болдог. Хүүхэд томордог гол шалтгаан жирэмсэн үедээ хоол ундаа зохицуулахгүй идэж, хөдөлгөөн бага байсантай холбоотой. Жирэмсэн үеийн энгийн жин нэмэлт 10-14 кг байх ёстой. Гэтэл илүү жин 30 кг хүрч байна. Хэт их том хүүхэд төрүүлсэнээс улбаалан үтрээ унжих, шээс задгайрах зэрэг хүндрэлүүд ихээр гардаг. Тиймээс аль болох жирэмсэн үедээ жин нэмэхгүй байх, зөв зохистой хооллож дасгал хөдөлгөөн хийж байгаарай.
-Жирэмсэн үедээ уурлаж, бухимдан стресстэх нь хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болох вэ?
-Хүүхэд төрүүлэхээр төлөвлөсөн тохиолдолд ээж стресстэх нь харьцангуй бага байдаг. Хэрвээ жирэмсэн эх стресстээд байвал хүүхэд зулбах эсвэл дутуу төрж болно.
-Биеийн дархлаа сул үед жирэмслэх нь ямар сөрөг үр дагавартай байдаг вэ?
-Хүүхэд тээж байгаа эхийн дархлаа сул байвал сул биетэй хүүхэд төрнө. Тухайлбал, жин багатай, туранхай хүүхэд төрнө. Сул биетэй төрсөн хүүхэд ханиад томуунаас эхлээд амархан өвчлөмтгий болдог. Өсөлт бойжилт нь харьцангуй хоцрогдолтой болдог юм.
-Ажил, амьдралын янз бүрийн нөхцөл байдлаас хамааран зарим үед төрөхийн өмнө сайн амарч чадахгүй байх нь бий. Тэгэхээр жирэмсэн эх хүүхдээ төрүүлэх хүртэл сайн амарч чадахгүй бол ямар эрсдэлтэй байдаг вэ?
-Жирэмсний сүүлийн хоёр сар ядрахгүй, тайван байх ёстой. Маш их ядарсан байдалтай дүлж ч чадахгүй эхчүүд ирдэг. Төрөхийн өмнө амрахгүй бол наад зах нь ядарсан биетэй ээжийн даралт нь ихсэх, дүлж чадахгүй байх гэх мэт асуудлууд гарч ирдэг.
-Хамгийн сүүлд нь хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд хандаж юу гэж зөвлөх вэ?
-Гэр бүл төлөвлөлт маш чухал. Хүүхэд болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Үүний дараа нарийн шинжилгээнүүд өгнө. Шаардлагатай гэвэл витаминууд ууж эхэлнэ. Ингээд сэтгэл санаа бэлэн болвол зөв жирэмсэлж байгаа гэсэн үг. Энэ нь хүүхэд зулбах, өсөлтгүй жирэмслэх, дутуу төрөх эрсдэлгүй юм. Мөн жирэмсэн байх үедээ зөв мэдээллээр өөрийгөө хангах ёстой.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн